| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1814004070265 |
| Дугаар | 2020/ДШМ/028 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ДШМ/028
А.Х холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/158 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр эсэргүүцлээр А.Х холбогдох эрүүгийн 1814004070265 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, А.Х, ........... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ялаар, 2016 оны 12 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2018 оны 10 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан
А.Х нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн *******ийн баруун нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах 3 дугаар халуун усны гадаа тавьсан байсан иргэн *******ийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Т.Ганхүүтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсрын булаг гэх газарт, *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 11 дүгээр сарын эхээр *******ын хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Завсрын булаг гэх газар байх *******ийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар монетон ээмэг, бөгж зэргийг хулгайлж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн *******, *******, *******, нартай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод хашаанаас ийн эзэмшлийн 8 тооны борлонг буюу бог малыг хулгайлж бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн *******тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоот хашаанаас ы эзэмшлийн 59-20 БНЗ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл болох Ш-175 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн *******тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Д.......... тоот хашаанд ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч А.Х холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов. Үүнд:
Яллагдагч А.Х холбогдох “*******тай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 02 тоот хашаанд ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Мөн бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт субъектив талын шинжийг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх төдийгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуульд заагаагүй үндэслэлээр яллаж байгаа яллах дүгнэлт нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хуульчилж өгсөн бөгөөд “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж тусгажээ.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн этгээдийн үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэгдэнэ.
Гэтэл яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгийг журамлан ялласан нь хуульд заагаагүй зүйл хэсгээр ялласан гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар прокурор яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тусгах бөгөөд ингэхдээ төрийг төлөөлж шүүн таслах ажиллагаанд оролцож буй улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт гэдэг агуулгаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх учиртайг анхаарах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Прокурор ******* тус шүүхэд гаргасан 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцэлдээ: Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт А.Хийн бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бичихдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй гэж бичсэн нь бичиг техникийн шинжтэй буюу хүндрүүлэх нөхцөл байдлыг бичихдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт журамлан гэж бичиж алдаа гаргасан байх тул дээрх алдааг засаж яллах дүгнэлтэд засвар оруулж яллагдагчид дахин гардуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Прокуророос анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй болно. А.Х холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.
Иймд эрүүгийн 1814004070265 хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/158 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А.Хийн бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бичихдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчилд тооцогдохгүй, ял шийтгэлд нөлөөлөхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх үүднээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгоно уу гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Миний үйлчлүүлэгч А.Хийн биеийн байдал маш муу, ухаангүй байж байгаад сэргэсэн, сүрьеэ өвчтэй хүн юм. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь ач холбогдолгүй, шүүх зөвтгөөд түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой, бие нь сайжрахгүй байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянахад:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Прокуророос А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын яллах дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ...” гэж бичсэн нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдал бүрд тодруулан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 буюу бүлэглэн гэж журамлаж бичсэн нь буруу ч, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах тохиолдолд түүний эрх зүйн байдал дордохгүй тул хэргийг прокурорт буцаахгүйгээр, зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой юм.
Эрх зүйн толь бичигт журамлах гэдэг нь ямар нэгэн хэргийг хэлэлцэх талаар тогтоогдсон журамлал гэж тайлбарласан байгааг анхаарах нь зүйтэй юм.
Анхан шатны шүүх “ ...прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасныг журамлаж бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуульд заагаагүй зүйл хэсгээр ялласан... “ гэх үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-1.3-д заасан үндэслэлүүдийн аль нэг заалтыг баримтлаагүй хэргийг буцааж хууль зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/158 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин яллагдагч А.Х нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, биеийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан бичиг, эмчийн тодорхойлолт болон түүний өмгөөлөгч *******ын санал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Х урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/158 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Х холбогдох эрүүгийн 1814004070265 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Х урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
Б.БОЛОР-ЭРДЭНЭ