Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/885

 

 

 

 

 

 

 

    2023         11           20                                   2023/ШЦТ/885

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Г.Э /онлайнаар/,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ж-ын Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /РД:***/, Б овогт Ж-ын Б.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 50 минутын орчимд “******* приус” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж замын гарцаар зам хөндлөн гарах гэж байсан явган зорчигч Б.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Б-ийн “...Хэрэг гарсан өдрөөс хойш би хохирогчийн очиж үзүүлнэ гэсэн эмнэлэг рүү нь тухай бүр очиж байсан. Мөн Гэмтлийн эмнэлэг болон Мөнгөн гүүр эмнэлгийн гавъяат эмч дээр очиж үзүүлж байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтэн эмчлүүл гэсэн боловч хохирогч эмнэлэгт хэвтээгүй...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Г.Э-н “...Би 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Модны хоёрын автобусны буудал дээр явган хүний гарцтай хэсгээр гарч байсан. Эхний эгнээний машин намайг явж болно гээд гараараа дохисон, гэтэл нэг машин 3 дугаар эгнээнээс ирж мөргөсөн ба би 2-3 метрийн зайд газарт шидэгдсэн. Нэг мэдэхэд жолооч намайг өргөөд машиндаа суулгаж байсан. Тэгээд түргэний машин болон цагдаагийн газарт дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би 7, 8, 9 дүгээр сарын хугацаанд хэвтрийн дэглэмтэй байсан. Жолоочийн өгсөн 1.530.000 төгрөгийг юунд зарцуулсан талаарх баримтыг хэрэгт өгсөн. Дараа нь толгой өвдсөн тул 650.000 төгрөгөөр Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн... Миний зүгээс нийт гарсан 2.927.000 төгрөгийн зардлаа хүснэгтэд оруулаад баримтын хамт өгч нэхэмжилж байгаа. Хэвтрийн дэглэмтэй, эм тариа авч байсан болон унааны мөнгөний зардал байгаа. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөлт хийгдээгүй байсан. Түрээсийн байрны 8 дугаар сарын төлбөрийг өгсөн. Одоо 9 дүгээр сар, 10 дугаар сарын түрээсийн мөнгө нэхэмжилж байгаа. Намайг 6 сарын хугацаанд хэвтрийн дэглэм сахь гэсэн боловч 3 сар хэвтрийн дэглэм сахиад Баян-Өлгийд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж, ажлаа хийж байгаа. Энэ хугацаанд гарч байгаа зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Би шүүгдэгчээс 3.505.000 төгрөгийг хүлээн авсан... Одоо 2.927.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 9-10 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-8 дэх тал/,  

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл

/хавтаст хэргийн 3 дахь тал/,

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ын хохирогчоор өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 7 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байх гэрээсээ гараад Визний материал өгөхөөр явж байсан бөгөөд Модны хоёрын автобусны буудлын зүүн талаас баруун тийш зам хөндлөн гарахаар явган хүний зохицуулдаггүй гарц дээр ирсэн. Тэгэхэд урдаас хойш чиглэлтэй явж байсан 1 дүгээр эгнээний автомашин зогсож зам тавьж өгөхөөр нь би урдуур нь гараад явахад 2 дугаар эгнээнд явж байсан автомашин миний зүүн талаас мөргөөд би газар шидэгдэж унасан. Ослын дараа намайг мөргөсөн машины жолооч намайг өргөөд машиндаа суулгасан. Тэр хооронд жолооч ах түргэн дуудсан... Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 18-21, 25 дахь тал/,

 

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Модны хоёр”-ын уулзварын замд 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 7 цаг 50 минутын орчимд “******* Приус” маркийн *** улсын дугаартай автомашины жолооч нь явган зорчигч Б.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас Г.Э-д Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 78.000 төгрөг гарсныг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 ахь тал/,

 

            - “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Toёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Улсын дугаарын 1 гэрэл асахгүй, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3800сd байгаа нь  авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,1кН баруун талдаа 1,9кН, зөрүү нь 10% /стандарт  <20%/, хойд дугуйн тоормос зүүн талдаа 1,3кН баруун талдаа 1,5кН, зөрүү нь 13% /стандарт  <20%/ тоормосны систем хэвийн ажиллаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Уг тээврийн хэрэгслийн их гэрэл нь Н4 маркийн ламптай бөгөөд тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10700сd,  хол дээрээ 23400сd, баруун талын эрлийн тусгалын чадал ойр дээрээ 3800cd, хол дээрээ  12200cd /стандарт 10000-с дээш/ байх буюу баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Тус тээврийн хэрэгсэл нь 2022 оны 8 дугаар сарын 24-нд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай “...Г.Э-н биед сэрээний 3,4,8,9,10,11-р нугалмуудын шахагдсан хугарал, зулайн зүүн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэнд шарх, баруун далны дотор дээд хэсэг, зүүн далны дотор хэсэг, баруун тохой, зүүн өвдөгт цус хуралт, баруун хөлийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд “...2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Б.Э нь сэтгэл гутрал, түгшүүрийн хам шинжүүд илэрсэн. Мөн гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр байна. Гэмтлийн дараах сэтгэл, гутрал, түгшүүрийн шинж, стрессийн түвшин өндөр байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь/, 

 

  • 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 926 дугаартай мөрдөгчийн магадлагаа 70 дахь тал/,
  • Хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 87-94 дэх тал/,
  • Хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-ийн яллагдагчаар  өгсөн: “..Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн автомашиныг жолоодоод Модны хоёрын замаар урдаас хойш чиглэлтэй явж байсан бөгөөд явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирэхэд 1 дүгээр эгнээнд нэг автомашин явж байсан. Миний урд мөн автомашин явж байсан. Би 2 дугаар эгнээнд явж байсан. Тэгээд гарц руу ойртож ирэхэд 1 дүгээр эгнээнд явж байсан машины урдуур явган зорчигч гараад ирсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгээд зүүн гар тийш дарж зогсоход зэрэгцээд явган зорчигч эмэгтэйг машины баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Би хохирогчийн эмчилгээний зардалд 3.000.000 орчим төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 37 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 50 минутын орчимд “******* приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж замын гарцаар зам хөндлөн гарах гэж байсан явган зорчигч Б.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Э-н мэдүүлэг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Б- нь B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/ болох нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байх ба шүүгдэгч Ж.Б- нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан дээрх заалтыг зөрчсөн байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Ж.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Мөн Зам тээврийн осол хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Ж.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Г.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-1/ тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 69 дэх талд авагдсан байна.

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 2750000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Г.Э-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Хохирогч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол төлбөрт нийт 3.505.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б-ээс хүлээн авсан...” гэж мэдүүлсэн тул  шүүгдэгч Ж.Б- нь хохирогч Г.Э-д хохирол төлбөрт 3.505.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Б-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-н Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ээс 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э-д олгосугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ж.Б-ээс 78.000 /далан найман мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Б-ээс  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Ж.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ