Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0499

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц

 

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Б.Б

          Хариуцагч С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

          Гуравдагч этгээд Н.Б

 

          Нэхэмжлэлийн шаардлага: С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Б.Б-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх

         

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 159/ШШ2026/0010 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Э

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, О.Ц

          Гуравдагч этгээд Н.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

          Хэргийн индекс: 159/2026/0007/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.Б-с С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Б.Б-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан.

          2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын “С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 35.1.2, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар “Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор батлагдсан дэгийн дагуу хэлэлцэж, төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу санал хураалт явуулж, олонхын саналаар баталсан.

          3.2 Хурлын даргыг огцруулах санал нь төлөөлөгчдийн бүрэн эрхийн хүрээнд гарсан санал бөгөөд уг асуудлыг хэлэлцэхийг хуулиар хориглоогүй байхад шүүх асуудлыг урьдчилан төлөвлөөгүй байсан гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн зорилго, агуулгад нийцээгүй. Маргааны гол зүйл болсон санал болон асуудал гэсэн нэр томьёоны утга, агуулга, ялгаатай эсэх асуудалд шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа тэдгээрийг ижил утгаатай гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсгийг баримтлан шийдвэр гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт санал, асуудал гэсэн нэр томьёоны талаар ямар нэгэн тайлбар, үндэслэл тусгагдаагүй бөгөөд маргааны үндсэн асуудлыг бүрэн хэлэлцэж дүгнээгүй.

          3.3 Хурлын ажиллагаанд оролцогчдын эрх зөрчигдсөн нь тогтоогдоогүй. Хурлын тэмдэглэл болон бусад нотлох баримтаас үзэхэд төлөөлөгчид хуралдаанд оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн санал хураалтад оролцсон.

          3.4 Процессын шинжтэй зөрчлийг материаллаг хууль зөрчсөнтэй адилтган дүгнэсэн шүүх асуудлыг урьдчилан тараагаагүй гэх нөхцөл байдлыг тогтоосон боловч энэ нь тухайн шийдвэрийн агуулга хууль бус болсон гэсэн дүгнэлтэд хүргэх хангалттай үндэслэл болохгүй юм. Захиргааны акт хүчингүй болохын тулд тухайн зөрчил нь шийдвэрийн үр дүнд бодитоор нөлөөлсөн байх шаардлагатай бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүх зөвхөн хурлын дэгийн шаардлагыг үндэслэн дүгнэлт хийсэн атлаа төлөөлөгчдийн олонхын хүсэл зориг, санал хураалтын үр дүн болон хурлын бодит нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй байна.

          3.5 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. ** дугаар тогтоол хүчингүй болсон үндэслэлээр ** дугаар тогтоолыг мөн хүчингүй болгосон нь тухайн тогтоолын бие даасан эрх зүйн үндэслэл, хүчин төгөлдөр байдлыг тусад нь шинжлэн тогтоогоогүй байна.

          3.6 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд;

          3. С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-ын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Хуралдааны тов тогтоох тухай” ** дүгээр захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1000 цагт товлож, уг хуралдаанаар I) Сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06 тоот хүсэлт, II) Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолд “Хуралдааны дэг батлах тухай” нэмэлт, өөрчлөлт оруулах, III) Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

          4. А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд Бусад асуудлыг хэлэлцэх явцад төлөөлөгч Н.Б, Г.Т, О.Ц, Н.И нараас “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж төлөөлөгчдийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна хэмээн 6 үндэслэл нэрлэн зааж огцруулах санал”-ыг (1 хуудас) гаргасан.

          5. Уг Хуралдаанаар Б.Б-ыг огцруулах санал хураалтыг явуулж, Тооллогын комиссын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” ** дүгээр тогтоолд “...санал хураалтад нийт 15 төлөөлөгч 15 ширхэг саналын хуудас тараагдсан... Саналын хүчинтэй хуудсыг саналын дүнгээр жагсаавал Огцруулна 10 санал буюу 66,6 хувь, Огцруулахгүй 5 санал буюу 33,3 хувь гарсныг үндэслэн олонхын саналаар Б.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

          6. Ингээд С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” ** дугаар тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 66,6 хувийн саналаар Б.Б-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн.

          7. Мөн өдрийн Хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолоор “...төлөөлөгчдийн 66.6 хувийн саналаар Н овогтой Б иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон” байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна”, 39.1.4-д “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан.

          9. Дээрх хуулийн зохицуулалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд тодорхой байх, хурлаар хэлэлцүүлэх асуудлын саналд үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа зэргийг хавсаргасан байх, улмаар эдгээрийг Хурлын төлөөлөгч нарт ажлын 2 өдрийн өмнө урьдчилан тараасан байх, өөрөөр хэлбэл, урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар асуудал дэвшүүлэхгүй, дээрх шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанд оруулж хэлэлцэхгүй гэсэн агуулгатай байна.

          10. Хэрэгт авагдсан баримтаар Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үед Бусад асуудлаар I) Өвөлжилтийн явцын мэдээлэл, II) Ёс зүйн хорооны дүгнэлт, III) Ахмадын хорооны мэдээлэл гэсэн 3 асуудлыг хэлэлцүүлэхээр дараалал тогтоосон байна.

          11. Хуралдааны хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу дээрх Бусад асуудлуудыг хэлэлцсэний дараа Төлөөлөгч Н.Б, Г.Т, О.Ц, Н.И нараас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-ыг огцруулах санал гаргасан, уг саналыг хэлэлцэх эсэх талаар төлөөлөгчид санал хурааж, Бусад гэсэн асуудалд нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

          12. А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаар тогтоолоор А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баталсан байх ба Хурлын хуралдааны дэгийн 9 дүгээр зүйлд “Хуралдааны бэлтгэл ажлыг хангах”, 9.2-т “Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийн төслийг тухайн хуралдаан болохоос ажлын 5-аас доогүй хоногийн өмнө холбогдох судалгаа, тайлбар, тооцоо, лавлагаа, зураг бүхий баримт бичгийг асуудал оруулж байгаа этгээдээс Хурлын Ажлын албанд цаасаар болон файлаар, албан бичгийн хамт ирүүлнэ”, 9.3-д “Хурлын Ажлын алба хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй” гэж дэг тогтоожээ.

          13. Мөн өдрийн Хуралдаанаар дээрх 2024 онд Хурлын хуралдааны дэг баталсан ** дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай” ** дугаар тогтоолоор Хурлын хуралдааны дэг шинэчлэн баталсан, уг дэгд “...хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийн төслийг тухайн хуралдаан болохоос ажлын 5-аас доогүй хоногийн өмнө ...ирүүлнэ, ...хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах ...шаардлага хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалт өөрчлөгдөөгүй хэвээр байна.

          14. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл. “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх”, 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах” гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудал нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасан хуулийн урьдчилсан нөхцөл, шаардлагыг заавал хангасан байх хуулийн зохицуулалттай.

          15. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан тушаалаас нь хугацаанаас өмнө чөлөөлөх, огцруулах саналыг урьдчилан гаргах бөгөөд уг саналд үндэслэл, шалтгаан, холбогдох судалгаа, төсөл зэргийг хавсаргасан байх, Хуралдааны товд хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байх, хууль болон Хуралдааны дэгд заасны дагуу Хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө Хурлын Төлөөлөгч нарт урьдчилан тарааж, танилцуулсан байх ёстой.

          16. Гэтэл А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Б, Г.Т, О.Ц, Н.И нараас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-ыг огцруулах саналыг 3-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан гаргаагүй, мөн Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үед ч дээрх саналаа гаргаагүй байх ба харин дарааллын дагуу Бусад 3 асуудлыг хэлэлцэж дууссаны дараа гаргасан санал (1 хуудас)-ыг Хуралдаанаар хэлэлцүүлсэн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий 67 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзэхгүй. 

          17. Энэ тохиолдолд Хуралдаанаас гарах шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч Б.Б өөрийг нь огцруулах үндэслэл, шалтгаан уг асуудлаар үг хэлэх, тайлбар, санал гаргах эрхээ бодитой хэрэгжүүлэх боломжгүй байжээ.

          18. Хуулийн шаардлагыг хангаагүй асуудлыг Хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар хуульчилсан байхад хэлэлцүүлэн Б.Б-ыг огцруулах санал хураалт явуулж, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасантай нийцэхгүй байна.

          19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Хурлын даргыг огцруулах санал нь төлөөлөгчдийн бүрэн эрхийн хүрээнд гарсан санал бөгөөд уг асуудлыг хэлэлцэхийг хуулиар хориглоогүй байхад шүүх асуудлыг урьдчилан төлөвлөөгүй байсан гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн зорилго, агуулгад нийцээгүй” гэж маргасан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан тушаалаас чөлөөлөх, шинээр нэр дэвшүүлэх асуудал нь Хурлын бүрэн эрхэд хамаарах боловч энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, тухайн Хурлын хуралдааны дэгээр тогтоосон журмыг мөрдөхөөр байх тул уг гомдлыг хүлээн авахгүй. 

          20. Анхан шатны шүүхийн “...Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 6.2, 6.3-д заасан асуудал хэлэлцүүлэх журам, шаардлагыг зөрчсөн байх тул уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчимд нийцэхгүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн Тогтоох хэсэгт тодорхой тусгах, мөн Тогтоох хэсгийг захиран тушаах хэлбэрээр хууль зүйн бичилт, техникийн шаардлагад нийцүүлэн боловсруулахыг цаашид анхаарах нь зүйтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэнд-Аюушийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ыг С аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин, олговрыг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг О.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА