Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ж.Энхжаргал,

иргэний хариуцагч Б.Юмжирдулам,

хохирогч М.Цэрмаа, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

            шүүгдэгч Б.Цэрэнханд, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цэрэнхандад холбогдох 2016 2400 1049 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 1 дүгээр гудамжны 19-84 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЧ87031100, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баасанхорлоогийн Цэрэнханд.

            /Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Б.Цэрэнханд нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 22 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Арслантай гүүрний явган хүний гарцтай замд “Тоёота Приус” маркийн 19-04 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч М.Цэрмааг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэнханд мэдүүлэхдээ:…“Мэдүүлэг өгөхгүй. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Намайг хоригдвол миний 3 хүүхэд хэцүү санагдаж байна. Би хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж бодож байгаа. Ах, эгч нар маань өөрт байгаа ачааны машинаа зараад хохирол төлбөрийг барагдуулна гэж ярьж байсан. Би өөрийнхөө хийсэн хэргээ мэдэж байна”…гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Цэрмаа мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 20-ны орой Арслантай гүүрний дэргэдэх “Оюутаны хотхон”-оос найзаасаа флаш аваад буцаад урдаас хойшоо зам гарч явж байгаад гарцан дээр машинд дайруулсан. Эхний эгнээний машин сигналдаагүй, харин намайг хараад хурдаа сааруулаад надад зам тавьж өгсөн. Тэгээд би эхний эгнээний машин надад зам тавьж өгөх юм байна гэж бодоод харахад машинууд нилээд хол байхаар нь би машин харж байгаад зам гарч байхад гэнэт хажуу талаасаа мөргүүлсэн. Тэгээд газар унаад байж байхад машин дотроос энэ шүүгдэгч эгч гарч ирээд “юугаа хийж явсан балай, тэнэг авгай вэ, босоод яваач, алхаач” гээд загнаад байсан. Тэгээд энгэрнээс зулгаагаад замын хажуу тийшээ чирсэн. Тэгснээ “босоод алхаад үзээч, чи гарцаар гараагүй шүү, чи энд явж байсан шүү” гэж хэлсэн. Тэгээд би та намайг гарцан дээр дайрчихлаа шүү дээ гэхэд яваад өгсөн. Миний хажууд эрэгтэй, эмэгтэй 2 хүн тухайн үед байсан. Миний цүнхэн дотор байсан юмнууд зам дээр асгарсан байсан учир тэр 2 хүнээр утсаа авахуулаад найздаа хэлж, ээж, аавдаа мэдэгдсэн. Тэгээд аав, ээж маань ирэх үед шүүгдэгч аль хэдийн зугтаасан байсан. Тэгээд түргэн тусламж, цагдаа ирсэн. Би Гэмтлийн эмнэлэг дээр үзүүлээд байж байхад цагдаа гэрчийн мэдүүлгээр хайж шүүгдэгчийг олсон. Тэгээд та хэргийн газраа ирнэ үү гэхээр нь би очсон. Тэгэхэд шүүгдэгч ирчихсэн байсан. Одоо биеийн байдал хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Өмгөөлөгчийн хөлс 250.000 төгрөг, хагалгааны зардал 7.070.000 төгрөг, хагалгаанд орсоны дараа градустай бэхэлгээ хийх хэрэгтэй гэсэн. Тэр таягны мөнгө нь 225.000 төгрөг болно. Нийт 7.545.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна”…гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Юмжирдулам мэдүүлэхдээ: …“Шүүгдэгч миний дүү. Би дүүдээ машин банкнаас лизингээр авч өгсөн. Дүү маань 3 хүүхэдтэй учир өөрийнхөө нэр банкны лизингээр машин авч өгсөн. Би одоогоор ажилгүй байгаа. Би өмнө нь эмийн санд ажиллаж байгаад харшилтай болоод ажлаасаа гарсан. Гэхдээ учирсан хохирлыг төлж барагдуулна”…гэв.

 

            Мөрдөн байцаалтад зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-15-16/, зарлагын баримтууд /хх-17-20/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-23/, гэрч Ч.Мөнхзоригийн мэдүүлэг /хх-25/, гэрч Б.Цэрэндуламын мэдүүлэг /хх-30/, гэрч А.Дамбасүрэнгийн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Д.Батбаярын мэдүүлэг /хх-34/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹883 дугаартай акт /хх-37/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 16/53169 тоот шинжээчийн дүгнэлт /хх-43-45/, 2016 оны 12 дугаар сарын 22-ны ¹732 тоот шинжээчийн дүгнэлт /хх-48-49/, ял шалгах хуудас /хх-81/, хорооны тодорхойлолт /хх-82/, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-84-86/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-88/, жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл /хх-89/, зарлагын баримтууд /хх-94/, барьцаат зээлийн гэрээ /хх-96-100/, төлбөрийн баримт /хх-117/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Цэрэнханд нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 22 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Арслантай гүүрний явган хүний гарцтай замд “Тоёота Приус” маркийн 19-04 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч М.Цэрмааг мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мөнхзоригийн өгсөн: “…ааваа би машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь би хаана машинд мөргүүлсэн юм бэ гэж асуусан чинь Арслантай гүүрний замд гэж хэлээд утасаа тасалсан. Тэгээд би хүүгийнхээ хамт ослын газарт очиход түргэн тусламжийн машин ирчихсэн, мөргөсөн машин нь байхгүй цагдаагийн машин бас ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Дамбасүрэгийн өгсөн: “…урд талаас буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй нэг эмэгтэй хүн зогсож байгаад явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд ахлаж байсан… баруунаас зүүн чиглэлтэй явсан цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн 19-04 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тэр эмэгтэйг мөргөөд зогссон… цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн 19-04 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцнаас ойролцоогоор 3-5 метрийн зайтай урагшлаад зогсчихсон харин машинд мөргүүлсэн эмэгтэйг замынхаа урд талд гаргачихсан шатан дээр суулгасан байсан… би явганаар явган хүний замаар зам хөндлөн гараад тэр эмэгтэй дээр очсон чинь хажууд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэгтэл цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн 19-04 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь яваад өгчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-31-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбаярын өгсөн: “…ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай жолоодож явж байтал замын эсрэг талд нэг эмэгтэй хүн явган хүний гарцаар урдаасаа хойшоогоо чиглэлтэй цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн улсын дугаар серийг нь анзаараагүй автомашин нь тэр эмэгтэйг мөргөөд хэсэг яваад зогссон” гэх мэдүүлэг /хх-34/,

 

-Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн ¹883 тоот:

“1. М.Цэрмаад зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, суналт, зүүн өвдөгний үений дотор туслах холбоосны бүрэн урагдал, гадна туслах холбоосны хагас урагдал, зүүн тахилзуур ясны дээд хэсгийн цууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан ХҮНДЭВТЭР зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг одоогоор тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-37/,

 

-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹732 тоот:

“1. Тоёота Приус маркийн 19-04 УБВ улсын дугаартай автомашины жолооч Б.Цэрэнханд нь МУ-ын ЗХД-ийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам таьж өгнө. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх - гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Цэрмаа нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-48-49/,

 

            -Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/,

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цэрэнхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Цэрэнхандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Цэрэнхандыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Б.Цэрэнханд нь анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн хохирогч М.Цэрмаагийн нэхэмжилсэн хагалгааны зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Цэрэнханд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В ангилалын 795362 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Баасанхорлоогийн Цэрэнхандыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Цэрэнхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэрэнхандад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Цэрэнхандад оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В ангилалын 795362 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй

 

6. Өмгөөлөгчийн төлсөн хөлс 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Б.Цэрмаа нь эмчилгээний баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Цэрэнханд нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэрэнхандад оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Цэрэнхандад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Цэрэнхандад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

13. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цэрэнхандад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,                           Э.ЧИНГИС

                                ШҮҮГЧ