Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/935

 

 

 

 

 

 

 

      2023          12         06                                      2023/ШЦТ/935

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Т.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ын Д-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Т-ын Д- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.С-ыын Баянгол дүүргийн 7 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дээрээ байхдаа данс андуурч шилжүүлсэн 800.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны *** дугаартай дансаар хүлээн авч төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д-ын өгсөн: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

  • Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг

хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12, 14-15 дахь тал/,

  • Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13,  16 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** С гэх нэртэй “ХААН” банкны данс руу мөнгө явуулах гэж байгаад андуурч Д- гэх хүний данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн Д- гэх хүнд мөнгө андуураад явуулчихсан байна, чи над руу эргүүлээд  явуулчих гэж хэлэхэд би мөнгийг чинь үрчихсэн, хэд хоногоос өгье гэж хэлж байгаад зугтааж алга болсон. Намайг залгахад утсаа авахгүй ажлаасаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 34-35 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын гэрчээр өгсөн:

“...2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Д- гэх эмэгтэй манай эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсон. Тэгээд сар орчим ажиллаж байгаад ажилдаа ирэхгүй, алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Д-ын яллагдагчаар өгсөн:

“...Тухайн өдөр би ажил дээрээ байж байсан ба 16 цагийн үед миний “ХААН” банкны *** дугаартай данс руу 800.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би тэр мөнгийг 2-3 хоногийн дотор үрж дуусгасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан авч үздэг.

Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн үндсэн шинжээр  тодорхойлжээ.

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээний тухай хууль зүйн ойлголт нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хүсэл зоригоос үл хамаарч, санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс харилцагчийн дансанд мөнгөн шилжүүлэг, төлбөр тооцоог гүйцэтгэхдээ тоо, цифр, дансыг буруу бичих, төгрөгийг тодруулаагүй зэргээс алдаатай гүйлгээ хийхийг ойлгоно. Түүнчлэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулж завшсан идэвхтэй үйлдэл байхыг, уг үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх, мөн үйлдэл, хохирол нь шууд хамаарал шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Б.С нь андуурч бусдын данс руу тооцооны алдаатай гүйлгээ хийсэн, уг гүйлгээгээр шилжин орсон мөнгө өөрт нь хамааралгүй болохыг шүүгдэгч Т.Д- нь мэдсээр авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж завшжээ.

 

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.

 

Шүүгдэгчийн хохирогчид учруулсан 800.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ” гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Д-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Б.С, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаааны явцад шүүгдэгч Т.Д-ын өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Д-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.С-д бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Т.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснар 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал дүгнэлтийг гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.Д-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Т.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт ххохирогч Б.С-ын “...хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 91 дэх тал/ авагдсан байх  тул шүүгдэгч Т.Д- нь хохирогч Б.С-Д 800.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Т.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Х овогт Т-ын Д-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулж, шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвэр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Д- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ