Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 81

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

            нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

            улсын яллагч Э.Гэрэлмаа,

            шүүгдэгч М.Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Дашдулам /0725/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625013081 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, суурь машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун туруун 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-2005 оны 8 дугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

-2006 оны 12 дугаар сарын 12-нд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил тэнсэж хянан харгалзсан,

-2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ЧЖ66113078, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Магсаржавын Эрдэнэ.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Эрдэнэ нь согтуугаар ялтай байдал дуусаагүй байхдаа 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол бөхийн өргөө”-ний орчим Н.Эрдэнэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь зүүн талын 3, 4, 5, 6 дугаар хавирга, далны болон суганы шугамаар далд зөрүү багатай хугарал, зүүн талын дал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас одоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй”… гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /хх-14-17/, гэрч Ж.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-18-19/, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12-13/, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹1028 дугаартай дүгнэлт /хх-25-26/, шинжээч эмч М.Отгонбаатарын мэдүүлэг /хх-61-62/, шүүгдэгч М.Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-38/, гэрч М.Ширчингийн мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч М.Эрдэнийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-44/, Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-50/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-52/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-55/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-60/, хохирогчийн хэргийн материалтай танилцсан баримтанд гомдол саналгүй тухай бичсэн баримт /хх-66/, хохирогч Н.Эрдэнэхүүгийн өргөдөл /хх-70/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол бөхийн өргөө”-ний орчим Н.Эрдэнэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь зүүн талын 3, 4, 5, 6 дугаар хавирга, далны болон суганы шугамаар далд зөрүү багатай хугарал, зүүн талын дал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр санаатай учруулсан нь болох нь: 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Эрдэнэхүүгийн өгсөн “…2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 21 цагийн орчим эхнэртэйгээ салхилаад “Бөхийн өргөө”-ний талбай дээр сууж байхад сүүлд нэрийг нь М.Эрдэнэ гэж мэдсэн залуу хажууд ирээд мөнгө тоолоод мөнгө дутуу байна гээд өөртэйгөө яриад байхаар нь би “чи наадахаа өөр газар очиж яриач” гэхэд “чи хүн хөөдөг хэн юм вэ” гээд шууд нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Би цохиулаад хойшоо саваад унахдаа төмөр сандалд цохиод хавиргаа хугалсан юм шиг байгаа юм. Газар унаад босч чадахгүй байхад хөлөөрөө өшиглөж байгаад цаашаа явсан…өвдөөд гэмтлийн эмнэлэгт зураг авахуулахад хавирга хугарсан байна гэсэн. “Мөнгөн гүүр” эмнэлэгт зураг авахуулсан. Түүнээс хойш гэрээрээ эмчилгээ хийлгэж байна…М.Эрдэнэ надад хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. М.Эрдэнэ уучлалт гуйсан” /хх-15-17/ гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оюунчимэгийн өгсөн:..“Талх хиам идээд халааснаасаа мөнгө гаргаж ирээд нөхөр бид 2 руу хараад “одоо 1500 төгрөг хэрэгтэй байна” гээд амандаа яриад байсан. Тэгэхээр нь нөхөр дургүйцээд “эндээс холд” гэсэн чинь М.Эрдэнэ уурлаад шууд нүүр рүү нь цохиод авсан. Нөхөр цохиулаад унасан. Унасан байхад нь дээрээс нь дахиж цохиод өшиглөөд байсан. Би сандраад салгах гээд дийлээгүй. Тэгж байтал гудамжаар явж байсан 2 эрэгтэй хүн ирээд салгаад аваад явсан…Гэмтэл дээр очоод зураг авахуулахад хавирга хугарсан байна, “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очоод зураг авахуулахад хавирга хугарсан, далны яс хугарсан гэж байсан…М.Эрдэнэ бага зэргийн согтолттой байсан. ” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ширчингийн өгсөн: “…М.Эрдэнэ зан аашийн хувьд хошин хөгжилтэй, хүнтэй тэгж муудаад байдаггүй, уг нь аймхай хүн байгаа юм. Тэгээд хүн цохисон гэхээр би гайхаад байгаа...одоо 80 гарсан аав, ээжийгээ асраад гэртээ байдаг.” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Билгүүний өгсөн:…”М.Эрдэнэ ах зан аашийн хувьд хөгжилтэй марзан хүн. Хүнтэй харицахдаа их эвтэй, зөөлөн, өмнө шоронд орсныг нь мэднэ. Тэгэхдээ хүмүүжээд гарч ирсэн гэж боддог. Архи дарс уусан үедээ ч гэсэн мөрөөрөө л байдаг.” /хх-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн №1028 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

 1. Н.Эрдэнэхүүгийн биед зүүн талын 3,4,5,6,7 дугаар хавирга далны болон суганы шугамаар далд зөрүү багатай хугарал, зүүн талын дал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна. /хх-25-26/ гэх дүгнэлт,

 

            -Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12-13/, гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

         

             Шүүгдэгч М.Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол бөхийн өргөөний орчим Н.Эрдэнэхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь зүүн талын 3, 4, 5, 6 дугаар хавирга, далны болон суганы шугамаар далд зөрүү багатай хугарал, зүүн талын дал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр санаатай учруулсан үйлдэл бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

         

           Иймд шүүгдэгч М.Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч М.Эрдэнэ нь 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 203 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг

хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байна.

 

          Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгож өршөөлд хамааруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв.

 

            Мөн шүүгдэгч М.Эрдэнэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар “….эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан….ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Эрдэнээс хохирогч Н.Эрдэнэхүүд 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 13, 17, 66, 70 дугаар талуудад авагдсан түүний мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Эрдэнийн дээрх үйлдэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн ялтай байдал дуусаагүй байхдаа дээрх гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч М.Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

 

Монгол Улын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Магсаржавын Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201625013081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,                               Э.ЧИНГИС

         ШҮҮГЧ