Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0459

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Ө” ХХК

          Хариуцагч Дотоодын цэргийн *** дугаар анги

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа бариулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, хашаа барихад саад болох аливаа үйлдэл хийхгүй байхыг хариуцагчид даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0520 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 128/2026/0172/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь Дотоодын цэргийн *** дугаар ангид холбогдуулан “Хашаа бариулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, хашаа барихад саад болох аливаа үйлдэл хийхгүй байхыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар шийдвэрээр “Дотоод цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.2, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-иас Дотоодын цэргийн *** дугаар ангид холбогдуулан гаргасан “Хашаа бариулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хашаа барихад саад болох аливаа үйлдэл хийхгүй байхыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчийн хашааг бариулахгүй байгаа, бариулахаас татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус эсвэл хууль ёсны эсэх дээр эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр “...Дотоодын цэргийн *** дугаар анги нь онц чухал объектыг хамгаалах тусгайлсан чиг үүргийн хүрээнд хамгаалалтын цогц үйл ажиллагаа явуулахаар байна” гэж ганцхан өгүүлбэрээр дүгнэсэн байна. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны зохицуулалтаас үзэхэд Дотоодын цэргийн ангийн хэрэгжүүлэх чиг үүргийн талаар огт зохицуулаагүй, Дотоодын цэргийн анги нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх шилжүүлэн авсан баримт хэрэгт авагдаагүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Мөн хариуцагч Дотоодын цэргийн ангийн хэрэгжүүлэх цогц үйл ажиллагаанд газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хашааг бариулах, эсвэл бариулахгүй байх чиг үүрэг хамаарах эсэхийг тодорхойлоогүй байна.

          3.2 Бидний зүгээс давхцалтай хэсэгт ногоон байгууламж төлөвлөж, бусад хэсэгт нь барилга байгууламж барихаар төлөвлөж 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр загвар зураг батлуулсан бөгөөд анхан шатны шүүхээс уг үйл баримтыг огт дүгнээгүй. Өөрөөр хэлбэр энэ талаар архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт зурагт тодорхой зурагдсан байдаг. Гэтэл Дотоодын цэргийн *** дугаар ангиас өөрт хамааралгүй асуудлаар ирж барилга байгууламж огт бариагүй байхад, хашаа барих үйлдлийг маань удаа дараа таслан зогсоож саад учруулсан. Газар эзэмшигч өөрийн газартаа барилга байгууламж барих бус хашаа барих нь ямар хууль журмыг хэрхэн яаж зөрчсөн гэдэг нь тодорхой бус байна.

          3.3 Дотоодын цэргийн тухай хуулиар Дотоодын цэргийн ангийн үйл ажиллагааны чиг үүргийг хуульчилж өгсөн. Хариуцагчийн хамгаалах объектын хэмжээ нь усны барилга байгууламжаар хязгаарлагдах бөгөөд нэхэмжлэгчийн хашаа барих, барихгүйг тогтоох эрхтэй байгууллага биш байна. Ус хангамжийн эх үүсвэр гэдэг нь тухайн газар доорх бүхий л усны эх үүсвэртэй холбоотой зүйлс багтдаг гэж тайлбарласан. Айлын худаг доорх газар хүртэл усны эх үүсвэрийн барилга байгууламжид хамаарна гэж үзсэн. Мөн Засгийн газраас тогтоодог Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоодог усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс гэсэн хоёр ойлголт нь тусдаа ойлголт гэдгийг анхан шатны шүүхээс анхаараагүй.

          3.4 Нэхэмжлэгч компани нь усны эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан байсан ч түүнд хяналт тавих байгууллага нь Усны сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албан, мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагч, байгаль хамгаалагч мөн бөгөөд хариуцагчаас хашаа барих, эсвэл барихгүй байх асуудлыг шийдвэрлэхгүй. Өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар хориглосон үйлдэл гаргаж саад учруулж байгаа нь хууль бус байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг нүдээр үзүүлж тогтоолгохоор газрын үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс хангаагүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарахад чухал нөлөөтэй байсан.

          3.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/*** дугаар захирамжаар “Ө” ХХК нь нэр бүхий иргэдээс Б дүүргийн ** дугаар хороо, **** байрших нийт 23010 м2 газрыг амины орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 00000***** дугаар гэрчилгээ олгож, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.

          4. Нэхэмжлэгчээс дээрх 23010 м2 газрыг баталгаажуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/**** дүгээр захирамжаар “Ө” ХХК-д 23010 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000****** дугаар гэрчилгээ олгожээ.

          5. Нэхэмжлэгч “Ө” ХХК-д Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б дүүргийн ** дугаар хороо, ****** газарт ****, **** дугаар “Худаг гаргах зөвшөөрөл” олгосон, Нийслэлийн Ерөнхий архитектор 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гачууртын замын урд талд байршуулан 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц зориулалттай 2.3 га газарт 2024/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Ө” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны Загвар зургийг баталгаажуулсан байна.

          6. Дотоодын цэргийн *** дугаар ангийн захирагч, Хурандаа Ж.Т 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/*** дугаар албан бичгээр “...газар нь эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа талаарх Ус сувгийн удирдах газраас тодруулга авахад нийт нэгж талбарын талбайн 60 гаруй хувь нь ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд давхцаж байрласан байна” гэж нэхэмжлэгчид мэдэгджээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          7. Дотоодын цэргийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Дотоодын цэрэг нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, захирах, захирагдах, хамгаалалт, аюулгүй байдлыг уян хатан, шуурхай тасралтгүй зохион байгуулах зарчмыг баримтална”, 31 дүгээр зүйлийн 31-д “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “улсын онц чухал объект гэж Монгол Улсын Засгийн газраас /цаашид "Засгийн газар" гэх/ тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг”, 4.1.4-д “объектын хамгаалалт” гэж объектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа объектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл ажиллагааг”, 5 дугаар зүйлийн 5.1.4-д “улсын онц чухал объектын жагсаалтыг батлах” гэж;

          7.1 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт”-ыг баталж, Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалтын III. Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект. 3-д “Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад, Алтай, Чингис, Цэцэрлэг, Баянхонгор, Арвайхээр, Сайншанд, Мөрөн, Өлгий хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж” гэж тус тус хуульчилж, журамлажээ.

          8. Дээрх хууль, журмаас үзэхэд Засгийн газар нь улсын онц чухал объектын жагсаалтыг батлах эрх хэмжээтэй бөгөөд Дотоодын цэргийн байгууллага нь улсын онц чухал объектод хамаарах ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангах, хамгаалах, аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалалтын бүсийн дэглэм, журмыг сахиулах, улсын онц чухал объектыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

          9. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “эрүүл ахуйн бүс гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг”, 3.1.15-д “ус хангамжийн эх үүсвэр гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4-д “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, 12 дугаар зүйлийн 12.1.4-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах”;

          9.1 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам”-ын 3.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд дараах дэглэмийг мөрдөнө”, 3.8.4-д “ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн эргэн тойрныг хашиж хамгаалан байнгын харуул хамгаалалттай байлгах бөгөөд худаг, усан сангийн таг, салхивчийг битүүмжлэн хялбар нээх, эвдэх боломжгүй болгоно”, 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 3.9.6-д “төвлөрсөн ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээтэй газар унд ахуйн зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх”, 3.9.11-д “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах”, 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж тус тус заажээ.

          10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07/**** дугаар албан бичигт “...дээрх газрын 3 дугаар цэгээс баруун тийш 25 метр, 4 дүгээр цэгээс баруун тийш 148 метр зайд тус тус хөндлөн байрлаж, нийт нэгж талбарын талбайн 60 гаруй хувь нь ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд давхцаж байрласан байна”,

          10.1       Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Туул голын сав газрын захиргааны 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/*** дүгээр албан бичигт “...”Ө” ХХК-ийн газар нь ... Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагтай давхцалтай байна”,

           10.2 Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06-16/*** дугаар албан бичигт “...23010 м2 газар нь усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд ороогүй, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хамаарч байна”,

          10.3 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/*** дугаар албан бичигт “...тус газар нь ...Улаанбаатар хотын ус хангамжийн төвийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужтай бүтэн давхцалтай байна”,

          10.4 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн н/24 дүгээр (“нууц” дардас бүхий) албан бичиг, давхцалын мэдээллийг харуулсан зураглал зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн газар нь Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, Улаанбаатар хотын ус хангамжийн төвийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй хэсэгчлэн болон тэжээгдлийн мужтай бүхэлдээ давхцалтай болох нь тус тус тогтоогдож байна.

          11. Хариуцагч захиргааны байгууллага нь Дотоодын цэргийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хүрээнд улсын онцгой чухал объект болох Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Дотоодын цэргийн ангийн хамгаалах объектын хэмжээ нь усны барилга байгууламжаар хязгаарлагдах бөгөөд нэхэмжлэгчийн хашаа барих, барихгүйг тогтоох эрхтэй байгууллага биш, хариуцагчаас хашаа барих, эсвэл барихгүй байх асуудлыг шийдвэрлэхгүй. Өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар хориглосон үйлдэл гаргаж саад учруулж байгаа нь хууль бус байна” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

          12. Мөн Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Дотоодын цэрэг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.1-д “улсын онц чухал объектыг хамгаалах”, 12.1-д “Дотоодын цэрэг улсын онц чухал объектыг хамгаалах зорилгоор дараах үүргийг гүйцэтгэнэ” гэж заасны дагуу улсын онц чухал объект болох “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс”-ийг хамгаалах, хориглосон үйл ажиллагаа явуулж буй аливаа этгээдийн үйлдлийг таслан зогсоох, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах үүргийг хүлээлгэсэн байх тул хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

          13. Тиймээс шүүхээс нэхэмжлэгчийн хашаа бариулахгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгаж, хашаа барихад саад болох аливаа үйлдэл хийхгүй байхыг даалгах боломжгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА