Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Б.Мөнхшүр,

шүүгдэгч Ц.Төмөр-Ухна, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Төмөр-Ухнад холбогдох 2015 2400 0956 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймаг Айраг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэм транс” ХХК-д автобусны жолоочоор ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баян-Уул 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕА58092915, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Цэсэнгийн Төмөр-Ухна.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Ц.Төмөр-Ухна нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Амгалангийн замд “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 05-77 УНР улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөний дөрөв болон түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мөнхшүрийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Төмөр-Ухна мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй”… гэв.

Хохирогч Б.Мөнхшүр мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зам гарч явж байгаад урсгал сөрж байсан автобусанд мөргүүлсэн. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Би баримтаар нэхэмжилсэн мөнгөө авсан. Гэхдээ би энэ ослоос болж 4 сар ажилгүй байсан. Мөн эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой. Би замын гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэм буруутайгаа мэдэж байгаа. Хохиролд 2.500.000 төгрөг авсан”…гэв.

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс зам тээврийн осол, хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4, 10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6, 11-14/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8, 16/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-9/, хохирогч Б.Мөнхшүрийн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Б.Цэрэндуламын мэдүүлэг /хх-63-64/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹14538 дугаартай дүгнэлт /хх-67/, Техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан бүртгэл /хх-84/, шүүгдэгч Ц.Төмөр-Ухнын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-97-101/, хохирол төлсөн баримт /хх-60, 171/, шүүгдэгч Ц.Төмөр-Ухнын хувийн байдлын тухай баримтууд /хх-109-112/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-113/, “Эрдэм транс” ХХК-ийн албан бичиг /хх-115/, “Эрдэм транс” ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх-133-139/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Төмөр-Ухна нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Амгалангийн замд “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 05-77 УНР улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөний дөрөв болон түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мөнхшүрийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулан болох нь:  

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэрэндуламын өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед ажлаа тараад Замын цагдаагийн газрын урд талын автобусны буудлаас ногоон өнгийн автобусанд суусан. Уг автобус нь Ботаникийн эцсийн буудал руу зүүн гар тийш эргэдэг хэсэгт дөхөх үедээ нэг юм мөргөх шиг болсон түс тас хийх чимээ гараад зогссон...Автобус нь хохирогчийг яг аль талаараа мөргөснийг мэдэхгүй байна. Намайг автобуснаас буухад хохирогч эмэгтэй автобусны баруун гар талын зорчигч буудаг дунд хаалганы хажууд хэвтэж байсан…Миний утаснаас жолооч ах 103-д дуудлага өгсөн. Жолооч ах автобуснаас буугаад хохирогч эмэгтэй дээр очоод хөдөлгөж болохгүй гээд их сандраад байсан.” /хх-63-64/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхсайханы өгсөн: “Ц.Төмөр-Ухна манай байгууллагад 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа…Уг автобус “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн автобус юм. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ц.Төмөр-Ухна Daewoo BS 106 маркийн 05-77 УНР улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан. Үйлчилгээнд гарахад техникийн бүрэн байдлыг шалгах механик н.Энхтүвшин шалгасан ямар нэгэн зөрчил байгаагүй тул нийтийн тээврийн үйлчилгээнд гарах зөвшөөрөл өгч замын хуудсанд гарын үсэг зуруулж гаргасан…Манай байгууллагын автобусны жолооч нар “Хаан” даатгалын компанид мэргэшсэн жолоочоор бүгд даатгуулсан тул тэр байгууллагаар бусдад учруулсан 10 сая хүртэлх төгрөгийг төлдөг…Даатгалын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлнэ. Ослын улмаас манай компанийн автобусанд ямарч эвдрэл гэмтэл учраагүй. Ц.Төмөр-Ухна жолооч болон мэргэшсэн жолоо барих эрхийн үнэмлэхтэй, өглөө болгон бичиг баримтыг шалгаж үздэг”…/хх-105/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14538 дугаар актад:

1.Б.Мөнхшүрийн биед гавлын зүүн дух яснаас зүүн духны хөндий гадна дотно ялтас дайран зүүн ухархайн дээд хана даган үргэлжилсэн шугаман хугарал, суурийн хөндий, зүүн дух, гайморовын хөндийд цус хуралт, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд доод зовхи, алимны салст, зүүн өвдөгт цус хуралт, хуйханд шарх, хамрун нуруу, эрүү, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үед амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /хх-67/ гэсэн дүгнэлт,

Техникийн шинжээчийн 716 дугаартай дүгнэлтэд:

1. Дайвоо 106 маркийн 05-77 УНР улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Ц.Төмөр-Ухна нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д “Эсрэг хөдөлгөөний дөрөв болон түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Мөнхшүр нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-Зам тээврийн осол, хэрэг гарсан газарт хийсэн тэмдэглэл /хх-4/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6, 11-13/,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8, 16/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-9/,

-Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-18/,

-Сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/,

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/,

-Хохирогчид хохирлын төлсөн тухай баримт /хх-60, 171/,

-Шүүгдэгч Ц.Төмөр-Ухнын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-100/,

-Шүүгдэгч Ц.Төмөр-Ухнын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-114-117/,

-Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өгсөн дуудлагын лавлагаа /хх-145-146/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Төмөр-Ухнад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Төмөр-Ухнаас хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 60, 171 дүгээр талуудад авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Төмөр-Ухныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ц.Төмөр-Ухнад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Ц.Төмөр-Ухна нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Төмөр-Ухна нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В, С, Д, Е ангилалын 15511 дугаартай жолоочийн үнэмлэх, Д ангилалын 0022090 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 1 ширхэг сидиг хэрэг хадгалж дуусах хугацаа хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Цэсэнгийн Төмөр-Ухныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Төмөр-Ухныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төмөр-Ухнад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Төмөр-Ухна нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Төмөр-Ухнын В, С, Д, Е ангилалын 15511 дугаартай жолоочийн үнэмлэх, Д ангилалын 0022090 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Төмөр-Ухнад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Хохирогч Б.Мөнхшүр цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Төмөр-Ухнад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Төмөр-Ухнад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Төмөр-Ухнад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ