Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/875

 

 

 

 

 

 

 

    2023          11          10                                    2023/ШЦТ/875

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.Б-,  

хохирогч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Б-н Б- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б- 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суух гэрээсээ О.О-тай жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж утсаар холбогдож өөрийгөө Зам тээврийн яаманд ажилтай гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансаар 2.000.000 төгрөг,

мөн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28-2 дугаар байрны 54 тоотод оршин суух гэртээ байхдаа дахин мөнгө шилжүүл гэснээр О.О нь эгчдээ хандаж, түүний эгч О.О нь Дархан-Уул аймгийн Дархан сумаас 500.000 төгрөгийг өөрийн “Худалдаа хөжглийн банк”-ны дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.О-ын өгсөн: “...Тухайн үед манай дүү жолооны үнэмлэхээ хураалгачихлаа гэж байсан ба таксигаар ажилдаа явж байхдаа таксины жолоочтой жолооны үнэмлэх гаргах боломжтойг ярилцаад Б-тэй холбогдоход өөрийгөө Зам тээврийн яаманд ажилладаг үнэмлэх гаргах боломжтой гэж хэлсэн байсан. Би Б-гийн данс руу 500.000 төгрөг шилжүүлэхдээ утас руу нь залгаж ярихад “удахгүй үнэмлэх гарна нэмж 500.000 төгрөг шаардлагатай байна” гэж хэлсэн тул би итгээд 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О-н хохирогчоор өгсөн:

“...Манай дүү О.О жолооны эрхээ хасуулчихаад Улаанбаатар хотод ажил руугаа онгоцоор явах гээд онгоцны буудал руу такси бариад явж байхдаа нэг хүнтэй тааралдаад жолооны үнэмлэх гаргаж өгдөг хүн байна уу гэж асуухад *** дугаарын утасны дугаар өгсөн гэсэн. Манай дүү тухайн дугаараар нь холбогдоход нөгөө хүн Зам тээврийн яамны хэлтэст ажилладаг гэж танилцуулаад жолооны үнэмлэхийг 14 хоног дотор сэргээж өгнө гэж хэлээд 2.000.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд манай дүү над руу 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр утсаар яриад та нэг данс руу мөнгө шилжүүлээд өгөөч, би жолооны үнэмлэх захиалж авах гэсэн чинь нөгөө хүн дахиад 500.000 төгрөг шилжүүл гэж байна гээд мөнгөтэй бол шилжүүлээд өгөөч гэхээр нь би жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн хүнтэй нь холбогдоход өөрийг Зам тээврийн яаманд ажилладаг үнэмлэхийг нь удахгүй гаргаж өгнө гэж хэлэхээр нь би итгээд данс руу нь 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Гүйлгээний баримт /хавтаст хэргийн 14, 20 дахь тал/,

 

“Худалдаа хөгжлийн банк”-ны Б.Б-гийн дансны хуулга /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

“Худалдаа хөгжлийн банк”-ны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дахь тал/,

 

“ХААН” банкны дансны хуулга /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.О-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 8 дугаар сард жолооны эрхээ хасуулсан юм. Би “**” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “***” ХХК-д хүнд машин механизмын жолоочийн ажил хийдэг тул жолооны эрхээ сэргээх шаардлага гарсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө таксинд явж байхдаа таксины жолоочоос жолооны эрх сэргээдэг хүн мэдэхгүй биз гэж асуухад “надад таньдаг хүн байгаа гээд утсаар холбогдож байгаад жолооны эрхээ сэргээлгэж болох байх” гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 07 цаг 30 минутанд Өмнөговь аймаг руу ажилдаа явахаар ниссэн. Тэгээд үл таних таксины жолоочийн өгсөн *** дугаарын утас руу залгаж “таныг хэн гэдэг вэ, жолооны үнэмлэх гаргаж, эрх сэргээх үү” гэж асуухад “би чамд өөрийн нэр, ажлын газрыг хэлэх шаардлага байхгүй, ямар ч асуудалгүй 7 хоногийн дотор эрх сэргээж, жолооны үнэмлэх гаргаж өгнө, чи над руу өөрийн овог нэр, регистрийн дугаарыг мессэжээр явуул” гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийн мэдээллийг *** дугаарын утас руу явуулахад “өнөөдөр 2.000.000 төгрөг шилжүүл, тэгээд ирэх долоо хоногийн тав дахь өдөр эрх чинь сэргээж жолооны үнэмлэх гарах болно” гэж хэлэхээр нь би бас итгэхгүй “асуудалгүй найдвартай биз” гэж асуухад “найдвартай, асуудалгүй” гэж хэлээд надад “Худалдаа хөгжлийн банк”-ны *** дугаарын Б- гэсэн эзэмшигчтэй данс өгсөн. Би 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд дээрх данс руу 2.000.000 төгрөгийг өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн гүйлгээг хийчихээд *** дугаарын утсаар холбогдон данс руу мөнгө хийсэн шүү гэж хэлэхэд “орлого орсон байна, ирэх 5 өдөр хүртэл хүлээ” гэж хэлсэн. Тэгээд би ирэх долоо хоногийн 5 дахь өдөр хүртэл хүлээсэн боловч надтай холбогдохгүй байхаар нь дахин дээрх гар утасны дугаараар нь холбогдоход “ажил их ордог, хүмүүстэй их уулздаг юм, ахиад 7 хоног хүлээчих” гэж хэлсэн. Мөн адил 7 хоногийн дараа би *** дугаарын утсаар холбогдож ярихад “одоо 500.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна, тэгээд болно” гээд надаас мөнгө нэхсэн ба би тухайн үед мөнгөгүй байсан тул төрсөн эгч О-д “жолооны эрхээ сэргээлгэж, үнэмлэх гаргуулж байгаа юм, та мөнгөтэй бол “Худалдаа хөгжлийн банк”-ны *** дугаарын Б-ын Б- гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж гуйхад эгч үнэмлэх гаргаж өгнө гэсэн **** дугаартай хүнтэй холбогдож ярьж улмаар 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надаас 2.000.000 төгрөг, эгч О-с 500.000 төгрөг шилжүүлүүлэн авчихаад өнөөдрийг хүртэл холбоо барихгүй, сураггүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н яллагдагчаар өгсөн:

“...Би 2023 оны 8 дугаар 22-ны өдөр О.О-с нийт 2 удаагийн гүйлгээр 2.500.000 төгрөг өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансаар авсан. Тухайн үед О.О надаас жолооны үнэмлэх гаргаад өг гэж хэлсэн... Би хохирогчид 2.500.000 төгрөгийг төлж барагдуулна... Би О.О-с 2.500.000 төгрөг авахдаа Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28-2 дугаар байрны 54 тоотод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.О-н мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,  хохирогч О.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б- хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Б-г үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэх санал гаргав.

 

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан  шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.О “...хохирол төлбөрт 500.000 төгрөг хүлээн авсан...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б- хохирогч О.О-д 500.000 /таван зуун мянган/ төгрөг төлснийг дурдаж,

хэрэгт хохирогч О.О-ын “...2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 163 дахь тал/ авагдсан байх ба шүүгдэгч Б.Б- нь “...хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэж мэдүүлсэн тул 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч О.О-т олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Т овогт Б-н Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгүй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-гөөс нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч О.О-т олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ