Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0664

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2019/0664 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн тэтгэвэр тогтоосон актыг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , Д.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие өвчний улмаас 2000 оноос групп тогтоолгосон боловч мэргэжлийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаас 55 нас хүрсэн тул тэтгэвэртээ гар гэсэн. Тус хурлаар ороход надаас групп сунгуулах уу, тэтгэвэрт гарах уу гэсэн сонголт хийлгээгүй. Тухайн үед Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаа тухайгаа хэлсэн боловч Та тэтгэвэрт гарсан ч нэг удаа шинэчлэн тогтоолгох боломжтой тул үүнд санаа зовох асуудалгүй гэсэн. Ингээд тус хурлаас тэтгэвэр гарах болсон тул группыг 05 дугаар сарын 26-ны өдрөөс цуцлав гэсэн шийдвэрийг эмчилгээний картан дээр бичсэн байсныг хурал тарсаны дараа эмчлэгч эмч эмчилгээний карт өгөхөд картнаасаа уншиж мэдсэн. Иймд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний өргөдлийг хүлээн аваад групп тогтоолгох үед бүрдүүлж өгсөн байсан материалыг авчирч энд байгаа таны материал энэ байна гэж үзүүлээд гарын үсэг зуруулсан. Нийгмийн даатгалын ажилтанд Би одоо Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа дэвтрээ үзүүлэхэд Та энэ дэвтрээ конандаад өгчих гэснээр 2007 оны 07 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сар дуустал бүртгэл хийгдсэн №А000171... тоот дэвтрээ Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үүдэнд ажиллах үйлчилгээний цэгийн конанаар хувилуулж өгөөд дэвтрээ өөрөө авсан. Тэр үеийн хувилж өгсөн дэвтрээ нотариатаар баталгаажуулж өөртөө үлдээгээд нийгмийн даатгалын дэвтрээ Ус сувгийн удирдах газрын нийгмийн даатгалын ажилтанд өгсөн. Тэтгэвэр тогтоолгох үед ажилласан жил бага байсан тул тодруулахад Таны 1990 оны ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт баталгаагүй байна. Иймд нөхөн даатгалын журмаар дахин баталгаажуулах боломжтой гэснээр нөхөн даатгалд хамрагдаж 4, 10 жилийн нөхөн төлөлтийн бичилтийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийлгэсэн.

Миний бие группт байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг энгийн ажилтны хувиар төлдөг байсан. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ус сувгийн удирдах газартаа хүсэлт гаргаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Улмаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргахад Та 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээ гаргаж тэтгэврээ тогтоолгосон тул энэ хугацаанаас өмнөх 20 жилийн дотор л 1 удаа шинэчлэн тогтоолгож болно. Харин сүүлд ажилласан хугацааг нэмж оруулж болно гэсэн хариуг авсан.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хянуулах хүсэлт гаргаснаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 02/4199 тоот хариугаар шинэчлэн тогтоох боломжтой тухай тэмдэглэгдсэн байсан. Мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй тул өөрийн биеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтан Б тэй очиж уулзахад татгалзсан хариу гарсан. Та өөрөө манай байгууллагад хандаагүй тул хандсан байгууллагад нь хариуг хүргүүлсэн гэв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн хариуг Нийгмийн даатгалын ерөнхий газраас авахыг хүсэхэд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6/364 тоот албан бичгээ хуулбарлан баталгаажуулж өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолтыг дахин нягтлан үзэж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан боловч Та өөрөө тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн тул шинэчлэх боломжгүй хариуг өгсөн. Өгсөн өргөдлийн хариугаа бичгээр авахыг хүсэхэд өргөдөл дээрээ хариуг бичгээр авах хүсэлт гаргаагүй тул бичгээр өгөх шаардлагагүй гэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан Ш.Н тай уулзаж өргөдлийн хариуг бичгээр авья гэхэд Таны Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтийг судалж үзээд өгсөн хариу байгаа тэрийг өгье гэснээр тайлбарыг авахад гарын үсэг огноо тэмдэглээгүй байсныг буцаан өгч өөрөөр нь гарын үсэг зуруулж авлаа. Уг тайлбарт нийгмийн даатгалын дэвтэр байсаар байтал нуун дарагдуулж, мөн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр лавлагааг авахад энэ өдөр хүртэлх тус ажлын лавлагаа гарч болох байсныг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх өдрөөр тасалбар болгон лавлагааг санаатайгаар гарган өгсөн гэж үзэж байна гэжээ. Дээрх тайлбарт шууд намайг гүтгэсэн байна. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байгаа миний үндсэн материалыг бүрэн судлаагүй. Миний бие дээр дурдсан №А000171... тоот нийгмийн даатгалын дэвтрийг өөрийн биеэр хуулбарлан өгсөн бөгөөд 28, 29 дүгээр хуудсанд ажил хөдөлмөр эхэлж байгаа тухай мэдээлэл нь тодорхой байсан. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн өргөдөл надад албан хариу өгөөгүй тул Нийгмийн даатгалын ерөнхий газарт өөрийн биеэр 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр миний тэтгэвэр тогтоосон материалыг судлан үзэж тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/69 тоот албан бичгээр энэ асуудлаар дахин хянаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд өөрийн эрхийн хүрээнд миний материалыг зохих байгууллагаас татан авч нарийвчлан судлан өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоолгож өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр авагч Б.Н ын гаргасан нэхэмжлэлийн дагуу түүний 330.. дугаартай өндөр насны тэтгэврийн хувийн хэргийг шалгалаа. Б.Н нь Б.Н нь ЭХМК-ын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1406 тоот актаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн заалтаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон тахир дутуугийн тэтгэврээ цуцлуулж, 05 дугаар сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлөө өөрийн биеэр бичиж, холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн байна. Б.Н нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус хэлтэст хүлээлгэн өгсөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөлдөө хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан архивын лавлагаа зэргийг хавсарган өөрийн биеэр тэтгэврийн байцаагчид хүлээлгэн өгсөн. Б.Н нь өргөдөлдөө Ус сувгийн газарт ажиллаж байгаа тухайгаа дурдаж бичээгүй бөгөөд өндөр насны тэтгэврээ 2002-2006 оны цалингаараа бодуулж тогтоолгох хүсэлтэй байсан тухай түүний хүлээлгэн өгсөн өргөдлөөс тодорхой харагдаж байгаа. Тиймээс иргэн Б.Н д өндөр насны тэтгэврийг хүсэлтийн дагуу 2002-2006 оны 5 жилийн цалингийн дунджаар тооцон сард 218613 төгрөгөөр тогтоож, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн дэвтрийг өөрт нь хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 4.1.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлж ажилласан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу Б.Н ын өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийн дагуу 1995-1997 оны ажилласан жилийг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өргөдлийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-ийн дагуу нөхөн тооцуулсан 4 жил, 11 сарын нэмэгдлийг, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өргөдлийн дагуу тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацаа буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4 жил, 7 сар ажилласан хугацааны нэмэгдлийг тус тус 3 удаа тэтгэврээ өөрчлөн нэмэгдүүлсэн байна. Тэтгэвэр авагч Б.Н ын өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4:1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтууд, 25, 27 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг баримталж ажилласан байгаа тул Б.Н д тэтгэвэр нөхөн төлөх болон шинээр тэтгэврийн харилцаа үүсгэн боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н аас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн тэтгэвэр тогтоосон актыг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Н өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийн дагуу Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/191 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

Улмаар нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргаж, боломжгүй гэх хариуг авснаар шүүхэд хандсан байна.

Нэхэмжлэгч Б.Н нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1406 тоот актаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн заалтаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон тахир дутуугийн тэтгэврээ цуцлуулж, 05 дугаар сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээлгэн өгсөн.

Б.Н Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөлдөө: өндөр насны тэтгэврээ 2002-2006 оны цалингаараа бодуулж тогтоолгох хүсэлтэйгээ дурьдаад хөдөлмөрийн /№0400../ болон нийгмийн даатгалын /№4855.., №770.../ дэвтрүүд, Ц ОСНААК ХХК-ийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугар Б.Н ыг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн акт, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанууд, бусад бичгийн баримтуудыг өгснөөр өндөр насны тэтгэврийг 2014 оны 05 дугаар сарын 28-наас эхлэн тогтоосон нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоолын хуудсаар тогтоогдоно.

Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Н д өндөр насны тэтгэврийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2002-2006 оны 5 жилийн цалингийн дунджаар тооцон сард 218613 төгрөгөөр тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх, 22 дугаар зүйлийн 22.1.1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 1/-д даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана. 2/-д даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана гэсэн журмаар бодож тодорхойлно, 24 дүгээр зүйлийн 24.1-д Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулаггч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа нийгмийн даатгалын байгууллагад өгнө, 24.4-д Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 25 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын дэвтэр /хуулбар хувь биш/, 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлнэ гэх заалтуудтай нийцсэн үйлдэл бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 4.1.1 дэх хэсэгт Сум /хороо/-ын нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн журмын 3.1, 3.2, 3.3, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгох үндэслэл хангагдсан гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлггэн өгсөн гарын үсэг зурна гэж заасныг хэрэгжүүлж ажилласан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...тухайн үед Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаа тухайгаа хэлсэн. ...Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараа өгсөн. ... Харин 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тухайн байгууллагад хүсэлтээ гаргаж, хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон. Одоо сүүлд ажилласан жилийн цалингийн дунджаар өндөр насны тэтгэврээ шинэчлэн тогтоолгоно гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан. Өндөр насны тэтгэвэрт гаргасантайгаа маргаагүй, мөн ажиллаж байсан гэх Ус сувгийн удирдах газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ гэснээр өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбоотойгоор хөдөлмөрийн гэрээ цуцлуулаагүй, нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь өгөөгүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг хуульчилж өгснөөр авч байгаа тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэл тогтоогдсон, дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор тэтгэвэр авагч зөвхөн нэг удаа хүсэлт гаргаснаар тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөх болохоос биш, тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан жилийн хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбогдуулан өмнө тэтгэвэр тогтоолгосон шийдвэрийг хүчингүй болгож, шинээр дахин тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулаагүй болно.

Мөн хариуцагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасны дагуу Б.Н ын тухай бүр гаргасан хүсэлтийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1995-1997 оны ажилласан жилийн, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-ийн дагуу нөхөн тооцуулсан 4 жил, 11 сарын, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацаа буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4 жил, 7 сар ажилласан хугацааны нэмэгдлүүдийг тооцон тус тус 3 удаа тэтгэврийн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлсэн ба цаашид хууль журмын дагуу тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх харилцааг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны   хэрэг шүүхэд   хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 41 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.4-д заасныг тус тус баримтлан Б.Н аас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн тэтгэвэр тогтоосон актыг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУМАА