| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1714001440043 |
| Дугаар | 2020/ДШМ/026 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ДШМ/026
Г.Х, Г.О, Д.Д болон
******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч Д.Д, Г.Х,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/260 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор *******гийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлээр Г.Х, Г.О, Д.Д, ******* ХХК нарт холбогдох эрүүгийн 1714001440043 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г.Х, ............ мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2003 оны 4 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан
Монгол Улсын иргэн, Д.Д, 1964 оны 12 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны зохион байгуулагч мэргэжилтэй улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Монгол Улсын иргэн, Г.О, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, Мэргэжлийн байгууллагын ******* дугаар гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод байрлах “*******” ХХК
“*******” ХХК нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан,
“*******” ХХК-ийн захирал Г.Х, кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөх ажилтай Д.Д, уурхайн дарга Г.О нар нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн прокурорын газраас “*******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Г.Х, Г.О, Д.Д нарт мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Х нар болон шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-д холбогдох хэрэгт Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхээс гаргасан магадал, тогтоолд уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Заг сумын засаг дарга, иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг албан тушаалтнуудын буруутай эсэхийг хэрэгт шалгах талаар заасан байхад прокуророос 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1914000843 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаарх тогтоолыг хуулбарлан хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 29.2 дугаар зүйлийн 3-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9-д “нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэнэ” гэж заасныг анхаарч уг хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр шүүгдэгч хуулийн этгээдээс хууль бусаар нэг зуун сая төгрөгийг аймаг, худаг гаргасан гэх зардлыг Заг сумын тамгын газарт тодорхой мөнгийг авсан байгаа бөгөөд энэ асуудалд аймаг сумдын иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзлээ.
Прокурорын яллах дүгнэлт 32.10 дугаар зүйлийн 3.1, 3.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Тухайлбал шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 17.47 тоотод байрлах хаягтай гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 72 дугаар байрны 05 тоотод байрлах хаягтай гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хуулийн этгээдийн албан ёсны хаяг зөрүүтэй байна гэж дүгнэхээр байна.
Мөн яллах дүгнэлт ойлгомжгүй бөгөөд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад учруулсан хохирлын талаар бичигдээгүй бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар талд байгаль орчинд учруулсан хохирол 1370.800 төгрөг гэж бичсэн атлаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт 1364.68 төгрөг гэж бичигдсэн бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтын 4 дүгээр заалтад “яллагдагч Г.Х,, Г.О, Д.Д нар нь байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан” гэж зөрүүтэй бичигдсэн байна.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор *******гийн тус шүүхэд гаргасан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцэлд:
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт нь үндэслэлгүй байна.
Заг сумын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн 191400843 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяаллаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд “*******” ХХК болон яллагдагч Г.Х, Д.Д, Г.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийг зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй.
Заг сумын эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулсан эсэх асуудал нь “*******” ХХК болон яллагдагч Г.Х, Д.Д, Г.О нарт холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.
“*******” ХХК нь улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, Мэргэжлийн байгууллагын ******* дугаартай гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-17-47 тоотод байрлах албан ёсны хаягтай болох нь хэрэгт тогтоогддог.
Мөн шүүгчийн 260 дугаартай захирамжид яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар бичихдээ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэж бичсэн атлаа яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад учруулсан хохирлын талаар бичигдээгүй гэж захирамжид бичсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй болсон гэж үзнэ.
ЕСО ТҮСООN ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-107 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий Хөндий” гэх газарт хохиролд өртсөн гэх И464619.3 ЕО985409.6. И464619 9 Е0985410.4, И464621.4 ЕО985407.4, И464621.2 Е0985407.0 цэг солбилцолтой. 70см гүний хэмжээтэй газрыг ухсан нь байгаль орчны хохирлын үнэлгээгээр 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан байна.
2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Е-14 дугаартай нэмэлт дүгнэлтээр "*******" ХХ.К-ийн нөхөн сэргээлт хийхээр зөвшөөрөл авсан Үйлдвэр орчмын талбайтай давхцалгүй N46469.7 Е098545.2, N464610.2 Е098545.49, N46469.3 Е098547.3/ цэг солбилцолтой, 15.8м*46.6м*46м харьцаатай 368м2 талбайг ухаад нөхөн сэргээлт хийсэн нь байгаль орчинд 100.802 төгрөгийн хохирол учруулсан байна гэх дүгнэлтүүдээс үзэхэд бусдын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас байгаль экологид 1.471.602 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг дүгнэлтэд биологийн нөхөн сэргээлт хийхэд 1364.68 төгрөг шаардагдана гэж тусгаснаас үзэхэд яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг зөрүүтэй бичигдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхээс хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг зөрчсөн буюу хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн байдалд бодитоор үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Хар-Өөл ХХК, Г.Х, Д.Д, Г.О нарт холбогдох эрүүгийн 1714001440043 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Заг сумын эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулсан эсэх асуудал нь “*******” ХХК болон яллагдагч Г.Х, Д.Д, Г.О нарт холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй. Харин шүүгчийн захирамжид байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зөрүүтэй гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Дүгнэлт гаргасан байгууллагын эхний дүгнэлтээр байгаль орчинд 1.370.800 төгрөгийн, 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Е-14 дугаартай нэмэлт дүгнэлтээр 368 м2 талбайг ухаад нөхөн сэргээлт хийсэн нь байгаль орчинд 100.802 төгрөгийн хохирол учруулсан, нийт байгаль экологид 1.471.602 төгрөгийн бодит хохирол учирсан гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтүүдээс харахад байгаль экологид учруулсан гэх хохирол нь зөрүүтэй байгаа. Нөхөн сэргээлтийг хийгээгүй гэх боловч нэг газарт нь хийсэн байдаг. Сум орны холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэх боломжгүй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь;
Прокурор *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянахад;
Баянхонгор аймгийн Прокурорын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 45а дугаар тогтоолоор “*******” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар,
Баянхонгор аймгийн Прокурорын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 45б дугаар тогтоолоор Г.Хийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг “*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар,
Баянхонгор аймгийн Прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18а дугаар тогтоолоор Г.Ог “*******” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар,
Баянхонгор аймгийн Прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Д.Дыг “*******” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тус тус татжээ. /2 дугаар хавтаст хэргийн 227-228, 231-232, 4 дүгээр хавтаст хэргийн 27-28, 34-35 дугаар тал/
Мөн Прокурорын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 45б дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай” гэснийг “Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулсан Баянхонгор аймгийн Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаар тогтоол хэрэгт авагджээ./4 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал/
Прокуророос “*******” ХХК-ийг Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт 2017 оны 08 сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар,
“*******” ХХК-ийн захирал Г.Х, кемпийн дотоод хяналт хариуцсан, зөвлөх ажилтай Д.Д, уурхайн дарга Г.О нар нь... “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын товч агуулга, яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж зөрүүтэй буюу улсын яллагчын хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтын болон гэмт хэргийн идэвхитэй үйлдлүүд зөрүүтэй байхад анхан шатны шүүх анхааралгүйгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.
Мөн түүнчлэн Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус заасан үндэслэл, агуулга нэг бүрийг анхааралтай судалж хэрэгжүүлэх, ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нэг бүрийн компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх нь хууль болон компанийн дүрмээр олгогдсон эсэх, эсвэл шийдвэр гаргах үйл ажиллагаанд зонхилон оролцдог, шийдвэр гаргахад нөлөө үзүүлдэг этгээд болохыг тогтоох шаардлагатай.
Хавтаст хэрэгт авагдсан захиалагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, ******* ХХК-ийг төлөөлж захирал албан тушаалтай Г.Х, Заг сумын засаг дарга Д.Мөнхсайхан нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулж Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал баталж гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 2017/01 тоот нөхөн сэргээлт хийх гэрээ, гэрээний оролцогч талууд, гэрээний агуулга зэрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.3-д тус тус зааснаар “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан заалт, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн151 дүгээр тогтоолоор батлагдсан ”бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д тус тус нийцсэн эсэхийг анхаарвал зохино
Иймд прокурор *******гийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлүүдээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/260 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******гийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ