| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/03545/И |
| Дугаар | 3445 |
| Огноо | 2020-10-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 3445
| 2020 10 06 | 101/ШШ2020/03445 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Э-ын гаргасан,
Хариуцагч: Ц.Б-д холбогдох,
5,466,824.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжпэгч нь Улаанбаатар хот *******од зам дагуу байрлалтай худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий байрны нэгдүгээр давхарт 2 тусдаа үйлчилгээний 150 м.кв талбайтай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тамхи худалдан борлуулах зөвшөөрлын хамтаар 2017 оны 05 сарын 03-ны өдөр хүнсний худалдааны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээг байгуулах замаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн ашиглуулж төлбөрийг тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөгч болох Д.М хариуцан авч ирсэн байдаг.
Ингээд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусахад түрээсийн төлбөрийг 1,000,000 /нэг сая/ төгрөг болгон өөрчлөх тохиролцоог хариуцагчтай амаар тохиролцож бусад нөхцлийг хэвээр үлдээж эд хөрөнгөө үргэлжлүүлэн ашиглуулсаар 2019 оны 08 дугаар сараас эхлэн гэрээнд нэгэнт оруулсан байгаа нэмэлт өөрчлөлтийг бичгээр баталгаажуулах саналыг хариуцагчид гаргасан.
Боловсруулсан гэрээний загварыг хариуцагчын фэйсбүүк дэх гэх хаягаар нэхэмжлэгчийн зүгээс илгээж холбогдож санал авсан байдаг. Тус гэрээгээр давхар түрээслэхгүй байх, түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байсан бөгөөд хариуцагч тус өөрчлөлтүүдийг зөвшөөрөөгүй ба харин хүйтний улиралд цахилгаанд суурилсан дулааны шийдэлтэй тэр төлбөрийг хариуцагч хариуцан төлдөг, урьд олон жил хамтран ажиллаж ирсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн урьдын нөхцлөөр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах санал тавьсан ба уг саналыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдаг.
Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид болон уг байрны 2 дугаар давхарт амьдардаг, эд хөрөнгө хөлслөх үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцан байдаг Д.Мт урьдчилан мэдэгдэлгүйгээр түүнийг байхгүй байх хугацаанд буюу эмнэлэгт хэвтэж байхад уг байрнаас гарч явсан байсныг олж мэдсэн.
Ингэхдээ хариуцагч нь эд хөрөнгө ашигласан төлбөр, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу эд хөрөнгө ашигласан төлбөр, гэрээний 8-д заасан нэмэлт нөхцөлийн дагуу цахилгааны төлбөр зэргийг төлөлгүйгээр өөрийн бараа бүтээгдэхүүнийг авч хариуцагч давхар түрээслүүлсэн байсан эмийн санг үлдээж гарч явсан байсан.
Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө ашигласны төлбөр, цахилгааны төлбөр төлж барагдуулах шаардлагатай байгаа талаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байсан Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчид хандан “...Бид үйл ажиллагаагаа зогсоосон учраас одоогоор мөнгөгүй, ажилгүй байна. Харин бараа нийлүүлэгч байгууллагуудаас барьцаа төлбөр буцаан авахаар танай төлбөрийг төлж барагдуулна” гэж хэлж байсан.
Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Ц.Бтай холбогдож төлбөрийн асуудлаар тодруулахад: “Цахилгааны төлбөр яагаад тэгж их гардаг юм?, цахилгааны төлбөр болон эд хөрөнгө ашиглсаны хөлс төлбөр зэргийг төлөхгүй, тиймээс явдаг газраараа яв” гэж хэлсэн байдаг.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.7-д заасны дагуу хариуцагч Ц.Баас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх эд хөрөнгө ашигласны төлбөрт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх цахилгааны төлбөрт 1,466,824 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун хорин дөрвөн/ төгрөг нийт 5,466,824 /таван сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М.Эын нэхэмжилсэн 5,466,824 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан газарт 2020 оны 01 дүгээр сарын 21-ний 17 цаг 59 минутад гал түймэр гарсан. Тухайн гал түймэр гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Түрээсэлж байсан газраасаа гарах болсон үндсэн шалтгаан нь 2019 оны 12 сараас эхлэн тухайн объектын халаалт муу байсантай холбоотойгоор түрээслэхээ больсон.
Хүлээлгэж өгөөгүй боловч гал түймэр гарсны дараагаар ашиглах боломжгүй болсон болохоор эргэж холбогдоогүй. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цахилгаан болон хогны мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн мөнгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эаас хариуцагч Ц.Бд холбогдуулан 5,466,824.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.Э 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ц.Бтай түрээсийн гэрээ байгуулж, *******,*******,*******, хаягт байрлах 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 150 м.кв талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Ц.Б нь тухайн үл хөдлөх хөрөнгийг дэлгүүрийн зориулалтаар буюу үйл ажиллагаанаас бий болсон үр шимийг хүртэхээр ашигласан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан талбайг нийтээр нь бус харин тодорхой хэсгийг түрээслэхээр тохирч, түрээсийн гэрээг бичгээр байгуулсан эсэх талаар маргаагүй.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгчээс түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой төрлийн эд хөрөнгийг түрээслүүлэхээр бол гэрээг заавал бичгээр байгуулах бөгөөд хэрэв үл хөдлөх хөрөнгө түрээслэх тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгүүлэх журамтай. Гэвч талууд тус 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслэсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар талууд түрээсийн төлбөрийг сарын 1,000,000.00 төгрөг гэж, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар түрээсийн зүйлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон хэдий ч хариуцагч Ц.Б тухайн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ашигласан байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д “Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно” гэж зааснаар ийнхүү зохигчид 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслэхээр тохирсон боловч гэрээний хугацааг бичгээр сунгахгүйгээр хариуцагч тал 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ашиглажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.Эын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгөд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гал гарсныг харъяа дүүргийн Онцгой байдлын албан хаагчид унтраасан байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тоот акт болон Сүхбаатарын дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тоот тогтоолоос гадна гал түймрийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тоот дүгнэлтэд тус тус тодорхой дурджээ.
Өөрөөр хэлбэл, зохигчид түрээсийн гэрээний зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ашиглах боломжгүй болсон байна. Гэтэл нэхэмжлэгч М.Эын зүгээс хариуцагч Ц.Бд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 4 сарын түрээсийн төлбөрт 4,000,000.00 төгрөг, мөн 2020 оны 01 дүгээр 21-ний өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын буюу цахилгааны зардалд 1,466,824.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Үүнээс хариуцагч тал ашиглалтын зардал 1,466,824.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 4,000,000.00 төгрөгийг түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй байсан тул төлөх ёсгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээний харилцаанд тус хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээнд хэрэглэгдэх журам нэгэн адил мөрдөгдөх бөгөөд 289 дүгээр зүйлийн 289.2.1-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заажээ.
Тодруулбал, хөлслөгч буюу түрээслэгч нь гагцхүү гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг хөлслөх, түрээслэхээр өөрийн эзэмшил, ашиглалтандаа шилжүүлсэн авсан тохиолдолд төлбөрийг заавал төлөх үүрэг хүлээх бөгөөд энэхүү үүрэг нь тус хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж, мөн 324 дүгээр зүйлийн 324.1-д Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй” гэж тус тус зааснаар хадгалагдаж байдаг.
Гэвч хөлслөгч буюу түрээслэгчийн буруутай биш нөхцөл байдлаас хамаарч тэрбээр гэрээний зүйлийг ашиглах боломжгүй байсан тохиолдолд төлбөрийг төлөх үүрэг хэвээр хадгалагдахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Б нь 150 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гал түймэр гарсны улмаас ашиглах боломжгүй болсон тул өөрийн буруугаас ашиглаагүй гэсэн үндэслэл үгүйсгэгдэх учраас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй.
Харин хариуцагч Ц.Б нь ашиглалтын зардал 1,466,824.00 төгрөгөөс гадна 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн гэсэн хариу татгалзлаа баримтаар нотлоогүй тул энэ өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр 161,290.03 төгрөг, нийт 1,628,114.03 төгрөгийг төлөх ёстой.
Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны ашиглалтын зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, зохигчдын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд цахилгааны төлбөрийг түрээслэгч нь хариуцахаар тохирчээ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас түрээсийн төлбөрт 1,628,114.03 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,838,709.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР