Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/883

 

 

 

 

 

 

 

     2023         11          20                                    2023/ШЦТ/883

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Х-н Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /регистрийн дугаар ***/, Ч овогт Х-ын Б.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Б 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” нэртэй баарны үүдэнд байхдаа Н.Б-ын эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-8” маркийн гар утсыг худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Мөн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвийн урд талын автобусны буудлын хажууд байрлах хөшөөний орчим хохирогч У.Э-н эзэмшлийн “Айфоне-11” маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр худалдаж авч буй дүр үзүүлэн, гүйлгээ амжилтай хийгдсэн гэх зурвас харуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.230.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвийн урд талын автобусны буудлын хажууд байрлах хөшөөний орчим хохирогч А.Н-ын эзэмшлийн “Айфоне-11 про” маркийн гар утсыг 1.150.000 төгрөгөөр худалдаж авч буй дүр үзүүлэн, гүйлгээ амжилтай хийгдсэн гэх зурвас харуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Н-ыг төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 1.450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны гадна насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ын эзэмшлийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр худалдан авч буй дүр үзүүлэн, гүйлгээ амжилтай хийгдсэн гэх зурвас харуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Л-г хуурч, төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 1.150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах ТБД Андууд” худалдааны төвийн замын урд байрлах хөшөөний орчим хохирогч Б.Б-н эзэмшлийн “Айфоне икс ар”  маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр худалдан авч буй дүр үзүүлэн гүйлгээ амжилттай хийгдсэн гэх зурвас үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Б-г хуурч, төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б*н хохирогчоор өгсөн:

“...Би өөрийн “Айфоне 8” маркийн гар утсаа зарахаар болж 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн нэртэй фейсбүүк хаягаар гар утас зарна гэж зар тавьсан. Нэг фейсбүүк чатаар миний гар утсыг авъя гэж хэлэхээр нь Баянбүрдийн автобусны буудал дээр уулзахаар болж 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд “Чикаго” нэртэй баарны үүдэн дээр намайг хүрээд ир гэсэн. Тэгээд баарны үүдэнд уулзсан. Миний гар утсыг үзэж байгаад авахаар болж надад мөнгийг чинь “ХААН” банкаар шилжүүлсэн гэж хэлээд гар утаснаасаа гүйлгээ амжилттай шилжүүллээ гэсэн зүйл харуулж хүүхэд цэцэрлэгээс авах хэрэгтэй болчихлоо гээд явсан. Би тухайн үед гар утасгүй явж байсан болохоор мөнгө орсон гэж бодоод яваад өгсөн. Харин мөнгө нь ороогүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

Би гар утсаа 2020 онд 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо гар утсаа 450.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“Айфоне 8” маркийн гар утас 415.000” гэх тайлан /1-р хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 25-26, 119-126, 174-175, 2-р хавтаст хэргийн 87-95 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч У.Э-н өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн “Айфоне 12” маркийн гар утсыг зарах гэж фейсбүүкийн “Айфоне зарна, авна” гэх групп дээр зар байршуулж утасныхаа зургийг тавьсан. Тэгэхэд үл таних “Dashdondog Jargal” гэх фейсбүүк хаягаас над руу утсаа зарах уу гэхээр нь би зарна гэхэд чиний утсыг үзээд гайгүй сэвгүй бол 1.000.000 төгрөгөөр авъя” гээд фейсбүүк мессенжерээр залгахаар нь та над руу дөхөх боломж байна уу гэхэд би захиалгаар юм хүргэж өгдөг, 10 дугаар хороололд бараа хүргэж өгнө, тэр баталгаажвал яваад очъё гэж хэлсэн. Тэгээд чатаар би Андууд дээр ирчихсэн байна, Цогтсайханы хөшөөн доор ирчихлээ гэж зураг явуулсан. Би уулзаад утсаа үзүүлэхэд зам гараад 71 дүгээр байрны саравчинд миний утсыг үзсэн. Үзэж байгаад мөнгөө шилжүүлчих би форматлаад өгье гээд ээжийнхээ дансны хэлэхэд тэр хүн утсан дээрээ гүйлгээ амжилттай гэсэн бичиг үзүүлээд бас жи мейл хаяган дээрээсээ мөнгө шилжүүлсэн баримт надад харуулсан. Би тэр хүний утсаар ээжээсээ мөнгө орсон талаар асуух гээд утсаар чинь ярчихъя гэхэд миний утас ярьж болдоггүй гээд яриулаагүй... Би Андуудын автобусны буудал дээр очоод хүний утаснаас ээж рүүгээ ярьж мөнгө орсон уу гэж асуухад мөнгө ороогүй гэж хэлсэн.

Тухайн утсыг 2022 оны 9 дүгээр сард манай ээж таньдаг хүнээсээ хайрцаг савгүй 1.200.000 төгрөгөөр авч өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Б-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гадуур найзтайгаа явж байгаад өөртөө гар утас хайгаад фэйсбүүкээр утас харж байтал “Айфоне 11” маркийн гар утас зарна гэсэн пост доор коммент биччихсэн байхаар нь би утсаар холбогдоход би Их засаг орчим байна, зарах утас Гандангийн “Good” нэртэй ломбардад байгаа гэхээр нь үзээд асуудалгүй бол авъя гэхэд ломбардад дээр ирээд залгачих гэхээр нь би Гандангийн автобусны буудлын урд байрлах “Good” нэртэй ломбардад очиж хүлээж байгаад тэр залууг ирэхэд хамт ороход ломбардад тавьсан байсан утсаа чөлөөлөөд манай машинд орж тухайн утсыг шалгахад утасны вибратор ажиллахгүй бусдаар асуудалгүй утас байсан тул би худалдаж авахаар болоод 750.000 төгрөгийг тухайн залуугийн өгсөн Б гэх данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.З-ын гэрчээр өгсөн:

“...Би нөхрийн хамт ээлжилж Гандангийн автобусны буудал дээр байрлах “Good-2” ломбард ажиллуулдаг.  2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр намайг гарч байхад орой 20 цагийн орчим манайхаар өмнө үйлчлүүлж утас тавьдаг байсан залуу ирээд цайвар ногоон өнгийн “Айфон 11” загварын гар утас үзүүлээд хэдэд авах вэ гэхээр нь би шалгаж үзэхэд асуудалгүй Battery Health нь 80%-тай *** имей кодтой утас байсан. Би имей кодоор нь шалгахад ай ди код гаргасан утас байсан тул элдэв зүйл бодоогүй, хэрвээ ай ди кодтой утас байсан бол бид нар авдаггүй. Тэгээд тэр залуу Хишигжаргал овогтой Б гэсэн И-Монголиа үзүүлээд надад “ХААН” банкны *** тоот данс руу өөрийн *** тоот данснаас 600.000 төгрөгийг 1425 гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Маргааш нь шөнө манай ломбардад ирээд утсаа авъя гээд 648.200 төгрөгийг над руу шилжүүлээд утсаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дахь тал/,

 

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн үнэлгээний “...“Айфоне 11” маркийн гар утсыг 1.230.000 төгрөг...” гэсэн тайлан /1-р хавтаст хэргийн 114-118 дахь тал/,

 

Эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 127-130, 140, 188-191 дэх тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 137-139 дэх тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Н-н өгсөн:

“.... Би 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн “Айфон 11 про” загварын гар утсыг зарах гээд фейсбүүкийн нилээн олон группт зар байршуулсан. Тэгэхэд үл таних “***” гэх фейсбүүк хаягаас миний постон доор бичихээр нь би тэр хүн рүү утас үзэх үү гэхэд асуудал гайгүй юу гэхээр нь зүгээр гэхэд ажлаа тараад завтай болоод чат бичье гээд 19 цагийн орчим Андуудын автобусны буудлын хажууд нэг хөшөө байгаа тэнд гэхээр нь би очоод удалгүй надтай чатласан хүн ирээд миний утсыг шалгаж үзээд 1.150.000 төгрөгөөр авъя гээд бид тохиролцоод би утсаа формат хийгээд ай ди кодоо гаргаж өгсөн. Тэр залуу миний дансыг асуугаад 1.150.000 төгрөгийн гүйлгээ амжилттай гэсэн зүйл харуулаад яваад өгсөн. Би зам гараад АТМ дээр очоод дансаа шалгахад мөнгө нь ороогүй байсан. Тэгээд би буцаж хөшөөний ойр орчмоор хайхад тэр хүн байгаагүй. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн...

Би тухайн гар утсаа 1.600.000 төгрөгөөр Теди худалдааны төвөөс худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 176-177 дахь тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... “Айфоне 11 про” маркийн гар утсыг 1.450.000 төгрөг...” гэсэн тайлан /1-р хавтаст хэргийн 179-181 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... “I phone 11 pro” маркийн гар утсыг 415.000” гэх тайлан /1-р хавтаст хэргийн 222-223 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэртээ фэйсбүүкээр “гар утасны хар зах” гэсэн групп дээр зар байхаар нь тухайн зарын доор би өөрийнхөө гар утсыг зарна гэж сэтгэгдэл үлдээсэн.  Хэсэг хугацааны дараа над руу “***” гэх хаягаас найзын хүсэлт илгээсэн. Чатаар гар утас зарна гэсэн хүн мөн үү, “та сонирхож байна гэж бичсэн. Тэгэхээр би мөн байна гээд өөрийн гар утасны мэдээлэл болон зургийг явуулсан. Бид хоёр гар утасны наймаа хийхээр тохиролцож тухайн хүн манай гэрийн ойролцоо улаан өнгийн приус машинтай ирсэн. Би тухайн хүний машинд суугаад миний гар утасны тохиргоо хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, тэр хүн миний гар утсыг 1.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Би тухайн хүнд ээжийнхээ дансыг өгсөн. Тэр ах миний нүдэн дээр гүйлгээ хийгээд за мөнгийг чинь хийчихлээ шүү, шалга гээд өөрийн жи мэйл рүүгээ ороод манай ээжийн дансанд нэг сая төгрөгийн орлого орж байгаа зураг үзүүлсэн. Би машинаас буугаад АТМ орж дансны үлдэгдэл шалгахад мөнгө орж ирээгүй хамгийн сүүлд надад байсан мөнгө хэвээрээ байхаар нь би утас зарсан ах руу таны мөнгө орж ирээгүй байна гэж  бичсэн. Тэгэхэд тэр ах миний данснаас мөнгө гарсан байна гэж хэлсэн.  Тэгэхээр нь би өөр АТМ  орж үзэхэд мөн адилхан байсан. Би тэр ах руу дахиад мөнгө чинь орж ирээгүй байна гэж хэлэхэд ямар сонин юм бэ, надаас мөнгө гарсан байна, чамд яагаад мөнгө чинь ороогүй байдаг юм бэ гэсэн хариу өгсөн. Би тэр ах руу олон удаа утсаар залгахад утсаа аваагүй. Сүүлдээ миний чатыг харчихаад хариу өгөхгүй байсан. Тэгээд 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тэр ах миний фэйсбүүкийг блок хийсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...

Миний гар утас “I phonе 11 рro” маркийн гар утас байсан. 2022 оны 7 дугаар сард 1.450.000 төгрөгөөр худалдаж авч байсан....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 213 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн “...Ц.Л-ын аав Д.Ц Айфоне 11 про маркийн гар утсыг хүлээн авлаа...” гэсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Б-н өгсөн: “...Би  “Айфоне Икс Ар” маркийн гар утас барьдаг юм. 2023 оны 5 дугаар сарын 14-ний өглөө би өөрийн гар утсаа зараад шинэ утас авъя гэж бодоод “Айфоне зар” гэсэн нэртэй фэйсбүүк группт гар утсаа зарна гэсэн зар оруулсан чинь фэйсбүүкийн хувь чатаар “***” гэсэн нэртэй ямар нэгэн зураггүй фэйсбүүкээс миний зарах гэж байсан утасны талаар юм асууж байгаад хотын төвд уулзахаар болоод утас авна гэсэн хүнтэйгээ Баянгол дүүргийн 2 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын урд байрлах хөшөөн дээр уулзсан юм. Тэгээд уулзаад тэр хүн миний гар утсыг үзээд 600.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод “Apple ID”-гаа гаргачих гэхээр нь би “ID” кодоо гаргаж өгөөд reset хийж байсан чинь тэр хүн хажууд зогсож байгаад надаас дансны дугаараа гэж асуухаар нь би өөрийн ээж Нямсүрэнгийн “ХААН” банкны *** тоот дансыг өгөхөд надад гүйлгээ амжилттай гэсэн юм харуулахаар нь би гар утсаа өгчихөөд мөнгөө хийсэн байх гэж итгээд автобусны буудал руу явсан юм. Тэгээд автобусанд суухаасаа өмнө автобусны буудал дээр байрлах ТҮЦ ороод ээж рүүгээ залгаад мөнгө орсон эсэхийг тодруулахад мөнгө ороогүй байна гэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... “Айфоне Икс Ар” маркийн гар утсыг 750.000 төгрөг...” гэсэн тайлан /2-р хавтаст хэргийн 80-84 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б-ийн яллагдагчаар өгсөн:

...Би 2022 оны  9 дүгээр сарын  10-ны өдөр фэйсбүүк дээрээс “Б” гэх нэртэй хүний “I phone 8” маркийн гар утас зарна гэсэн зарыг хараад фэйсбүүк чатаар холбогдоод Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойргийн урд уулзахаар болсон. Тухайн өдрийн орой 17 цагийн үед очиж уулзахад 19-23 орчим насны эрэгтэй байсан, би утсыг нь шалгаж үзэхэд хар өнгийн “I phone 8” маркийн гар утас байсан, тэгээд гар утсыг нь 450.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод би дансыг нь аваад өөрийн “ХААН” банкны интернэт банк руу ороод 450.000 төгрөгийг шилжүүлэхгүйгээр захиалгат гүйлгээг сонгоод 450.000 төгрөгийг амжилттай шилжүүлсэн гэх худлаа гүйлгээ харуулаад утсыг нь нь аваад мөнгийг нь нь өгөлгүй явсан. Б гүйлгээ амжилттай гэсэн утгыг хараад итгээд бид хоёр салаад явсан. Захиалгат гүйлгээг шилжих цаг хугацаанаас нь өмнө буцаагаад цуцалчихдаг, би тухайн гүйлгээг мөн шилжихээс нь өмнө цуцалсан. Тэгээд гар утсыг нь маргааш нь 300 гаруй мянган төгрөгөөр хүнд зарсан...

Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хийсэн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...

Би 5 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк зараас “I phone 11 prо” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу нэг хүүхэдтэй холбогдож “I phone 11 pго” маркийн гар утсыг нь 1.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би тэр хүүхэдтэй хорооллын эцэст уулзаад тэр хүүгийн өгсөн *** дугаарын Алдармаа гэх түүний ээжийн данс руу 1.000.000 төгрөг хийж байгаа үйлдэл үзүүлээд өөрийнхөө данснаас нэг сая төгрөг гарж байгаа мессежийг тухайн хүүхдэд үзүүлээд за чиний мөнгө орчихлоо. Миний данснаас мөнгө гарсан байна, хараарай гэж үзүүлээд явсан...

Фэйсбүүк дээр Б гэсэн хаягаас “Айфоне икс ар” маркийн гар утас зарна гэсэн зар тавьсан байхаар нь би “***” гэсэн фэйсбүүкээр  холбогдсон. Тэгээд чатаар гар утасны үнийг асуухад 600.000 төгрөг гэсэн. 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах “ТБД” андуудын замын урд талын хөшөөн дээр Б гэдэг залуутай уулзсан. Тэгээд гар утсыг нь шалгаж үзээд авахаар болсон. Гар утсан дээрх байгаа бүх юмнуудаа устгаад цэвэрлээд өг гэж хэлсэн. Би өөрийн гар утасны google дээр “ХААН” банкны сайт руу ороод 600.000 төгрөг шилжүүлсэн гэсэн хуулга харуулсан. Яг үнэндээ мөнгийг нь шилжүүлээгүй. Гар утсыг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст  хэргийн 65, 151-152, 197-200, 2-р хавтаст хэргийн 119-124 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 68, 2-р хавтаст хэргийн 2, 100 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 185 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Х.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил, 6 сар, 40 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-29 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 68, 2-р хавтаст хэргийн 2, 100 дахь тал/ тус тус авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 560 /таван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Б “...Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх, насанд хүрээгүй хохирогч У.Э-н “...хохирол төлбөрийг хохирлын үнэлгээгээр гарсан хэмжээгээр төлж барагдуулсан...” гэх тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 53 дахь тал/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн “...Ц.Л-ын аав Д.Ц “Айфоне 11 про” маркийн гар утсыг хүлээн авлаа...” гэсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 9 дэх тал/ тус тус авагдсан.

Иймд шүүгдэгч Х.Бийг насанд хүрээгүй хохирогч Н.Б, У.Э нарт төлөх төлбөргүйд тооцов.

 

Хавтаст хэргийн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... “Айфоне 11 про” маркийн гар утсыг 1.450.000 төгрөг...” гэх тайлан /1-р хавтаст хэргийн 179-181 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... “Айфоне Икс Ар” маркийн гар утсыг 750.000 төгрөг...” гэсэн тайлан /2-р хавтаст хэргийн 80-84 дэх тал/ тус тус авагдсан байх ба шүүгдэгч Х.Б нь “...хохирогч А.Н, Б.Б нарын хохирол төлбөрийг төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Б-ээс нийт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Н 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/, хохирогч *******д 750.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Ч овогт Х-ын Б-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 560 /таван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-ээс нийт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Н 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/, хохирогч Б.Б-д 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7.  Шүүгдэгч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ