Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 3318

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *****-р байр, “КС ” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, А-н Кд /РД: 0000/ холбогдох,

Түрээсийн гэрээ цуцалж, 21.640.920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал,

Хариуцагч А.К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “КС ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “КС ” ХХК нь А.Ктай 2020 оны 1 сарын 24-ний өдөр Г/20/04 тоот рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба 2020 оны 1 сарын 21-ний өдөр рестораны ажлын байр болон эд хөрөнгийг хүлээлцсэн бөгөөд нийт 35.000.000 төгрөгийн эд хөрөнгө А.Кд хүлээлгэн өгсөн.

Анх гэрээ байгуулахдаа 1 сарын түрээсийн төлбөрийг 5.500.000 төгрөг гэж тохирсон бөгөөд хоорондоо харилцан тохирч 2 ба 3 сард түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг, 4 ба 5 сард 4.500.000 төгрөг, 6 ба 7 сард 5.000.000 төгрөг, 8 сараас цаашид байнга 5.500.000 төгрөг байхаар тохирсон.

Гэрээ байгуулахдаа түүнээс барьцаа 5.000.000 төгрөг авах байсан боловч А.К 4.400.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 600.000 төгрөгийг нь удахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй.

Гэрээг 2020 оны 1 сарын 24-ний өдөр байгуулсан боловч түрээсийн төлбөрийг 2020 оны 2 сарын 1-ний өдрөөс тооцсон.

2020 оны 3 сар болж бид 2 сарын түрээсийн төлбөрийн нэхэмжлэхээ өгөхөд тэрээр удахгүй өгнө, бид цаашид үргэлжлүүлэн ажиллана гэж хүссэн тул түүнд итгэж хүлээсэн. А.К түрээсийн эхний сарын буюу 2 сарын төлбөр 4.000.000 төгрөгийг төлсөн.

3 сар дуусч байхад 800.000 төгрөг төлсөн ба 3 сарын түрээсийн төлбөрөөс 3.200.000 төгрөг дутуу үлдсэн. Бид санаа зовж цаашид ажиллаж чадах эсэх талаар захирал Д.Б******* А.Ктай ярилцсан бөгөөд ресторанаа цаашид түрээслэх сонирхолтой, банкнаас мөнгө зээлж байгаа, өнөө маргаашгүй түрээсээ төлнө гэсэн.

Гэсэн ч 5 сар дуустал түрээсийн төлбөрөөс огт төлөөгүй бөгөөд тэр байтугай хэрэглэсэн ус, цахилгааны төлбөрөө  орсон цагаасаа төлөөгүй өдий хүрсэн.

Эднийх  2020 оны 5 сарын 29-ний орой 22 цаг 30 минут хүртэл ажиллаад тэрнээс хойш холбоо барилгүй алга болсон. А.Кы утас руу залгахаар утсаа авахгүй, мессэжний хариу бичихгүй таг болсон.

2020 оны 6 сарын 4-ний өдөр захирал Д.Б*******ийн утас руу ******* гэсэн дугаараас “Би хөдөө явж байна. Хотоос гарч хөдөө ирээд мөнгө хөөцөлдөж байна. Ресторанаа хүлээлгэж өгнө. 7 хоногийн дараа очино” гэсэн  мессэж ирсэн.

Манай компани ресторанаа бүх тоног төхөөрөмж, эд хогшлын хамт сард 5.500.000 төгрөгөөр түрээслэдэг бөгөөд тухайн үед коронавирусын халдвар тархаж эхэлж байсан үе тул боломжийн хэмжээгээр түрээсийн үнээ буулган А.Ктай гэрээ байгуулсан.

Бид А.Кыг түүний хүссэнээр 7 хоног хүлээсэн  ба ямар нэгэн хариу ирүүлэхгүй алга болохоор нь 2020 оны 6 сарын 15-ны өдөр түүний дээрх утас руу гэрээ дуусгавар болгох талаар мессэж үлдээгээд мөн өдрөө ресторан руугаа нэвтэрч эд зүйлээ шалгаад ресторанаа битүүмжилсэн.

А.Кд хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг зохисгүй ашигласан буюу эвдэлж хэмхэлсэн зүйл байхгүй учраас үүнтэй холбоотой тооцоогүй.

Түрээсийн гэрээг түрээслэгч А.Кы гэрээний үүргээ биелүүлээгүйгээс дуусгавар болгож байгаа тул түүнээс барьцаа хөрөнгийн үлдэх хэсгийг шаардсан.

Иймд А.Каас 2020 оны 3 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.200.000 төгрөг, алданги 88 хоног, 1 хоног 16.000 төгрөг, бүгд 1.408.000 төгрөг, 2 сарын ус, цахилгааны төлбөр 135.370 төгрөг, 3 сарын ус, цахилгааны төлбөр 120.130 төгрөг, 4 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг, алданги 58 хоног, 1 хоног 22.500 төгрөг, бүгд 1.305.000 төгрөг, 4 сарын  ус, цахилгааны төлбөр 103.150 төгрөг, 5 сарын ус, цахилгааны төлбөр 139.270 төгрөг, 5 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг, алданги 28 хоног, 1 хоног 22.500 төгрөг, бүгд 630.000 төгрөг,  6 сарын түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг, барьцаа төлбөрийн үлдэгдэл 600.000 төгрөг, нийт 21.640.920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч А.К шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.К миний бие 2020 оны 1 сарын 24-ний өдөр “КС ” ХХК-тай түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулан рестораны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр болсон.

Түрээсийн үндсэн төлбөр 5.500.000 төгрөг, барьцаа 5.000.000 төгрөг байсан бөгөөд үүнээс 2 ба 3 сард 4.000.000 төгрөг, 4 ба 5 сард 4.500.000 төгрөг байна гэж гэрээнд тусгасан.

Барьцаа төлбөрөөс 600.000 төгрөг дутуу байгаа. 2 сарын түрээс 4.000.000 төгрөгийг төлсөн. 3 сарын түрээсийн төлбөрөөс 800.000 төгрөгийг төлсөн.

2020 оны 2  сарын 1-ний өдрөөс Ази-Монгол хоол гарган ажиллуулж эхэлсэн. 3 сард карантин эхлээд орлого муудаад боломж энэ байна гээд 800.000 төгрөг өгсөн.

4 сард бас адил нөхцөлтэй байсан. 5 сард арай гайгүй ажиллаж байгаад би 5 сарын 11-ний өдөр хөдөө явсан. Би дүүтэйгээ уг рестораныг ажиллуулж байсан ба явахдаа дүүдээ үлдээгээд явсан.

Би хөдөө байхдаа 2020 оны 6 сарын 4-ний өдөр Д.Б******* захирал руу мөнгө удахгүй өгнө, 7  хоногийн дараа очино, ресторанаа хүлээлгэж өгнө гэж мессэж бичсэн. Намайг мессэж бичсэний маргааш үнэгүй.мн дээр ресторан түрээслүүлнэ гээд зар тавьсан байсан.

Ус, цахилгааны төлбөрийг бол төлөөгүй бөгөөд энэ мөнгийг төлнө.

Би уг байранд 800.000 төгрөгөөр засвар хийсэн. Будаа агшаагч 30.000 төгрөгөөр, 45.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хайруулын таваг, 65.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг хайруулын таваг, 2.500 төгрөгийн үнэтэй аяга 30 ширхэг, 28.000 төгрөгийн үнэтэй  халбага, сэрээний иж бүрдэл, 150.000 төгрөгөөр том ус буцалгагч, 30.000 төгрөгөөр жижиг ус буцалгагч, 80.000 төгрөгөөр хоолны халуун сав, 70.000 төгрөгөөр байгалийн зураг, 75.000 төгрөгөөр том цаг авч тавьсан.

Цэцэгний үнийг санахгүй байна. 25.000. төгрөгөөр цонхонд наалт наалгасан, 42.000 төгрөгөөр тал хананд цаас наалгасан, 2 хүн авчирч эмульс хийлгэсэн, ажлын хөлсөнд нь 50.000 төгрөг өгсөн. 2.500 төгрөгийн үнэтэй 15 ширхэг гэрэл авч тавьсан. Ихэнхийг нь Нарантуул худалдааны төвөөс авсан учраас баримт аваагүй. 

Гэнэтийн буюу ковид-19 цар тахлын улмаас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нийт 3.000.000 төгрөг төлөх хүсэлтэй. Төлбөрийн 50-70 хувийг чөлөөлж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ”КС ” ХХК нь хариуцагч А.Кд холбогдуулан түрээсийн гэрээ цуцалж, түрээсийн гэрээний үүрэг 21.640.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2020 оны 3 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.200.000 төгрөг,

алданги 88 хоног, 1 хоног 16.000 төгрөг, бүгд 1.408.000 төгрөг,

-2 сарын ус, цахилгааны төлбөр 135.370 төгрөг,

-3 сарын ус, цахилгааны төлбөр 120.130 төгрөг,

-4 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг,

алданги 58 хоног, 1 хоног 22.500 төгрөг, бүгд 1.305.000 төгрөг,

-4 сарын  ус, цахилгааны төлбөр 103.150 төгрөг,

-5 сарын ус, цахилгааны төлбөр 139.270 төгрөг,

-5 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг,

алданги 28 хоног, 1 хоног 22.500 төгрөг, бүгд 630.000 төгрөг,

-6 сарын түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг,

  -Барьцаа төлбөрийн үлдэгдэл 600.000 төгрөг, нийт 21.640.920 төгрөг/

Нэхэмжлэгч ”КС ” ХХК нь хариуцагч А.Ктай 2020 оны 1 сарын 24-ний өдөр “Үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулан түрээслэгч А.К нь түрээслүүлэгч “КС ” ХХК-ийн  өмчлөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 102, “Талын болор” обьектод рестораны зориулалтаар 1 давхрын 101 тоотыг 1 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохирчээ.

Дээрхи гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсээ зуран тамгаа даран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 18-21 дүгээр тал/

Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энх тайваны өргөн чөлөө 102-т байршилтай, үйлчилгээний зориулалттай, 1.350 м.кв талбайтай, зоорийн давхартай 6 давхар бүхий эрхийн улсын бүртгэлийн Y2205031957 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “КС ” ХХК болох нь 000078188 дугаар бүхий өмчлэх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 23 дугаар тал/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба ингэж бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан хэдий ч хариуцагч А.К нь нэхэмжлэгч “КС ” ХХК-ийн 6 давхар барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсгийг буюу 1-р давхрыг нь түрээслэсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т “Түрээслэгч уг ажлын байрны 101 тоот ажлын байрыг рестораны зориулалтаар түрээслэх бөгөөд түрээсийн үндсэн төлбөр сард нийт 5.500.000 төгрөг байх ба сар бүр бэлнээр төлөхөөр тохиролцов”,

5.2-т “Хоёр талын харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн төлбөрт дараах хөнгөлөлтийг үзүүлэхээр болов. Үүнд: 2 ба 3 сард 4.000.000 төгрөг,

4 ба 5 сард 4.500.000 төгрөг,

6 ба 7 сард 5.000.000 төгрөг,

8 сараас цаашид байнга 5.500.000 төгрөгөөр төлнө” гэж тохирсон бөгөөд талууд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.

Мөн гэрээний 5.4-т “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 2020.02.01-ний өдрөөс эхлэн тооцсон ба цаашид түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр бүтнээр авч байна”,

5.6-д “Түрээсийн гэрээ хийхэд 2 талын харилцан тохиролцсон барьцааны төлбөрийг барьцаа болгон түрээслүүлэгч талд үлдээж, гэрээ дуусгавар болмогц төлбөрийн тооцоогүй, яиар нэгэн зөрчилгүй эд хөрөнгийг анх хүлээлцсэн актын дагуу хүлээлцсэн тохиолдолд барьцаа мөнгөө буцаан авна. Барьцаа төлбөр 5.000.000 төгрөг байна” гэж заасан бөгөөд хариуцагч буюу түрээслэгч А.К барьцаа төлбөрөөс 4.400.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл нь 600.000 төгрөг талаар талууд тайлбарлалаа.

   Түрээсийн төлбөрийг 2020 оны 2 сараас тооцохоор тохирсон бөгөөд хариуцагч А.К 2020 оны 2 сарын төлбөр 4.000.000 төгрөгийг бүрэн төлж, 3 сарын түрээс 4.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойшхи хугацааны төлбөрийг түрээслэгч А.К төлөөгүй талаар хэн аль нь тайлбарлаж байна.

Хариуцагч А.К рестораныг түрээслэж эхэлсэнээс буюу 2020 оны 2-5 сарыг дуустал хугацааны ашиглалтын зардлыг төлөөгүй талаараа маргахгүй байгаа бөгөөд 2020 оны 2 сарын ус, цахилгааны төлбөр 135.370 төгрөг, 3 сарын ус, цахилгааны төлбөр 120.130 төгрөг, 4 сарын  ус, цахилгааны төлбөр 103.150 төгрөг, 5 сарын ус, цахилгааны төлбөр 139.270 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөрийн нэхэмжлэхүүдээр тогтоогдож байх ба тэрээр уг зардлуудыг төлнө хэмээн тайлбараа гаргалаа.

/ХХ-ийн 5-12 дугаар тал/

Түрээслүүлэгч “КС ” ХХК нь түрээслэгч А.Кыг түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдлийг 2020 оны 5 сарын 4, 2020 оны 5 сарын 30, 2020 оны 6 сарын 2-ны өдрүүдэд тус тус хүргүүлж байсан бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгэхтэй холбоотой талууд мессэжээр харилцаж байсан талаараа маргаагүй.

/ХХ-ийн 24-26 дугаар тал/

Түрээслэгч А.К нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т заасныг буюу сар бүрийн 1-ний өдөр төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул мөн гэрээний 5.5-д “... тогтсон хугацаа 7 хоног хэтэрсэн тохиолдолд түрээсийн гэрээг цуцална” гэж зааснаар түрээслүүлэгч “КС ” ХХК нь түрээслэгч А.Ктай байгуулсан түрээсийн гэрээг цуцлахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Түрээслэгч А.К нь 2020 оны 6 сарын 4-ний өдөр өөрийн ******* гэсэн дугаарын утаснаас түрээслүүлэгч “КС ” ХХК-ийн захирал Д.Б*******т “... Ресторанаа хүлээлгэж өгнө. 7 хоногийн дараа очино” гэсэн  мессэжийг явуулсан талаар хэн аль нь тайлбарлаж байх ба түрээслүүлэгч “КС ” ХХК түүнд боломж олгон мессэждээ дурьдсан 7 хоногийн хугацааг хүлээн тухайн хугацаандаа ямар нэгэн хариуг түрээслэгч А.К ирүүлээгүй учраас 2020 оны 6  сарын 15-ны өдөр ресторанд нэвтрэн орж эд хөрөнгөө бүртгэн хүлээн авсан гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн  эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгч “КС ” ХХК түрээсийн төлбөрөө төлөөгүй түрээслэгч А.Каас төлбөрөө шаардсан нь үндэслэлтэй.

Түрээслүүлэгч “КС ” ХХК нь 2020 оны 6 сарын 15-ны өдөр түрээсийн байранд нэвтэрсэн талаараа тайлбарлаж байх ч түрээслэгч А.Кы 2020 оны 6 сарын 4-ний өдрийн мессэжиндээ тусгасан хугацааг хүлээсэн гэж байх тул 6 сарын түрээсийн төлбөрийг бүхэлд нь бус А.Кы рестораныг хүлээлгэж өгөхөө зөвшөөрсөн өдрөөр буюу 2020 оны 6 сарын 4-ний өдрөөр дуусгавар болгон тооцох нь зүйтэй гэж үзэв.

/2020 оны 3 сарын түрээсийн үлдэгдэл 3.200.000 төгрөг,

4 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг,

5 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг,

6 сарын түрээсийн төлбөр 5.000.000 төгрөг*30 хоног=166.666 төгрөг /1 хоног/

166.666 төгрөг*4 хоног=666.664 төгрөг

6 сарын түрээсийн төлбөр 666.664 төгрөг/

Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “... Түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”,

289 дүгээр зүйлийн 289.1.2-т “Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж тус тус заасан тул түрээслэгч А.К 2020 оны 2 сарын ус, цахилгааны төлбөр 135.370 төгрөг, 3 сарын ус, цахилгааны төлбөр 120.130 төгрөг, 4 сарын  ус, цахилгааны төлбөр 103.150 төгрөг, 5 сарын ус, цахилгааны төлбөр 139.270 төгрөг, нийт 497.920 төгрөгийг төлөх үүрэгтэй буюу түрээслүүлэгч түүнээс уг зардлыг нэхэмжлэх эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 1 сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээг түрээслэгч А.Кы гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр цуцалсан тул тэрээр барьцаа төлбөрийн үлдэх хэсэг 600.000 төгрөгийг төлөх үүрэггүй бөгөөд түрээслэгч А.К нь барьцаа төлбөрийг буюу 4.400.000 төгрөгийг буцааан шаардах эрхгүй.

Түрээслэгч А.К нь түрээсийн байранд 800.000 төгрөгөөр засвар хйсэн, ажлын хөлсөнд 50.000 төгрөг төлсөн, гоёл чимэглэл зураг, цэцэг 570.000 төгрөгөөр, сав суулга 800.000 төгрөгөөр, бараа материал 2.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй  тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний .5-д “Түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх ба хугацаа алдсан хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох”,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заасныг үндэслэн түрээслүүлэгч “КС  ХХК дараах алдангийг нэхэмжилжээ.

/2020 оны 3 сарын алданги 88 хоног, 1 хоног 16.000 төгрөг, бүгд 1.408.000 төгрөг,

-4 сарын алданги 58 хоног, 1 хоног 22.500 төгрөг, бүгд 1.305.000 төгрөг,

-5 сарын алданги 28 хоног, 1 хоног 22.500 төгрөг, бүгд 630.000 төгрөгийг тус шаардаж байх ба хариуцагч А.К гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох ковид-19 цах тахлын улмаас төлбөрөө төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно.

Талууд харилцан тохиролцон түрээсийн төлбөрийг бууруулсан талаар хэн аль нь тайлбарласан ба түрээслэгчийг гэрээний үүргээ биелүүлэхэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэн хөл хорио тогтоосон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэхээр тул түрээслэгч А.Кыг дээрх  хугацааны алдангийг төлөх үүргээс чөлөөлөх нь зүйтэй.

2020 оны 3 сарын алданги 1.408.000 төгрөг,

-4 сарын алданги 1.305.000 төгрөг,

  -5 сарын алданги 630.000 төгрөг,

  -Барьцааны үлдэгдэл 600.000 төгрөг,

  -6 сарын түрээсийн төлбөр 4.333.336 төгрөг, нийт 8.276.336 төгрөгийг нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч “КС ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “КС ” ХХК болон А.К нарын хооронд 2020 оны 1 сарын 24-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч А.Каас 13.364.584 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КС ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.276.336 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

/2020 оны 3 сарын түрээсийн үлдэгдэл 3.200.000 төгрөг,

4 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг,

5 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг,

6 сарын түрээсийн төлбөр 666.664 төгрөг

        2 сарын ус, цахилгааны төлбөр 135.370 төгрөг,

        3 сарын ус, цахилгааны төлбөр 120.130 төгрөг,

        4 сарын  ус, цахилгааны төлбөр 103.150 төгрөг,

        5 сарын ус, цахилгааны төлбөр 139.270 төгрөг, нийт 13.364.584 төгрөг/

Түрээслүүлэгч “КС ” ХХК эд хөрөнгөө бүртгэн хүлээн авсан, түрээслэгч А.К нь эд хөрөнгө дутагдуулсан, эвдэлсэн, гэмтээсэн зүйл байхгүй тул түүнээс үүнтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч А.Кы түрээсийн байранд үлдээсэн эд зүйлийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “КС ” ХХК болон А.К нарын хооронд 2020 оны 1 сарын 24-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч А.Каас 13.364.584 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КС ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.276.336 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “КС ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266.155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Каас 224.773 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КС ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН