Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2512

 

 

 

 

 

 

            2020        07          08

                                 101/ШШ2020/02512

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Зээлийн гэрээний үүрэгт 465,390,741.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд хариуцагч Ч.О-аас 378,361,561.00 төгрөг, Б.О-ээс 87,029,180.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар гэр бүлийн хүмүүс, 2009 оноос эхлээд нэхэмжлэгчээс хүүтэй мөнгөө зээлж бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Гэвч 2016 оноос хойш бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх шалтгаанаар нэхэмжлэгчээс зээлсэн зээлийн төлбөр болон хүүнүүдийг төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ч.О-ийн хувьд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлэхэд нийт 13 удаагийн зээлээр 189,500,000.00 төгрөг, 63,900 ам.доллар буюу 170,844,344.00 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн 9,475,000.00 төгрөгийн хүү, 3,117 ам.доллар буюу 8,542,217 төгрөгийн үлдэгдэлтэй буюу нийтдээ 378,361,561.00 төгрөг төлөх ёстой боловч тэрээр төлөлт хийгээгүй. Ам.долларын ханшийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцсон, зээлийн тооцоо нийлсэн актаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 69,500,000.00 төгрөгийг 21,600 ам.долларын хамт сарын 5 хувийн хүүтэй “Хаан банк” ХХК дахь *******, ******* тоот дансаар авч, улмаар зээлийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байдаг.

 

Эхний зээлийн асуудал бол тооцоо нийлсэн баримтын хэсэгт 69,500,000.00 төгрөг, 21,600 ам.долларыг 2015 оноос өмнөх хугацааны зээлийн үлдэгдлүүдийг нэгтгээд уг дүнг гаргасан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн дансны хуулга авагдсан бөгөөд 3,475,000 төгрөг, мөн “Хаан банк” ХХК-ийн дансаар 69,500,000.00 төгрөг, 21,600 ам.долларын хүүг сар болгон төлж байсан талаар баримт авагдсан. Түүнчлэн хэрэгт өгсөн нэхэмжлэгчийн хувийн хар дэвтэрт өмнөх тооцооллуудыг нэгтгээд 69,500,000.00 төгрөг, 21,600 доллар болж байгаа баримтууд бий. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 3,650 долларыг тус тус сарын 5 хувийн хүүтэйгээр хүлээн авсан ба зээлийн хүүг сар бүрийн 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон.

 

Мөн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр сар болгоны 23-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,500 долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 08-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15,000 долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн хүүг сарын бүрийн 17-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 22-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000 долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 07-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 23-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,500 долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 22-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 3-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15,000 долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр бэлнээр авсан ба зээлийн хүүг сар бүрийн 14-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 45,000,000 төгрөг сарын 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан.

 

Өөрөөр хэлбэл, нийт 13 удаагийн зээлийг жагсаагаад 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Ч.О-тай тооцоо нийлж, хар дэвтэр, дансны хуулгаа харж байгаад авсан мөнгөө тулгасан.

 

Зээлдэгч Б.О-ийн хувьд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн ба 6 удаагийн зээлээр 60,000,000.00 төгрөгийг 5,000 ам.доллар буюу 13,357,650.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэйгээс гадна 11,000,000.00 төгрөгийн хүү, 1,000 доллар буюу 2,671,531.00 төгрөгийн хүү, нийт 87,029,180.00 төгрөгийг төлөх ёстой гэж акт үйлдсэн. Уг зээлийн жагсаалтад 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй П.Т-огоо гэж хүнийн данснаас Б.О-ийн дансруу шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүг сар бүрийн 23-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000.00 төгрөгийг зээлсэн.

 

 Тооцоо нийлсэн акт дээр эдгээр зээлүүдийг бэлнээр хүлээлцсэн гэж дурдсан ба 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн хүүг сар бүрийн 15-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 09-ний өдөр, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5,000 долларыг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хүүг сар бүрийн 17-ны өдөр төлж байхаар тус тус харилцан тохиролцсон.

 

Хариуцагч Б.О, Ч.О нар үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 269,974,000.00 төгрөг болон 73,136 долларыг Монгол банкны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн долларын ханшаар төгрөгт хөрвүүлээд нийт 465,390,740.00 төгрөгийн нийт үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нар зээлийн хүүгийн төлбөрүүдийг эхний жилүүдэд цаг тухай бүрд нь тасралтгүйгээр төлж байсан нь зээлдэгчийн зүгээс итгэлтэй найдвартай хүмүүс байна гээд хуурай ах, дүү болоод энэ их мөнгийг барьцаа хөрөнгөгүйгээр хариуцагч нарт зээлдүүлсэн. Гэвч хариуцагч нар зээлийн хүүг төлж явж байгаад бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх шалтгаанаар зээлийг төлж чадахаа больсон гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Ч.О нь хэд хэдэн удаа уулзахад төлбөрийг төлнө, ямар нэгэн байдлаар хохиролгүй болгоно гэж ярьдаг. Тэгээд эвлэрүүлэн зуучлал руу өгчих эвлэрмээр байвал эвлэрье гэсэн тул бид нар улсын тэмдэгтийн хураамж болон хариуцагчийн хүсэлтийг үндэслээд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 600,000,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл эвлэрлийн уулзалтаар хариуцагч Ч.О, Б.О нар анхны уулзалтаар 500,000,000.00 төгрөг дээр эвлэрэх хүсэлттэй байгаа гэдгээ илэрхийлж байсан.

 

Тухайн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие биечлэн оролцсон ба  нэхэмжлэгчийн зүгээс Солонгос улсад хүүхдээ эмчлүүлж байсан учраас эвлэрлийн график хугацааг танилцуулаад дахиад хэлье гэдэг үүднээс буцаад шүүх дээр уулзахаар болоход эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон.

 

Иймд, хариуцагч Б.О-аас 378,361,561.00 төгрөг, хариуцагч Б.О-ээс 87,029,180.00 төгрөг, нийт 465,390,740.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээл гэх нь ямар учиртай вэ гэхээр *******-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн байх үеийн асуудлууд байгаа юм. Өөрөөр хэлбэл, талууд 2009 оноос хойш харилцаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын мөнгийг өөрсдөд нь өгөөд өөрсдөөс нь аваад явчихсан зүйл тул нэхэмжлэгч Т.Э-гийн мөнгө гэж байхгүй, харин хариуцагч Б.О, Ч.О нарын мөнгийг аваад буцааж өгөөд, буцааж аваад, буцааж өгөөд яваад байсан. Ингээд нэхэмжлэл гаргахдаа хүүтэй байдлаар асуудал болгож ярьсан.

 

Тооцоо нийлсэн актын тухайд нэхэмжлэгч Т.Э “би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авна, надад орлого нотлох хэрэгтэй байна, хүнээс авлагатай тиймээс баримтаа үзүүлэх шаардлагатай байна” гэсэн бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийг хожим ингэж хандана гэж бодоогүй тул тооцоо нийлсэн актыг бичиж өгсөн. Гэтэл үүний дараагаар энэ мөнгө өөрийнх гэдэг асуудал яригдсан учраас маргаан үүссэн, үүнээс хойш зээл төлөөгүй. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэсэн энэ хугацаанд Ч.О, Б.О нар 2011 оноос хойш нийтдээ 362,972,800.00 төгрөг, 26.400 ам.долларыг нэхэмжлэгч Т.Эд өгсөн.

 

Үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зүйтэй байх. Эхний агуулга буюу хариуцагч Б.О нь торго бөс даавуу зардаг, хариуцагч Ч.О нь Оюу-толгой” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээтэй ажиллаж байсан бөгөөд  нэхэмжлэгч Т.Э-гаас мөнгө өгч, авч эхэлсэн зүйл байдаг. Яагаад ийм нөхцөл байдал үүсэж байна гэхээр нэхэмжлээд байгаа үнийн дүн өмнө нэхэмжлэлд дурдсанаар 2016 оноос хойш асуудлыг ярьж байна. Гэтэл өмнөх 2014 оноос өмнөх асуудал яриагүй өнгөрсөн. Үүнийг сайтар бодоход 2014 оноос хойш бүх зээлийг нэгтгэн бодвол талуудын өгсөн, авсан дүн гарч ирнэ.

 

Гэхдээ хуулийн дагуу шийдүүлэхдээ 2016 оноос өмнөх зээл болон өгсөн мөнгийг хэрэгсэхгүй болох ёстой. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болох зээлүүд бий. 2018 онд эрэн сурвалжлуулж байсан гэсэн боловч үүнээс өмнөх 3 жилийн асуудлыг маргаангүй хэрэгсэхгүй болгох ёстой. 2015 оноос хойших нэхэмжлэгчийн өгсөн мөнгө, хариуцагч нарын төлсөн мөнгийг харьцуулаад үлдэгдэл төлбөрийг гаргах нь илүү шударга бөгөөд хэн хэнийхээ эрх ашигт нийцсэн шийдвэр болно.

 

Нөгөө талаар зээлийн хүү шаардаж байгаа ч энэ бол олон удаагийн үйлдэлтэй зээл тул 2016 онд нэгтгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ актаас хойш зээл төлөгдөөгүй шалтгаан нь актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас маргаж байна. Яагаад гэвэл зээлийн гэрээгээ хүү тохирсон бол заавал бичгээр гэрээг байгуулдаг тул энэ нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдэх ёстой. Дансны хуулга, мөнгөн гүйлгээ зэрэг бүх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч Т.Э нь миний үйлчлүүлэгч нарын мөнгийг өөрт нь зээлдүүлсэн, хүүнээс хүү бодсон, мөнгө хүүлсэн зүйл харагдаж байна. Хариуцагч Ч.О-гаас мөнгө зээлээд төлөнгүүт буцаагаад түүнд зээлсэн мэт ойлгогдож байна. Ийм байдлаар эх хэмжээний мөнгөн дүн үүссэн гэх нөхцөл байдал ажиглагдаж байгааг анхаарах хэрэгтэй.

 

Хариуцагч нар өнгөрсөн хугацаанд багагүй хэмжээний мөнгийг нэхэмжлэгчид төлсөн ба үүнийг дансны хуулгаас нягтлан үзэхэд хариуцагч Ч.О 251,401,600.00 төгрөг болон 26,407 ам.доллар, хариуцагч Б.О 17,798,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Т.Эд төлсөн байна.

 

Доллартой холбоотойгоор ханшийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ханшаар бус үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар бодох ёстой. Хэрэв өнөөдрийн нөхцөл байдал дээр долларын ханш магадгүй 1,500 төгрөгөөс 1,300 төгрөг рүү оччихсон бол нэхэмжлэгч талд хохиролтой, харин өнөөдөр долларын ханш 2,000 гаруй төгрөг болж өссөн тул хариуцагч нарт хохиролтой зүйл болно. Тиймээс шударга ёсны зарчимд нийцүүлээд үүрэг үүссэн өдрийн ханшаар бодох нь зөв.

 

Зээлийн хүүтэй холбоотой гүйлгээний утга дээр хүү гэж бичээд байгаа хэдий ч зээлийн гэрээгүй болохоор тэр дүнг үндсэн төлбөрөөс хасаж шийдэх нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгчээс авсан зээлийн эргүүлэн төлөлтийн мөнгөн дүн хүрэхгүй харагдаж байх тул эхлээд шүүхийн зардал, үндсэн зээл, дараа нь хүү гэсэн дэс дарааллыг баримталж шийдвэрлэх нь зөв шийдвэр болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Э-аас хариуцагч Ч.О, Б.О нарт холбогдуулан 465,390,741.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Ч.О-гаас үндсэн зээл 360,344,343.05 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 18,017,217.05 төгрөг, нийт 378,361,561.00 төгрөг, хариуцагч Б.О-ээс үндсэн зээл 73,357,650.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 13,671,530.00 төгрөг, нийт 87,029,180.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ч.О нар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Б.О нар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байна /х.х-ийн 13-16 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Ч.О нарын тооцоо нийлсэн актаар:

 

  1. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 69,500,000.00 төгрөг, 21,600 ам.доллар болон зээлийн хүүгийн үлдэгдэл 3,475,000.00 төгрөг, 1,080 ам.долларыг төлөх,
  2. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 5,000,000.00 төгрөг, 3,650 ам.доллар болон зээлийн хүүгийн үлдэгдэл 250,000.00 төгрөг, 182.5 ам.долларыг төлөх,
  3. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 20,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөгийг төлөх,
  4. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 2,500 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 125 ам.долларыг төлөх,
  5. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 15,000 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 750 ам.долларыг төлөх,
  6. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлсэн 1,700 ам.долларыг төлөх,
  7. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн 15,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 750,000.00 төгрөгийг төлөх,
  8. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 20,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөгийг төлөх,
  9. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 2,500 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 125 ам.долларыг төлөх,
  10. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн 5,000,000.00 төгрөг болон 2,000 ам.долларыг зээлийн хүүгийн үлдэгдэл 250,000.00 төгрөг, 100 ам.долларын хамт төлөх,
  11. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 10,000,000.00 төгрөгийг зээлийн хүүгийн үлдэгдэл 500,000.00 төгрөгийн хамт төлөх,
  12. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлсэн 15,000 ам.долларыг зээлийн хүүгийн үлдэгдэл 750 ам.долларын хамт төлөх,
  13. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 45,000,000.00 төгрөг болон зээлийн хүүгийн үлдэгдэл 2,250,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар дурджээ.

 

Мөн нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Б.О нарын тооцоо нийлсэн актаар:

 

  1. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 10,000,000.00 төгрөг болон зээлийн хүүгийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөгийг төлөх,
  2. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 15,000,000.00 төгрөгийг зээлийн хүүгийн үлдэгдэл 3,750,000.00 төгрөгийн хамт төлөх,
  3. 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн 20,000,000.00 төгрөгийг хүүгийн үлдэгдэл 3,000,000.00 төгрөгийн хамт төлөх,
  4. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 10,000,000.00 төгрөг болон хүүгийн үлдэгдэл 2,500,000.00 төгрөгийг төлөх,
  5. 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 5,000,000.00 төгрөгийг зээлийн хүүгийн үлдэгдэл 750,000.00 төгрөгийн хамт төлөх,
  6. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлсэн 5,000 ам.доллар болон зээлийн хүүгийн үлдэгдэл 1,000 ам.долларын хамт төлөх ёстой талаар тус тус тооцоо нийлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.О-гийн нэхэмжлэгч Т.Э-д төлвөл зохих зээлийн үлдэгдэл нь 189,500,000.00 төгрөг, хүү 9,475,000.00 төгрөг болон 63,950 ам.доллар, хүү 3,197.05 ам.доллар, харин хариуцагч Б.О-ийн хувьд 60,000,000.00 төгрөг, хүү 11,000,000.00 төгрөг, мөн 5,000 ам.долларыг хүү 1,000  ам.долларын хамт нэхэмжлэгч Т.Эд төлөх үүрэгтэй болохыг зохигчид ийнхүү тооцоо нийлэхдээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

            Гэвч талуудын байгуулсан тооцоо нийлсэн актаар хариуцагч Ч.Ог 189,500,000.00 төгрөг болон 63,950 ам.долларыг, хариуцагч Б.О-ийг 60,000,000.00 төгрөгийг 5,000 ам.долларын хамт тус тус нэхэмжлэгч Т.Э-гаас зээлсэн боловч төлөөгүй болохыг хожим зөвшөөрсөн хэдий ч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эдгээр зээлийг бодитоор хүлээн аваагүй, зохигчдын хооронд 2011 оноос эхлэн зээлийн харилцаа байсан бөгөөд хариуцагчид зээлийг тухай бүр буцаан төлж байсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Ингээд талуудын хүсэлтээр хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2020/00291 тоот захирамж, мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/01123 тоот захирамж болон 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/02016 тоот захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/02219 тоот захирамж, түүнчлэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2020/07533 тоот захирамж, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/13121 тоот захирамжаар тус тус бүрдүүлж, талуудын хооронд үүссэн буюу харилцан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн нийт дүнг тодруулах ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн.

 

            Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын дансны хуулгаар нэхэмжлэгч Т.Э-гаас хариуцагч Ч.Од 364,500,000.00 төгрөг, 47,300.00 ам.доллар, хариуцагч  Б.О-т 158,500,000.00 төгрөг, 11,500 ам.долларыг тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон ба зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан мөнгөн гүйлгээний шилжүүлэг бүрийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зээлийн гэрээний харилцаа үүсээгүй” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна /х.х-ийн 83-95, 102-154 хуудас/.

 

Иймд, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ч.О нарын хооронд 364,500,000.00 төгрөг, 47,300.00 ам.доллар, нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Б.О нарын хооронд 158,500,000.00 төгрөг болон 11,500 ам.долларын хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчинтэй болдог журамтай.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнө нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ч.О нар 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 69,500,000.00 төгрөг болон 21,600 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 45,000,000.00 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр болж, зээлийг хариуцагчийн “Хаан банк” ХХК дахь ******* тоот дансанд шилжүүлэх болон бэлнээр хүлээлгэн өгөх талаар тус тус тохирчээ /х.х-ийн 11, 12 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ч.О нарын хувьд 364,500,000.00 төгрөг, 47,300.00 ам.долларын зээлүүдээс гагцхүү 114,500,000.00 /69,500,000+45,000,000/ төгрөг болон 21,600 ам.долларыг хүүтэй зээлэхдээ бичгээр гэрээ байгуулсан бол, харин нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Б.О нар 158,500,000.00 төгрөг, мөн 11,500 ам.долларыг хүүтэй зээлэхээр тохиролцохдоо бичгээр гэрээ байгуулаагүй байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Ч.О-гаас үлдэх /364,500,000-114,500,000=250,000,000.00/ төгрөг болон /47,300-21,600= 25,700/ ам.доллар, мөн хариуцагч Б.О-ээс 158,500,000.00 төгрөг, 11,500 ам.долларыг ашигласан хугацааны хүүг тус тус нэхэмжлэх эрхгүй ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж зааснаар гэрчээр нотлох шаардлагагүй болно.

 

Гэвч тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д зааснаар талууд бичгээр байгуулах шаардлагатай зээлийн гэрээний үүргийн харилцааг гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болохыг зөвшөөрсөн тул зохигчдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар үнэлж, тэдгээрийн хооронд үүссэн үйл баримтыг тодруулахыг хуулиар хориглоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж зааснаар талууд тэдгээр тооцоо нийлсэн актаар дээр дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгээс гадна бусад зээл, зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул уг хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэн хариуцагч Ч.О-гийн нэхэмжлэгч Т.Э-д төлбөл зохих зээлийн хүүг зөвхөн бичгээр байгуулсан 114,500,000.00 төгрөг болон 21,600 ам.долларын хэмжээгээр хязгаарлахгүй бол хариуцагч Б.О-ийг зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэсэн үндэслэлээр хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй.

 

Ингээд хариуцагч Ч.О-гийн нэхэмжлэгч Т.Э-д төлбөл зохих зээл, зээлийн хүүгийн нийт хэмжээг тооцвол төгрөгийн зээлийн хувьд авсан дүн 364,500,000.00 төгрөг, үүнээс хүү төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой хүүгийн хэмжээ нь:

 

  1. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 69,500,000.00 төгрөг /69,500,000x4%=2,780,000 /1 сарын хүү/, 2,780,000x5=13,900,000 төгрөг/
  2. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 45,000,000.00 төгрөг /45,000,000x5%=2,250,000 /1 сарын хүү/, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны 52 хоногийн хүү 2,500,000:30=75,000x52=3,900,000 төгрөг/,
  3. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 5,000,000.00 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 250,000.00 төгрөг,
  4. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлсэн 20,000,000.00 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөг,
  5. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн 15,000,000.00 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 750,000.00 төгрөг,
  6. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 20,000,000.00 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөг,
  7. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн 5,000,000.00 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 250,000.00 төгрөг,
  8. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 10,000,000.00 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 500,000.00 төгрөг, нийт зээлийн хүү нь 21,550,000.00 төгрөг ажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Огийн нэхэмжлэгч Т.Эгаас авсан үндсэн зээл 364,500,000.00 төгрөг, үүн дээр төлөх ёстой зээлийн хүү болох 21,550,000.00 төгрөгийг нэмэхэд нийт 386,050,000.00 төгрөг болж байна.

 

Харин хариуцагч Ч.О нь нэхэмжлэгч Т.Э-гаас 47,300 ам.доллар авсан бөгөөд үүнээс хариуцагчийн дансаар төлсөн болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тус тус дурдсанаар ам.долларын зээл, зээлийн хүүгийн хэмжээг нэгтгэн тооцоход нийт 43,925 ам.доллар болж байна.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ч.О нь 69,500,000.00 төгрөгийн зээлийн хүү 13,900,000.00 төгрөгөөс 10,425,000.00 төгрөгийг төлж, үлдэх 3,475,000.00 төгрөгийг төлөөгүй бол 45,000,000.00 төгрөгийн зээлийн хүү 3,900,000.00 төгрөгөөс 1,650,000.00 төгрөгийг төлж, үлдэх 2,250,000.00 төгрөгийн хүүг бусад зээлийн хүү болох 3,750,000.00 /3,475,000+2,250,000+3,750,000/ төгрөг, нийт 9,475,000.00 төгрөгийн хүүг төлөөгүй байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын дансны хуулгаар хариуцагч нар нийт 269,199,600.00 төгрөг болон 26,407 ам.долларыг нэхэмжлэгчид төлснөөс хариуцагч Ч.О-гаас нэхэмжлэгч Т.Э-д 251,401,600.00 төгрөг /дээр дурдсан 10,425,000 төгрөг болон 1,650,000.00 төгрөгийн хүү тус тус багтсан/, ам.долларын зээлээс 26,407 ам.долларыг тус тус төлжээ.

 

Иймд, хариуцагч Ч.О-гийн нэхэмжлэгч Т.Эд төлсөн 251,401,600.00 төгрөгийг төлбөл зохих 386,050,000.00 төгрөгөөс, 43,925 ам.доллараас төлсөн 26,407 ам.долларыг тус тус хасвал 134,648,400.00 төгрөг  /үндсэн зээл 125,173,400.00 төгрөг, хүү 9,475,000.00 төгрөг/ болон 17,518 ам.доллар болж байна.

 

Хариуцагч Б.О-ийн хувьд нэхэмжлэгч Т.Э-гаас 158,500,000 төгрөгийг 11,500 ам.долларын хамт өөрийн дансаар хүлээн авсан ба үүнээс нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актад дурдсанаар 60,000,000.00 төгрөгийг хүү 11,000,000.00 төгрөг болон 5,000 ам.долларыг түүний хүү 1,000 ам.долларын хамт нэхэмжилсэн.

 

Тодруулбал, хариуцагч Б.О-ийн нэхэмжлэгч Т.Эд төлбөл зохих төгрөгийн зээлийн хэмжээ хүүгийн хамт /158,500,000+11,000,000/ 169,500,000.00 төгрөг, ам.долларын хэмжээ 12,500 төгрөг бөгөөд хариуцагч Б.О нь өнгөрсөн хугацаанд нийт 17,798,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Т.Эд төлсөн байна.

 

Иймд, хариуцагч Б.О нь бусад төлбөрийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тэрбээр 60,000,000.00 төгрөгийг хүү 11,000,000.00 төгрөг болон 5,000 ам.долларыг хүү 1,000 ам.долларын хамт нэхэмжлэгч Т.Эд төлөх үүрэгтэй гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан ам.долларын зээлийг нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 2,671.53 төгрөгөөр үржүүлж гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох ёстой гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заажээ.

 

Тодруулбал, Гадаад валютын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Гадаад валют гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ. ..........” гэж зааснаар ийнхүү гадаад валютыг төгрөгөөр нэхэмжлэх тохиолдолд нэхэмжлэлийн үнийг Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлдог журамтай.

 

Нөгөө талаар хариуцагч нар 1 ам.долларыг 2,671.53 төгрөгөөс бага байхад нь нэхэмжлэгчээс 12,500 ам.доллар болон 43,700 ам.долларыг авсан боловч одоо нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 2,671.53 төгрөгөөс бага үнээр 56,200 ам.долларыг авах боломжгүй тул үүрэг үүсэх үеийн ханшийг гэрээ байгуулсан өдрөөр тооцох нь нэхэмжлэгчид хохиролтой байна.

 

Ийм учраас хариуцагч Ч.О-гийн нэхэмжлэгч Т.Эд төлөх ёстой 17,518 ам.долларыг 2,671.53 төгрөгөөр үржүүлэхэд 46,799,863.00 төгрөг, үүн дээр 134,648,400.00 төгрөгийг нэмэхэд 181,448,263.00 төгрөг, хариуцагч Б.О-ийн төлөх 6,000 ам.долларыг 2,671.53 төгрөгөөр үржүүлэхэд 16,029,180.00 төгрөг, түүн дээр 71,000,000.00 төгрөгийг нэмбэл 87,029,180.00 төгрөг, нийт 268,477,443.00 төгрөг болж байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу бий болсон үүргийн талууд нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.

 

Тодруулбал, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсанаар 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх тус хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд талуудын тооцоо нийлсэн акт үйлдсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хариуцагч нарыг эрэн сурвалжлах тухай шийдвэр гарсан, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан зэргээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тус актад тусгагдаагүй зээлийн хувьд хариуцагч нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад 500,000,000.00 төгрөгийг төлөх санал гаргасан байх тул 82 дугаар зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж тус тус заасан тул энэхүү гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй ажээ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 268,477,443.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 196,913,298.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ч.О-гаас 181,448,263.00 төгрөг, хариуцагч Б.О-ээс 87,029,180.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 196,913,298.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,484,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-гаас 1,065,191.00 төгрөг, Б.О-ээс 593,096.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР