Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 109/ШШ2017/0041

 

 

 

 

 

 

 

 

    Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

 

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Р.Э-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Р.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р овогтой Э миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Халуун ус гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 2000 /Хоёр мянган/ метр квадрат га газрыг 2008 оны 09-р сарын 16-ны өдрийн 0223601 гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмшихээр авсан билээ. 2009 оны 05-р сарын 30-ны өдөр тус газарт Аялал жуучлалын бааз барихаар ирсэн боловч тус газарт хүлэмж барих зөвшөөрөлтэй иргэн Б гэгч аялал жуучлалын "А" гэдэг бааз "З" ХХК-аар жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байсан. "З" ХХК нь дуудлага худалдаагаар олгогдоогүй газар олгох хууль, журам зөрчин миний эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан. Тухайн үеийн засаг дарга Б.Б-д хандсан боловч шилжүүлж өгнө дараа болъё, тэгж байгаад шийднэ, эсвэл ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй хойшлуулсаар 2015 оны 10-р сарын 27-ны өдөр 183 тоотоор миний эзэмших 0223601 дугаартай эрхийн гэрчилгээгхүчингүй болоогүй болохыг тодорхойлж өгөн баазаа барихыг зөвшөөрсөн болно. Улмаар баазаа барихаар ирэхэд Б гэгч иргэн миний бааз барих газарт бааз барьчихсан, нутгийн согтуу олон хүмүүсийг турхиран саад хийсэн, сумын засаг дарга нь хэлэхдээ "Уг газарт үйл ажиллагаа эрхэлж байгаа тул хажуу талд нь шилжүүлж өгнө" гэсээр өнөөдрийг хүрлээ. Хажуу талд нь барих гэсэн боловч мөн л эсэргүүцэлтэй тулгарсан. Тухайн үед хэмжилт хийгдээгүй кадастрын зураглалд ороогүй координат цэг тэмдгээр баталгаажаагүй байсан болно. Улмаар энэ мэт явсаар 2017 оны 05-р сарын 24-ны өдөр баазаа барихаар ирэхэд иргэн Б нь уг газарт бааз барьчихсан эсэргүүцэж нутгийн согтуу залуусыг турхирч буудна хэмээн сүрдүүлж аймаг, сумын цагдаад дуудлага өгч эсэргүүцлийг зогсоосон. Тус сумын газрын газрын даамал Т.М-д хандахад Цэнхэр сумын засаг даргын 2016 оны 06-р сарын 08-ны өдрийн а/90 тоот захирамжийг 2017 оны 05-р сарын 24-ны өдөр надад өгсөн. Ингээд Цэнхэр сумын Засаг даргад гаргасан 2017 оны 05-р сарын 25-ны өдрийн өргөдөл гаргаж өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна.

Аймгийн Засаг даргад 2016 оны 06-р сарын 21-ны өдөр өргөдөл гаргасан боловч мөн хариу өгөөгүй байна.

Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжийн хавсралтын 1 дахь хэсгийг хүчингүй болгож, өмнө эзэмшиж байсан 2000 м2 газрыг эзэмших захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Цэнхэр сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Р.Э-ээс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга М.Г газрын даамал Т.М нарт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа зүйлүүдийг уншиж судалж үзлээ. Иймд Р.Э З ХХК-ний газрын маргаан, Р.Э-ийн хүчингүй болсон газрын захирамжийг өөр байрлалд шилжүүлэн олгох талаар нэхэмжлэгч талтай эвлэрэх саналтай байна гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Р.Э-ийн газар эзэмших сумын Засаг даргын захирамж 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот, Газар эзэмших эрхийн гэрчилгээ 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус тус бичигдсэн байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл нь 2008 онд А-5-ын хэмжээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ хэвлэгдээгүй байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэсэн болно. Газар      эзэмших эрхийн гэрээ жил бүр хийгдээгүй. Газрын цэг тэмдэгт кадастрын зураг координат актаар хүлээж аваагүй зэргийг тус тус үндэслэн хүчингүй болсон. 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгч А-т Алтан овоо баг халуун усанд дуудлага ирсний дагуу Багийн Засаг дарга Ч.Б, хэсгийн төлөөлөгч А, цагдаа Х, газрын даамал Т.М нарын бүрэлдэхүүн очиход нутгийн иргэд болон Р.Э хүмүүсийн хамт маргалдсан байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон захирамжийг танилцуулж газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарсныг иргэн Р.Э танд мэдэгдэх утас болон хаяг байхгүй байсан гэхэд иргэн Р.Э: Би гадаадад олон жил байж байгаад ирсэн гэсэн. Уг газар нь үйл ажиллагаа явуулаагүй 8 жил өнгөрсөн учир газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэн хүчингүй болгосон гэжээ.

Хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 21.1.1 болон 68 дугаар зүйлд заасныг үндэслэн энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэгч Р.Э миний бие миний газар дээр бааз барьсан гэх “З” ХХК-ий А жуулчны баазын баруун талд миний газрыг надад шилжүүлэн олгож өгнө үү.

Хариуцагч Цэнхэр сумын засаг дарга М.Г миний бие Р.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох Цэнхэр сумын засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох А/90 дүгээр захирамжийн хавсралт №01 дахь нэхэмжлэгч Р.Э надад хариуцагч Цэнхэр сумын засаг дарга М.Г нь тус сумын Халуун усны орчим газар аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуйн нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгөхөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Р.Э-ээс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдуулан гаргасан  “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжийн хавсралтын 1 дахь хэсгийг хүчингүй болгож, өмнө эзэмшиж байсан 2000 м2 газрыг эзэмших захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга М.Г, тус сумын газрын даамал Т.М эвлэрч эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулжээ.

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын засаг дарга М.Г нь нэхэмжлэгч Р.Э Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Х” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуйн нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл. “Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4. “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ.

Иймд Нэхэмжлэгч Р.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга М.Г, тус сумын газрын даамал Т.М  нарын эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, иргэн Р.Э-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга М.Г, тус сумын газрын даамал Т.М нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан “иргэн Р.Э Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Халуун ус” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуйн нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгнө” гэж эвлэрсэн эвлэрлийг баталж, иргэн Р.Э-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ