Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 836

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00437 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ут холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 739 229 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

             Нэхэмжлэгч “ХБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13/424 тоот Кредит картын гэрээгээр 17 300 000 төгрөгийг жилийн бэлэн зарлага 30 хувь, бэлэн бус зарлага 24 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, зээлийн эрх нээлгэсэн бөгөөд барьцаанд Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20 000 м.кв /га/, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрхийг барьцаалуулсан. Зээлийн кредит карт нь зээлийн төлөлтийн хэмжээгээр дахин авч ашиглах боломжтой зээлжих эрх тул нэхэмжлэлд зөвхөн зээл төлөгдөхгүй муу зээл болсноос хойших үндсэн зээлийн төлөлтийн дүнг бичсэн. Зээлдэгч зээлийн хүүнд 4 313 362.95 төгрөг, бэлэн зарлагын шимтгэл 3 550 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэлд 150 000 төгрөг бүгд 4 466 912.95 төгрөг төлсөн. Зээлдэгчид кредит картын гэрээний дагуу үндсэн зээлд 259 000 төгрөг төлсөн. Кредит картын хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 16 651 046 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14 238 183 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 850 000 төгрөг, нийт 31 739 229 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 316 646 төгрөг болон 70 200 төгрөгийн хамт гаргуулах,  зээлдэгч зээлийн төлбөрөөр сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20 000 м.кв /га/, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

1.Зээлдүүлэгч "ХБ" ХХК нь зээлдэгчтэй гэрээ хийхээс өмнө харилцан тохирч байсан хэлэлцээнээс буцсан. Өөрөөр хэлбэл зээлийг 5 жилийн хугацаатай олгоно гэж байснаа 1 жилийн хугацаатай, Монголоос өөр хаана ч байхгүй жилийн 30 хувийн хүүтэй, сар бүр дансандаа 5-8 сая төгрөг байршуулах гэх мэт маш хүнд нөхцөлтэй гэрээг зээлдэгчид сайтар ойлгуулалгүйгээр байгуулсан. Банк зээлдэгч нар хэн алиндаа ашигтай гэрээ байгуулах ёстой. Гэтэл зээлдэгч Д.У зээлдүүлэгч "ХБ" ХХК-ийн хооронд байгуулсан Кредит картын гэрээ нь зөвхөн банкны эрх, ашиг сонирхлыг өөрөөр хэлбэл дан ганц банкны эрхийг хамгаалсан гэрээ. ХБ гэрээний хугацааг сунгах, зээлийг бизнесийн зээл рүү шилжүүлж өгөхийг хүссэн зээлдэгчийн хүсэлтийг хүлээж аваагүй. Гэрээ байгуулсан үед болон одоо ч улс орон эдийн засаг хүнд байдалд орж, бүхий л худалдаа арилжаа, барилга, уул уурхайн салбар зогсонги байдалд орж, зээлдэгчийн тавилгын худалдааны бизнес ч бусад бизнесийн адил зогсонги байдалд орж орлого нь буурсан тул бизнесийн үйл ажиллагаа нь зогссон. Үүнээс шалтгаалан гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон байна. Зээлдэгч Д.У нь үндсэн зээлд 259 000 төгрөг төлсөн. Зээлийн хүүд 4 313 362.95 төгрөг, бэлэн зарлагын шимтгэлд төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэлд 150 000 төгрөг төлсөн.

Банктай байгуулсан Кредит картын гэрээний 6 зүйлийн 6.2.1-д “6 буюу түүнээс дээш удаа төлбөр төлөх хугацаанд төлбөрийн доод хэмжээ бүрэн төлөөгүй, эсхүл төлбөр төлөх хугацааг 60 дээш хоногоор хэтрүүлсэн бол зээлжих эрхийг хүчингүй болгож гэрээг цуцална" гэж заасан. Кредит картын гэрээний 7 зүйлийн 7.1-д “Гэрээний хугацаа дуусахад кредит карт эзэмшигч нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй бүрэн төлөөгүй буюу банк энэхүү гэрээний 3.4-т заасан дансандаа, эсхүл барьцаа хөрөнгөнөөс хуульд заасан журмаар гэрээний үүргийг хангуулна" гэж заасан. Банк энэ үүргээ хэрэгжүүлсэн бол хариуцагч 14 238 183 төгрөгийн хүүгийн төлбөр төлөхгүй байсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт "үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заажээ. Банк гэрээний хугацаа дууссан карт эзэмшигчээс ямар нэгэн төлбөр төлөхгүй байхад барьцаа хөрөнгөнөөс хуульд заасан журмаар гэрээний үүргийг хангуулах талаар арга хэмжээ аваагүйг нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 223.2.4-т заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтрүүлсний шимтгэл хэд байх талаар тохиролцоогүй. Иймд хугацаа хэтрүүлсний шимтгэл нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 16 651 046 төгрөг, нэг сарын хүү 410 573 төгрөг нийт 17 061 619 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Үлдсэнийг нь зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Уранбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Барьцааны гэрээнд би гарын үсэг зурсан. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн , 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу         хариуцагч Д.Уээс 17 061 619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "ХБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 677 610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Д.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20 000 м.кв, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрх бүхий Д.Уранбилэгийн эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386 846 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 243 258 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "ХБ" ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрнө.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацааны хүүг төлөх үүрэгтэй. Банк шаардах эрхтэй. Энэ хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээнд тусгасан хүү юм. Зээлдэгч болон банк хэтэрсэн хугацааны хүүг 20 хувиар нэмэгдүүлэхээр эсхүл зээлийн гэрээнд заасан хүүнээс багасгаж болохыг хуулиар зохицуулжээ. Гэтэл шүүх зөвхөн хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээ гэж зээлийн гэрээнд тусгасан тохиолдолд шаардах эрх үүсэх мэтээр тайлбарлажээ. Дээрх хуулийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн үндсэн хүү гэсний дараа таслал аваад гэрээнд заасан бол ... нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан, зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдол нэмэгдүүлсэн хүүг тооцон авах бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах талаар 25.2 дахь хэсэгт заасан. Түүнээс гадна "хугацаа хэтэрсэн хүү" гэж гэрээнд тусгаагүй нь зээлдэгчийг зээлийн хүү төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Банкны Кредит картын зээлэнд нэмэгдүүлсэн хүү тооцдоггүй тул гэрээнд энэ талаар заалт байхгүй. Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд "хугацаа хэтрүүлсний шимтгэл” авах талаар гэрээний 1.3.9, 3.3 дахь хэсэгт заасан. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заагаагүй нь хэтэрсэн хугацааны хүүг тооцохгүй байх үндэслэл биш бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл гэрээнд заасан үндсэн хүүгийн хувь хэмжээгээр хугацаа хэтрүүлснээс хойшхи буюу хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй. Банк хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээнд заасан үндсэн хүүгийн хэмжээгээр шаардах эрхтэй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчийн хариуцлагыг тодорхой заасан бөгөөд банк шаардах эрхтэй.

Иймээс анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү 14 677 610 төгрөг хасч тооцсон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК шүүхэд хандан, хариуцагч Д.Уээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 739 229 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг буюу үндсэн зээл болон гэрээний хугацааны 1 сарын хүүг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талууд 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 17 300 000 төгрөгийн зээлжих эрхтэй төлбөрийн картыг 1 жилийн хугацаатай олгож, бэлэн зарлагын хүүг жилийн 30 хувиар, бэлэн бус гүйлгээний хүүг жилийн 24 хувиар тооцохоор тохиролцон, зээлийн барьцаанд иргэн Д.Уранбилэгийн эзэмшлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18667291528709 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай 20 000 м.кв талбай бүхий газрыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн 8-12 дугаар хуудсанд авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Энэ гэрээний агуулга нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд зээлийн гэрээний болон 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан ипотекийн үүрэг үүссэн гэж үзнэ. Иймээс хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зохигчид дээрх үйл баримт болон гүйцэтгэсэн үүргээс зээл, зээлийн хүүд суутгасан тооцоолол, үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн талаар маргаангүй. Харин зээлийн хүүгийн хувь, хэтэрсэн хугацааны хүү, шимтгэл шаардаж буй үндэслэлийн талаар марган, мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч банк эрх бүхий этгээдээс зээл авах, түүнийг эгүүлэн төлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хэтэрсэн хугацаанд төлөх зээлийн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах үүргийг зээлдэгч тал хүлээхээр заажээ.

Маргалдагч талууд “кредит картын гэрээ” буюу зээлийн гэрээний 2.4-т бэлэн зарлагын хүүг жилийн 30 хувиар, хүүг тооцохдоо бэлэн зарлага хийсэн дүнг жилийн хүүгээр үржүүлж, 360 хоногт харьцуулах ба энэ дүнг ашигласан хоногоор бодохоор, 2.5 дахь заалтаар бэлэн бус гүйлгээний хүүг жилийн 24 хувиар, хүүг тооцохдоо бэлэн бус гүйлгээний дүнг жилийн хүүгээр үржүүлж, 360 хоногт харьцуулж, дүнг ашигласан хоногоор тооцохоор, харин нэхэмжилсэн нийт төлбөрийг төлөх хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд нэхэмжлэлд дурдсан гүйлгээ хамрах хугацаанд бэлэн бус гүйлгээнд хүү тооцохгүй байхаар тохиролцсоноос гэрээндээ зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд хүү төлөх, хүүгийн хэмжээ ямар байх талаар тухайлан тусгаагүй байна. Түүнчлэн хугацаа хэтрүүлсний шимтгэл нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхойгүйн гадна уг шимтгэл нь хуульд заасан ямар үүрэг, хариуцлагын хэлбэр болох нь ойлгомжгүй байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх тул гэрээний заалт өөрөө утга агуулгын хувьд ойлгомжтой тодорхой байх ёстой. Стандарт нөхцлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зохицуулжээ.

Анхан шатны шүүх, талууд гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөхөөр тохиролцоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 14 677 610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч талын, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 339 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Ч.ЦЭНД