Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуяг ҮД:08-56

           шүүгдэгч Б.Есүхэй,

иргэдийн төлөөлөгч Д.Өлзийсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1997 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, буриад , бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх  үедээ “Оюуны-Ундраа” ХХК-д резепшин  ажилтай байсан, ам бүл-3, эхнэр  хүүхдийн  нарын хамт  Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50-р  гудамжны 306 /б/тоотод оршин суух оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан санаа бүрэн, Халибан  овогт Батхуягийн Есүхэйд /РД:ЖВ97031613/

 Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3989  дугаартай 105/2017/0085/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Есүхэй нь согтуугаар 2016 оны 11 дүгээр  сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн үүдэнд  хохирогч Ж.Мөнхжаргалыг наанаа шээж болохгүй гэж хэллээ хэмээн зүүн хөмсгөн тус газар нь пивоны шилээр цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Есүхэй мэдүүлэхдээ: Би  2016 оны 11 дүгээр сарын  04-ний өдөр  ажлынхантайгаа  байж байхад “Очир“ төв дээр  Номин гэх охин найз охинтойгоо байна хүрээд ир гэхээр нь очсон.Тэгээд би   Мөнхбаясгалангийн  хамт  таксидаад Очир төв дээр  очсон. Би замдаа  таксины жолоочийн  утсаар  Номин   руу  ярьсан. Би Очир төв дээр  очоод  миний утасны цэнэг  дууссан  байсан  тул хохирогчоос гар утсыг  нь гуйж утсаар ярихад  чимээ  шуугиантай байхаар нь гадаа гараад Номин руу  залгахад утсаа авахгүй  болохоор нь буцааж өгөхөд хохирогч гар утсаа авах гэж байгаад утсаа унагаачихаад  өө чи  яаж байна  гээд  намайг өшиглөхөөр нь  би зөрүүлээд барьж явсан пивоны шилээр нүүрэн тус газар нь цохьсон. Мөнхжаргал хаалгаа онгойлоход хоёр залуу гарч ирээд намайг бариад авсан. Доороос  Мөнхбаясгалан гүйж ирээд хүүе юу болоод  байна гээд салгасан. Би  хохирогчоос  уучлалт гуйсан.  Хохиролд  1.000.000 төгрөг өгсөн  гэв.

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Мөнхжаргалын:...Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвд ажил дээрээ байж байхад 21 цаг 45 минутын үед гаднаас үл таних Есүхэй гэгч залуу орж ирээд өрөө байгаа юу гэж асуусан. Би хариуд нь байхгүй гэж хэлэхэд утсаараа нэг яриулчих гэж хэлсэн. Би утсаа өгөхөд нэг утас руу залгахад нөгөө хүн нь утсаа авахгүй байсан. Тэгээд гадагшаа гараад дахиад залгахад нөгөө хүн нь утсаа авахгүй байсан бөгөөд би утсаа буцааж аваад байж байхад тэр залуу шатан дээрээс шууд шээсэн. Би тэр залууд “энд шээж болохгүй шүү буугаад шээгээрэй” гэхэд эргэж хараад “Сэнгүр” пивоны шилээр миний зүүн хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон. Нүдээ дараад доош суухад тэр залуу  явах гэсэн. Би баруун гараараа бариад хаалга онгойлгоод Заяа эгчээ гээд зохион байгуулагчийг дуудсан. Цаанаас манай зөөгч Билгүүн гарч  ирээд тэр залууг бариад авсан. Цагдаа зохион байгуулагч дуудсан. Цагдаа ойролцоогоор 20-30 минутын дараа ирээд Есүхэй эрүүжүүлэх байр луу аваад явсан. Ямар ч шалтгаан байхгүй. Маргалдсан асуудал байхгүй. Зүгээр доошоо буугаад шээ гэж хэлэхэд үгийн зөрөөгүй шилээр миний нүд рүү цохьсон. Би уг залууг өмнө нь харж байгаагүй..гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал /

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батбилэгийн:…”Очир” төвд ажил 21 цагийн үед захирлын өрөөнд хувцасаа сольж байсан бөгөөд хувцсаа сольчихоод гараад ирэхэд Мөнхжаргалын зүүн хөмсөгнөөс цус гарчихсан ороод ирсэн. Юу болсон талаар асуухад гадаа шилээр цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очиход 170 см орчим өндөртэй хар өнгийн пальтотой 20 орчим настай залуу зогсож байсан бөгөөд би бариад авсан. гэх мэдүүлэг  /хх-ийн 19-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15254 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

           1.Ж.Мөнхжаргалын биед зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл учирчээ.

           2.Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Шинжээч эмч А.Амгаланболд гэх дүгнэлт /хх-н 20-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Б.Есүхэйг  “Очир” төвийн үүдэнд  энд бие засч болохгүй  гэснээс Ж.Мөнхжаргалтай  маргалдан хоорондын таарамжгүй  харилцаа үүсч иргэн Ж.Мөнхжаргалын биед нь хөнгөн зэргийн гэмтлийг санаатай  учруулсан  байна.

Б.Есүхэй нь нийгмийн  хэв журмыг  бүдүүлэгээр зөрчиж олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн танхайрсан болох нь хэрэгт авагдсан бичгийн  баримтуудаар  тогтоогдохгүй байна.

          Иймд шүүгдэгч Б.Еүхэй нь согтуугаар 2016 оны 11 дүгээр  сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн үүдэнд  хохирогч Ж.Мөнхжаргалыг наанаа биеэ засч болохгүй гэснээс маргалдан  хоорондын таарамжгүй харилцаа үүсч  хохирогч Ж.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх  тул гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Б.Есүхэйгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн  181.3-т  зааснаар  зүйлчлэн  ирүүлснийг  мөн хуулийн  тусгай  ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-т  зааснаар  зөвтгөн зүйлчилж  ял   шийтгэл  оногдуулах үндэстэй  гэж үзэв.

 Шүүгдэгч Б.Есүхэй урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-н  33-р тал/

 Шүүгдэгч Б.Есүхэй хохиролд 1.000.000 төгрөгийг өгсөн байна / хх-н 7-р тал/

 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх   дүүргийн  Прокурорын  газраас Батхуягын Есүхэйн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар  зүйлчлэн  ирүүлснийг  мөн хуулийн  тусгай ангийн  99 дүгээр зүйлийн  99.1-т зааснаар зөвтгөн зүйлчилсүгэй.

 2. Халибан  овогт Батхуягийн Есүхэйг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл  санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Батхуягийн Есүхэйг 2 /хоёр/ сарын баривчлах ялаар  шийтгэсүгэй.                       

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт  зааснаар Б.Есүхэйд оногдуулсан 2 /хоёр / сарын   баривчлах   ялыг  тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлсүгэй. 

5 .Б.Есүхэй нь  хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Есүхэйд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, баривчлах  ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагчэсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Есүхэйд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧИД                                 Т.ШИНЭБАЯР

 

                                                                                     Э.ЧИНГИС.