Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 109

 

                

 

 

                                  

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Б.Батхишиг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Наранмандах, түүний өмгөөлөгч С.Түвшинжаргал,

шүүгдэгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ганболдод холбогдох 2016 2400 0899 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрхан гудамжны 24 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖО86010873, хэрэг хариуцах чадвартай, Баргажин овогт Бямбасүрэнгийн Ганболд.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Б.Ганболд нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өглөөний 06 цаг 37 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Намъяанжүгийн гудамж Хятад худалдааны төвийн баруун талын замд Тоёота Приус маркийн 88-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Пэлжидийг мөргөж хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганболд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй”… гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Наранмандах мэдүүлэхдээ: “Миний ээжийн биеийн байдал харьцангүй дээрдэж байна. Аарцаг, нуруу хугарсан болохоор хэвтрийн дэглэмтэй байгаа. Ээж маань гэмтэл авснаасаа хойш сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон. Энэ зунаас гадагшаа эмчилгээнд авч явах бодолтой байна. Би үндэслэлгүйгээр шүүгдэгчээс мөнгө нэхсэн зүйл байхгүй. Эмчилгээний зардал бүгд нийлээд 10.000.000 гаруй төгрөг болж байна. Шүүгдэгч үүнээс 5.000.000 гаруй төгрөгийг нь өгсөн. Ээж маань гэмтсэн байхад гомдолгүй гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ залуу хүнийг шорон руу явуулах бодолгүй байна” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-4-5/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-9/, жолоочийн үнэмлэх, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-11/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-12/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13348 тоот шинжээчийн дүгнэлт /хх-16/, 2016 оны 13 дугаар сарын 26-ны өдрийн ¹16/47201 тоот шинжээчийн дүгнэлт /хх-37-39/, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ¹689 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-59/, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-67/, бичиг баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-68/, автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-73/, дуудлагын лавлагааны хуудас /хх-92-93/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ганболд нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өглөөний 06 цаг 37 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Намъяанжүгийн гудамж Хятад худалдааны төвийн баруун талын замд тоёота приус маркийн 88-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Пэлжидийг мөргөж хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн болох нь: 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Пэлжидийн өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би 07 цагийн орчим “Хавдар судлал”-ын автобусны буудал дээр автобуснаас буугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган гарцаар алхаад эхний урсгал өнгөрөөд замын хашлаган дундуур дараагийн урсгал руу ортол замын урд талаас нэг машин миний биеийн баруун талын хэсэг рүү мөргөсөн. Хоромхон зуур болсон болохоор би машины номер дугаар хараагүй. Би мөргүүлээд л ухаан алдаад нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт байсан” гэх мэдүүлэг /хх-14/,

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн ¹13348 тоот дүгнэлтэд:

“1. Ш.Пэлжидийн биед сээрний 11 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн далд, ууцны 1, 2 дугаар нугалмын хугарал, баруун сүүж ясны сүүжний үеийн гадаргуу дайрсан зөрөөгүй, ууц ясны баруун латерал массны хэлтэрхийтсэн сэлтэрсэн хугарал, баруун ацетабулын урд хананы зөрөөгүй хугарал, зүүн суудал доор салааны зөрөөтэй далд хугарал, толгойн орой хэсгийн няцарсан шарх, дух мөчдөд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” … /хх-16/ гэх дүгнэлт,

Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн ¹16/47201 тоот дүгнэлтэд:

“1. 1,2 дугаар асуултад: тоёота приус 20 маркийн 88-47 УБҮ дугаартай автомашиныг техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалган үзэхэд: Ерөнхий байдлын иж бүрдлийн хувьд урд салхины шил бяцарч хагарсан, урд копуд гол хэсгээрээ 20х30 см орчим хэмжээтэй талбайд хонхойсон, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй байгаа нь техникийн хяналтын үзлэгт тавигдах MNS4598:2011 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин техникийн хяналтын тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -7,6мм/м байгаа нь техникийн хяналтын үзлэгт тавигдах MNS4598:2011 стандартын шаардлагыг хангахгүй байна.

2. 3,4 дүгээр асуултад: Уг автомашины урд салхины шил бяцарч хагарсан, урд копуд гол хэсгээрээ 20х30 см орчим хэмжээтэй талбайд хонхойсон байгаа нь ослын үед үүссэн, харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл учраас эдгээр нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

3. 5,6 дугаар асуултад: Уг автомашин нь тоормосны АВS систем ба тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна” … /хх-37-39/ гэх дүгнэлт,

2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчийн ¹689 тоот дүгнэлтэд:

“1. 88-47 УБҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашины жолооч Бямбасүрэнгийн Ганболд нь Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 88-47 УБҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашины тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.

3. Явган зорчигч Ш.Пэлжид нь Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” …. /хх-41/ гэх дүгнэлт,

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-4-5/,

-Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-12/,

-Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-67/,

-Дуудлагын лавлагааны хуудас /хх-92-93/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ганболд нь баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 5.200.000 төгрөг, томографын зураг авахуулсан 20.000 төгрөгийн зардлыг нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Б.Ганболдод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Б.Ганболд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Ганболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В ангилалын 373559 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нийт 5.550.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баргажин овогт Бямбасүрэнгийн Ганболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ганболд нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Ганболдын В ангилалын 373559 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Ганболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Хохирогч Ш.Пэлжид болон түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Наранмандах нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Ганболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.         

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                               ШҮҮГЧ