| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03363/И |
| Дугаар | 3426 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 3426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны т*******,анхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон өөрийн байр, “МР” ХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхон, 48А байр, 0 тоот хаягт байрлах, “ШГ” ХХК-д /РД: 0000/ холбогдох
158,557,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МР” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******, Б.А******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь “ШГ” ХХК-тай 2017 оны 5 сарын 11-ний өдөр Б17/07 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 292.295.000 төгрөгийн үнэ бүхий М100, М250 маркийн нийт 2.065 м3 хэмжээний бетон зуурмагыг “ШГ” ХХК-д нийлүүлсэн.
“ШГ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2.1.4, 4.1-т тус тус заасны дагуу төлбөрийн 20 хувийг бэлнээр, үлдсэн 80 хувьд нь орон сууц, авто машин тус тус тооцож авахаар харилцан тохиролцсон.
2017 оны 12 сарын 25-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж хариуцагч “ШГ” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 105.705.000 төгрөг гэж баталгаажуулсан.
Уг үлдэгдэл төлбөрийг гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсгийн бартерийн зүйлийн 2 дах хэсэгт заасан дараах 2 орон сууцны үнэлгээг үндэслэн тогтоосон.
Үүнд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Шинэ Гүрэн цогцолбор хороолол, А байрны 8 давхрын 36.5 м.кв талбай бүхий орон сууцыг 49.275.000 төгрөгийн төлбөрт, мөн А байрны 8 давхрын 41.8 м.кв талбай бүхий орон сууцыг 56.430.000 төгрөгийн төлбөрт тус тус тооцон шилжүүлж авахаар тохирсон.
Худалдах, худалдан авах гэрээний хавсралт тусгай нөхцлийн 4 дэх хэсгийн төлбөрийн нөхцөл гэсэн хэсгийн бартерийн зүйлийн 2-т заасан Шинэ Гүрэн цогцолбор хорооллын 2 ширхэг орон сууцыг хариуцагч “ШГ” ХХК нь 2017 оны 11 сард ашиглалтанд оруулж нэхэмжлэгч “МР” ХК-д шиилжүүлж өгөх үүргийг худалдах, худалдан авах гэрээний 4.4 дэх хэсгээр хүлээж байгаа боловч энэхүү үүргээ одоог хүртэл биелүүлээгүй манай компанийг хохироож байна.
Хариуцагч “ШГ” ХХК-тай харилцан баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтын 1, 3-т заасан бартерийн зүйлийг манай компани өөрийн нэр дээр шилжүүлсэн боловч хариуцагч “ШГ” ХХК үлдсэн 2 орон сууцыг шилжүүлж өгөөгүй тул гэрээний тусгай нөхцөл дэх дээрх 2 орон сууцыг үнэлж байсан үнээр нэхэмжлэлийн шаардлагаа тооцсон.
Иймд хариуцагч “ШГ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний 1.1, 4.4, гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсэгт заасан 2 ширхэг орон сууцны үнэ 105.705.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бетон зуурмагийн төлбөрт төлөх ёстой, нэхэмжилсэн 105,705,000 төгрөгөөс алданги тооцон шаардлагаа нэмэгдүүлсэн.
Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцлийн бартерийн зүйл гэсэн хэсгийн 2 дахь хэсгийн дагуу хариуцагч тал 105,705,000 төгрөгийн төлбөрт тооцсон 2 ширхэг орон сууцыг 2017 оны 11 сард ашиглалтад оруулж манай талд хүлээлгэн өгөх ёстой байсан гэж үзэн энэ үеэс алдангийг тооцсон.
2017 оны 12 сарын 01-ний өдрөөс алдангийг хоног тутамд тооцож үүрэг гүйцэтгээгүй өдөр буюу 2019 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл тооцоход нийт нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь 52.852.500 төгрөг болсон тул шаардлагаа 52.852.500 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Иймд хариуцагч “ШГ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105.705.000 төгрөг, алданги 52.852.500 төгрөг, нийт 158.557.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МР” ХК нь “ШГ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105.705.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн алданги 52.852.500 төгрөгийг нэхэмжилсэн байна.
/2017.05.11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөр 105.705.000 төгрөг,
Алданги 52.852.500 төгрөг, нийт 158.557.500 төгрөг/
Нэхэмжлэгч “МР” ХК нь хариуцагч “ШГ” ХХК-тай 2017 оны 5 сарын 11-ний өдөр Б17/27 тоот “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан худалдагч “МР” ХК нь М100 маркын бетон зуурмагыг 1 м3-ыг нь 118.000 төгрөг, М250 маркийн бетон зуурмагыг 1 м3-ыг нь 143.000 төгрөгөөр, нийт 2.065 м3 бүхий 292.295.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагыг худалдан авагч “ШГ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэр, Тарвалин хотхон хаягаар нийлүүлэхээр харилцан тохирчээ.
Дээрх 2017 оны 5 сарын 11-ний өдрийн Б17/27 тоот гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 6-8 дугаар хуудас/
Худалдагч “МР” ХК болон худалдан авагч “ШГ” ХХК нар нь 2017 оны 12 сарын 25-ны өдөр харилцан тооцоо нийлэн “ШГ” ХХК нь 2017 оны 5 сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд 105.705.000 төгрөгийн үлдэгдэлтэй, энэхүү өрийг 2 ширхэг бартерын байраар тооцохоор акт үйлдэн 2 байгууллагын санхүүгийн тэмдгийг даран баталгаажуулсан болох нь тогтоогдлоо.
/ХХ-ийн 10-11 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан 2017 оны 5 сарын 11-ний өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Гэрээгээр захиалагч нь нийлүүлэгчээс М100, М250 маркийн бетон зуурмаг нийт 2.065 м3 худалдан авах ба нийт дүн 292.295.000 төгрөг /НӨАТ орсон/ байна”,
2 дугаар зүйлийн 2.1.4-т “Гэрээний нийт үнийг төгрөгөөр тооцон төлбөр тооцоог 20 хувь бэлэн мөнгөөр, 80 хувь бартерийн зүйлээр хийж гүйцэтгэх бөгөөд уг үнэд тээврийн зардал багтсан болно”,
4 дүгээр зүйлийн 4.1-т “Талуудын харилцан тохиролцсоноор бетон зуурмагийн төлбөр тооцоо 20 хувь бэлэн, 80 хувь бартер байна” гэж заажээ.
Мөн гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсгийн бартерын зүйлийн 1-т “Тарвалин хотхоны 48д байрны 100 тоот, 68.2 м.кв, 2 өрөө, 1 м.кв нь 1.550.000 төгрөг, 105.710.000 төгрөг, НӨАТ орсон”,
3-т “Авто машин 5837 УНН улсын дугаартай, бенз ML350, 25.000.000 төгрөг /НӨАТ орсон/ гэж тус тус заасан 105.710.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц болон 25.000.000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг худалдагч “МР” ХК нь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан талаараа тайлбарласан болно.
/ХХ-ийн 8 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч “ШГ” ХХК нь уг гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсгийн бартерын зүйлийн 2-т заасан “2017 оны 11 сард ашиглалтанд орох,
-Шинэ Гүрэн цогцолбор хорооллын А байрны 8 давхрын 36.5 м.кв /F/ орон сууц, 1 м.кв нь 1.350.000 төгрөг, 49.275.000 төгрөг, НӨАТ орсон,
-Шинэ Гүрэн цогцолбор хорооллын А байрны 8 давхрын 41.8 м.кв /Е/ орон сууц, 1 м.кв нь 1.350.000 төгрөг, 56.430.000 төгрөг, НӨАТ орсон” гэж заасан 2 ширхэг орон сууцыг буюу нийт 105.705.000 төгрөгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдан авагч “ШГ” ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “Захиалагч энэхүү гэрээний 4-т заасны дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй бол өгөх ёстой төлбөрийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө”,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,
232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч буюу худалдан авагч “ШГ” ХХК алданги төлөх үүрэгтэй байна.
Дээрх гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсгийн бартерын зүйлийн 2-т заасан Шинэ Гүрэн цогцолбор хорооллын А байрны 8 давхрын 36.5 м.кв, мөн 8 давхрын 41.8 м.кв тоот орон сууцууд өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй талаар хариуцагч “ШГ” ХХК нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2020.07.23-ны 14216-р захирамжийг эс зөвшөөрсөн гомдолдоо тусгажээ.
/ХХ-ийн 31 дүгээр тал/
Хариуцагч “ШГ” ХХК нь дээр дурдсан 2 орон сууцыг 2017 оны 11 сард багтаан ашиглалтанд оруулан нэхэмжлэгч “МР” ХК-д хүлээлгэн өгнө хэмээн 2017 оны 5 сарын 11-ний өдрийн гэрээгээр тохирсон боловч уг орон сууцууд өнөөг хүртэл ашиглалтанд ороогүй тул нэхэмжлэгч “МР” ХК үнийг нь нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч “ШГ” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
-Үндсэн төлбөр 105.705.000 төгрөг,
-Алданги 52.852.500 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
Нийт 158.557.500 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ШГ” ХХК-иас 158.557.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МР” ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч “ШГ” ХХК-ийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 7 сарын 9, 2020 оны 9 сарын 21-ний өдрүүдэд тус тус гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 14-18, 22-24, 51 дүгээр тал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С******* шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ШГ” ХХК-иас 158.557.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МР” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “МР” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689.000 төгрөгөөс илүү төлсөн 2.525 төгрөгийг, 425.000 төгрөгөөс илүү төлсөн 2.788 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “МР” ХК-д олгож үлдэх хэсэг болох 686.475 төгрөг болон 422.212 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШГ” ХХК-иас 950.737 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МР” ХК-д олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 сарын 23-ны өдрийн 14216 дугаар захирамжаар хариуцагч “ШГ” ХХК-ийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Шинэ гүрэн цогцолбор хорооллын А байрны 8 давхрын 36.5 м.кв талбай бүхий орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Шинэ гүрэн цогцолбор хорооллын А байрны 8 давхрын 41.8 м.кв талбай бүхий орон сууцуудыг болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 105.705.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН