Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 109/ШШ2017/0042

 

 

 

 

 

          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ы дүгнэлттэй Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц-т холбогдох

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0304335 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Ц нь “Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн О.У-г 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хууль бусаар агнасан тарвагыг худалдан авсан” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0304335 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагч О.Уг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 300 /гурван зуун мянган/ төгрөгийн хохирлыг гаргуулж, 340.000 /гурван зуун дөчин мянган/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалтай танилцахад зөрчил гаргагч О.У нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн гараар өргөдөл бичихдээ “...Би тарвага агнаагүй, харин 1 удаа дүү Б-Э-с 1 тарвага зарж өгсөн нь үнэн.” гэж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр О.У нь зөрчлийн холбогдогчоор “...Би 7 сарын сүүл үеэр Хонгорж багийн малчин дүү Бат-Эрдэнийн 1 тарвагыг зарж өгсөн үнэн. Би 25.000 төгрөгөөр зарсан ба 5000 төгрөгийг өөрөө авсан. Энэ хүүхэд зараад өгөөч гэхээр нь зараад өгчихсөн юм.” гэсэн мэдүүлгийг өгчээ.

Улсын байцаагч нь зөрчлийг шалгахдаа зөрчил гаргагч О.У-г хууль бусаар агнасан тарвагыг бусдад худалдсан талаар нотлох ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр буюу Б-Э, тарвагыг худалдан авсан этгээдээс мэдүүлэг авалгүйгээр зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Түүнчлэн зөрчил гаргагч О.Уд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шийтгэл оногдуулсан атлаа Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж, зөрчлийн материалыг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон улсын байцаагч, Д.Ц-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0304335 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Мягмарсүрэнгийн “хууль бусаар тарвага худалдан авсан” гэх мэдээллийн дагуу, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж Цэцэрлэг сумын иргэн О.Уг 2017 оны 9 сарын 5-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 7.6 зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 0304335 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль 300.000 \гурван зуун мянга\, нөхөн төлбөр 340.000 \гурван зуун дөчин мянга\ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Би Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн мэдлэг дутуу, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны мэрэгжпийн ойлголт муутай байгаагаас алдаа гаргаж нотлох баримт дутуу бүрдүүлсэн, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлээгүй учир прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Цын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0304335 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бы дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан мөн бөгөөд шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн болно. /х.х-н 1-2, 14-16/

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэн О.Угийн гаргасан зөрчилд 300000 төгрөг, нөхөн төлбөрт 340000 төгрөг, нийт 640000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ. /х.х-н 8-9/

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц нь өөрийн гаргасан захиргааны акт болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04-335 дугаартай шийтгэлийн хуудсаа хүчингүй болгож, нэхэмжлэгч Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бы дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1,  67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй тул хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй. /х.х-н 19, 29/

Түүнчлэн Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/267 дугаар албан бичигт:  “Тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц нь Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн О.У-гийн тарвага худалдан авсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу торгууль 300000 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2  /амьтаны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 /амьтаны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно./ заалтын дагуу нөхөн төлбөр 340000 төгрөг, нийт 640000 төгрөгийг ногдуулж, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04-335 дугаар бүхий шийтгэлийн хуудас бичсэн байна. Нотлох баримт дутуу бүрдүүлсэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04-335 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсанаар уг маргаан бүхий захиргааны актаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна. /х.х-н 30/

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.-Бы дүгнэлттэй тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц-т холбогдох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0304335 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн  67.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан хэргийн оролцогч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын  улсын байцаагч Д.Ц нь Цэцэрлэг сумын Хонгорж багийн иргэн О.У-гийн тарвага худалдан авсан гэх зөрчилд торгууль 300000 төгрөг, нөхөн төлбөр 340000 төгрөг, нийт 640000 төгрөгийг ногдуулсан 2017 оны 9 сарын 05-ны өдрийн 03-04-335 дугаар бүхий шийтгэлийн хуудсаа хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг батлаж, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ы дүгнэлттэй, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.  

3. Энэ  захирамжийг  захиргааны  хэргийн  шүүхийн  шийдвэрийн  нэгэн  адил  журмаар  биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2  дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОДОНТУЯА