Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 838

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Л.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00306 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ЗТН ОНӨААТҮГазарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 099 069 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1995 оноос эхлэн ЗТН ОНӨААТҮГазарт ажилласан. Намайг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б/1227 тоот тушаал гаргаж, үндэслэлгүйгээр 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд томилсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, хариуцагчаас цалин олговорт 608 057 төгрөгийг гаргаж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд шимтгэл зохих өөрчлөлт оруулж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗТН ОНӨААТҮГ-ын захирлын Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны цалин 16 099 069,56 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЗТН ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Нг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот тушаалаар байгууллагын 3 дугаар баазын ээлжийн инженерээр томилсон. Л.Н нь Б/1227 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон хэдий ч Л.Н нь одоогоор ажилдаа ирэхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас нэхэмжлэгчийн ажилгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15 268 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 445 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 234 295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын 4-т ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан.

   Нэхэмжлэгч нь 2016 оны 9-11 дүгээр сард 3 727 463 цалин авсан ба үүнээс 3 сарын хоолны мөнгө 129 000 төгрөг, унааны мөнгө 33 600 төгрөг, 11 сарын лист 314 702 төгрөг нийт 477 302 төгрөгийг хасвал 3 250 161 төгрөг болно. Сарын дундаж цалин 1 083 387 төгрөг, өдрийн дундаж цалин 49 245 төгрөг юм. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь ажлын 198 өдөр бөгөөд өдрийн дундаж цалин 49245 төгрөгөөр тооцвол 9 750 483 төгрөг болно. Иймд 15 268 970 төгрөг олгохоор тогтоосон санхүүгийн тооцооллыг хэрхэн гаргасан нь тодорхой бус байна

Анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч ЗТН ОНӨААТҮГазарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 16 099 069 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсний дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэргийн 18, 19 дэх талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 02 дугаар сарын 02-ны утсаар мэдэгдсэн гэх тэмдэглэл үйлдсэн байх боловч уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шидйвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн эрхээр хангасан гэж үзэх боломжгүй.

Мөн хариуцагч талд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ. Үүний улмаас давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД