| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/01659/И |
| Дугаар | 2786 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2786
| 2020 08 07 | 101/ШШ2020/02786 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,635,00.00 төгрөг гаргуулах үндсэн болон худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 1,030,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Манай компани 2018 оны 04 дүгээр 24-ний өдөр хариуцагч О.Б-тай зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, түүнд цахилгаан халаалт худалдсан. Бидний зүгээс гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш хариуцагчтай маш олон удаа холбогдож, нэхэмжилсэн боловч төлөөгүй.
Хариуцагч нь утсаар ярих бүр ямар нэгэн шалтаг хэлдэг, анхнаасаа л төлбөр төлөхгүй гэсэн санаатай байсан. Уг цахилгаан халаалтын системийг суурилуулахад тэрээр “манай цахилгааны монтажийг үнэгүй хийгээд өгөөч” гэж гуйхад нь бид нар үнэгүй тавьж өгсөн. Ингэхдээ цахилгааны монтаж тавихад шаардагдах автомат, автоматын хайрцаг, цахилгааны утас, разетка гэх мэт зүйлийг үнэгүй өгсөн. Учир нь, тухайн үед манай компанийн борлуулалт бага байсан тул хариуцагч О.Б-ын ажлыг чинь сэтгэлээсээ хийж өгөхийг хүссэн.
Хэрэв монтаж суурилуулсан хөлсийг тооцож үзвэл урьдчилгаанд өгсөн гэх 1,030,000.00 төгрөгөөс давна. Хариуцагч нь маш зальтай хүн, элдэв шалтаг хэлж төлбөрөө төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Цахилгааны утас халсан гэдэг бол худал тайлбар, халаалтыг одоо буцааж авах боломжгүй бөгөөд ашиглагдсан хуучин зүйлийг өөр хүн авахгүй, 2018 онд худалдан борлуулж байсан халаалтын систем болон 2020 онд худалдан борлуулж байгаа халаалтын систем хоёр өөр болж, илүү сайжирсан. Хариуцагч нь цахилгааны утас солиод өгөөч, утас нь халаад байна гэж нэг ч удаа манай компанид хандаж байгаагүй. Тиймээс хариуцагчаас цахилгаан халаалтын системийн үнэ 3,090,000.00 төгрөг, алданги 1,545,000.00 төгрөг, нийт 4,635,000.00 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч О.Б 2018 оны 04 дүгээр сарын дундуур “Гурвалжин” захад цахилгаан халаагуур сонирхоод явж байхад нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ажилтан “зурган халаагуурыг маш сайн тохирно” гэж санал болгож, хариуцагч нь тус компаниас үүнийг худалдаж авахаар 2018 оны 04 дүгээр 24-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь цахилгаан халаалт авсны урамшуулалд халаалтыг үнэгүй суурилуулах, цахилгааны монтажийг хийж өгөхөөр тохирсон. Ингээд суурилуулаад залгахад цахилгааны утас нь халаад тохирохгүй байсан тул энэ талаар нэхэмжлэгчид хэлсэн боловч компаниас хүн ирэхгүй байсаар сүүлдээ хариуцагч О.Б нь ажлын шаардлагаар БНСУ руу явсан байдаг. Цахилгаан халаалтыг тэр үед залгаж үзэхэд утас нь халаад байсан учраас салгаж, түүнээс хойш дахиж ашиглаагүй буцааж өгөх байр суурьтай байсан.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба эд хөрөнгийн доголдолтой байсан тул зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өмнө нь төлсөн 1,030,000.00 төгрөгийг буцаан нэхэмжилж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК-иас хариуцагч О.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,635,00.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан доголдолтой эд хөрөнгө худалдсан гэсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт өгсөн 1,030,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Зохигчдын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн байна. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Д” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч О.Б-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, түүнд 4,120,000.00 төгрөгийн үнэтэй цахилгаанаар халдаг халаалтын тоног төхөөрөмжийг худалдсан байна. Тодруулбал, зохигчид 16 ширхэг цахилгаан халаалтыг худалдах, худалдан авахаар тохирч, хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр 1,030,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,030,000.00 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,030,000.00 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,030,000.00 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээжээ /х.х-ийн 6 хуудас/.
Талууд, уг гэрээг “бараа ажил үйлчилгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ” хэмээн нэрлэж, худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжгүй, зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй байх тул энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус харин 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.
Тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч “Д” ХХК нь гэрээний зүйл болох цахилгаан халаалтыг хариуцагч О.Б-ын өмчлөлд шилжүүлж, заасан газарт суурилуулж өгсөн байна. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар гэрээний зүйлийг хүлээн авсан гэж үзэх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн байна гэж дүгнэв.
Тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч буюу нэхэмжлэгчийн хүлээх үүрэгт гэрээний зүйлийг шилжүүлэн өгөхөөс гадна биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргийн хүрээнд 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 252 дугаар зүйлийн 252.1-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж тус тус заажээ.
Гэтэл хариуцагч О.Б-ын зүгээс нэхэмжлэгч “Д” ХХК-ийг цахилгааны хэлбэлзэлтэй буюу доголдолтой халаалт худалдсан гэж маргасан.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн 254.2-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно” гэж түүнчлэн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, худалдан авагч буюу хариуцагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагч болох нэхэмжлэгчээс баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлснээр тус хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар нэгдүгээрт, эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, хоёрдугаарт, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гуравдугаарт, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, дөрөвдүгээрт, гэрээг цуцлах гэсэн эдгээр шаардлагуудын аль нэгийг гаргах эрхтэй бөгөөд ийнхүү тухайн хугацаанд гаргаагүй тохиолдолд гагцхүү анхны үнийг бууруулахыг шаардах эрхтэй байна.
Гэвч хариуцагч О.Б нь гэрээний зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан атлаа хожим худалдан авсан эд хөрөнгийг доголдолтой байсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцлахыг шаардаж, өмнө нь төлсөн 1,030,000.00 төгрөгийг нэхэмжилсэн нь дээрх хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т тус тус заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэнд тооцох ба талууд гэрээний зүйл болох халаалтын төхөөрөмжид баталгаат хугацаа тогтоогоогүй учраас хуульд зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд доголдлыг илрүүлж, гэрээгээ цуцлахыг шаардаагүй тохиолдолд 6 сар өнгөрсөн бол анхны үнийг бууруулахаас өөр шаардлага гаргах эрхгүй.
Түүнчлэн дээрх хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д “Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гээд 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж заасан. Тодруулбал, худалдан авагч О.Б нь цахилгаан халаалтыг хүлээн авч, суурилуулсны дараагаар цахилгааны хэлбэл үүсч буй эсэх талаар шалгаагүй, аль эсхүл шалгахад нь хэлбэлзэл үүсч байсныг тэр даруй нөгөө талдаа буюу “Д” ХХК-нд мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлохгүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус зааснаар тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч О.Б нь цахилгаан халаалтыг биет байдлын доголдолтой гэдгээ баримтаар нотлоогүй.
Иймд, хариуцагч О.Б-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч О.Б нь нэхэмжлэгч “Д” ХХК-нд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1,030,00.00 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэх 3,090,000.00 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор төлөөгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гээд 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж заажээ. Тайлбарлавал, хариуцагч нь 3,090,000.00 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,030,000.00 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,030,000.00 төгрөгийг тус тус төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, гэрээнд заасан бол алданги төлөх хариуцлага бий болно.
Зохигчдын байгуулсан гэрээнд зааснаар талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Нэгэнт хариуцагч буюу худалдан авагч нь 3,090,000.00 төгрөгийг төлөх гэрээгээр тохирсон хугацааг 638 хоногоор хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба түүний төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан буюу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 1,545,000.00 төгрөгийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно /3,090,000x0.5%=15,450 *1 өдрийн алданги*, 15,450x638өдөр=9,857,100 төгрөг/
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,090,000.00 төгрөг, алданги 1,545,000.00 төгрөг, нийт 4,635,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР