Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1807006100059 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, , , , хамт ******* дүүрэг, , тоотод бүртгэлтэй боловч , , тоотод түр оршин суух,

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” эмийн сан дотор байрлах лангуунд гар утасны худалдаа эрхэлдэг иргэн Ш.ээс LG X-500 маркийн 2 ширхэг, Nokia маркийн 1 ширхэг гар утасны төлбөрийг нь “мобайл банкаар шилжүүлчихлээ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч, 356,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” эмийн сан дотор байрлах лангуунд гар утасны худалдаа эрхэлдэг иргэн Ш.ээс LG X-500 маркийн 2 ширхэг, Nokia маркийн 1 ширхэг гар утасны төлбөрийг нь “мобайл банкаар шилжүүлчихлээ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч, 356,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2018 оны 11 сарын 02-ны өдөр намайг “” эмийн сангийн гар утасны лангуунд худалдагчийн ажил хийж байхад танихгүй, өмнө нь харж байгаагүй залуу гар утасны тасагт орж ирээд гар утасны үнэ асуусан. Тэгээд би “хоёр ихэр хүүхдүүддээ ижил маркийн гар утас авч өгөх гэсэн юм” гэж хэлээд LG Х-500 маркийн гар утасны үнийг надаас асуусан. Тэгэхээр нь би нэг бүрийг нь 240,000 төгрөгөөр өгнө гэж тэр залууд хэлсэн. Тэр надаас 2 ширхэг гар утас аваад, дараа нь дахиж нэг Нокиа маркийн 25,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 20,000 төгрөгөөр аваад мөнгийг нь шижүүлнэ гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны дансны дугаарыг аваад тэр залуу утсаар оролдож байгаад надад амжилттай шилжсэн гэсэн бичиг үзүүлэд утсаа уутанд хийлгээд аваад гарсан. Тэгтэл миний дансанд тэр залуугийн шилжүүлсэн гэх мөнгө нь орж ирэхгүй байхаар нь би араас нь гүйж гараад “мөнгө орж ирээгүй байна” гэж хэлтэл миний өөдөөс “амжилттай шилжсэн, би хүүхдээ машин дотор үлдээчихсэн” гэж хэлэхээр нь би тэр залуугийн утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгээд 30-40 минутын дараа мөнгө орж ирэхгүй байхаар нь тэр залуу руу залгаад мөнгө орж ирээгүй байна гэтэл явуулсан мөнгө ороогүй байна уу, би ойрхон явж байна ороод бэлнээр төлчихье гээд алга болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-51 дэх тал),

 

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НД-18-315 дугаартай “LG Х-500 маркийн гар утас нь 1 ширхэг нь 168,000 төгрөг, нийт 336,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

- “Дамно” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НД-21-12 дугаартай “Нокиа маркийн гар утас 20,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

 

  • Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

 

  • Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 36-41 дэх тал),

 

  • Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сард яг өдрийг нь санахгүй байна Налайхад айлд ирээд 2 шил архи уугаад согтоод тухайн айлаас гарч яваад нэг гар утас зардаг дэлгүүр ороод LG маркийн байх 2 ширхэг гар утас, Нокиа маркийн 1 ширхэг утас худалдаж авья гэж аваад мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлээгүй юм. Тэгээд гарч яваад Төв аймагт явж байгаад цагдаад баригдаад 2 утсаа хураалгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хуульд заасан аргаар буюу хуурч мэхлэх, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэргээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байдаг.

 

            Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авахдаа тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.

 

            Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гар утасны худалдаа эрхэлдэг иргэн Ш.ээс LG X-500 маркийн 2 ширхэг, Nokia маркийн 1 ширхэг гар утасны төлбөрийг нь мобайл банкаар шилжүүлсэн гэж цахим банкны гүйлгээ хийгдсэн гэх хуурамч мессежийг гар утсандаа суулгасныг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан 3 ширхэг гар утсыг нь авч, 356,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

                Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.ийн эд хөрөнгөд 356,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ш.д LG X-500 маркийн 2 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” (хавтаст хэргийн 42 дэх тал) гэх баримтаар тогтоогдож байна. Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “336,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг гар утсыг биет байдлаар хүлээн авсан, 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа маркийн гар утсыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбар өгсөн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солих, хязгаарлалтын бүсийг дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сард биедээ хүнд гэмтэл авч хохирогчоор тогтоогдсон байгаа, биеийн хүчний ажил хийх боломжгүй байгаа, хохирлын хэмжээ бага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

           

            Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (төлбөрийг мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч бусдын эд хөрөнгийн шилжүүлэн авсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гэмт хэргийн улмаас нийт 356,000 төгрөгийн хохирол учирсан), хувийн байдал (энэ төрлийн гэмт хэрэгт урьд хоёр удаа ял шийтгүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлсан, бусдад хутгалуулсны улмаас эмнэлгийн тусламж авах үед нь олж тогтоосон, ) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 8 сарын хугацаанд *******ын дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас цагдан хоригдсон 7 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасч, зорчих эрхийг хязгаарлах ялыг 7 сар 23 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Залилах” гэмт хэрэг үйлдсэн байгаа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн 4 төрлийн ялтай бөгөөд шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих ба харин торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан журмаар ялыг өршөөлд хамааруулахгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 8 (найм) сарын хугацаанд *******ын дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас урьд цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногоор тооцон хасч, зорчих эрхийг хязгаарлах ялыг 7 (долоо) сар 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ