Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/886

 

  

 

 

 

 

 

     2023         11           20                                   2023/ШЦТ/886

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

шүүгдэгч Г.А-,

хохирогч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт т-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Т овогт Г А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овогт Т-ын Д- /регистрийн дугаар ***/,

Монгол Улсын иргэн, Т овогт Г-ыны А- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Д- нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын үүдэнд С.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын гадна Г.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хүндүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.А- нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын үүдэнд Т.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Т.Д- нь хүндүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудалд Т.Д-, Б- нарын хамт орцгоосон. Үүрээр 5 цаг өнгөрч байхад би найз Б-ы хамт тамхи татах гээд буудлаас гарсан. Бид хоёрын хажуугаар 2-3 залуу өнгөрөхөд би гал байна уу гэж асуухад тэр залуучууд дэмий юм асуулаа гээд надтай маргалдаад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд тасарсан байсан. Намайг тухайн залуучуудтай маргалдаад байж байхад Д- буудлаас гарч ирсэн. Гэтэл нөгөө 3 залуу яваад өгсөн. Би Д-ид юу болсон талаар ярьж байхад хажуугаар нэг намхан залуу өнгөрөхөөр нь би тухайн залууг надтай маргалдсан 3 залуугийн нэг нь байна гэж бодоод тэр залууг барьж аваад нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон. Гэтэл цаанаас Д- наад залуу чинь биш, чи гэмгүй хүн цохичихлоо гэж байсан...

          Би Нямдоржийг заамдаад байж байхад А- ирээд надтай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд миний шанаа, толгой тус газарт гараараа 2-3 удаа шанаадсан. Тэгээд би тухайн хүнийг цааш түлхсэн...

          Би хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй... Би хохирогч *******ид 680.000 төгрөгийн хохирол төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 64-65 дахь тал/,

 

          Шүүгдэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

          “...Би 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 5 цагийн үед дуудлагын жолооч дуудаад найз Т-ыг хүргэж өгөх гээд явж байсан. Т бид хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би “Т” буудлын хажууд байрлах дэлгүүр орох гээд явж байхад сахалтай залуу өөрөөсөө нилээн дүү гэмээр намхан залууг заамдаад цохиж байсан. Т бид хоёр тухайн залуу дээр очоод зодооныг салгаад байж байхад тухайн сахалтай залуу нөгөө зодож байсан залуугаа аваад явсан. Т бид хоёр “Т” буудалд ороод өрөөнд байж байсан. Дуудлагын жолооч ирээд бид хоёр өрөөнөөс гарч байхад гадна цагдаа нар ирчихсэн нөгөө жижиг залуутай уулзаад байж байсан. Тэгэхээр нь буцаж буудал руу ороод нөгөө сахалтай залуугийн байгаа газарт очоод түүний цамцных нь мөрнөөс зуураад гадаа цагдаа ирчихсэн байна. Чи хүн зодсон, гарч уулз гээд чирээд гаргахад цагдаа нар явчихсан байсан. Гэтэл нөгөө сахалтай залуу над руу агсраад миний нүүрэн тус газар нэг нэг удаа цохисон... Би зөрүүлээд тухайн залууг нүүр, толгой хэсэгт 2 удаа гараараа шанаадаж цохисон. Нэг нь чамархай хэсэгт нь оносон. Нөгөө цохилт нь оноогүй хий цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27, 75-76 дахь тал/,

 

            Хохирогч С.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

            “...Т.Д- хохирол төлбөрт 680.000 төгрөг төлсөн... Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

 

            Хохирогч С.Н-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө өөрийн машинтайгаа гадуур явж байгаад Баянгол дүүргийн “Т” зочид буудлын хажуу талд байрлах буудлаас нэг хүн такси дуудсан байсан болохоор би буугаад тухайн буудлыг харах гээд тухайн буудлын үүдэнд дөхөөд очиход 30-35 орчим насны 3-4 залуучууд маргалдаад байгаа бололтой байсан. Тухайн залуучуудын нэг нь 170-175 сантиметр өндөртэй махлаг, нүүрэндээ сахалтай залуу нь миний нүүрэн тус газарт 2-3 удаа шууд үг дуугүй цохиод авсан. Би гайхаад яагаад намайг цохиод байгаа юм бэ гээд хамраа дараад доош хараад сууж байхад бусад залуус нь гарч ирээд нөгөө залуугаа салгаад надаас холдуулсан. Би тэр үед цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

           Хохирогч С.Н-с мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Т-ын гэрчээр өгсөн:

         “...Би 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 07 цагийн үед Дорнод аймгаас ирээд “Т” зочид буудал руу ороод А-тай уулзаж гадуур хоол идэж, пиво ууцгаагаад буудал руу орох гээд үүдэнд нь зогсож байхад сахалтай залуу өөрөөсөө дүү бололтой залууг зодоод байгаа бололтой цохиж аваад заамдаад байсан. А- бид хоёр тухайн залуу дээр очоод жаахан хүүхэд зодлоо, ингэж болохгүй гэхэд тухайн залуу А- бид хоёрыг та муу хоёр хужаа цаашаа яв гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Гэтэл А- тэр залуугийн нүүрэн тус газарт нь баруун гараараа 1-2 удаа цохисон. Тухайн сахалтай залуу А-тай зууралдаад авсан. Би дундуур нь ороод салгаад холдуулсан. Тэгэхэд нөгөө жижигхэн залуу цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

         

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Т.Д-гийн биед баруун зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, баруун дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мөн Т.Д- нь хамар яс, баруун ухархайн дотор ханын хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэлтэй байх бөгөөд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хэдэн хүн, яаж үүсгэснийг шүүх эмнэлэгт тогтоохгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг аладгдуулахгүй. Унах үед үүсч болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Г.А-ийн биед зүүн нүдний гадна булан, доод зовхинд цус хуралт, дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн эгмийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийг үүсгэсэн хүний тоог шүүх эмнэлэгт тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь хүн өөрийн өндрөөс унах үед нэгэн зэрэг үүсэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг аладгдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...С.Н-ын биед хамрын ясны хугарал, баруун 1/11/, зүүн 1/21/ шүдний 3 дугаар сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг аладгдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

          Шүүгдэгч Т.Д-, Г.А- нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

  • иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85, 92 дахь тал/,

-    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст

хэргийн 81, 82 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Т.Д-гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Г.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.Д-, Г.А- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирол төлбөрт 680.000 төгрөг хүлээн авсан...” гэж, хохирогч Т.Д-, Г.А- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдол, саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэх тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Д-, Г.А- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоолоо.

Шүүгдэгч Т.Д-, Г.А- нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Т-ын Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Т овогт Г-ын А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.А-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-, Т.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.А-,Т.Д- нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ