Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч О.Н...............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2303 0071 20591 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өөлд овогт *******ын Н...............р, Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1993 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ....................................., урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н...............р нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж “*******” төвийн зүүн талын замд Lexus RX 400 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 “жолооч дараахь үүргийг хүлээнэ.” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.” 4 дүгээр хавсралтын 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хавьс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.” Заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч *******ыг мөргөж эрүүл мэндэд нь баруун шуу, богтос ясны сэлтэрсэн хугарал, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч О.Н...............р 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Н.*******ийн эзэмшлийн Lexus RX 400 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж “*******” төвийн зүүн талын эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээтэй тусгаарлах зурвасгүй замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй, зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч *******ыг тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөсний улмаас биед нь баруун шуу, богтос ясны сэлтэрсэн хугарал, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСОJ15165806 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: *******, ...Дуудлага хүлээн авсан: 2022-10-12 17:42:01, ...Дуудлагын утга: ******* УБА улсын дугаартай машинаараа хүн шүргэсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг осол гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж ******* төвийн зүүн замд үйлдэгдсэн байв... Хэргийн газарт ослын тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн Натул эмнэлгийн хашаанд байрлуулсан байв...  ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-06, 7-10 дахь тал)

- Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад 21-р хорооллын ******* төвийн зүүн замаар явган хүний гарцаар гаргах гээд нэгдүгээр эгнээний машин надад зам тавьж өгсөн тэгэхээр нь би тэр машины урдуур гараад цаашаа ...явж байтал 2 дугаар эгнээний машин ирээд мөргөөд би газарт унасан баруун хөлийн өрөөсөн гутал сугараад унасан байхад нэг хүн миний гутлыг өмсүүлэн тэр хавиар явж байсан хүмүүс намайг түшээд машиндаа суулгаад миний гар эргэсэн юм шиг болсон байхаар нь би хугарчихлаа гэж бодсон тэгээд намайг Натул эмнэлэг ослын газраас 200 метрийн зайтай байсан учир би өөрийнхөө эмнэлгийн рентгенд зургаа авхуулаад хартал гар хугарсан байхаар нь өөрийнхөө эмнэлгийн түргэний машинаар нэг сувилагчийн хамтаар гэмтлийн эмнэлэг рүү намайг мөргөсөн машины жолооч бид хэд явцгаасан. ...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэмтлийн эмнэлгийн гар сарвууны тасагт хагалгаанд орсон...Надаас 326.000 төгрөгийн баримттай зардал гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

- Шүүгдэгч О.Н...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллоос найз Марал-Эрдэнийн Lexus RX 400 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь очиж аваад тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын зүгт машинаа ганцаараа жолоодоод явж байсан. Тэгээд 21 дүгээр хорооллын “*******” төвийн зүүн талын төв замаар урдаасаа хойш чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байтал ертөнцийн зүгээр зүүн талаас гэнэт нэг хүн гараад ирсэн. Би тэр хүнийг тулж ирж хараад машиныхаа тоормосыг гишгээд хурдаа хасаад урд хэсгээр мөргөсөн. ...машинаас буугаад хартал машины урд талд нэг эмэгтэй хүн байсан.... осол болох үед гадаа үзэгдэх орчин хэвийн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дахь тал),

- Иргэний хариуцагч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Lexus RX 400 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 6 дугаар сарын 13-нд ...худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээг нотариатаар хийгээд нэрийг нь шилжүүлж амжаагүй байсан. Би машинаа төрсөн ах Н.Марал-Эрдэнэд унуулж байсан.  ...Тэр өдөр ах над руу залгаад “О.Н...............р машинтай чинь 21 дүгээр хороолол явчхаад ирье гэнэ өгчих үү” гэж надаас зөвшөөрөл авахаар нь би “тэгээ” гэж хэлээд зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1097 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун шууны дээд хэсгээс алганы шивнүүр хүрсэн гөлтгөнөн боолттой, гарыг хүзүүнээс сойсон, баруун сарвуу нэлэнхийдээ овойж хавдсан, хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн гуяны гадна дунд хэсэгт 11.0х6.0см тод хөх өнгийн цус хуралттай. Бид өөр ил харагдах гэмтэлгүй..

Дүгнэлт 1.*******ын биед баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...”

Ирүүлсэн материалд:

2023.10.12-16-ны СД 2ш, рентген фото 2ш материалыг дүрс оношилгооны эмчээр уншуулахад: Баруун гарын бугуйн үений 2 байрлалын рентген зургаар шуу, богтос ясны доод булуунд ташуу сэлтэрсэн хугаралтай, шуу ясны хугарлыг металл шургаар хадаж бэхэлсэн, гөлтгөнөн боолт хийгдсэн, бугуйн үе, алга ясанд гэмтэлгүй. Бүсэлхийн томографуудад нугалам сэртэнгүүдэд гэмтлийн өөрчлөлтгүй, нугасны суваг чөлөөтэй, нугалмуудад насжилтын артроз, шохойжлын өөрчлөлтэй. Толгойн томограммуудад гавал ясанд гэмтэлгүй, зулай, духны атираа ховдлууд хэвийн, гол бүрдэл хазайлтгүй, ухархайн хананууд хэвийн, хамар ясанд хугаралгүй, хамрын таславч мурийлтгүй, дайвар хөндийнүүдэд агууламжгүй, нүүр хуйхны зөөлөн эдэд хавангүй, Цээжний томограммуудад цээжний хэнхэрцэг үүсгэгч яснуудад гэмтэлгүй, уушгинд голомтот өөрчлөлтгүй, синусууд чөлөөтэй...гэжээ...ДҮГНЭЛТ

1. *******ын биед баруун шуу, богтос ясны сэлтэрсэн хугарал, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дэх тал),

 

-Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөгчийн Магадалгаа:

...2. Lexus RX-400 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Н...............р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4 “жолооч дараахь үүргийг хүлээнэ.” а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.” 4 дүгээр хавсралтын 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хавьс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.” Гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол болох үндсэн шалтгаан болсон байна.

3. Явган зорчигч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн нь тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Н...............р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Н...............р нь анхаарал болгоомжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөсөн,

Явган зорчигч нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 1097 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ******* нь авто ослын улмаас 326.913 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.530.000 төгрөгийн баримттай зардал гарсныг шүүгдэгч О.Н...............р нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ 3.460.000 төгрөг зарцуулсан (хавтаст хэргийн 99 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 1.530.000 төгрөг (хавтаст хэргийн 108 дахь тал) төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Прокурор санал болгож шүүгдэгч О.Н...............р хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.Н...............р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 81 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 84-86 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 90-94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч О.Н...............рын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н...............рт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2203 0071 20591 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт *******ын Н...............рын авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н...............рыг 800 (найм зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н...............рт оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н...............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ