Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 3378

 

 

 

 

 

            2020        10          01

                                 101/ШШ2020/03378

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

5,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Д.М, өмгөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Д.Мнь М.Ц-гаас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 \Таван сая төгрөг\, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 \Хоёр сая таван зуун мянган төгрөг\, тус тус авсан ба үндсэн мөнгөнөөс 2.000.000 \Хоёр сая төгрөг\-ийг буцааж өгсөн.Харин үлдэгдэл 5.500.000 \Таван сая таван зуун мянган төгрөг\-ийг өгөхгүй, зовлон тоочин хойшлуулсаар өдийг хүрлээ. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.М нь төлбөрийг төлөхийг зөвшөөрч, 2020 оны 03 дугаар сард багтаан 2 хувааж өгөхөөр тохиролцсон боловч хэлсэн ярьсандаа хүрсэнгүй.

 

Тиймээс төлбөрийн үлдэгдэл болох 5.500.000 төгрөгийг Д.М гаргуулахаар тус шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.М үлдэгдэл төлбөр 5.500.000 \Таван сая таван зуун мянган төгрөг\-ийг гаргуулж, М.Ц-г хохиролгүй болгож өгнө үү”

 

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“М.Ц нь Д.М гэх хүнтэй уулзаж Эрдэнэт хотод байрлах татварын байрыг хөөцөлдөж өгөхийг хүсэж 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.М-ын дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.М-ын дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

 

Д.М нь тендертэй холбоотой асуудлаар харилцаж байсан. Тухайн байр нь тохиролцсоны дагуу М.Ц-гийн өмчлөлд шилжээгүй учраас тухайн 7,500,000 төгрөгийг эргүүлэн өгөхөөр тохирсон боловч Д.М нь 2,500,000 төгрөгийг өгөөд 5,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байдаг.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө М.Ц нь нөхөртэйгөө Д.М-тай уулзахад эхлээд 4,000,000 төгрөгийг өгөхөөр тохирч гараараа бичиг хийж өгсөн. Тухайн мөнгийг хэрхэн зарцуулсныг мэдэхгүй учраас 500,000 төгрөгийн алданги бодож шүүхэд нэхэмжилсэн” гэжээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Миний бие иргэн М.Ц-гаас зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн асуудал байхгүй болно. Учир нь 2015 онд М.Ц байраа хувьчилж авах асуудлаар н.Т гэх хүнд мөнгө өгөөрэй гэж миний данс руу мөнгө шилжүүлсэнийг н.Т гэх хүнд тоо ёсоор нь аваачиж өгч байсан.

 

Үүнийг М.Ц сайн мэдэж байгаа бөгөөд тэр хоёрыг Нисэхэд байрлах шинэ Спортын ордонд татварын албадуудын хооронд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээн дээр уулзуулж байсан.

 

Тухайн үед М.Ц нь Эрдэнэтийн татварын албаны гар бөмбөгийн багт тоглохоор ирсэн байсан. Харин Т тэмцээний Ерөнхий зохион байгуулагч хийж байсан болно.

 

Иймд мөнгө зээлсэн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би М.Ц түүний нөхөр н.Ш нарыг таньдаг. Өмнө хамтарч ажиллаж байсан. М.Ц надтай уулзаж татварын албаны хуучин дөрвөн айлын байрыг н.Т даргатай уулзаад аваад өгөөч гэхэд би н.Т даргатай уулзахад 5,000,000 төгрөг өгвөл эхний ээлжид шийдээд өгөх боломжтой гэсэн. Би 5,000,000 төгрөгийг н.Т даргатай уулзаж аваачиж өгсөн.

 

Би тусгай зөвшөөрөл гаргаж өгч байсан. Бидний хамтарсан ажил бүтэхгүй байгааг хэлэхэд надад 2,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Т албаны бүх аймгуудын хооронд тэмцээн болж байсан. М.Ц тухайн тэмцээнд оролцож байна та хүрээд ирээч гэж утсаар залгасан. Би очоод М.Ц болон Тдаргатай уулзахад удахгүй бүтээгээд өгнө гэж хэлсэн. Дараагаар нь Тдаргатай уулзахад тухайн байрыг тохиролцооны дагуу хувьчлах боломжгүй болсон гэж хэлсэн.

 

Намайг М.Ц шүүхэд өгнө гэхэд нь би М.Ц тай утсаар яриад даргыг чинь шүүхэд өгөхөөр болж байна гэж хэлэхэд М.Ц би танд мөнгөө өгсөн буцааж авмаар байгаа тухайгаа ярьсан. Т даргыг өрөөнд нь очоод учир байдлыг ярихад 1,000,000 төгрөгийг би санан ийм их мөнгийг мэдэхгүй гээд өрөөнөөсөө хөөгөөд гаргасан. Тухайн асуудлаа шийдвэрлэхээр өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн. н.Ш гэх М.Ц-гийн нөхөр нь Эрдэнэт хотын цагдаад ажилладаг.

 

Миний жолоочийн төрсөн дүү учраас тухайн байр хувьчлах ажиллагаанд оролцож туслахаар болсон. н.Ш ах нь миний машиныг барьж байгаа учраас энэ асуудлыг төдийлөн. Хавар манайд ирж уулзахад нь би 2,000,000 төгрөгийг нь өөрөөсөө өгөөд үлдсэн 2,000,000 төгрөгийг н.Т 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө гэж бодсон. Гэвч 3 сард корона вирусын улмаас ямар нэгэн ажил эрхлээгүй учраас мөнгийг өгч чадаагүй” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц-гаас хариуцагч Д.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.Ц нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д.М-ын “Х банк” ХХК дахь тоот дансанд 5,000,000.00 төгрөг, мөн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,500,000.00 төгрөг, нийт 7,500,00.00 төгрөгийг шилжүүлжээ /х.х-ийн 3, 4 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч М.Ц нь уг 7,500,000.00 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу орон сууц хувьчлан авахаар төрийн эрх бүхий албан тушаалтанд хариуцагч Д.М-р дамжуулан өгөхөөр тохиролцсон гэсэн бөгөөд тухайн орон сууцыг хувьчлан аваагүй тул өмнө нь хариуцагчаас буцаан авсан 2,000,000.00 төгрөгийг хасч, үлдэх 5,500,000.00 төгрөгийг “зээл” гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй.

 

            Тайлбарлавал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой бөгөөд энэхүү харилцаа нь “зээл” гэсэн агуулгыг илэрхийлсэн байх учиртай.

 

Гэтэл талууд хэдийгээр 7,500,000.00 төгрөгийг бодитоор шилжүүлсэн боловч тэдгээрт анхнаасаа уг мөнгийг хариуцагч нь ашиглах /тодруулж хэлбэл бие биедээ зээлдүүлэх сэдэл/ буюу хүсэл зориг байгаагүй, харин нэхэмжлэгчид орон сууц хувьчлан өмчлүүлэхээр эрх бүхий албан тушаалтанд өгөхөөр, түүнийг нь хариуцагч нь хүлээн зөвшөөрч, түүнд орон сууцыг хувьчлан өгөх ажлыг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, талууд хууль бус, нийтэд үл хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл, эс үйлдэл хийхээр тийнхүү тохиролцсон бол тухайн гэрээ, хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

 

Тодруулбал, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ.

 

Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үзвэл зохигчид хуульд нийцээгүй зүйлийг тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд дээр дурдсан хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй учраас нэхэмжлэгч М.Ц-д 5,500,000.00 төгрөгийг гэрээний дагуу хариуцагч Д.М шаардах эрх байхгүй юм.

 

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дахь хэсэгт “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүсдэг.

 

Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, энэ тохиолдолд зохигчдын хууль зөрчсөн тохиролцооны дагуу нэхэмжлэгч М.Ц нь 7,500,000.00 төгрөгийг хариуцагч Д.Магсарт шилжүүлсэн байх тул тэдгээрийн үйлдэл зөвтгөгдөхгүй бөгөөд ийнхүү шударга бус аргаар мөнгө хүлээн авсан хариуцагчид тухайн мөнгийг үлдээх хууль зүйн үндэслэл алга байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 5,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.М 5,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР