| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/02752/И |
| Дугаар | 101/ШШ2020/02426 |
| Огноо | 2020-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2020/02426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ц
Хариуцагч: Э.Т /-д холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, өмгөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 05 дугаар сараас эхлэн хуучин автомашин худалдан авч засвар үйлчилгээг нь хийж буцаан худалдан борлуулах бизнесийг хийж эхэлсэн. 2018.07.07-ны өдөр Э.Т нь надаас 16,000,000 төгрөгөөр Nissan Pathfinder маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг авахаар тохирсон. Харин мөнгийг нь төлөхдөө уг автомашиныг өөрийг нь ББСБ-ын нэр дээр шилжүүлж зээл авч өгөхөөр тохирсон боловч “С*******” ББСБ нь 10,000,000 төгрөгийн л зээл олгосон учир үлдсэн 6,000,000 төгрөгийг удаахгүй төлөхөөр гуйсан болно. Миний бие автомашинаа нэгэнт шилжүүлээд өгчихсөн байсан, “С*******” ББСБ-аас авсан 10,000,000 төгрөгөө миний данс руу шилжүүлсэн, үлдсэн 6,000,000 төгрөгийг удаахгүй өгөхөөр гуйсан зэрэг байдлуудаас болж Зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Тухайн үед миний бие Э.Төд маш их итгэж машинаа шилжүүлэн өгсөн учраас ******* ******* улсын дугаартай Nissan Pathfinder маркийн автомашины өмчлөгчийн нэр 2018.07.07-ны өдрөөр “С*******” ББСБ-ын нэр дээр шилжсэн, мөн баримт болгож зээлийн гэрээг байгуулахдаа хүүгүй, алдангигүй гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүргэл үлдэгдэл 6,000,000 төгрөгөө төлөхгүй байна.
Э.Т нь “С*******” ББСБ-аас зээл авч 10,000,000 төгрөгийг нь өгөөд, үлдсэн 6,000,000 төгрөгийг нь надтай зээлийн гэрээ байгуулаад өөрсдөөсөө ямар ч мөнгө гаргахгүй машинтай болсон. Иймд Э.Төөс автомашины үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т миний бие хуучин машины бизнес эрхэлдэг Д.Цоос Nissan Pathfinder автомашиныг 16 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч “С*******" ББСБ-аас 10 сая төгрөгийг нь зээлж үлдэгдэл төлбөрийг төлбөрийн боломжтой болсон хугацаанд хугацаа заагаагүй тохирсон. Гэтэл миний ажлын байдал тааруу байснаас шалтгаалан түүний 6 сая төгрөгийг төлж чадахгүй байсан учир Д.Цийн зүгээс наймаа буцаж машиныг буцаан авахаар ирсэн. Үүнийг нь би хүлээн зөвшөөрч машиныг өгч явуулж, тухайн машиныг зарж борлуулж банк бусын 10 сая төгрөг болон өөрийн 6 сая төгрөгийг гаргаж авахаар тохироод машиныг нь өгсөн.
Ингээд би банк бусад болон Д.Цид төлбөрийн өргүй болсон. Намайг зах дээр хүнээр заруулах гэхэд мөнгөө өгч байж аваарай гээд машиныг авчихсан, хэрэв тэгээгүй бол машиныг зараад өрөө дарчих байсан ч тийм боломж олгоогүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Э.Тт холбогдуулан автомашин худалдсаны төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, автомашинаа буцаагаад авсан, автомашиныг худалдах боломж олгоогүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр амаар хэлэлцэн тохиролцож, нэхэмжлэгч ******* ******* улсын дугаартай Nissan Pathfinder маркийн суудлын автомашиныг 16,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдах, хариуцагч уг автомашиныг С******* ББСБ ХХК-д барьцаалж автомашины үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирч, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид мөн өдөр төлсөн, үлдэх 6,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлөхөөр зээлийн гэрээ байгуулжээ. Зохигч энэхүү үйл баримтын талаар маргаагүй байна.
Зохигч мөн өдөр 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч тус гэрээний агуулга, талуудын тайлбараар автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх төлбөрийн баримт, баталгаа болсон баримт гэж үзэхээр байна.
Хариуцагч, нэхэмжлэгчид автомашины үлдэгдэл төлбөрийг, ББСБ-д зээлийн төлбөрийг төлөхөөр дурдсан автомашиныг бусдаар дамжуулан хуучин автомашин худалддаг зах дээр худалдан борлуулахаар болсон хэдий ч тус ******* ******* улсын дугаартай Nissan Pathfinder маркийн автомашиныг нэхэмжлэгч, хариуцагчийн эзэмшлээс өөрийн эзэмшилд авсан, 2019 оны 01 дүгээр сард С******* ББСБ ХХК, хариуцагчтай 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ2018/117 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн ФГ2018/117 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшлээс авсныг зохигч тайлбарласан бөгөөд эдгээр үйл явдлыг гэрч Б.Цогтгэрэл гэрчилж байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч гэрээний үүрэг 6,000,000 төгрөгийг тохиролцсон хугацаанд нь зохих ёсоор төлж биелүүлээгүй нь хуульд зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ зөрчжээ.
Иймд нэхэмжлэгч автомашины үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй учир энэ үндэслэлээр хариуцагчаас автомашины төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ