Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0498

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О

          Гомдлын шаардлага: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 012**** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч “Т” ХХК

          Хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагч Ц.Н

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0376 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О

          Хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагч Ц.Н

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

          Хэргийн индекс: 128/2025/0744/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “Т” ХХК нь хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагч Ц.Н-д холбогдуулан “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 012**** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-иас Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 012**** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

          3.1 Үүнд: “...Анхан шатны шүүх гомдол гаргагчийн үндэслэлтэй адил дүгнэсэн атлаа Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагч хэрэглэж дуусах хугацааг тогтоосон эсэхийг анхаарч шийдвэрлээгүй бөгөөд түүнд үндэслэж дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан баримт болон зөрчил үйлдэгдсэн гэх хугацаанд хуульд заасан ажиллагааг зохих ёсоор хийж нотлох баримт бүрдүүлээгүй байдаг. Мөн хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж ажиллагаа хийсэн, бараа бүтээгдэхүүнийг битүүмжлэхдээ зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журам зөрчсөн, тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй, эрх бүхий албан тушаалтын бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллагаа явуулаагүй, торгууль оногдуулахдаа хэлбэрийн шаардлага зөрчсөн, хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн тухай үндэслэлд дүгнэлт өгөөгүй.

          3.2 Шүүхээс томилсон байгууллага буюу шинжээчид асуудлыг “...хуулиар бидэнд эрх олгоогүй тул шинжилгээ хийх боломжгүй”, “...магадлан итгэмжлэгдсэн лаборатори, эрх бүхий шинжээчийн эрхтэй этгээд байхгүй”, “...бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийх шаардлагатай” хэмээн буруу ойлгох явдал удаа дараа гардаг. Үүнийг шүүхээс залруулж шинжээчийн дүгнэлт гаргах бүрэн боломжтой байхад аль хугацаа бүтээгдэхүүний сав баглаа боодолд байсныг тогтоогоогүй, эргэлзээ бүхий баримтыг хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалсан нь тогтоогдсон тул шийтгэвэр оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд шууд үнэлж чадаагүй баримтыг шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ дур зоргоороо үнэлж шийдвэрлэсэн.

          3.3 Анхан шатны шүүхээс тухайн хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа тогтоогдсон гэж дүгнэсэн боловч ямар нэр төрөл, хэдэн ширхэг хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр хэрэглэж дуусаж хугацаа тэмдэглэгдсэн байсан талаар тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнийг худалдсан, эсхүл хадгалсан болохыг ямар үйл баримт, нотлох баримтаар тогтоосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

          3.4 Хэрэгт цугларсан нотлох баримтуудад нөхцөл байдлыг тогтоосон баримт байхгүй бөгөөд шүүх ямар нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан болохоо шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй төдийгүй тухайн дүгнэлтийн үндэслэл, эх сурвалжийг шийдвэрт тодорхой заагаагүй байна. Иймд зайлшгүй шүүхээс дүгнэх ёстой нэхэмжлэгчийн үндэслэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

          3.5 Хууль дээдлэх зарчмын дагуу хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарсан, хадгалсан бол зөрчил биш бөгөөд шийтгэл оногдуулах боломжгүй. Шүүхээс тус хугацааг нэг ойлголтоор хэрэглэж буруу жишиг тогтоож байна. Субьектив байдлаар хандаж хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж болохгүй гэж үзсэнээр торгууль оногдуулахдаа хуульд заасан мэтээр тус заалтыг үндэслэн хууль тогтоогчийн эрх хэмжээнд халдаж байна.

          3.6 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хоёр бүтээгдэхүүнд хадгалах хугацааны тэмдэглэгээ байх бөгөөд бусад бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа, хадгалах хугацааг тогтоох боломжгүй байсан. Улсын байцаагч ажиллагаа хийгээгүй хоёр хугацааг адилтгаж торгуулийн хуудас оногдуулсан байхад шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэх ёстой. Түүнчлэн шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлтээр хэрэглэж дуусах хугацааг тогтоосон тохиолдолд ч торгуулийн хуудас хууль бус, өөрөөр хэлбэл хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулах ажиллагаа хийгээгүй.

          3.7 Мөн Зөрчлийн тухай хуулийн хэрэглээ, тайлбарын талаар Монгол Улсын дээд шүүхээс тогтоосон практик байдаг. Энэ хэрэгт зөрчил үйлдсэн гэж үзэж буй үйл баримт нь нийт 127,000 төгрөгийн худалдан авалттай холбоотой бөгөөд үүнээс 15,800 төгрөгийн үнэ бүхий мандарин муудсан гэх агуулгаар зөрчлийн ажиллагаа явуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь иргэний гомдлын үндсэн дээр эхэлсэн бөгөөд тухайн гомдол нь 15,800 төгрөгийн үнэ бүхий бараатай холбоотой байсан. Гэтэл шалгалтын явцад 20 нэр төрлийн, 87 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг бүхэлд нь битүүмжилсэн нөхцөл байдалд хангалттай үнэлэлт, дүгнэлт өгөөгүй бөгөөд 15,800 төгрөгийн үнэ бүхий бараатай холбоотой иргэний гомдлын хүрээнд тухайн дэлгүүрт 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үйлдэгдсэн гэж үзэж буй зөрчлийн шинж, хор уршиг, нөхцөл байдалд тохирсон шийтгэл биш байна. Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг Монгол Улсын дээд шүүхийн тогтсон практик, хууль хэрэглээний тайлбарын хүрээнд авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

          3.8 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Иргэн Д.Д-ээс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Б дүүргийн * дугаар хороонд байрлах Э дэлгүүрт хүнсний чанарын шаардлага хангахгүй жимс, бараа бүтээгдэхүүн худалдаалж, татвараас зайлсхийж, талхны НӨАТ баримт өгдөггүй тул шалгаж өгнө үү” гэх гомдлыг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт гаргажээ.

          4. Эрх бүхий албан тушаалтан Ц.Н нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, улмаар “Т” ХХК-ийн Э хүнсний дэлгүүрт шалгалт хийж, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан зөрчил илрүүлж, Үзлэг хийсэн тухай болон Эд хөрөнгө битүүмжилсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл тус тус үйлдсэн байна.  

          5. Улмаар “Т” ХХК-ийн хүнсний дэлгүүрт хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил гаргасан гэж үзэж 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ********* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  

          6. Ингээд Улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 012**** дугаар Шийтгэлийн хуудсаар “Т” ХХК нь хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          7. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заажээ.

8. Дээрх хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд, хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь “шударга ёсны зарчим”-д нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.

9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д “хадгалах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг”, 4.1.13-д “хэрэглэж дуусах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг”, 10 дугаар зүйлийн 10.3-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно”, 10.3.1-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ”, 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж тус тус заасан.

10. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор баталсан “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага”-ын (MNS 6648:2016) 3.5-д “хадгалах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх ба заасан хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь өөрчлөгдөх хугацаа”, 3.6-д “хэрэглэж дуусах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байх ба заасан хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацаа” гэж зохицуулжээ.

11. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь тухайн бүтээгдэхүүн хамгийн сайн чанараа хадгалах хугацааг илэрхийлэх бөгөөд энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд амт, үнэр, өнгө, бүтэц зэрэг чанарын үзүүлэлт өөрчлөгдөж болох ч аюулгүй байдал нь заавал алдагдсан гэж үзэхгүй. Харин хэрэглэж дуусах хугацаа нь бүтээгдэхүүнийг аюулгүй хэрэглэж болох эцсийн хугацаа бөгөөд энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэн хэрэглэх, зах зээлд нийлүүлэхийг хуулиар хориглосон байна.

12. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Эрх бүхий албан тушаалтан Ц.Н 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХК-ийн Б дүүргийн * дугаар хороо, ** байрны ** тоотод байрлах (Э) хүнсний дэлгүүрийн худалдааны заалны тавиур дээрх худалдаж байсан хүнсний бүтээгдэхүүнд үзлэг хийж, хэрэглэх дуусан хугацаа хэтэрсэн 20 нэр төрлийн 87 ширхэг, нийт 503,150 (таван зуун гурван мянга нэг зуун тавин) төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний жагсаалт үйлдэн, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэн битүүмжилжээ.

13. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамтран ажиллах тухай” ** дүгээр албан бичгээр “...хадгалах, хэрэглэх хугацаа дууссан хүнсний түүхий, эд бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах боломжтой эсэх, шаардлагатай үзүүлэлт, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд хадгалах, хэрэглэх хугацаа дууссан хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана уу” хэмээн Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Б-т хүргүүлж, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/** дүгээр албан бичгээр “...хадгалах, хэрэглэх хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгахын өмнө лабораторийн шинжилгээнд хамруулах шаардлагагүй болно” гэх хариуг өгсөн байна.

14. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6980 дугаар захирамжаар “хадгалах болон хэрэглэж дуусах хугацааны аль нь 20 нэр төрлийн 87 ширхэг хүнсний бүтээгдэхүүнд байгаа болох, хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацааг хэрхэн тогтоодог талаар” Хөдөө аж ахуйн их сургуулийг шинжээчээр томилж, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/** дүгээр хариу албан бичигт “...тус чиглэлээр мэргэшсэн хяналтын улсын байцаагчийн эрх бүхий мэргэжилтэн, шинжээч байхгүй, ...Монгол улсын стандартаар нарийвчлан тогтоогоогүй MNS стандартад заасны дагуу хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгод тавих шаардлагыг баримтлах бөгөөд хүнсний бүтээгдэхүүнд хадгалах нэгдсэн хугацааг тодорхойлох боломжгүй” гэжээ.

15. Гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...хугацаа нь дууссан ямар нэр төрөл, хэдэн ширхэг хүнсний бүтээгдэхүүн байсан, тэдгээрийг худалдсан, эсхүл хадгалсан болохыг ямар нотлох баримтаар тогтоосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхээс шинжээч томилж тогтоогоогүй, шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд шууд үнэлж чадаагүй баримтыг шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ дур зоргоороо үнэлж шийдвэрлэсэн” гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.

16. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Улсын байцаагч Э хүнсний дэлгүүрийн худалдааны зааланд худалдаж буй хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийж “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн”-ийг нэг бүрчлэн шалган тогтоож, жагсаалт үйлдэж, хууль журамд заасны дагуу Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд мөн анхан шатны шүүхээс шинжээч томилон, шинжилгээ хийлгүүлэх ажиллагааг явуулсан боловч шинжээчээс тэдгээрийн нэгдсэн хугацааг тогтоох боломжгүй гэх, мөн Стандарт, хэмжил зүйн газраас хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэсэн байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

17. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 2-т “холбогдогч дараах эрхтэй”, 2.1-д “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.7-д “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.9-дзөрчлийн хэрэгтэй танилцах” гэж заажээ.

18. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Эрх бүхий албан тушаалтан Ц.Н нь дуудах хуудас, харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан “Т” ХХК-ийн захирал Д.Н-ыг удаа дараа дуудахад “очих шаардлагагүй” гэх хариуг өгсөн, мөн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлээр хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэхэд “...Би очиж хэргийн материалтай танилцах шаардлагагүй, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараагийн шатанд хандах болно, Шийтгэлийн хуудсаа гэрийн хаягаар явуулчихгүй юу” гэх тайлбарыг гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийн “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журам зөрчсөн, тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

19. Тиймээс хадгалах хугацаа болон хэрэглэж дуусах хугацаа нь өөр өөр ойлголт боловч хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилготой хугацааны тэмдэглэгээний төрөл буюу хугацаа дууссан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон зохицуулалтын зорилго нь хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах явдал бөгөөд зөвхөн нэр томьёоны ялгаанаас шалтгаалан хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалах болон худалдаалахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

20. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 012**** дугаар Шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-д 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, захиргааны акт үндэслэлтэй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА