Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 204

 

Б.Цо-од оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 724 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар магадлалтай ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Б.Цо-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1952 онд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Б.Цо- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Цо-ын биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 11 сар 17 хоногоор тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Цо-ын хорих ялыг 12 жил 02 сар 04 хоногоор тогтоосугай” гэж өөрчилж, тогтоох хэсэгт “Ялтан Б.Цо-ын ял эдэлсэн хоногийг дээр тогтоосон ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409 дүгээр ангийн тоо бүртгэлд даалгасугай” гэсэн нэмэлт оруулж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Б.Цо- гаргасан гомдолдоо “Худал зөрүүтэй, нотлогдох боломжгүй мэдүүлгээр гүтгэж хүндрүүлж ялласан. Шинэ хуулийг буцаан хэрэглэхдээ эргэлзээтэй баримтыг нягтлан шалгаагүй, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үнэн зөв мөрдөж хэрэглээгүй. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2 дугаар зүйлийг зөрчиж, мэлзсэн тодорхойгүй хариу ирүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 205 болон 2017 оны 08 дугаар сарын 21-ний 724 захирамжаар ял шийтгүүлсэн 13 жилээс 9 сар 26 хоногийг хассан. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил оногдуулсантай адил ялыг Эрүүгийн хуулийн 11.1 зүйлийн 2.5-д зааснаар 7 жилийн ял оногдуулсан, хүндрүүлэх нөхцөлтэй хүн алсан, хохирогч нар гомдолгүй, 18 хоногийн дараа нас барсан хэргийн ялыг бага хасдаг, онц харгис хэрцгий хүн алсан хэргийг өөгшүүлж их хасдаг, адил ялыг ялгаварлаж тэгшитгэж болдгийг харуулсан. Шүүх хүний эрхийг хамгаалах олон улсын конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг анзааралгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 6.1 дүгээр зүйлийн 2, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг тус тус мөрдөөгүй. Мөн шүүх зөвхөн ял дүйцүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарласан байгаа боловч Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ялласан шийдвэрийг дахин дүгнэлт өгч зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэн 7 жил хорих ял оногдуулсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дахин дүгнэлт өгч хэргийн тухайн нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэх боломж бүрэн байгааг харуулсан байхад илт худал тайлбар ирүүлсэн гэж ойлгогдож байна. “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт 13 жилтэй адил ялаас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг мөрдөж тухайн зүйл ангийн ялын доод хэмжээг багасгасан тохиолдолд ялын доод хэмжээнд нийцүүлж хасна гэж хуульчилсан заалтын дагуу хасах шаардлага бүхий ялтнаас шууд 5 жил хасаж ялаас чөлөөлсөн нь зөв” гэжээ, Тэгвэл Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт 13 жил, 15 жилийн ялыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж 7 жил ял оногдуулсан нь бас л зөв гэж дүгнэсэн нь ялыг өөрөөр ялгаж хассан, эцэг хууль бусад хуулийг үл хэрэгсэж хууль зөрчсөн байдлыг харуулжээ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт 13 жилийн ялаас 5 жил хассантай адил хасуулах бүрэн боломжтой гэж ойлгож байгаа тул миний гомдлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх ялтан Б.Цо-од холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шүүгчийн захирамж болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж ял оногдуулах нөхцөлийг тус тус тодорхойлон заажээ.

Энэ нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулах ялын хэмжээнээс их байвал шүүх ялыг шинэ хуульд заасан ялын хэмжээнд дүйцүүлэн хасаж тооцох тухай ойлголт юм.

Ялтан Б.Цо- нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгүүлсэн бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй уялдан түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэх хасах тухай асуудлыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа ялтанд оногдуулсан ялыг шинэ хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхэд хэргийн үйл баримтыг дахин шинээр тогтоох, шинээр хууль зүйн дүгнэлт өгөх асуудал хөндөгдөхгүйн дээр ялтны биечлэн эдэлсэн ялын тооцоог хийх асуудал хамаарахгүй, гагцхүү тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял шинэ хуулиар багассан тохиолдолд дүйцүүлэн хасдаг болно.

Гэтэл анхан шатны шүүх Б.Цо-од оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал ялтны биеэр эдэлсэн ялыг тооцож, эдлэх ялын хугацааг 5 жил 11 сар 17 хоног болгон тогтоож өөрт олгогдоогүй эрх эдэлснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, ялтан Б.Цо-ын хорих ялыг 12 жил 2 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосон шүүхийн шийдвэрийг зөв гэж үзлээ.

Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх зөвхөн ял дүйцүүлэн хасах асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Ялтан Б.Цо-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ найман жил, дээд хэмжээ нь арван таван жил болж багассан нь хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болно.

Иймд шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, ялтан Б.Цо-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 724 дүгээр шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Б.Цо-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН