| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 112/2026/0014/З |
| Дугаар | 221/МА2026/0436 |
| Огноо | 2026-06-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2026/0436
“М” ХХК-ийн гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч А.А
Гомдлын шаардлага: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00***** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “М” ХХК
Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын Улсын байцаагч А.А
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 112/ШШ2026/0022 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч “М” ХХК-ийн захирал Б.Б
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагч татварын Улсын байцаагч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 112/2026/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М” ХХК нь хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч А.А-т холбогдуулан “Говь-Алтай аймгийн татварын Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00***** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр “Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч А.А-ийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00***** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Улсын байцаагч А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Хураан авсан согтууруулах ундааг Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлж шинжилгээнд хамруулсан байдаг. Гэтэл шүүх эдгээр нотлох баримт болон холбогдох журмын зохицуулалтыг үнэлж дүгнэлгүйгээр нотлох баримтаар тогтоогдохгүй гэж үзсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай хууль тогтоомж, хэм хэмжээний актыг бүрэн гүйцэд хэрэглээгүй.
3.2 Түүнчлэн хураан авсан 3 ширхэг согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдэгт огт наагаагүй, тэмдэг наасан ул мөр, ором огт байгаагүй. Онцгой албан татварын тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй, тээвэрлэлт, хадгалалт, савлалтын явцад тэмдэг хууларч унах боломжтой гэж хуулиас давсан дүгнэлт хийж, хэргийн бодит нөхцөл байдал болон хуульд заасан шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг бодитой, бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3 Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүхийн харуулын цагдаа дэд ахлагч М.Д-ын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Илтгэх хуудас”-аар “...Цахим архи худалдаа нэгдсэн арга хэмжээний хүрээнд Оргил багийн спорт цогцолборт “Говь-Алтай үзэсгэлэн худалдаа 2026” “М” ХХК нь татварын акцгүй согтууруулах ундаа худалдан борлуулж” байсан гэх зөрчлийг илрүүлжээ.
4. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 35/04-*** дугаар албан бичгээр “...Говь-Алтайн баялаг бүтээгчид-2026 цагаан сарын үзэсгэлэн худалдаан дээр онцгой албан татварын тэмдэггүй Завхан нэртэй 1 шил виски, Seabuckthqrn нэртэй 1 шил вино, Fruit нэртэй 1 ширхэг ликёр худалдан борлуулж байсныг, мөн онцгой албан татварын тэмдэг 200 ширхгийг тус тус хураан авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийлгэх шаардлагатай байна” гээд аймгийн Татварын газрын дарга Н.Э-д хүргүүлсэн байна.
5. Эрх бүхий албан тушаалтан А.А нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, улмаар ...“М” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ********** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
6. Ингээд Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00***** дугаар Шийтгэлийн хуудсаар “М” ХХК нь онцгой албан татварын тэмдэггүй дарс борлуулсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заажээ.
8. Дээрх хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд, хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь “шударга ёсны зарчим”-д нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.
9. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна”, 4 дүгээр зүйлийн 4.5-д “Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэгтэй”, 5.1.1-д “өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах”, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.2-д “өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй” гэж тус тус заасан.
10. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цагдаагийн байгууллагын албан хаагч нь “...онцгой албан татварын тэмдэггүй “Завхан 100” 1 шил виски (шимийн охь гэх), 1 шил вино, 1 шил ликёр, нийт 3 шил согтууруулах ундаа худалдан борлуулж байсан гэх зөрчлийг илрүүлэхдээ газар дээр нь нотлох баримтаар (фото зураг, дуу, дүрсний бичлэг, үзлэг хийх гэх мэт) бэхжүүлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, мөн Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах ажиллагааны явцад “М” ХХК-ийг өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд “онцгой албан татварын тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд холбогдох нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу хангалттай хэрэгжүүлж ажиллаагүй байх тул “М” ХХК-д 10,000,000 төгрөгийн Шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус байна.
11. Тодруулбал, зөрчлийг илрүүлсэн цагдаа М.Д “...Тухайн лангуун дээр онцгой албан татварын тэмдэггүй 3 шил дарс, виски байж байсан, ...бусдыг нь сайн хараагүй, лангууны цаана хайрцагт бол акцтай байсан...” гэх, “М” ХХК-ийн захирал Д.Б “...манайх акцтай архи ачуулсан нь үнэн, ...шороон замаар хол замд тээвэрлэлт хийх явцад хаяг, шошго, акц, лац бөглөө унах, хагарах, норох, ховхрох зэрэг зүйлүүд гардаг, татварын тэмдэгт норох, хайрцагтаа унах, гэмтэх зэрэг тохиолддог тул нөхөж наах зорилгоор онцгой албан татварын тэмдэгт илүү өгч явуулсан...”, ажилтан С.Б “...мастер акц наадаг, цехээс гарахад мастер хяналт тавьж няравт хүлээлгэн өгдөг, ...лангуун дээр тавихдаа арчдаг учир акцгүй архи тавьж худалдаагүй, 2 шил дарс хайрцаг дотор байсан, лангуун дээр Монгол архи (шимийн охь) худалдаж байсан, Монгол архи акцгүй байдаг...” гэх мэдүүлгүүд зөрүүтэй байхад уг зөрчлийг өөр бусад байдлаар шалгаж, нотлоогүй байна.
12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд Улсын байцаагч нь “М” ХХК-ийг “онцгой албан татварын тэмдэг нааж борлуулах үүргээ биелүүлээгүй” зөрчил үйлдсэнийг нотолж, тогтоож чадаагүй тул 00***** дугаар Шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
13. Мөн гомдол гаргагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...зөрчил гэж үзсэн Монгол шимийн архи нь 50,000 төгрөг, 2 дарс тус бүр 15,000 төгрөгөөр борлуулдаг, нийт 80,000 төгрөгийн үнэтэй” гэх тайлбар гаргасан, хэрэгт авагдсан “М” ХХК-ийн орлого, зарлагын баримтаар дээрх үнээр худалдан борлуулдаг болох нь тогтоогддог.
14. Иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг бүрэн хангасан байж зөрчилд тооцогдох бөгөөд оногдуулах шийтгэл нь тухайн зөрчлийн шинж байдал, санаа зорилго, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх нь “шударга ёсны зарчим”-д нийцнэ.
15. Энэ тохиолдолд Улсын байцаагч нь “М” ХХК-ийг онцгой албан татварын тэмдэггүй дарс (нийт 80,000 төгрөгийн үнэ бүхий) борлуулж байсан гэх зөрчилд 10,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
16. Түүнчлэн Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасны дагуу “М” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон Тогтоол үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой байтал уг ажиллагааг хийгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчил болно.
17. Хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Дуудах хуудас”-аар тус компанийн захирал Д.Б-г (З аймагт оршин суух) Говь-Алтай аймагт 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100 цагт ирэхийг (утсаар) мэдэгдэж, холбогдогчоор мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд хэрэгжүүлж байгаа мэт боловч, шүүх хуралдаанд тус компанийн захирал Д.Б “...бодит нөхцөл байдалд биелэх боломжгүй, эрх бүхий албан тушаалтан шаардлагыг биелүүлэх боломжит хугацааг олгоогүй..., шөнө орой 2 аймгийн хооронд 200 км гаран газар шороон замаар явах маш эрсдэлтэй байж эрсдэх шахлаа...” гэснийг дурдах нь зүйтэй.
18. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа Говь-Алтай аймгийн Татварын газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/*** дүгээр албан бичгээр Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчсөн согтууруулах (нотлох баримт болох 3 шил) ундаанд холбогдох журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар аймгийн Стандарт хэмжин зүйн газарт хүргүүлсэн зорилго нь ойлгомжгүй байна.
19. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, ...., бусад баримтаар тодорхойлогдоно” гэж зааснаас үзэхэд Улсын байцаагч Шийтгэлийн хуудас үйлдсэний дараа дээрх хураан авсан согтууруулах ундааг шинжилгээнд хамруулахаар хүргүүлсэн нь ач холбогдолгүй байна.
20. Анхан шатны шүүхийн “...Тухайн 3 бүтээгдэхүүнд дээр онцгой албан татварын тэмдэг огт наагаагүй эсхүл наасан боловч хуурч унасан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, 3 шил согтууруулах ундааг дахин үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн онцгой албан татварын тэмдэг буюу дарс нь өвлийн улиралд хэрхэн наалддаг, Завхан аймгаас Говь-Алтай аймаг хооронд 200 км шороон замаар тээвэрлэгдэж ирэхэд хууларч унах боломжтой эсэх, тухайн согтууруулах ундааг савлаж боосон цаасан хайрцагт наалдан үлдсэн эсхүл тухайн онцгой албан татварын тэмдэг огт салахгүй наалддаг эсэх нь тодорхой бус байгаа энэ нөхцөл “М” ХХК-ийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг буруутахгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч А.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА