Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 3358

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоот, “АФ” ХХК-ийн /РД: 00000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Оюуны Гт /РД: 0000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 24.306.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“АФ” ХХК нь 2019 оны 1  сарын 31-ний өдөр иргэн О.Гтэй 1463 тоот зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. О.Г уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан өөрийнхөө өмчлөлд байсан ******* УБУ улсын дугаартай, приус 30 маркийн суудлын авто машиныг барьцаалсан.

Зээлдэгч О.Г нь зээлийн хүүнд 2019 оны 2 сарын 28-ны өдөр 600.000 төгрөг төлсөн ба 2019 оны 3 сарын 30-ны өдөр 600.000 төгрөг зээлийн хүүнд төлөхөөс 300.000 төгрөг төлсөн. 2019 оны 3 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

О.Г нь 2019 оны 3 сарын 30-ны өдөр зээлийн хүүд 600.000 төгрөг төлөхөөс 300.000 төгрөг төлж үүнээс хойш хугацаанд зээлийн төлбөр, хүүгээс төлөлт огт хийгээгүй өнөөг хүрсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 1 сарын 30-ны өдөр дуусч уг хугацаанд үндсэн зээл 12.000.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 6.300.000 төгрөг хуримтлагдсан. Өмнө 2019 оны 2 сарын 28-ны өдөр төлсөн хүү 600.000 төгрөг, 2019 оны 3 сарын 30-ны өдөр хүүнд төлсөн 300.000 төгрөгийг хасч тооцсон.

Зээлдэгч О.Гт гэрээний хугацаа дууссаны дараа төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр шаардлагыг хүлээн авахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, фидуцийн гэрээний дагуу манай эзэмшилд шилжүүлсэн өөрөө ашиглаж буй авто машинаа биет байдлаар нь зээлдүүлэгч болох “АФ” ХХК-д шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй.

Бид авто машиныг худалдан борлуулах санал тавьсан ч шилжүүлж өгөөгүй ба машиныг хэрхсэн талаар зээлдэгч О.Гөөс тодруулахад тэрээр уг авто машиныг бусдад худалдсан гэсэн бөгөөд тухайн хүнээсээ төлбөрөө аваагүй гэж хэлж байсан.

Зээлдэгч О.Г нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, фидуцийн гэрээний дагуу авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байх тул зээлийн гэрээний  үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтыг баримталж 12.000.000 төгрөгийн алдангийг 2020 оны 2 сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 100 хоногоор тооцон шаардсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн буруугаас маргаан шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд үүнтэй холбогдон гарсан бүх зардал, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу болон мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан компанийн гэрчилгээ, зээлийн гэрээ, фидуцийн гэрээг нотариатаар хуулбарлан гэрчлүүлэхэд нэхэмжлэгчээс үйлчилгээний хөлс, нотариатын зардалд төлсөн 6.500 төгрөгийг хариуцагч О.Гөөс гаргуулахаар шаардсан болно.

Хариуцагч О.Гөөс үндсэн зээл 12.000.000 төгрөг, зээлийн хүү 6.300.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэгчээс гарсан нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 24.306.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

О.Г миний бие “АФ” ХХК-иас 12.000.000 төгрөгийн зээл авсан. Тус компанийн нэхэмжилж байгаа 24.306.500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч О.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Алданги хэтэрхий өндөр дүнтэй байна. Ярилцаад эвлэрэх боломж байгаа гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “АФ” ХХК нь хариуцагч О.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24.306.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Үндсэн зээл 12.000.000 төгрөг,

-зээлийн хүүгийн төлбөр 6.300.000 төгрөг, /2019.03.30-2020.01.30 хүртэл/

-алданги 6.000.000 төгрөг,

-нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 24.306.500 төгрөг/

О.Г нь 2019 оны 1 сарын 31-ний өдөр “АФ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэн өөрийн өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны 1 сарын 3-ны өдөр Монгол улсад орж ирсэн, тоёота приус маркийн, ******* УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

  Дээр дурьдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 6-10 дугаар тал/

Хариуцагч О.Г нь 2019 оны 2 сарын 28-ны өдөр үндсэн зээлээс төлөөгүй ба зээлийн хүү 600.000 төгрөг, 2019 оны 3 сарын 30-ны өдөр мөн үндсэн зээлээс төлөөгүй бөгөөд зээлийн хүүнд 600.000 төгрөг төлөхөөс 300.000 төгрөгийг тус тус төлсөн нь  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцооллоор тогтоогдлоо.

О.Г нь үүнээс хойш хугацаанд буюу 2019 оны 3 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд тэрээр нэхэмжлэгч талын зээлийн төлбөрийн тооцооллыг эсэргүүцэн тайлбар гаргаагүй болно.

/ХХ-ийн 10 дугаар тал/

Зээлдэгч О.Г нь 2019 оны 1 сарын 31-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч “АФ” ХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Зээлдэгч нь зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс Иргэний хуулийн 232.6 дах хэсгийн заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “АФ” ХХК нь алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

/ХХ-ийн 6 дугаар тал/

Тэдгээрийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгчийн хүлээсэн үүргийн биелэлтэнд тогтмол хяналт тавих ...”,

мөн 7 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлахтай холбоотой заалтыг тусгасан ба 7.3-т “Зээлдэгч ... аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон бүхий л тохиолдолд”,

7.4-т “Зээлдэгчийн үйл ажиллагаа, түүний явц, үр дүн, нөхцөл байдалд өөрчлөлт орсноос зээлийг эргүүлэн төлөх найдваргүй болсон”,

7.6-д “Барьцаа хөрөнгийн ... чанар, бүрэн бүтэн байдал нь анх хүлээлцсэн байдлаас зөрчилтэй ... болохыг зээлдүүлэгч өөрөө мэдсэн, ... “,

7.9-д “Барьцаа хөрөнгийг ... зээлдүүлэгчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлэх, захиран зарцуулах оролдлого хийсэн” зэрэг үүргээ биелүүлээгүй тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг цуцалж зээлийг төлөхийг шаардах эрхтэй байхад “АФ” ХХК  энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хүү, гэрээнд заасан алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээг аваагүй байна.

Хариуцагч О.Г 2019 оны 3 сарын 30-ны өдөр үндсэн зээлээс 500.000 төгрөг, зээлийн хүү 600.000 төгрөг тус тус төлөхөөс гагцхүү зээлийн хүүд 300.000 төгрөг төлснөөс хойш гэрээний үүргээ гүйцэтгэлгүй 1 жил, 3 сар, 13 хоног болсон байхад зээлдүүлэгч гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс үүдэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүү, алдангийн хэмжээ нэмэгджээ.

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүй, 2020 оны 6 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гарган хүү, алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.

Иймд 2020.02.01-нээс 2020.05.10-ны өдрийг хүртэл тооцсон нийт 100 хоног /өдрийн 60.000 төгрөг /-ийн алданги 6.000.000 төгрөгийн тал хувь 3.000.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

2019 оны 1 сарын 31-ний өдрийн гэрээний 8 дугаар зүйлд “Зээлдэгчийн буруугаас маргаан шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд үүнтэй холбогдон гарсан бүх зардал, хохирлыг ... зээлдэгч хариуцна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт материал нотариатчаар гэрчлүүлсэн 6.500 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу  гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно“ гэж заасны дагуу нотариатын зардал 6.500 төгрөгийг нэхэмжлэгч “АФ” ХХК нь хариуцагч О.Гөөс шаардах эрхтэй байна.

/ХХ-ийн 13 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5, 232 дугаар зүйлийн  232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч О.Гөөс 21.306.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АФ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зээлдэгч О.Г нь барьцаа хөрөнгө болох тоёота приус маркийн, ******* УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн тул 2019.01.31-ний өдрийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ биелэгдэх боломжгүйд хүрч шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн тайлбарласан болно.

2020 оны 9 сарын 14-ний өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нь өмгөөлөгч авах болон нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 9 цаг хэлэлцүүлэхээр хойшлуулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдлаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:                                                                                             

            1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар 227.3-т заасныг баримтлан хариуцагч О.Гөөс 21.306.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АФ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279.482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гөөс 264.482 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АФ” ХХК-д олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч О.Гийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 17248 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.САРАНГҮН