Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/931

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          12           05                                      2023/ШЦТ/931

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /регистрийн дугаар ***/, Б овогт Б Э.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” ХХК-ийн ажлын байранд “гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс өгөхгүй байна” гэх шалтгааны улмаас байгууллагын автомат хаалгыг эвдэж, 320.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ийн өгсөн “...Хаалтыг эвдсэн нь миний буруу, Э.Н 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр рүү залгаж уучлалт гуйгаад, манай компанид өгөх ёстой мөнгөө өгсөн байсан. Манайх иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул хоорондоо өр төлбөрийн тооцоо дууссан талаар эвлэрлийн гэрээ хийсэн. Мөн “Б” ХХК нь Э-т холбогдох эрүүгийн хэрэгт гомдол, саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Шинжээчийн дүгнэлтийн хувьд хэлэхэд өгсөн баримтаар л дүгнэлт гаргасан байна. Энэ тал дээр гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н-н хохирогчоор өгсөн:

“...Би Э- болон Б нараар үүдний хаалтаа төлүүлмээр байна. Би 2021 оны 8 дугаар сард 2.280.000 төгрөгөөр хийлгэж байсан. Суман хаалт нь 4 метр урттай 300.000 төгрөг, угсарч өгөх хөлс нь 40.000 төрөг, урд, хойно нь гэрэлтдэг тэмдэг 2 ширхэг нь 80.000 төгрөг. Тэгэхээр би тухайн эд хөрөнгийг 420.000 төгрөгөөр үнэлж байна... Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн ба бүгд үнэн...гэх,

Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...“Т” ХХК-тай 2020 оны 10 дугаар сард Бетон шал цутгах ажлын гэрээ”-г Э- болон Б нартай байгуулсан. Тэдний компани гэрээнд заасан хугацаанд уг нь ажлаа эхэлсэн. Гэвч тохирсон хугацаандаа ажлаа хийгээгүй.  Манай байгууллагаас гэрээнд заасан ажлаа хий гэж удаа дараа шаардлага тавихад маргааш очно, удахгүй очно гэсээр 2021 оны хавар 2 ажилтан ирж дутуу зүсэлт хийж өгөөд явсан. Манай үйлдвэр тэр дутуу зүссэн шалан дээр нь 1500 тонн будаа хураасан. Тэгээд бид нар тэр хураасан будаагаа хэрэглэж дуустал манай талаас “Т” ХХК-ийг шахаж шаардаагүй, нөгөө талаас ч бидэн рүү залгаж яриагүй...

Тэгээд 2023 оны 3 дугаар сарын эхээр Э- над руу залгаад би их хэмжээний өрөнд орсон, үлдэгдэл мөнгөө авъя, санхүүгийн хувьд хэцүү байна гэхээр нь би үлдсэн дутуу ажлаа хийгээд ав гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Э- үлдэгдэл ажлынхаа 15 орчим хувийг л хийсэн байх, гэрээнд тусгагдсан ажлаа 100 хувь хийгээгүй. Тэгээд хийсэн ажлынхаа тайланг бичээд нэхэмжлэхээ бичээд мөнгөө ав, манай менежерт аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Манай менежер О над руу залгаад Э- гэх эмэгтэй ирсэн, нэхэмжлэх, ажил хийсэн тайлангаа өгсөн гэж хэлсэн мөн Э-т захирлыг ирэхээр танилцуулаад санхүү рүү өгөөд захирал гарын үсэг зураад тэгээд мөнгө чинь орно гэж хэлсэн байсан. Гэтэл Э- уурлаад одоо авна гэж орилоод өрөө болгоноор ороод бичлэг хийгээд байна гэж О надад хэлсэн. Э- манай менежерийн өөрийнх нь хувийн машины түлхүүрийг булааж авсан гэхээр нь би менежертээ хандаад чи цагдаа дуудаад өг гэсэн. Тэгээд цагдаа ирж байх хооронд Э- харуулд машиных нь түлхүүрийг өгчихөөд явсан гэсэн. Дуудлагаар ирсэн цагдаа нь биед нь учирсан хохирол байхгүй юм байна,  дахиад ирвэл хэлээрэй гээд явсан байсан. Би ажил дээр ирээд санхүүдээ байгууллагын тооцоог шалга, нэхэмжилж байгаа дүнг нь тулга, хэл ам хийж байгаа ч гэсэн мөнгийг нь өгье гэсэн. Нягтлан хяналтын процесс явж байх хооронд Э- нөхөртэйгөө портер машинтай ирээд үйлдвэрийн хаалга таглаад зогссон. Би үйлдвэррүүгээ орох гэхэд Э- тэр портероос буугаад ирсэн. Бууж ирээд шууд над руу мөнгөө авъя, яг одоо мөнгө өгөхгүй бол та нарыг оруулж гаргахгүй гэхээр нь би уурлаад ингэж хүч хэрэглэж байгаа бол өгөхгүй гэсэн чинь хэрүүл болоод би машинаасаа буугаад түүнтэй маргасан. Тэгээд ажилтнаа дуудаад өргөгч машин дуудаад ир, энэ машиныг өргөж холдуул гэж хэлсэн. Манай ажилтан өргөгч машин унаад ирсэн чинь портер дотроос Э-ийн нөхөр үзүүртэй төмөр бариад бүлж ална гээд бууж ирээд өргөгч машины жолооч руу дайрахаар нь манай жолооч айгаад зугтсан. Тэгээд над руу дайраад ирэхээр нь манай харуул очоод нөгөө төмрөөс нь барьж авах хооронд Э- миний машин руу гүйгээд урд талын хаалга онгойлгоод миний утсыг авчихсан. Тэгээд тэр зугтаад өөрийнхөө унаж ирсэн портер руугаа яваад орчихсон. Тэр машиндаа очиход нь манай менежер араас нь очсон чинь манай менежерийг гэдэс рүү нь 2 удаа өшиглөөд машин руугаа орчихсон. Би араас нь очиход гарт нь миний утас байгаагүй, нэг хар цүнх байхаар нь утас байгаа байх гээд татсан чинь цүнх урж болохгүй шүү гээд жолоочийн суудал талаасаа миний утсыг гаргаад ирсэн. Би цүнхийг нь орхиод утсаа буцааж авсан. Тэгээд эргээд хартал манай харуул нөхрөөс нь үзүүртэй төмрийг нь булаагаад авчихсан байсан. Нөхөр нь буцаж машиндаа ороод суусан, энэ хооронд манай менежер О цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд Э- машинаасаа буугаад О-тай зууралдаж байгаад гэнэт болиод манай ордог үүдний хаалтыг түлхэж хугалаад газар унагаад дээр нь 2, 3 удаа дэвсэж байгаад машин руугаа гүйгээд орсон. Нөхөр нь надад хандаж “би портертой та нарыг дийлэхгүй юм байна, одоо би том ковш асааж ирээд та нарыг дайрч ална гэж заналхийлсэн. Тэгээд машинаа унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-25, 33-41 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Г-ын гэрчээр өгсөн:

“...Би “Б” ХХК-д 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хамгаалагч хийж байгаа, би үйлдвэр дээрээ байнгын байрлаж ажилладаг. 2023 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим үүдэнд Э- гэж хүн жижигхэн цагаан машинтай ирсэн. Тэгээд машин гардаг хаалтан дээр ирээд таглаад зогсохоор нь би очиж та машинаа холдуулчих гэж шаардлага тавьсан чинь чамд хамаагүй гэж хэлээд машинаа тэр чигт нь орхиод манай оффис руу менежер О-тай уулзахаар орсон. Би харуулынхаа байр руу буцаад орсон. Тэгээд байж байтал манай менежер над руу утсаар залгаад харуул ороод ир гэж дуудахаар нь орсон чинь нөгөө хүүхэн чинь манай менежер хүүхэнтэй хэрэлдээд ширээ сандлыг нь өшиглөөд зогсож байсан. Тэгээд менежерийн ширээн дээрээс нь менежерийн машины түлхүүрийг булааж аваад гарсан. Би яг энэ үед нь хараад зогсож байсан. Тэр хүүхэн оффисоос зугтааж гараад машиндаа суугаад хаалгаа дотроос нь түгжээд онгойлгохгүй байсан. Манай менежер түлхүүр аваад өг гэхээр нь би машины цонхыг нь тогшиход жолооч нь цонхоо хагас онгойлгоод чи яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэрний дараа нөгөө хүүхэн машинаасаа нэг эрэгтэй хүнтэй буугаад ирэхээр нь би машины түлхүүрээ өгөөч гэхэд яасан овоо муу гap вэ гээд намайг түлхээд эргээд оффис руу ороод манай менежер хүүхэн рүү халдах гээд сарвайхад манай менежер хойшоо болсон. Тэгэхээр нь би дундуур нь ороод нөгөө эмэгтэйд хандан чи болио, залуу хүн байж хэл амаараа ярьж болдогүй юм уу гэсэн. Тэр үед хамт машинаас буусан эрэгтэй нь араас орж ирээд манай менежер рүү ухасхийгээд чи муу яах гээд байгаа юм бэ гээд байхаар нь би тэр залууг чи зүгээр бай, яах гэж байгаа юм гээд холдуулсан. Нөгөө эмэгтэй ямар овоо гарууд вэ гээд орилж байгаад гараад гүйсэн. Хамт явж байсан залуу нь хаалга алдалчихаад менежер бид хоёрыг өрөөнөөс гаргахгүй байсан. Би тэр залуугийн гарыг нь татаад гараад менежер бид 2 нөгөө хүүхний машин руу очсон чинь нөгөө хүүхэн түлхүүрийг чинь өгөхгүй гээд хамт явсан залуутайгаа буцаад машиндаа суугаад одоо хөдөл гэхээр нь менежер бид 2 явуулахгүй гээд машиныг нь хааж зогссон. Тэр үед манай нэг харилцагч ирээд манай менежер ажилтай болоод буцаад оффис руу орсон. Би ганцаараа үлдээд 30 гаруй минут явуулахгүй гээд хашаад зогссон. Тэгээд байж байтал хамт явж байсан залуу нь машиныхаа цонхоо онгойлгоод нааш ир түлхүүрээ ав гээд за чи захиралдаа ингэж хэлээрэй гээд “би том шланк машинтай маргааш ирээд ажлыг чинь хийлгэхгүй, үүдийг чинь хааж зогсоно, энэ хавиарх машинуудаа холдуулаарай, ойлгосон уу чи муу гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь ирээгүй, өчигдөр өглөө 10 цагт давхар кабинтай ачааны машинтай ирээд дахиад хөндлөн зогсохоор нь би очоод машинаа холдуул гэж шаардлага тавьсан чинь чамд хамаагүй би явахгүй, захирлыг чинь ирэхээр би уулзаад явна гэж хэлсэн. Тэр үед үйлдвэрээс малын тэжээл гарах гэж байсан болохоор би дахиад шаардлага тавьж машинаа холдуул, үйлдвэрээс машин гарч ажлаа хиймээр байна гэхэд тэр чинь хамаагүй гээд огт хөдлөөгүй. Манай ажлын жолооч залуу тэр залууд хандан би ажлаа хиймээр байна, чи зам чөлөөлөөд өгөөчээ гэж хэлсэн. Яг тэр үед манай захирал машинтайгаа ирж байсан. Тэгээд захирал энэ юу болоод байгаа юм,  чи машинаа холдуул, эндээс машин гарч ажлаа хийх гээд байна гэсэн чинь нөгөө залуу захиралтай хэрэлдээд машиныхаа ачаан дээрээс төмөр барьж ирээд захирал руу шууд цохих гэж дайрахаар нь би булааж авч салгасан. Тэр хооронд Э- захирлын машин руу гүйж очоод утсыг нь булааж аваад өөрийнхөө машинд ороод суучихсан. Захирал машинаас утас авчихлаа гэхээр нь манай менежер чи яагаад хүний утсыг авч байгаа юм бэ, өгөөч гээд машиных нь хаалгыг онгойлгоход манай менежер хүүхний хэвлий рүү шууд жийж өшиглөсөн. Манай менежер хүүхэн хойшоо болсон, би тэр хүүхнээс утсыг нь авах гээд гараас нь бариад авахад тэр хүүхэн бас намайг жийсэн. Нөгөө хүүхэн захирлын утсыг машиныхаа жолооч суудлын доошоо шал руу нь шидчихээд эргүүлээд тонгойгоод утсыг нь авсан. Яг авахад нь наанаас нь булааж аваад захиралд өгсөн. Гэтэл нөгөө хүүхэн ямар овоо муу гарууд вэ гээд машин орж гардаг хаалтыг эвдсэн. Манай менежер хүүхэн чи яаж байгаа юм бэ гэхэд манай менежер рүү дахиад гэдэс рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би салгасан. Тэгээд би тэр хүүхнийг хашаанаас гаргасан. Тэр хүүхэн хамт ирсэн залуу 2 маргааш том машинтай ирээд оффисыг чинь дайрна, харуулын байрыг чинь бяц дайрна гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.О-ны гэрчээр өгсөн:

“...2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Т” ХХК-ийн ажилтан эрэгтэй хүн ирээд үйлдвэрийн гал тогооны үүдний хэсгийн хэдхэн метр газрыг өнгөлчихөөд явсан. З жилийн өмнөх гэрээний үлдэгдэл ажлаа хийж байгаа нь тэр юм. Энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа “Т” ХХК-ийн захирал Э- ирээд гэрээ дүгнэсэн акт, нэхэмжпэх өгөөд танай захирал Н-тай уулзаж төлбөр тооцоогоо авна гэхэд би захирал байхгүй байна, гэрээ дүгнэсэн акт дээр миний нэр байхгүй учраас гарын үсэг зурах эрх байхгүй аваад үлдье гэсэн чинь нөгөө хүүхэн уурлаад чамайг мэддэг болохоор захирал чинь чам руу явуулсан гэж хэлсэн... гэхээр нь би үүдэнд суудаг болохоор над руу явуулсан байлгүй, би мэдэхгүй гэхэд тэр эмэгтэй уурлаад байхаар нь би захирал руу залгаад ийм хүн ирлээ, яах ёстой вэ гэсэн чинь захирал 3 жилийн өмнө гэрээ хийсэн компани байгаа юм, үлдэгдэл ажлаа хийж дуусгаагүй байж байгаад хэд хоногийн өмнө үлдэгдэл ажлаа хагас дутуу хийгээд явсан газар байгаа, тэгсэн ч гэсэн би мөнгийг нь өгнө, чи тэгэхээр гарын үсэг зураад явуулчихаа гэхээр нь би гарын үсгийг нь төлөөлөөд зураад санхүүгийн тамга дараад явуулсан. Тэгээд энэ өдөр нөгөө эмэгтэй бид 2 ингээд салсан. Гэтэл нөгөө эмэгтэй 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ахиад ирж надаас төлбөрөө нэхэхээр нь дахиад би мэдэхгүй шаардлагатай бол чи захирлын ирдэг цаг нь 12 цагаас хойш ирдэг юм, тэр үед ирээд уулзаж болно гэсэн чинь яг одоо мөнгөө авч байж явна гээд тэрүүгээр нэг орилж хашхираад миний машины түлхүүрийг булааж аваад гараад явсан. Би араас нь гараад очсон чинь цагаан өнгийн “приус 20” маркийн  такситай явж байсан. Би тэр эмэгтэйгээс машины түлхүүрээ авъя гэхэд мөнгөө өгч байж машиныхаа түлхүүрийг аваарай гээд машин руугаа гүйж орсон. Тэгэнгүүт нь би машиных нь урд очоод чи чаддаг юм бол дайр, чи дайрч чадахаар хэмжээний хүн шүү дээ гээд машиныг нь хаагаад 10 минут орчим зогссон. Тэд нар машинаа дотроос нь цоожилсон байсан болохоор би харуул Гантулгыг дуудаад машиных нь урд зогсоогоод өөрөө дотогш орж 102-т дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирэх сургаар миний машины түлхүүрийг өгчихөөд зугтаагаад явсан. Цагдаа нарт би болсон процессоо ярьсан. 3 дугаар сарын 16-ны өдөр дахиад ирсэн, надаас мөнгөө нэхсэн, би мэдэхгүй, 12 цагаас хойш ирж бай гэдгээ хэлсэн чинь юм хэлээгүй гараад явчихсан. Гэтэл харуул над руу орж ирээд нөгөө хүүхэн чинь үүдэнд нөхөртэйгөө ирээд портертой үйлдвэрийн хаалга хаагаад хөндлөн тавьчихлаа гэсэн. Би гараад холд гэж шаардлага тавьсан. Тухайн үед үйлдвэрээс тэжээл авах гээд олон харилцагч ирчихсэн байсан. Тэр хүмүүс холдохгүй байхаар нь “би хэрвээ холдохгүй бол өргөөд холдуулна, үйл ажиллагаагаа хэвийн явуулмаар байна” гэж хэлсэн. Тэдний хажууд 2 талд нь манай 2 өргөгч машин ирж зогссон машинд нь огт хүрээгүй. Нөхөр нь машинаасаа бууж ирээд портерийнхоо тэвшин дээрээс үзүүртэй жижиг төмөр бариад та нарыг алах гэж авчирсан юм,  дүрнэ, бүлнэ гэх мэтээр заналхийлж дайрсан. Манай ажилчид тэр эрэгтэйн биед нь огт хүрээгүй зөвхөн гараас нь бариад төмрийг нь тавиулах гэж зууралдсан. Тэр хооронд нөгөө хүүхэн машинаасаа гар утсаа барьж гарч ирээд манай харуул, жолооч гэх мэт тэнд байсан манай ажилчид руу дайрч нуруу бие рүү нь утсаараа зөндөө цохисон, том чулуу авч шидсэн. Энэ үед захирал ирж таарсан, захирал бууж ирээд замаас холд юу болоод байгаа юм гээд нөхөртэй нь маргалдсан. Тэр хоёрыг маргалдаж байх хооронд нөгөө эмэгтэй захирлын машин руу гүйж ороод захирлын гар утсыг нь аваад өөрийнхөө унаж ирсэн машин руу гүйж орсон. Захирал наадах чинь миний утас аваад явчихлаа гэхээр нь би утсыг нь авах гээд машин руу нь очоод хаалгыг нь онгойлгосон чинь миний хэвлий хэсэг рүү 2 удаа жийж өшиглөсөн. Би хойшлоод байж байтал захирал харуул 2 ирээд утсаа булааж авсан. Би оффис руугаа гүйж ороод утсаа аваад цагдаа дуудсан. Тэр хооронд нөгөө хүүхэн манай үүдний хаалтыг хугалсан байсан. Захирал хажуугаар нь машинаа чихсээр байгаад оруулаад бүгд ороод үйлдвэрийнхээ том хаалгыг хаасан. Тэгээд бид цагдаа дуудсан, одоо цагдаагаар учраа олуулна гэсэн чинь цагдаа ирэх сургаар яваад өгсөн, явахдаа маргааш шланзтай ирнэ, үйлдвэрийг чинь буулгана дайрна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-н гэрчээр өгсөн:

“...“Б” ХХК-ийн захирал Н нь 3 жил бид нарыг ажлаа хийгээгүй гэж худлаа шалтаг хэлээд мөнгө өгөхгүй байхаар нь бид нар үйлдвэрийн доторх бетон шалны битүүмжлэгч түрхэж өгсөн. Тэгээд тэр даруй мөнгөө өгнө гээд өгөхгүй байгаад байхаар нь портертой очоод үүдэнд нь хаагаад зогссон. Миний гол санаа нь үйлдвэрийнх нь үүдийг хаагаад зогсвол мөнгөө өгчих байх гэж бодсон. Захирлыг нь дуудахаар ирэхгүй байсан, харуул нь гарч ирэхээр нь захирлыгаа дуудчих гэтэл нягтлан нь гарч ирсэн, дараа бас өргөгч машинтай жолооч нь гарч ирээд бид нар одоо ажлаа хиймээр байна, та холдчих гэж хэлэхээр нь би миний хажуугаар гараад яв гэж хэлсэн. Миний хажуугаар гараад тэд нар ажлаа хийсэн. Намайг зогсож байхад Н- ирчихсэн байсан. Тэгээд харуул нь ирэхээр нь би захирлыгаа дуудчих гэж хэлсэн. Би өөрөө машины жолоочдоо хандан наад машинаа өргөж  холдуул гэж хэлсэн чинь нэг поных нь жолооч гарч ирээд өргөгч машинаар миний унаж явсан портер машиныг өргөөд чирээд холдуулаад тавьсан. Тэгэхээр нь би жолоочид нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь хажуунаас нь Н- дахиад нэг погоо дуудаад 2 талаас намайг хавчсан. Хоёр талаас шууд дайраад өргөхөд нь машиныхаа тэвшин дээрээс шал өнгөлдөг хөнгөн цагаан иш гаргаж ирээд нөгөө 2 жолооч руу боль гээд машин руу нь цохисон. Гэтэл поны 2 жолооч хоёулаа бууж ирээд миний гарыг мушгиад гараас бариад хөдөлгөхгүй байсан. Тэр хооронд Э- машиндаа яваад орсон чинь араас нь Н-, нягтлан гэх эмэгтэй нөгөө поны нэг жолооч, харуул машин руу нь очоод бөөнөөрөө Э- рүү дайраад бужигнаад байсан. Би туслахаар очих гэтэл нэг жолооч нь намайг барьж аваад явуулахгүй байхаар нь би 102 дугаар руу залгаад энд ийм маргаан үүсээд байна гэж хэлсэн. Цагдаа дуудлага хүлээж авлаа гээд цагдаа ирэх хооронд би тэнд байгаа хүмүүст хандаж портертой ирэхээр дээрэлхээд байдаг юм байна, шланз асаагаад ирнэ гээд яваад өгсөн. Би шланзаа асааж чадаагүй болохоор дахиж тэднийх рүү очоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Х-ын гэрчээр өгсөн:

“...Тэр өдөр 2 потойгоо тэжээл ачих гээд манай нөгөө поны жолооч түрүүлээд гарчихсан байсан. Би араас нь тэжээлээ ачаад очсон чинь манай ажлын үүдэнд нэг портер машин таглаад зогсчихсон байсан. Жолооч нь дотроо байхаар нь би тэжээл авах гэж байгаа юм уу, та жаахан цаашлаад өгчих, би гарах гэсэн юм гэсэн чинь үгүй би тэжээл авахгүй, танай даргатай чинь уулзах гэж байна гэхээр нь машинаа холдуулаад ороод уулз гэсэн чинь хаалганаас холдохгүй гэсэн. Тэгээд тэжээл авах гэж байсан хүмүүс бас тэр машиныг холд гэж шаардлага тавьсан чинь гэнэт нэг хүүхэн орилж чарлаад менежер О-тай маргаад байсан, бид нар юу болоод байгаа юм гэтэл тэр хүүхэн гүйж ирээд шууд утсаараа цохисон. Би буусан чинь портерийн жолооч машины тэвшин дээрээс малтуур авч ирээд намайг цохих гэж байгаад оноогүй, миний унаж байсан пог цохисон. Би малтуурыг нь гараас нь мушгиж аваад газар шидсэн. Манай менежер цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Г-ын гэрчээр өгсөн: 

“...Тэр өглөө 10 цагийн орчимд би тэжээлээ өргөөд гараад ирсэн чинь манай ажлын үүдийг портер машин хаагаад зогсчихсон байхаар нь та замаа чөлөөлөөд өгөөч гэхэд танай захиралтай уулзана гээд хөдлөхгүй байхаар нь би хажуугаар нь гараад явсан. Тэжээлээ ачаад буугаад ирэхэд бөөн хэрүүл болчихсон байсан. Би по дотроо сууж байтал үл таних эмэгтэй ирээд утсаараа толгойн дундуур цохиод яваад өгсөн. Портер машины жолооч малтуур барьчихсан Х-ыг цохих гээд байгаа харагдсан. Х малтуурыг нь булааж авсан, эмэгтэй нь манай менежерийн гэдэс рүү өшиглөж байсан бас манай үүдний хаалтыг 2, 3 удаа хуга татаад эвдэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

 

Шинжээчийн “...4 метр урттай 2 талдаа зогс тэмдэгтэй зогсоолын орох гарах хаалтны сум, бусад 320.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-ийн яллагдагчаар өгсөн:

...Би прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоол дээр тусгагдсан хохирогч талын өгсөн мэдүүлгийн үйл явдлыг хэтрүүлэн зарим талаар худал мэдээлэл өгсөнийг үндэслэн гаргасан тогтоол байна, мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоогүй, Н- миний биед гэмтэл учруулахгүйгээр халдсан, зодож цохисон зүйл дээр арга хэмжээ авхуулмаар байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ тухай би хүсэлт бичиж өгсөн. Хүсэлтийн дагуу Н-ыг сэжигтнээр мэдүүлэг авсан зүйл байхгүй байна. Энэ харилцан маргаан, маргаан үүсэх шалтгаан нь хохирогч гэх Н- нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй, мөн бүдүүлэг дээрэнгүй зан харилцаанаас үүссэн маргаан. Нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” ХХК-ийн ажлын байранд “гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс өгөхгүй байна” гэх шалтгааны улмаас байгууллагын автомат хаалгыг эвдэж, 320.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Э.Н-, гэрч Г.Г, Х.О, Э.Х, Л.Г нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ийн өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Э- бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Учир нь хууль зүйн ойлголтоор гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгоно.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Э- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” ХХК-ийн ажлын байранд “гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс өгөхгүй байна” гэх шалтгааны улмаас автомат хаалгыг нь эвдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр 320.000 төгрөгөөр тогтоосон тул түүний үйлдлээс бусдад учирсан хохирол 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ийн гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 ддугаар зүйлийн 1 дах хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

 

Иймд шүүхээс Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн,  хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлйн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт “...4 метр урттай 2 талдаа зогс тэмдэгтэй зогсоолын орох гарах хаалтны сум, бусад 320.000 төгрөг...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70 дахь тал/, хохирогч Э.Н-ын “...хаалтын төлбөрийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-21-25 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Б.Э-ээс 320.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Н-т олгох нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Э-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснар шүүгдэгч Б.Э-ээс 320.000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Н-т олгосугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ