| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0901/3 |
| Дугаар | 221/МА2026/0416 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0416
“...................сургууль” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Т.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “.................. сургууль” НҮТББ
Хариуцагч Боловсролын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0438 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Т.А, Я.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0901/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “.................. сургууль” НҮТББ-аас Боловсролын сайдад холбогдуулан “Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Дээд боловсролын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.5, Боловсролын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18 дугаар зүйлийн 18.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “.................. сургууль” НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 (зургаа) сарын хугацаатай түдгэлзүүлж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Боловсролын сайд нь энэ шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.20-2.28-д заасан нэмэлт ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж”, 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаал хүчингүй болох”-ыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Боловсролын сайдын 2025 оны А/*** дугаар тушаалыг гаргах ажиллагаанд материаллаг болон процедурын ноцтой зөрчлүүд гаргасан болохыг тогтоосон атлаа уг захиргааны актыг хүчингүй болгоогүй, захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргах боломж олгосон нь буруу гэж үзэж байна. Хариуцагч нь эцсийн санал, дүгнэлт гарсны дараа сонсох ажиллагааг явуулсан нь сонсох ажиллагаа явуулах утга, зорилгыг үгүйсгэж, ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гарсны дараа сонсох ажиллагааг хэлбэр төдий явуулж нэхэмжлэгчийн тайлбар, саналаа гаргах эрхийг хязгаарласан. Захиргааны байгууллагын аливаа үнэлгээ, шалгалт хяналтын ажиллагаа нь урьдчилан тогтоосон, ойлгомжтой, тодорхой шалгуурт тулгуурлах ёстой байдаг. Гэтэл тухайн үнэлгээ ямар удирдамжийн дагуу хийгдсэн нь өөрөө тодорхойгүй болсон нөхцөлд үнэлгээний үр дүн хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.
3.2 Ажлын хэсгийн удирдамж болон хяналт шалгалтын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасныг зөрчсөн. Энэ үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болно. Түүнчлэн анхан шатны шүүх ажлын хэсгийн холбогдох гишүүд техникийн зохицуулалтын зарим шалгуурыг буруу ойлгож хэрэглэсэн гэдгийг дүгнэсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой шалгуурыг үнэлэхдээ техникийн зохицуулалтын заалтыг өргөжүүлэн тайлбарласан, биеийн тамирын заал ашиглах гэрээний нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, номын сангийн шаардлагыг бодит нөхцөл байдалтай нь уялдуулан үнэлээгүй зэрэг нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох зарчим алдагдсаныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудал нь зөвхөн баримт дутуу байсан явдал биш, харин үнэлгээ хийсэн үйл ажиллагаа өөрөө хуульд нийцээгүй байсан явдал юм.
3.3 Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгч байгууллагын талаар өмнө нь хийгдсэн үнэлгээ, дүгнэлтүүдэд тухайн байгууллагыг их сургуулийн ангилалд тавигдах шаардлагыг хангасан талаар удаа дараа эерэг үнэлгээ өгч байсан нөхцөл байдлыг тогтоосон. Хэдийгээр эдгээр дүгнэлтүүд нь өөрөө ангилал тогтоосон захиргааны акт биш боловч төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны үнэлгээ, дүгнэлтүүдийн хувьд нэхэмжлэгчид тодорхой хууль ёсны хүлээлт, итгэл бий болгосон. Гэтэл хариуцагч нь өмнөх үнэлгээ, дүгнэлтүүдээс эрс өөр агуулгатай дүгнэлтэд хүрч, нэхэмжлэгчийг зөвхөн их сургуулийн шаардлага хангаагүй гэж үзээд зогсохгүй коллежийн ангиллын шаардлага ч хангаагүй гэж дүгнэсэн атлаа ийм эрс өөрчлөлт гаргах болсон бодит болон эрх зүйн үндэслэлээ шийдвэртээ хангалттай тайлбарлаж, нотлоогүй байна.,
3.4 Захиргааны байгууллага өмнө нь тогтвортой баримталж ирсэн үнэлгээ, байр сууриа өөрчлөх эрхтэй боловч ийм өөрчлөлт нь бодит нөхцөл байдлын өөрчлөлт, шинэ нотлох баримт, эсхүл хууль тогтоомжийн өөрчлөлтөд үндэслэсэн, ойлгомжтой бөгөөд шалгаж болохуйц үндэслэлтэй байх ёстой. Харин энэ хэрэгт өмнөх эерэг үнэлгээнүүдээс бүрэн эсрэг дүгнэлтэд хүрсэн шалтгаан, үндэслэл нь тодорхой бус байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны акт үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.
3.5 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Д.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
4.1 “...Анхан шатны шүүхээс Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон холбогдох дагаж мөрдөх журмын зохицуулалтын хооронд уялдаа хангагдаагүй, тодорхойгүй байдал үүссэн гэж дүгнэж, уг нөхцөл байдлыг захиргааны акт гаргах ажиллагаатай холбон маргаан бүхий актыг түдгэлзүүлэх үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Захиргааны байгууллага нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэйгээс бус, хууль тогтоомж хоорондын зөрчил, уялдаа холбоог арилгах, тайлбарлах, шинээр хэм хэмжээ тогтоох эрхгүй. Энэхүү эрх нь хууль тогтоогч болон хуулиар тусгайлан эрх олгосон эр бүхий байгууллагад хамаарах юм. Иймээс захиргааны байгууллага хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэр гаргах нь хууль дээдлэх зарчимд нийцсэн үйл ажиллагаа юм.
4.2 Түүнчлэн хууль тогтоомж хоорондын уялдаагүй гэх нөхцөл байдал нь өөрөө захиргааны актыг хууль бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй бөгөөд уг нөхцөл байдлыг захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааруулан дүгнэсэн нь төрийн эрх мэдлийн хуваарилалтын үндсэн зарчимд нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн “хууль тогтоомж хоорондын уялдаа хангагдаагүй” гэх дүгнэлт нь маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх хангалттай хууль зүйн үндэслэл болохгүй тул энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.3 Тус шүүхээс нэхэмжлэгч байгууллагад холбогдуулан 2018, 2020 онд гаргасан “их сургуулийн ангилалд хамруулах шаардлагыг хангасан” гэх шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий актыг үнэлсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна. Шүүх дээрх дүгнэлтийг захиргааны эцсийн шийдвэртэй адилтган үзэж, маргаан бүхий актыг үнэлэх үндэслэл болгон ашигласан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үе шат, эрх зүйн шинж чанарыг тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Дээд боловсролын тухай хуулийн (2002 он) 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу ангилал тогтоох эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх нь төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдаж байсан болно. Иймд зөвхөн шинжээчийн багийн дүгнэлт гарсан байх нь өөрөө ангилал тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр биш юм.
4.4 Дээд боловсролын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг техникийн зохицуулалтад үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох эрхтэй бөгөөд энэ нь төрийн захиргааны төв байгууллагын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Гэтэл анхан шатны шүүхээс уг асуудлыг зөвхөн хууль хэрэглээ, процессын хүрээнд хянан шийдвэрлэхийн оронд сургалтын байгууллагын ангиллыг тогтоох үнэлгээний агуулгад оролцож, улмаар захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргах үүрэг өгсөн нь захиргааны байгууллагын мэргэжлийн болон бодлогын шинжтэй эрхийг үгүйсгэж байгааг илтгэж байна. Дээрх байдлаар захиргааны байгууллагад дахин шийдвэр гаргах чиглэл өгөх нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдсан, түүний бие даасан байдлыг хязгаарласан үйлдэл бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, үндсэн зарчимд нийцээгүй юм.
4.5 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Т.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд;
3. 2023 онд Дээд боловсролын тухай хууль, Боловсролын ерөнхий хуулиуд шинэчлэн батлагдаж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Техникийн зохицуулалт батлах тухай” *** дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт”-ыг хавсралтаар батлагдсан.
4. Боловсролын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” А/** дугаар тушаалаар Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтоох, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, Удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2025 оны А/**, 2025 оны А/***, 2025 оны А/*** дугаар тушаалуудаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.
5. Уг Ажлын хэсэг нь дээд боловсролын сургалтын байгууллагуудад ангилал тогтоож, дүгнэлт гаргасан бөгөөд Дээд боловсролын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлсэн байна.
6. Ингээд Боловсролын сайд П.Н-ын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Коллежийн ангилалд хамруулах тухай” А/*** дугаар тушаалын 1 дэх заалтаар .................. сургуулийг коллежийн ангилалд хамруулж, 2 дахь заалтаар Ангилал шинэчлэн тогтоосонтой холбогдуулан холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засгийн үндэсний коллежийн захиралд үүрэг болгожээ.
7. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Б-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/**** дугаар албан бичгээр “............. сургуулийн ангиллыг тогтоосон ажлын дүгнэлт болон Боловсролын сайдын 2025 оны А/*** дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллахыг ..................... сургуулийн захирал С.Б-д мэдэгдсэн” байна.
8. Коллежийн ангилалд хамрагдсан Д.......... сургууль, К........ сургууль, М........сургууль, Э....... сургууль, Э........ сургуулиуд 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн **/** дугаар албан бичгээр Боловсролын сайдад гомдол гаргасан байна.
9. Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/**** дүгээр албан бичгээр “...танай албан бичигт дурдсан ангилал тогтоох үйл ажиллагаа, шийдвэр нь хуулийн хүрээнд явагдсан болно, ...Коллеж гэж ангилал тогтоогдсон сургуулиуд нь мэргэжлийн их сургуулийн тусгай шаардлагыг хангасан үедээ ангилал тогтоох хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно” гэх хариуг өгчээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
10. Дээд боловсролын тухай хууль (2023 оны)-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь коллеж, дээд сургууль, их сургууль байна”, 6.3-д “Энэ хуулийн 6.1, 7.4-т заасан дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг техникийн зохицуулалтад үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно”, 6.5-д “Энэ хуулийн 6.1, 7.4-т заасан дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалтыг Засгийн газар батална”, Боловсролын ерөнхий хууль (2023 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна” гэж тус тус заажээ.
11. “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт“-ын 1.1.1-д “Энэ техникийн зохицуулалт нь Дээд боловсролын тухай хуулийн 6.1, 7.4-д заасан дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны хүрээ, сургалт, судалгааны чиглэл, холбогдох бусад үзүүлэлтэд суурилан ангилах шалгуур үзүүлэлтийг тогтоох үйл ажиллагааг зохицуулна”, 1.3.1-д “Энэ техникийн зохицуулалтад хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 1.3.1.1-д “Их сургууль гэж Дээд боловсролын тухай хуулийн 7.1-д заасныг”, 1.3.1.5-д “Коллеж гэж Дээд боловсролын тухай хуулийн 9.1-д заасныг”, 2.1-д “Их сургууль, коллеж дараах нийтлэг шаардлагыг хангасан байна”, Гурав. “Их сургуульд тавигдах тусгай шаардлага”, Дөрөв. “Коллежид тавих тусгай шаардлага”, Тав. “Ангилал тогтоох үйл ажиллагаа” зэргийг журамласан байна.
12. Дээд боловсролын тухай хуулиар дээд боловсролын сургалтын байгууллагыг I) коллеж, II) дээд сургууль, III) их сургууль гэж ангилсан, дээрх Журмаар дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны хүрээ, ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох нийтлэг болон тусгай шаардлагуудыг тус тус зохицуулжээ.
13. “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт“-ын дагуу дээд боловсролын сургалтын байгууллагад ангилал тогтоох Ажлын хэсгийг Боловсролын сайдын 2025 оны А/** дугаар тушаалаар байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн үнэлгээнд дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй 32, шинээр хүсэлт гаргасан 3, нийт 35 дээд боловсролын сургалтын байгууллагууд хамрагдсан байна.
14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, дээрх Ажлын хэсэг буюу Үнэлгээний баг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр .................. сургууль дээр ажиллаж “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт“-ын дагуу Ангилал тогтоох шалгуур, шаардлагын баталгаажуулалт (үнэлгээ) болон Дүгнэлт гаргасныг Дээд боловсролын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн “.................. сургууль нийтлэг шаардлагыг 40% хангасан. Судалгааны их сургуульд санал ирүүлсэн, шалгуурыг 0% хангасан, Коллежийн шаардлагыг 67% хангасан. Ажлын хэсгийн дүгнэлт: “Коллеж”-ийн шалгуурыг хангаагүй” гэж дүгнэн, баталгаажуулжээ.
15. Тодруулбал, “...................... сургуулийн ангилал тогтоох Ажлын хэсгийн дүгнэлт”-д “...Засгийн газрын 2024 оны *** дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалтын тухайн сургуульд хамаарах 20 нийтлэг шаардлагаас заавал хангах 4-ийг буюу нийт 10 шаардлагыг хангаагүй. Үүнд боловсролын зэрэгтэй багш сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байх, үндсэн багш суралцагчийн харьцаа шаардлага хангасан байх заавал хангах 2 шаардлага хангаагүй. Мөн 1 үндсэн багшид ногдох суралцагчийн тоо 30 хүртэл байх, Бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдэг бол 30 оюутан тутамд 1 мэргэжлийн багш байх, Магистрын түвшний хөтөлбөрийн 15 магистрант тутамд докторын зэрэгтэй тухайн мэргэжлийн 1 багш шаардана, Ижил нэр, индекс бүхий бакалаврын 120 хүртэл, магистрын 30 хүртэл суралцагчид нийт 5-аас багагүй мэргэжлийн багш шаардана, нийт шаардах багшийн 40-өөс багагүй хувь нь докторын зэрэгтэй байх, гэрээт зөвлөх, цагийн багшаар заалгах хичээлийн хэмжээ тухайн хөтөлбөрийн нийт агуулгыг 20 хувиас хэтрэхгүй байх гэх зэрэг 10 шаардлагыг хангаагүй байна. Мөн Мэргэжлийн их сургуульд тавих 8 тусгай шаардлагаас 6 шалгуур үзүүлэлтээр шаардлага хангаагүй.
16. Харин Коллежид тавих тусгай шаардлагыг “магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тоо-2”, “бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн тоо-8” гэсэн үзүүлэлтээр шаардлага хангасан боловч “докторын зэрэгтэй үндсэн багшийн эзлэх хувь-6%” гэсэн тусгай шалгуур үзүүлэлтээр хангаагүй тул .................. сургууль нь Техникийн зохицуулалтын нийтлэг шаардлагын 50%, заавал хангах 3 шаардлагыг хангаагүй, коллежийн ангилалд тавих тусгай шаардлагыг 67% биелүүлсэн тул Коллежийн ангиллын шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, “Ангилал тогтоох шалгуур, шаардлагын баталгаажуулалт”-д үнэлгээг нэг бүрчлэн тодорхой тусгасан байна.
17. Дээд боловсролын зөвлөлийн хуралдааны болон Ажлын хэсгийн дүгнэлтээр “.................. сургууль” НҮТББ нь Мэргэжлийн их сургууль болон Коллежийн ангиллын шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн атлаа Хуралдааны шийдвэр болох Саналын нэгтгэлд ......................... сургуулийг “Коллеж”-ийн ангилалд хамруулахаар шийдвэрлэжээ.
18. Иймээс маргаж буй Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалаар ....................... сургуулийг коллежийн ангилалд хамруулсан шийдвэр гаргасан нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд хэрэглэж гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
19. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага нь захиргааны акт, шийдвэрээ гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа хийх, тайлбар, санал гаргах боломжийг олгохоор хуульчилсан байна.
20. Энэ тохиолдолд хариуцагч нь маргаж буй захиргааны актыг гаргахаас өмнө хуульд заасны дагуу нэхэмжлэгчид сонсох ажиллагааг хийсэн, оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломж олгосон болох нь тогтоогдож байх тул 2025 оны А/*** дугаар тушаалыг гаргахдаа хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хангасан гэж үзнэ.
21. Тухайлбал, Дээд боловсролын зөвлөлийн хуралдааны болон Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгчид сонсох ажиллагааг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1410 цагт Боловсролын яамны *** тоот өрөөнд эхлүүлсэн байх ба .................. сургуулийн захирал С.Б нь сонсох ажиллагааны явцад санал, тайлбар гаргаагүй, 1440 цагт Сонсох ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурснаар сонсох ажиллагаа дуусгавар болсон. Харин нэхэмжлэгчээс Боловсролын яамны Дээд боловсролын газрын даргад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ** дугаар албан бичгээр тайлбар гаргаж хүргүүлсэн.
22. Түүнчлэн Ажлын хэсгийн дүгнэлтэд “биеийн тамирын заал, талбайгүй тохиолдолд холбогдох байгууллагатай гэрээ байгуулж сургалт эрхэлдэг байх, ...шаардлага хангасан номын сантай байх” гэсэн нийтлэг шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэх үнэлгээ нь үндэслэлгүй байх боловч энэ нь маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
23. Анхан шатны шүүх “...Боловсролын сайдын 2025 оны А/*** дугаар тушаалд хууль хэрэглээний хувьд Үндсэн хуулиар бэхжүүлсэн хууль дээдлэх зарчимд нийцээгүй буюу шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй хууль хэрэглээний алдаа болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны алдаа тогтоогдож байна” гэж дүгнэн, маргаан бүхий тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна.
24. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг техникийн зохицуулалтад үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох эрхтэй бөгөөд энэ нь төрийн захиргааны төв байгууллагын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Гэтэл анхан шатны шүүхээс уг асуудлыг зөвхөн хууль хэрэглээ, процессын хүрээнд хянан шийдвэрлэхийн оронд сургалтын байгууллагын ангиллыг тогтоох үнэлгээний агуулгад оролцож, ...захиргааны байгууллагын мэргэжлийн болон бодлогын шинжтэй эрхийг үгүйсгэж, ...дахин шийдвэр гаргах чиглэл өгөх нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдсан” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
25. Энэ тохиолдолд зөвхөн маргаж буй Боловсролын сайдын 2025 оны А/*** дугаар тушаал хуульд нийцсэн эсэх, хууль зүйн үндэслэлийг хянах бөгөөд Монгол Улсын Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль (2023 оны) болон Боловсролын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд болон “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт“ хоорондоо зөрчилдөөнтэй байгаа эсэх зэрэг асуудал нь энэхүү маргаанд хамааралгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Т.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.2, Дээд боловсролын тухай хуулийн (2023 оны) 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “.................. сургууль” НҮТББ-аас гаргасан “Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, “2, 3” дахь заалтыг хасаж, “4” дэх заалтыг “2” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Т.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “.................. сургууль” НҮТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА