| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0251/3 |
| Дугаар | 221/МА2026/0530 |
| Огноо | 2026-07-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0530
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,478,000 төгрөгийг буцаан гаргуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 128/2026/0251/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “...“Э” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,478,000 төгрөгийг буцаан гаргуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус компанийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19,478,000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явуулах журмаар газар ашиглах эрх олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж заасан. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м² тутамд 500 төгрөг, аймагт м² тутамд 100 төгрөг төлнө” гэж, 42 дугаар зүйлийн 42.3-д “Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10,000 төгрөгт хүрсэн тухай бүрд дансанд тушаана” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн буюу татварын албаны дансанд төвлөрүүлэн төлдөг бөгөөд уг төлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дансанд төвлөрдөггүй. Иймд улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг тус яамны данснаас гаргуулах хууль зүйн боломжгүй юм.
3.2 Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Тэмдэгтийн хураамжийг дараах тохиолдолд буцаан олгоно”, 44.1.1-д “тогтоосон хэмжээнээс илүү хураасан”, 44.1.2-т “энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан”, 44.1.3-т “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан”, 44.1.4-т “данс андуурагдсанаас өөр төрлийн төлбөр хийгдсэн” гэж тус тус заасан бөгөөд уг хэрэгт эдгээр үндэслэлийн аль нь ч хамаарахгүй байна.
3.3 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэл тогоотын аманд 38956 м2 газрыг ашиглуулахаар шийдвэрлэжээ.
4. “Э” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “эзэмшигч- Байгаль орчин, аялал жуулчлалын яам” гэсэн бүртгэл бүхий төрийн дансанд улсын тэмдэгтийн хураамж 19,478,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн гүйлгээний баримтаар тогтоогдсон.
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ (********* дугаар) олгож, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга, Б дүүргийн Засаг дарга, “Э” ХХК-ийн хооронд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулжсан байна.
6. Гэтэл “Г” ХХК-иас 2023 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дүгээр тушаалын “Э” ХХК болон “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Уг маргааныг шүүхүүд анхан болон давж заалдах журмаар хянаад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/XT2024/0035 дугаар тогтоолоор “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/*** дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, “Голденприма” ХХК-ийн газар ашиглах эрх, олгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, ...” шийдвэрлэжээ.
7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/XT2024/0035 дугаар тогтоолыг биелүүлж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/638 дугаар шийдвэрээр уг маргаан бүхий газрыг “Г” ХХК-д ашиглуулах шийдвэрийг гаргасан байна.
8. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандаж 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2025/** дугаар албан бичгээр “....улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,478,000 төгрөгийг буцаан олгохыг хүссэн” хүсэлт гаргасан байна. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь нэхэмжлэгчийн уг хүсэлтэд хариу өгөөгүй, түүнийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь тогтоогдсон.
9. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүх маргаан бүхий газарт үзлэг хийхэд уг газар дээр нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байгаагүй нь тогтоогджээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “ “өргөдөл” гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг”, 6 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ”, 1/ “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 5/ “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх" гэж, 16 дугаар зүйлийн 1/ “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилжээ.
11. Дээрх хуулийн зүйл заалтуудаас үзвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь “Э” ХХК-ийн газар ашиглах эрх олж авах төрийн үйлчилгээнд зориулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,478,000 төгрөгийг буцаан авах хүсэлтэд хариу өгөх, өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх ёстой. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, дээрх хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана”, 39.1.11-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2 тутамд 500 төгрөг,..” гэж;
12.1 Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна” гэж тус тус хуульчлан зохицуулжээ.
13. Дээрх хуулийн зүйл, заалтуудаас үзвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр газар ашиглуулах тухай шийдвэр гаргах, зөвшөөрөл олгох, улмаар хуульд заасан үйлчилгээ үзүүлж улсын тэмдэгтийн хураамжийг авч байгаа эрх бүхий төрийн байгууллага юм.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дансанд төвлөрдөггүй тул тус яамны данснаас гаргуулах хууль зүйн боломжгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
15. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Э” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “эзэмшигч” нь “Байгаль орчин, аялал жуулчлалын яам” гэсэн бүртгэл бүхий төрийн дансанд 19,478,000 төгрөгийг “улсын тэмдэгтийн хураамж” гэж төлсөн болох нь санхүүгийн гүйлгээний баримтаар тогтоогдож байна.
16. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар шийдвэрээр уг маргаан бүхий газрыг “Г” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 22-ны 07/**** дугаар албан бичгээр “... танай компанид ашиглуулахаар олгосон 38956 м2 газрын эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар тушаалаар хүчингүй болгосон байна” гэжээ.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Тэмдэгтийн хураамжийг дараах тохиолдолд буцаан олгоно” гээд 44.1.3-д “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,478,000 төгрөгийг буцаан авах эрхтэй байна.
18. Учир нь нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олж авах, эрхээ бүртгүүлэх үйлчилгээг төрөөс авч улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн ч хариуцагчийн буруутай шийдвэрийн улмаас газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдээгүй бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болсон байх тул төрийн байгууллагыг зохих үйлчилгээ үзүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагч буцаан олгох ёстой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА