Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0284/З |
Дугаар | 128/ШШ2018/0654 |
Огноо | 2018-10-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2018/0654
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: МШ ХХК, Б.А, Г.С
Хариуцагч: Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн орон тооны бус Мэргэжлийн зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж РЛ ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ 2016/**-29 дугаартай Архитетур төлөвлөлийн даалгаварыг түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн РЛ ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
нэг.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МШ ХХК, иргэн Г.С, Б.А нарын эзэмшлийн газар дээр БХ ЗБН гэсэн байгууллагатай хамтран хувьчилж аван үйл ажиллагаагаа явуулж байсан. Сүүлд РЛ ХХК нь БХ ЗБН-д байсан өмчлөл эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугар сарын 18-ны өдрийн А/676 захирамжаар шилжүүлэн авсан байна. Байршлын хувьд гэвэл газрын кадастрын зургаар зохион байгуулалт нь хоорондоо сүлжилдсэн гэж хэлж болохоор газрууд нь энд тэндгүй тойроод дундуураа сүлжилдсэн, хэн нэг нь барилга барихад яалт ч үгүй нөгөө хүний эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдалтай байдаг. РЛ ХХК-с залгаа барилгын дээврийг нурааж хашаа барин үйл ажиллагаагээ эхэлсэнээс үүдэн нэхэмжлэгч нар холбогдох мэргэжлийн байгууллагад хандахад архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан мөн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан байгааг олж мэдсэн. Үүний дагуу урьдчилсан шийдвэрлэх арга хэмжээг аван засаг дарга болон шүүхэд хандаж байгаа юм. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь эскиз зурагтай хамт байх ёстой акт юм. Эскиз зургийг үзэхээр нэхэмжлэгч нарын орц гарцыг нь хаасан зөрчлүүд байдаг. гуравдагч этгээд орц гарцын асуудлаа шийдээгүй байж яагаад ингээд орц гарцыг хаачихваа гэж хасуухаар өөдөөс тухайн үед бид асуудлыг тавьж байсан гэж хариулдаг. Гэвч тухайн үед өөр барилга байгууламж өгье худалдаж авъя гэснээс биш харилцан зөвшилцөн тохиролцох санал орж гарцаа шийдвэрлэх асуудлыг тавьж байгаагүй. захиргааны байгууллага мөн батлахдаа энэ тухай огт мэдэгдэл хийж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэгч нар холбогдох мэргэжлийн байгууллагад хандсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0202/3196 тоот арга хэмжээ авах тухай албан бичгээр иргэн Г.Сы эзэмшлийн газрын орж гарцыг хаасан холбогдох дүрэм журмуудыг зөрчсөн тухай тогтоосон мэдээг, зөрчлийн хэрэг нээх тухай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг 0099 тоот шүүгчийн захирамжаар нэг ханаар тусгаарлагдах барилгыг нураах дээвэр буулгах ажиллагаа нь зөвшөөрөлгүй бөгөөд улмаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд хохирол учирсан зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь тодорхой дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэртэй маргах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэргийн оролцогчдын тайлбар нийслэлийн Засаг даргын урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан гомдлын хариуд ирсэн тайлбараар мэргэжлийн зөвлөлөөс батлагдсан учраас бид баталсан гэсэн тайбар хэлдэг. Мэргэжлийн зөвлөл нь барилгын тухай хууль мэргэжлийн зөвлөлийн дүрэм нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 10дугаар сарын 24-ний өдрийн А/15 дагуу харахаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэлэлцэх эрх хэмжээ байхгүй. зөвхөн санал дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байгууллага байтал шийдвэр гэж батлаад шийдвэртээ архитектур төлөвлөлтийн даалгавар олгох гэж бичээд гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагийг бүрэн хангаж өгнө үү гэв.
хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг хянан шиийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 заасан зүйлийн дагуу маргасан. Маргаан бүхий акт нь архитектур төлөвлөлтийн даалгавар 2016 11 03 өдрийн 2016/**-29 тоот дугаартай даалгавар түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг гэсэн гурван актыг хүчингүй болгуулах мөн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай байгаа. МШ ХХК Г.С Б.А гэсэн 3 нэхэмжлэгч байгаа. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгч Г.Сы хувьд Ү-2203010651 дугаартай цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа 321 метр квадрат талбайт эзэмшлийн газар байдаг. Энэ газрыг тойруулан гуравдагч этгээдийн барилгыг барихаар төлөвлөж загвар зураг ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. өмчлөгч нь хуульд заасан эрхээ эдлэх газраа эзэмших боломжгүй болгож байна. Дэд станцын ард иргэдийн граш байдаг тийшээ орж гарах гарц энэ зураг дээр ерөөсөө байхгүй. Захиргааны дэд станцыг ашигладаггүй гэж гаргасан байдаг. Хүний өмчлөлийн газрыг яагаад шууд ашигладаггүй гэж төлөвлөдөг юм бэ? яагаад шууд орц гарцыг нь хаадаг юм бэ?
МШ ХХК уг нь компаны өмчлөлийн дэд станцын зориулалттай агуулах конторын зориулалттай цогцолбор Y-**********650 дугаартай үл хөдлөх хөрөнгө байрладаг. Уг үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа ***439 гэрчилгээний дугаартай 6531 мтр квадрат газар байдаг. Тус компаны эзэмшлийн хөрөнгийн нэг хэсэг нь урд хэсэгтээ байрладаг дэд станцын зориулалттай барилга байдаг. Энийг зураг дээрээ шууд шилжүүлэх гэж төлөвлөсөн байдаг. МШ ХХК-ийн 1010 мтер квадрат газрын нилээдгүй хэсэг дээр маргаан бүхий ерөнхий төлөвлөгөөний зураг дээр авто зогсоолыг төлөвлөсөн байдаг. Хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газар дээр яагаад шууд ерөнхий төлөвлөгөгөөр гарааш төлөвлөдөг юм? түүнийг нь захиргааны байгууллага газар эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүй баталдаг юм бэ? үүний дагуу эскиз зураг нь батлагдсан байна. Эскиз зураг дээрээ зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэсэн байна.
Б.Аийн хувьд Ү*********111 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Уг 022068 дугаартай эзэмшлийн газар байрладаг энэ эзэмшлийн газрыг тойруулан гуравдагч этгээдийн эзэмшлийн газар байрладаг. голдоо нийтийн эзэмшлийн замтай. Энэ газрыг нь тойруулан барилгаа төлөвлөсөн. Мөн адил барилгажих талбайг төлөвлөж орц гарцыг хаасан. Эргээд бусад нэхэмжлэгчтэй адил хөрөнгө эзэмших эрхийг хаасан. Барилга 1 суурьтай 1 ханаар тусгаарласан цогц байрилгын нэг өмчлөгч нь Б.А нэг өмчлөгч нь РЛ ХХК нөгөө өмчлөгч нь МШ ХХК. Б.Атэй зөвшилцөхгүйгээр нэг хэсгийг нь нурааж барилга барих төлөвлөлт хийж архитектур төлөвлөлтийг даалгавар батлаж байгаа нь өөрөө Б.Аийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ талаар тодорхой хэмжээгээр зөвшилцөх шаардлагатай. Анхнаасаа зөвшилчих ёстой байсан. эрхийг нь зөрчих гээд байгаа бол шаардлагатай холбогдох этгээдүүдэд мэдэгдэж саналыг нь сонсох шаардлагатай байсан. төслийн талаар таницуулж байсан өөрсдийнх нь зөвшилцсөн гэдэг санал авсан гээд байдаг нь зүгээр худалдаж авъя гэсэн санал байсан. Танилцуулахдаа хэлсэн санал нь төслөө танилцуулаад бид ийм том төсөл хийх гэж байна танайх энэ төсөлд орох уу хамтарвал яаж хамтрах вэ газрыг чинь бид худалдаж авах сонирхолтой байгаа шүү гэдгээ хэлсэн байдаг. түүнээс биш бид ингэж барилга барьсанаар таний энэ газар хаагдах гэж байна орц гарц чинь хаагдах нь та үүн дээр ямар саналтай байна гэсэн нэг ч албан бичиг байхгүй тийм ажиллагаа хийгдэж байгаагүй учраас. Даалгавар, барилгажих талбайн эскиз зураг ерөнхий төлөвлөгөө нь өөрөө нэг хамтдаа үйлчилж явдаг акт учраас бүгдийг нь хүчингүй болгуулж байж нэхэмжлэгчийн эрх хангагдана. Иймд нэхэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрыг Нийслэлийн засаг даргын 2015 оны а676 тоот захирамжаар 5008 дугаартай үл хөдлөх гэрчилгээг РЛ ХХК-д олгосон. РЛ ХХК барилга барих хүсэлтээ 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэнийг манай байгууллага 18 дугаар хурлаар хэлэлцүүлэн 21 давхар барилгыг эхний ээлжинд дэмжсэн. Үүний дагуу тус компани архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх хүсэлтийг ирүүлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлаар 15 давхар үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шийдлийг дэмжиж архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Үүнийг олгохдоо барилгын норм дүрэм журмын дагуу барилгын хоорондын зай хэмжээг баримтлан бартлгын зураг төслийг боловсруулах, авто машины орц гарц зам талбайг төлөвлөх гэж заан архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Улмаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу РЛ ХХК А ХХК нь барилгын эх загвар зургыг боловсруулан батлуулсан байдаг. РЛ ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-с ирүүлсэн шаардлагын дагуу цахилгаан хувиарлах самбаруудыг шилжүүлэн нүүлгэх зорилготой барилгын ажлыг цохих зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн. Үүний дагуу иргэн Г.С нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Бод албан бичгээр ирүүлсэн байдаг. Үүний дагуу барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн байна гэж үзэн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/4599 тоот албан бичгээр барилгын ажлыг зогсоо гэсэн шаардлага хүргүүлсэн. Одоогоор барилгын ажил хийгдээгүй байна. Үүний дараа РЛ ХХК-с албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт Шаазан ваар үйлдвэр нь цаашид энэ хэвээрээ ашиглах боломжгүй барилгын хийц нь материал нь хуучирч муудсан, хөгз мөөгөнд идэгдсэн бөгөөд тухайн орчны газар Улаанбаатар хотын төвийн хэсэгт байрладаг тул олон улсын жишигт нийцүүлэн орчин үеийн шинэлэг өнгө төрхтэй барилга байгуулж өөрсдийн хөрөнгөөр барьж нийслэл хотын өнгө үзэмжийг нэмж хот байгуулалтын үйл ажиллагааг дэмжих ажиллагааг Г.С нь удаашруулж саад хийж байна. Бид удаа дараа зөвшилцөх албан бичгүүдийг хүргүүлсэн болно гэсэн. Хөрш залгаа хөрөнгө эзэмшигч Шаазан ваар ХХК нь төслийг санаатай удаашруулж иргэний хуулийн 92,1 101,1 төрийн албаны тухай хуулийн 39,1,1 дэх заалтуудыг зөрчиж баттай хариу өгөхгүй зөвшилцөхгүй байна гэсэн албан бичгүүдийг удаа дараа ирүүлж байсан.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05/14 тоот тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих барлгын эрх олгох газрын эх загвар зураг батлах барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны зургын 3,13т тусгагдсан газрын эрх цуцлагдсан хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зургыг хүчингүй болгоно гэсэн заалт байдаг. Үүнтэй холбоотойгоор РЛ ХХК-д олгогдсон газрын эрх цуцлагдаагүй иймд архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зургыг хүчингүй болгуулах үндэлэл байхгүй гэж үзэж байна. Сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 26,1-д заасны дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зургийг батлуулж ирүүлэхдээ хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигчдээс саналыг ав гэсэн зааврыг гуравдагч этгээдэд тавьсан. Үүний дагуу саналыг авч ирүүлэхдээ МШ ХХК иргэн Г.С Б.А нар үндэслэлгүйгээр тухайн төслийг дэмжихгүй байна. Их хэмжээгээр мөнгө шаардаж байна гэдэг хариуг өгсөн. үүний дагуу захиргааны ерөнхий хуулийн 27,7-д.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын явуулж байгаа албан бичгийн саналууд нь бид дэмжихгүй байна. Энэ төслийг явуулах боломжгүй гэсэн тайлбарлаж байгаа боловч ямар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа тухайн төсөл нь барилгын тухай хууль болон газрын тухай хуулийн яаж зөрчиж байгаа норм дүрмийг яаж зөрчиж байгаа талаар ямар ч тайлбар ирүүлээгүй. Иймд үндэслэлгүй шаардлага ирүүлж байна гэж үзэж байна. иймд тухайн гаргасан саналууд захирнааны акт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Газрын хувьд ямар нэгэн давхцал байхгүй. РЛ ХХК нь өөрийн эзэмшлийн 5001 метр квадрат газар дээр барилга байгуулах хүсэлтээ ирүүлсэн тухнайн норм дүрэмд холбогдуулан хангуулаад түүнийгээ манай байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар барилгын эх загвар зургийг хуулийн дагуу олгосон. Иймд нэхэмжлэгч нарын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.
дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Н 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны а/15 тоот Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох барилгын эх загвар зураг батлах барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтанд оруулах үйл ажиллагааны тухай тушаалын хавсралтаар мэргэжлийн зөвлөлийн хурлын дүрэм ажиллах чиг үүргийг батласан. Энэ дүрмийн 2,3-т зөвлөл нь хот байгуулалтын баримт бичиг дэд бүтэц төлөвлөлт барилга байгууламж тохижиилтын бусад асуудлууд дээр санал дүгнэлт гаргаж ажиллана гэж заасан байдаг. барилга байгууламжын асуудал гэдэг тухайн иргэн аж ахуй нэгжээс ирж байгаа барилга барих хүсэлт бусад асуудлуудыг хэлэлцэж дүгнэлт гаргадаг. Гаргасан архитектур төлөвлөлтийн даалгавар дээр боловсруулсан архитекитор зөвшөөрсөн гарын үсэг зурж баталгаажуулдаг. Үүнд хурлын гишүүд хурлын дарга нар зөвхөн тухайн байршил дээр ямар төлөвлөлт хйиж болох вэ ямар зай хэмжээ авах, тухайн газарт орц гарцны асуудал байна уу гэдгийг мэргэжлийн зүгээс дүгнэлт гаргаж ерөнхий архитектурт танилцуулах үүрэгтэй. Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах үндэслэл бүхий иргэн аж ахуй нэгжээс ирсэн барилга байгууламжыг хэлэлцэх эрх хэмжээтэй зөвлөл юм гэв.
тав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РЛ ххк нь энэ байршил бүхий газарт 1956 онд ашиглалтанд орсон 3556 мк үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Энэ үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа 5008 мтр квадрат газрыг эзэмших эрхтэй этгээд юм. энэ барилга 1956 онд ашиглатанд орсон насжилтгүй болсон барилга ашиглалтын шаардлага хангалтгүй болсон учраас үүнийг буулгаж шинэ зураг төлөвлөөд архитектур төлөвлөлтийн даалгавар болон схем зураг барилгажих талбайн загвар зургаа батлуулаад явж байна. Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэдэг үндэслэл нь тайлбарлаж байна. архитектор төлөвлөлтийн даалгавар нь ямар нэгэн байдлаар ханаараа залгаа байгаа барилгыг буулгах шаардлагатай бол хоорондоо зөвшөлц гэсэн даалгаварийг тавьсан байдаг. үүний дагуу зөвшилцсөн зөвшилцөөгүй гэдэг асуудал нь энэ даалгаврыг хүчингүй болгох үндэслэл биш. Нэхэмжлэгч талд энэ газар дээр ийм барилга байгууламж барих гэж байна эсвэл бүүр цогцоор нь төлөвлөж барилга байгуулж барь эсвэл танайх зарах худалдах сонирхолтой байвал манайх ийм үнийн санал гаргаж байна гэсэн зөвшилцөлийн хариу өгөөгүй. Зөвшөөрөөгүй учраас зөвшилцсөнгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. орц гарц хааж байна манай талбай дээр грааж барих гэж байна гэсэн байна юуг үндэслэж тэгж хэлж байгаа юм бэ Энэ зургийг батлахдаа мэргэжлийн байгууллаг шалгахдаа бусдын өмч хөрөнгө энэ газарт халдаж байна уу гэсэн гол шалгадаг зүйл нь юм. өөрсдийн эзэмшлийн газар дээр барилга болон граж орчны тохижилт нь төлөвлөгдсөн. Энэ барилга байгууламж барилгажих талбайн схем зураг холбогдох захиргааны актуудад бусдын талбай дээр гаргасан зүйл огт байхгүй. Одоо барилга барих гээд барилгын хашаа барьцан байгааг манай орц гарц хаалаа гэж байгаа бол барилга барих гээд барилгын хашаа барьсан байгаа үйлдэл архитектур төлөвлөлтийн даалгавар 2 өөр утгатай. Нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны акт өөр зүйл юм. архитектур төлөвлөлтийн далгавар дээрээ хөрш иргэдтэй зөвшилцөх орчин тойрны орц гарцын асуудлыг шийдэх нь даалгавар дээрээ одоо та нар энийг хийнэ шүү гэж зааж байгаа үйлдэл юм. Гэтэл энийг даалгавараа батлахдаа хийсэн байх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. нэхэмжлэлийн шаардлагийн үндэслэл болгож тавиад байгаа ийм зөрчил бхгүй. Өөрсдийн барилгыг буулгахдаа манай ханийг эвдэх гэсэн зүйл ярьж байгаа нь тусдаа зөрчил бөгөөд нэхэмжлэгч тал мэргэжлийн байгууллагад хандаж гомдол гарсан. Үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээ нь авагдсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь маргаан бүхаий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж РЛ ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ 2016/**-29 дугаартай Архитетур төлөвлөлийн даалгаварыг түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, Инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн РЛ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд РЛ ХХК С дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шаазангийн үйлдвэрийн зарим хэсэгт 5008 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөөний газраас 2016 оны 11 сарын 03-ны өдрийн МЗХ 2016/**-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварыг батлуулж, газар дээрээ барилга барихаар Шаазангийн үйлдвэрийн обьектын дээврийн зарим хэсгийг нурааж барилгын хашаа барьж эхэлсэн тул байрлах хөрш залгаа газрын эзэмшигч холбогдох дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болжээ.
Нэхэмжлэгч тал Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас РС ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгаварыг батлан гаргахдаа эрх хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар санал гаргах боломж олгоогүй, тус компаний эзэмшлийн газартай залгаа, хөрш зэргэлдээ байрлах, эрх ашиг нь хөндөгдөж байгаа газар эзэмшигч нарт хууль заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийлгүйгээр бусдын өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж хариуцагч тал РС ХХК-иас нийслэлийн Засаг даргын 2015 оны А/676 дугаар захирамжаар олгогдсон орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5008 кв.м газарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 3551 кв.м талбай бүхий хэсгийг буулган шинэчлэн барилгажуулах хүсэлтийг ирүүлснийг Газар барилгажилтийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар хурлаар хэлэлцүүлэн 21 давхар орон сууц үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шийдлийг дэмжсэн. Дахин барилгын давхарыг 15 давхар болон өөрчлүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг судлан сэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар арын 28-ны өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн, газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зураг хүчингүй болохоор заасан байдаг тул тус компаний газар эзэмших эрх цуцлагдаагүй тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, харицагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.
1. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж РЛ ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ 2016/**-29 дугаартай Архитетур төлөвлөлийн даалгаварыг түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
МШ ХХК нь С дүүргийн * дугаар хороо циркийн зүүн талд контор үйлчилгээ, дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Y-**********650 дугаарт бүртгэгдэж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Мөн нэгж талбарын 18642310837494 дугаартай 5510 кв.м газрыг нийслэлийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар шийдвэрээр 60 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэн Б.А нь С дүүргийн * дугаар хороо МШ ХХК-ийн хашаанд үйлчилгээний зориулалтаар 1039 м.кв талбайтай Y-2203012111 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдэж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, нэгж талбарын 18642310754450 дугаартай 1167 кв.м үйлчилгээний зориулалттай газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэн Г.С С дүүргийн * дугаар хороо Усны гудамж-8/1 тоот цахилгаан дэд станцын зориулалттай 104м.кв талбайтай нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Y-*********651 дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. Нэгж талбарын ***************410 дугаартай 320 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/344 дугаар захирамжийг үндэслэн 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
РС ХХК нь нийслэлийн С дүүргийн * дугаар хороо, 5 дугаар хороолол, Б.Ренчингийн гудамж, 10/1 тоот байршилтай 3551м.кв талбайтай Үйлдвэрлэл-Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Y-2203011534 дугаарт бүртгүүлж, мөн хороонд нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/676 дугаар захирамжаар 5008м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээрхи иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхтэй талууд маргаагүй бөгөөд харин гуравдагч этгээдийн эзэмшил газарт хариуцагчаас олгосон архитектор төлөвлөлтийн даалгавартай холбогдуулан маргаж байгаа болно.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталж, РЛ ХХК-д олгосон 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2016/18-07 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-т холбогдох өөрчлөлт хийж, шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг тус компани 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/16/25 дугаартай албан бичгээр гаргасныг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас өөрчлөн баталсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/**-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт олгожээ.
Нэхэмжлэгч нар РЛ ХХК нь тэдний үл хөдлөх хөрөнгөтэй залгаа үйлдвэрийн барилга, авто гараажийн дээврийг буулгаж эхэлснээр тус компанид дээрхи Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг олгосон болохыг мэдэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/3196 дугаартай ...РЛ ХХК нь ерөнхий болон оноосон хил, зааг тэдгээрийн эргэлтийн цэгийн дагуу газар дээр нь тэмдэглэж хашаа барьж эхэлсэн бөгөөд иргэн Г.Сы эзэмшлийн газар, дэд станцын зориулалттай барилга руу орж гарах гарцгүй болох нөхцөл үүссэн... гэсэн утга бүхий албан бичиг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07/6411 дугаартай ...РЛ ХХК нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй хуучин барилгыг буулгаж эхэлсэн ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоож, нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллан, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэхгүй байхыг албан шаардлагыг хүргүүлсэн... гэсэн утга бүхий албан бичиг зэргээр нотлогдоно.
Гуравдагч этгээд нь архитектур төлөвлөлтийн даалгаварын дагуу барих барилгын талбайд төлөвлөж буулгах барилгын блокуудын тусгаарлагч ханууд нь зэргэлдээ байршилтай МШ ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрийн барилгын гадна хана буюу тусгаарлагч ханууд нь хоорондоо нэг ханаар тусгаарлагдсан, тус нэхэмжлэгчийн өмчлөлийн автогаражийн дээврийн хэсэг ил задгай болсон, мөн төлөвлөж байгаа барилгын барилгажих талбайд байрласан үйлдвэрийн барилгын дээврийн урд талын хэсгийг буулгаснаас МШ ХХК-ийн үйлдвэрийн барилгын тусгаарлагч хананд дулаан алдагдал үүсэх, барилгын үндсэн хийц бүтээцэд эвдрэл гэмтэл үүсэх нөхцал бүрдсэн болохыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс шалгаж 2017 оны 10 дугаар аарын 23-ны өдөр Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолоор тогтоогдож байна.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудлыг харгалзан үзээгүй, 7.5-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрээ биелүүлээгүй байна.
Мөн барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх гэсэн шаардлагыг хангаагүй байхад архитектур төлөвлөлтийн даалгавар,хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг баталснаар гуравдагч этгээдийн барих барилга нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Мөн гуравдагч этгээдэд барилга буулгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгоогүй байхад нэг цогц барилгын нэг ханаар тусгаарлагдсан, нэг суурьтай барилгыг нурааснаар нэхэмжлэгч нарын эрх ашгийг болон Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна, 26 дугаар зүйлийн 26.3-д Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барихад барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 10.1, 23.2, 28.2-т заасны дагуу ангилал, зураг төсөл, баримт бичгийн дагуу олгоно гэснийг зөрчиж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх зөрчлүүд байхад хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд архитектур төлөвлөлтийн даалгавар батлах нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар РЛ ХХК-ийн эзэмшлийн газартай залгаа хөрш зэргэлдээ байрлах газар эзэмшигч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэж тайлбар, саналыг нь авч мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна.
Иймд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж РЛ ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/**-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонихролыг зөрчсөн гэж үзлээ.
2. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн РЛ ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний гаүрын даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын 29 дэх хэсгээр РЛ ХХК-д С дүүргийн * дугаар хороо, 1а байрны зүүн талд 0.5 га газарт орон сууц, үйлчилгээ барих Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг батлахыг хуралд оролцсон гишүүдийн саналаар дэмжиж зөвшөөрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн зөвлөлийн хуралын зар, Мэргэжлийн зөвлөлийн 01 дүгээр хурлыг шийдвэр, Мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07/641 дүгээр ...РЛ ХХК газар эзэмших эрхийн гарчилгээнд заасан зориулалтын дагуу эзэмшил газартаа шинэчлэн барилгажих хүсэлт гаргаснаар орон сууц, үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шийдэл нь Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 душаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцэгдэн дэмжигдсэний үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/**-29 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан... гэсэн утга бүхий албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Тус мэргэжлийн зөвлөл нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.9-д барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм, нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байна, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар тушаалаар батлагдсан Архитектур, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1.5-д барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм нормативын баримт бичгийн техникийн даалгаварыг хянан гэж заасан эрх үүрэгтэй байна. Эндээс үзэхэд барилга барих хүсэлтийг хэлэлцэж, архитектур төлөвлөлтийн даалгаварыг хянаж зөвлөмж, санал гаргахаар харагдаж байна. Харин хүсэлтийг хэлэлцэхдээ бусад иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдлыг хяналгүйгээр шууд архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг дэмжиж дүгнэлт гаргасан нь дээрх хууль, журамд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн зөвлөл нь архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, холбогдох норм, дүрэмд нийцсэн эсэхийг судлаж үзэх үүрэгтэй байна. Энэ үүргээ биелүүлээгүйгээс Мэргэжлийн зөвлөлийн 01 дүгээр дүгнэлт нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамын 8.1.3-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихгүй байх гэсэн заалтыг зөрчиж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөнджээ.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас ... Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь захиргааны акт биш, энэхүү дүгнэлтэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн тайлбарыг гаргаж байгаа бөгөөд архитектур инженерийн орон тооны бус зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн архитетур төлөвлөлтийн даалгаварыг баталж байгаа тул үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж дүгнэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж 2016 оны 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд болох РЛ ХХК нь энэ төсөлдөө зарцуулсан хөрөнгийн тооцоог шүүхэд ирүүлсэн байх бөгөөд дээрх зөрчлүүдийг арилгасны дараа архитектуртөлөвлөлтийн даалгавараа захиргааны байгууллагаар дахин хянуулж, батлуулах эрх нь нээлттэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. 1, 106.2, 106.3.12-т заасныг удирдлага болгох
ТОГТООХ НЬ:
1.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж РЛ ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ 2016/**-29 дугаартай Архитетур төлөвлөлийн даалгаварыг түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн РЛ ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ