Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/932

 

 

 

 

 

 

    2023         12           05                                   2023/ШЦТ/932

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын прокуророос А овогт Д-ын Б-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Х овогт Ө-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, регистрийн дугаар ***/ А овогт Д-ын Б-,

 

Монгол Улсын иргэн, /регистрийн дугаар ***/ Х овогт Ө-ын Б-,

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б- үргэлжилсэн үйлдлээр “У” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа тус Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн **** дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх”, ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.3-т “хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх шаардлага тавих” гэж заасныг тус тус зөрчиж 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгааны эх үүсвэр болох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Г” ХХК-ийн авто тээврийн албаны дарга Б.Н-с 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгаан эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд тус компанийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтан Ө.Б-аас 4.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч Ө.Б- “А” ХХК-ийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн аж ахуйн хашаанд цахилгааны эх үүсвэр холбуулах, техникийн нөхцөл гаргуулах зорилгоор “У” ТӨХК-ийн С хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байсан Д.Б-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн “ХААН” банк дахь дансаар дамжуулан 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-гийн өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өмнөх шүүх хурал дээр болсон зүйлийн талаар тодорхой ярьсан. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, надад хахууль авсан асуудал байхгүй, хувийн байдлыг харгалзан үзнэ үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б-ы өгсөн  “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, мөн урьдны шүүх хуралд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Х-н гэрчээр өгсөн:

“...“У” ТӨХК-ийн С хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженер Д.Б- 2022 оны 5 дугаар сард тоолуур шалгаж явж байх үедээ химийн шингэн фидерийн *** дугаартай хэрэглэгчийн кодтой “А” ХХК-ийн АТП *** дэд өртөөний тоолуур хэмжих хэрэгслийг шалгасан байсан. “А” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй АТП байгаа юм. “Г” ХХК нь энэ АТП-г эзэмшдэг юм. Ингээд Д.Б- шалгах явцдаа 63 ква-гийн *** дэд өртөөг 400 ква-гийн КТПН-ээр сольсон байсныг илрүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл 63 ква буюу жижиг Трансформатор байсныг нь 400 ква болгоод хүчин чадлыг нь “Г” ХХК нь зөвшөөрөлгүйгээр өөрсдөө нэмэгдүүлсэн байсныг нь олж мэдсэн байсан. Зөвшөөрөлгүй холболтыг салгах ёстой байсан, ингээд зөрчлийн асуудал дээр нь албан шаардлага хүргүүлээд явах ёстой байсан. Гэвч Д.Б- нь ажлын байрын тодорхойлолтын 2-р үндсэн зорилтын 2.3 дахь хэсэгт “хэрэглэгчийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах, шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх, шаардлага тавих, 2.6 дахь хэсэгт “шалгасан аж ахуй нэгж байгууллага, тоолуур хэмжих хэрэгслийн заалт хэмжилтийн үр дүн, гарч байсан зөрчлийг тусгай дэвтэр гарган тэмдэглэн мэдээллийн бааз байгуулж ажиллах” гэснийг, мөн “Ажилтын ёс зүйн дүрэм"-ийн 3.8 дахь хэсэгт “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлан айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх, хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, холбогдох арга хэмжээ аваагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм.

Д.Б- нь мөнгө аваад техникийн нөхцөл гаргаж өгнө гэсэн утгатай зүйлийг иргэн Н-тай ярьсан байсан. Энэ талаар анх “Г” ХХК-ийн инженер Н гэдэг хүн өөрөө бичлэг хийж аваад, сэтгүүлч Б гэдэг хүнд мэдээлэл өгөөд, Б нь манай компанид өргөдөл гаргасан байсан. Ингээд дотоод хяналт шалгалт хийгдээд Д.Б-г захиргааны арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учир хуулийн байгууллагад хандсан. Энэ асуудал нь 2022 оны 5 дугаар сард болсон боловч мэдэгдээгүй байж байгаад 2023 оны 5 дугаар сард манай компанид Болормаа гэдэг хүн өргөдөл гаргаснаар мэдэгдсэн...

Д.Б- нь техникийн нөхцөл гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан биш. Техникийн нөхцөлийг техникийн бодлогын хэлтсээс Ерөнхий инженерийн зөвшөөрлөөр гаргадаг юм. Д.Б-гийн ажлын чиг үүрэгтэй ямар ч холбоогүй асуудал юм. Д.Б- нь тоолуурын заалт тэмдэглэж аваад явж байх үедээ зөрчил илрүүлсэн байсан. Тоолуурын заалт тэмдэглэх нь үндсэн чиг үүрэг нь биш боловч ачаалал ихтэй үед тоолуурын заалт тэмдэглэж авдаг юм, түүний үндсэн чиг үүрэг нь цахилгаан эрчим хүчний борлуулалт дээр хяналт тавих, алдагдал дээр хяналт тавих юм...

Д.Б- нь 15 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа, урьд өмнө нь зөрчил гаргаж байгаагүй, манай компанийн гүйцэтгэх захиралтай уулзах үедээ хүнээс мөнгө нэхсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан.  Тэгээд ажлаас халах шийдвэр гаргасны дараа хүлээн зөвшөөрөхгүй шүүхээр явна гэж байгаа....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н-ын гэрчээр өгсөн:

“...“Г” ХХК Баянгол дүүргийн 2 дугаар хороо, буюу Т цахилгаан станцын урд талд байрладаг. Гэхдээ цахилгаанаа СХД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс авдаг. Хоёр эх үүсвэрээс цахилгаанаа авдаг юм. 2021 оноос хойш энэ асуудал үүссэн. Манай компанид С дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс АТП станцын шон унах гээд байна, энэ шонг засаж сайжруул гэсэн утгатай. шаардлага ирсэн. Ингээд манай компани шонгийн оронд хайрцаг тавьсан. Ингээд 2022 онд эрчим хүчнээс нэг хүн ирээд салгаад явчихлаа гэсэн. Тэр үед би энэ ажлыг хариуцдаггүй байсан. Тухайн үед хариуцаж ажиллаж байсан Ж-г Д.Б-тэй анх уулзуулсан. Д.Б- зөрчилтэй гээд тог салгаад явсан байсан. Манай компани өмнөх шонгоо сольсон болохоор бичиг баримт бүрдүүлж өгөх ёстой байсан. Ингээд Ж очоод уулзсан чинь танай компанийг торгоно, нөгөө талын тэжээлийг бас салгана гэж хэлээд явуулсан байхаар нь би сандраад 2022 оны 5, 6 сарын үед Д.Б-тэй түүний ажлын байран дээр нь очиж уулзахад Д.Б- танай компанитай гэрээ байгуулахгүй, тог тасална, танай компанийг 50 сая төгрөгөөр торгоно, энэ бол наад захын асуудал гэж хэлсэн. Ингээд би яах ёстой вэ гэхэд, техникийн нөхцөл гаргуул, тэгээд торгоно гээд байсан. Манай компани техникийн нөхцөл авах материалаа бүрдүүлж явсаар байгаад 2022 оны 8 сарын сүүлээр СХД-ийн нэг цэгийн үйлчилгээний төвд аваачиж өгсөн. Гэтэл манай техникийн нөхцөл олгогдоогүй, сүүлд нь лавлаад нэг цонхны үйлчилгээний төвөөс асуухад танай компанид техникийн нөхцөл олгох боломжгүй гэхээр нь 2022 оны 9 дүгээр сард Д.Б-тэй утсаар яриад манай компанид техникийн нөхцөл гарахгүй гэж байна, яах уу гэсэн чинь наад асуудлыг чинь зохицуулдаг хүн байна, 4 сая төгрөг болно гэхээр нь би эргээд ярина гэсэн. Ингээд 2023 оны 4 дүгээр  сарын сүүлээр Д.Б-тэй яриад цахилгааны нэг эх үүсвэрээ холдуулчихмаар байна гэхэд Д.Б- өвөл танай асуудлыг ярьж байсан хүүхэд чинь, та нарыг ярихгүй болохоор больчихсон, одоо 4 сая гэхгүй байх, арай өөр үнэтэй ярих байх гээд байсан. Би энэ үед нь утсаараа ярьж байсан яриагаа бичлэг хийж авсан. Би энэ талаар удирдлагад нь хэлэх зорилгоор бичиж авсан. Яагаад гэхээр энэ асуудлаар би 2 жил явсан, очоод уулзахаар загнаад дарамтлаад байдаг, харилцааны соёл байхгүй, танай асуудал бол хэцүү, хүнд асуудал, надад хамаагүй гэх зэргээр ярьдаг байсан. Би танай компанийг 50 сая төгрөгөөр торгоно, үлдсэн нэг эх үүсвэрийг чинь тасална гэдэг байсан. Ингээд Д.Б-д ямар ч мөнгө өгөөгүй, ийм асуудал болж байна гээд удирдлагуудад нь мэдэгдье гэж бодсон. Би өөрөө шууд хэлээгүй, ийм асуудал болж байна гээд эхнэртээ хэлсэн. Манай эхнэр Д гээд сайт ажиллуулдаг юм. Тэгээд манай эхнэр өргөдөл бичиж өгсөн. Гэтэл энэ асуудал нь АТГ-т ирсэн юм байна. Бид нар бол удирдлагуудад нь хэлээд л тэнд нь арга хэмжээ авахуулна гэж бодсон. Түрүүчийн 7 хоногт техникийн нөхцөл гарчихсан байгаа, одоо холбуулах гээд явж байгаа. Өмнө нь яагаад техникийн нөхцөл гарахгүй байсан гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63-64, 194 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Д--ын гэрчээр өгсөн:

“...Манай компанид 2023 оны 5 дугаар сарын сүүлээр нэг сэтгүүлч хандсан. Танай ажилтан ёс зүйгүй үйлдэл гаргасан байна, шаардлагатай бол надад баримт байгаа гэж байсан. Ингээд дахиад над руу танай хүмүүс чинь арга хэмжээ авахгүй байна гэхээр нь би манайх дотоод хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Хяналтын дарга Ганзориг ярианы бичлэг сонслоо гэж байсан. Д.Б-д ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Авилгатай тэмцэх газарт мэдэгдсэн. Д.Б-гийн хувьд өөрөө надтай ирж уулзсан, би буруу үйлдэл хийснээ ойлгож байна, би байнга ингэдэг хүн биш, зөв ойлгоорой гэж байсан. ...Одоо бол  техникийн нөхцөл гарсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-ын гэрчээр өгсөн:

“... “Г” ХХК-ийн охин компани нь “Г” ХХК. “Г” ХХК нь лавша гоймон үйлдвэрлэдэг, гоймонгийн үйлдвэр байгаа юм. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу ТЭЦ-4-ийн урд талд байрладаг. Үйлдвэрийн цахилгааны эх үүсвэрийг авч байгаа хэсэг байсан, түүний хажуу талд хуучин трансформатор байсан юм. Өнгөрсөн жил буюу 2022 онд хуучин трансформаторыг зассан. Үүнийг цахилгааны тоолуурын бичилт хийж шалгадаг хүн нь шаардлага тавьсан. Ингээд трансформаторыг шинэчилж хайрцагт хийсэн. Энэ ажлыг манай инженер техникийн асуудал хариуцсан Б.Н хариуцаж хийлгэсэн. Ямар компаниар хийлгэсэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн ажлыг гүйцэтгэсэн компани нь цахилгаанд холбох эрхийг нь буюу техникийн нөхцөлийг нь гаргаж өгөх ёстой гэж ойлгосон. 2023 оны 4 билүү 5 дугаар сард үйлдвэрийн цахилгаан тасалдаад хэвийн ажиллагаа доголдсон. Ямар учраас доголдсон талаар тодруулахад техникийн нөхцөл байхгүй гэж байсан. Б.Н нь энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж тухайн ажлыг хийлгэсэн хүмүүсээс шаардсан юм байна лээ. Нөгөө цахилгааны ажил хийсэн компани нь болохоор техникийн нөхцөл хүссэн бичгээ өгчихсөн, хүлээгдэж байгаа гэсэн юм байна лээ. Энэ бол Б.Нямбаярын хэлж байгаа тайлбар юм. Б.Н нь цаашаа хэнтэй юу ярьж байсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1р хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Ж-ын гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл “Г” ХХК-ийн Эрчим хүчний хэмнэлтийн менежерээр ажиллаж байсан. Тус компанийн “Г” ХХК-ийн гоймонгийн үйлдвэрийн цахилгаанд асуудал үүссэн. Анх СХД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан Д.Б- танай компани дээр гэрээний асуудалтай байна, үүнийгээ ирж шийдвэрлүүл, танай компани хулгайн тог хэрэглээд байна гэсний дагуу 2022 оны 2 дугаар сарын үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гэрээний мэргэжилтэнтэй очиж уулзсан. Тэр үед Д.Б-тэй уулзаагүй. Гэрээг шинээр байгуулах шаардлагатай материалын жагсаалтыг аваад тэр материалыг нь бүрдүүлээд Нийслэлийн хэрэглэгчдэд үйлчлэх нэгдсэн төвийн Драгон салбар дээр материалаа аваачиж өгсөн. Техникийн нөхцөл авах, гэрээ байгуулах хүсэлтээ өгсөн. Тэр материал нь буцаагдсан. Яагаад буцаагдсан бичиг баримтууд нь нэг компани дээр биш, олон компани дээр байна гэсэн. Анхны гэрээ нь “А” ХХК-ийн нэр дээр, одоо болохоор “Г” ХХК хүсэлт гаргаж байгаа. “А” ХХК нь нэрээ өөрчилж “Г” ХХК болсон. Ингээд буцааж материалаа аваад явсан. Нэр шилжүүлсэн бичиг баримтаа хайгаад нэлээн хугацаа алдсан. Үүний дараа 2022 оны 5 сард Д.Б- нь дахиад утсаар яриад танай тогийг тасаллаа, гэрээ байгуулаагүй байна гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрөө Д.Б-тэй нь өрөөнд нь очиж уулзсан. Танай компани хулгайн тог ашиглаж байна гээд надад мэргэжлийн зөвлөгөө өгөлгүйгээр уурлаад байсан. Танай компанийн 2 талын тогийг тасална, өмнө нь нэг удаа тасалсан чинь дахиад холбоод ашигласан байна гээд уурлаад байхаар нь би та тэгж болохгүй шүү дээ, асуудалтай байгаа бол тэр тогоо тасална биз, нөгөө талынх нь тогийг тасалж болохгүй шүү дээ, үйлдвэр зогсох юм бол олон хүн ажилгүй болно гэж хэлтэл чи хүнээ бодож байгаа бол би бас ажилчдаа бодож байна гээд уурлаад байсан. Цахилгааны 2 эх үүсвэрийн нэг нь ямар ч асуудалгүй байсан юм. Тэрийг бол тасалж болохгүй байхад тасална гээд байсан. Мөн 50, 60 сая төгрөгийн торгууль тавина, чи торгуулийг нь дааж гарын үсэг зур, удирдлагууддаа очиж хэл гээд байсан... Б.Н даргатай очиж уулзаад болсон зүйлийг хэлсэн. Б.Н дарга Д.Б-тэй утсаар ярихад нэг хүний утас өгөөд энэ хүнтэй ярь гэж байсан. Тэр хүнийг нь ямар хүн байсныг нь мэдэхгүй. Тэр хүн нь зөвлөгөө өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Л-ын гэрчээр өгсөн:

“...Д.Б-тэй холбоотой асуудалд дотоод хяналт шалгалтыг хийсэн. Энэ асуудал нь анх иргэний өргөдөл, гомдлоор ярианы бичлэгтэй манай компанид ирсэн байсан. Үүнтэй холбоотой Д.Б- тайлбар бичсэн. Аж ахуй нэгжүүд буюу дэд станц дээрх тоолуурыг инженер үзэж заалтыг нь бичдэг, харин айл өрхүүд болон өөр дээрээ тоолууртай аж ахуй нэгжүүдийг тоолуурын заалт тэмдэглэгч нар бичдэг. Д.Б-гийн бичсэн тайлбарыг уншиж танилцахад анх 2022 оны 5 дугаар сарйд инженер Д.Б- бичилт хийх ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа АТП *** дэд станцын 63ква трансформаторыг КТПН 400 ква болгож холбосон байсан зөрчлийг илрүүлсэн байсан. Энэ нь техникийн нөхцөлгүй буюу манай компаниас зөвшөөрөл аваагүй, мөн улсын комисст хүлээлгэж өгөөгүй, тоолуур хэмжих хэрэгслийн лац хөндсөн зэрэг зөрчлийг илрүүлсэн байсан. Энэ талаар “Г” ХХК-ийн инженер Б.Н-тай газар дээр нь уулзаад тодруулаад “У” ТӨХК-ийн баруун түгээх төвийн мастер Э-р хийлгэсэн гэж Б.Н нь хэлсэн байсан. Би өөрөө Э-тай уулзаагүй... Энхсайхан нь бас бичгээр тайлбар бичиж өгсөн байсан. Энэ тайлбартаа муфт буюу 2 кабелийг хооронд нь холбож өгсөн гэсэн байсан. Э-тэй холбоотой асуудлыг шалгаж байгаа, дүн гараагүй байгаа. Харин Д.Б-гийн асуудал нь болохоор хэрэглэгчийг дарамталсан, мөнгө нэхсэн гээд тусдаа асуудал байсан. Д.Б- нь зөрчлийг илрүүлсэн бол тухайн хариуцсан нэгжид нь мэдэгдэх ёстой байсан, гэтэл мэдэгдээгүй байсан, энэ процесс хийгдээгүй байсан. Дур мэдэн ажилбар хийсэн байсан. Үүнийг нь үндэслээд илтгэх хуудас бичсэн. Ярианы бичлэгийг сонсоход хэрэглэгчийг дарамталсан, мөнгө нэхсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74 дэх тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-гийн яллагдагчаар өгсөн:

... “Г” ХХК нь 2022 онд зөрчилтэй байсан. Зөрчил нь агаарын станцын бүтцийг нь өөрчлөөд буюу модон суурьтай байсныг нь төмөр хайрцагтай болгосон байсан. Ингэхдээ техникийн нөхцөл аваагүй, улсын комисст хүлээлгэн өгөөгүй, холболтын протокол байхгүй, тоолуур хэмжих хэрэгсэл дур мэдэж байршуулсан, лацгүй байсан. Энэ талаар би Б.Н-ын утасны дугаарыг олж залгаад хэлээд надтай ирж уулз гэхэд ажилтай байна гээд ирээгүй. Дахиж ярьж байгаад газар дээр нь хамт очоод учир байдлыг нь хэлсэн. Дээрх зөрчлөө дахиад хэлсэн. Холбогдох бичиг баримтуудыг нэхсэн. Ингээд манай ажил дээр ирнэ гэсэн боловч ирээгүй. Тодорхой хугацааны дараа дахиад дуудсан чинь ирээгүй, энэ угсралтыг нь хийсэн хүнээ олж ир гэсэн чинь Баруун түгээх төвийн Э-ыг хэлсэн. Э-тай утсаар яриад энэ зөрчлөө арилгаарай, тогийг салгуул гэсэн чинь салгачихлаа гээд над руу зураг явуулж байсан. Нөгөө Б.Н нь надтай ирж уулзахгүй байхаар нь ярьж байгаад Б.Н нь 1 дэх өдөр нь ирж надтай уулзсан, тэгэхээр нь эрчим хүчийг чинь хязгаарлана гэтэл хамт явсан нэг охин нь манай тогийг тасалж болохгүй гээд байсан, тодорхой хэмжээний маргаан үүссэн. М гээд ажилтнаар би тайлбарлуулсан. Үүнээс хойш дахиад цахилгааныг залгуулчихсан байсан. Энхсайханд би энэ талаар хэлсэн, дахиад залгачихсан байна гэж хэлсэн. Үүнээс өмнө нь би ажлынхаа газрын 2 хүн болох Ганболд, Нямдорж нартай очиж үзэж байсан. Э-д энэ талаар хэлэхэд тасалсан гэж байсан. Гэтэл нөгөө талаас нь тэжээлээ авсан байхаар нь Б.Н-т би хэлсэн, үүнийгээ хязгаарла гэж хэлсэн. Ингээд явж байсан чинь яг хэзээ билээ би хугацааг нь санахгүй байна,чи надад туслаач гээд байсан, би чадахгүй, явдаг журмаараа яв гэхэд 2022 оны 9 билүү 10 сард нь албан бичиг авч ирж өгөөд техникийн нөхцөл авах бичгээ өгсөн боловч техникийн нөхцөл нь гараагүй байсан. Гэтэл Б.Н  над руу яриад туслаач гээд байхаар нь би ямартай ч чи энэ хүнтэй яриад үз гээд Т-ын утасны дугаарыг өгсөн. Ажлын хөлс дээрээ тохироогүй гээд сая 2023 оны 5 дугаар сарын эхээр манай инженер Т надаас энэ компанийн талаар асуусан, би учир байдлыг нь хэлсэн чинь намайг учрыг нь олоод өгөөч гээд байна гэж байсан. Тэгээд таг чиг болсон, Т зөвөлгөө өгсөн гэж байсан. Би ойлгохдоо Т-р засвар үйлчилгээ хийлгэх гэж байгаа байх гэж бодсон. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Н над руу утсаар яриад чи туслаач, би 4 сая төгрөгийн цалингийн зээл авах гэж байгаа гэж байсан, би чадахгүй танай удирдлагууд өөрсдөө шийдэх байх гэж хэлэхэд манай удирдлагууд ойлгохгүй байна, ажлаас халах гээд байна надад туслаач гээд байхаар би Төмөрбагана руу утсаар яриад 4 сая төгрөгөөр хийлгэе гэж хэлсэн чинь чадахгүй гэж байсан. Б.Н нь ярихаараа дандаа бүтэлгүй юм ярьдаг, чи л надад туслах хэрэгтэй гээд байхаар нь би 5 сая төгрөг гээд хэлчихвэл надаас холдох юм байна гэж бодоод 5 сая төгрөг өг гээд хэлчихсэн. Ингээд хэлчихвэл цалингийн зээл нь 4 сая төгрөг юм чинь надаас холдох байх гэж бодсон, гар утасны яриагаа бичиж байна гэж надад хэлээгүй, би ийм муухай юм хийдэг юм байна гэж мэдээгүй...

2023 оны 4 сарын эхээр Т холбогдоод манай найзын компани байгаа юм, туслаач, юу бүрдүүлж яахаа мэдэхгүй байна гэсний дагуу ТЭЦ-4 ТӨХК-д албан ёсоор хүсэлт гаргаж техникийн нөхцөл өгөх, газардуулга хийх протокол авах, холболтын протокол авах, зураг зурах, тоолуур авах. Ингээд нийт ажлын хөлсийг нь 4 сая төгрөг болж байна гэж хэлсний дагуу Төмөрбагана бид 2 эхний ээлжид ТЭЦ-4 ТӨХК-д техникийн нөхцөл хүсэх тухай хүсэлт гаргасан, энэ тухайгаа буцаж хариу мэдэгдсэн, ойлголтын зөрүү гарсан байсан, “А” ХХК нь ТЭЦ-4-ийн шугам сүлжээнд цахилгааныг холбуулчихсан байсан. ТЭЦ-4 ТӨХК-аас зөвшөөрөлгүй холбосон байна гээд таслуулсан. Бид нар дахиад хүсэлт гаргасан байгаа. Хүсэлт гаргаснаас хойш 1 сар гаруй болж байна хариу нь гараагүй.

Ө.Б-аас авсан 4 сая төгрөгөөс 3.3 сая төгрөгийг нь Т-д шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь тухайн үед надад хэрэг болоод хувьдаа зарцуулсан. Гэхдээ одоо тоолуур авах мөнгө нь надад байгаа. Авлига авсан гэж байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа. Б.н-тай холбоотой хэлмээр юм байна. Агаарын станцын бүтцийг өөрчлөх шаардлагыг би өгөөгүй. Э-г өгсөн гэж бодож байна. Үүний дагуу Э-тай найз тэр станцыг барьсан юм шиг байна лээ. Ашиг сонирхлын зөрчил байна гэж би хараад байгаа. Миний бичих гэж байсан 50-60 сая төгрөгийн нөхөн тооцоо бичих ёстой, тэр одоо хүртэл бичээгүй байна. Сэтгүүлч хариуцлага тооцуулъя гэж өргөдөл дээр бичсэн байсан. Үүний дагуу маргааш нь миний халагдах тушаал гарсан. Миний өргөдлийг хүлээн авсан инженер нь 2, 3 хоногийн дараа шийднэ гэж байсан, гэтэл тэр өдөр нь шийдсэн. Тушаалаа авах гээд очиход хуулийн зөвлөх Хүсэлбаатар надад хэлэхдээ арай өөрөөр шийдэх боломж байсан, айгаад энэ тушаал гарсан шүү гэж байсан. Тэгээд намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Ерөнхийдөө сэтгүүлч манай компанийг дарамталж байгаад тэр компани техникийн нөхцөлтэй болчихлоо, тэгэхэд 63 ква-ийг 400 ква-аар нөхөж авна гэж зөвшөөрөл аваад, эндээс би ашиг сонирхлын зөрчилтэй л гэж харж байгаа юм. Одоо цаад компани дээр 50-60 сая төгрөгийн нөхөн тооцоо бичихгүй бол энэ мөнгө улсын орлого болохгүй, би 15 жил ажиллахдаа нэг ч сахилгын шийтгэл аваагүй, асуудал гаргаж байгаагүй, ийм асуудал хийж үзээгүй. Сэтгүүлч танай захирал гар хөлийн үзүүрээр шийдэх асуудал байна гэж хэлсэн байсан, би захирал дээр орж уулзаад яагаад намайг халчихсан юм бэ, эхлээд хүн ёсоор хэлж болсонгүй юу гэхэд ингэхээс өөр арга байгаагүй гэхээр нь би тэр сэтгүүлч миний бичлэгийг яагаад цацахгүй байгаа юм бэ гэхэд захирал хэлэхдээ одоо цацахгүй гэж байсан. Эндээс би ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст  хэргийн 154-155, 238-239 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Н-ын гэрчээр өгсөн:

“...Анх “Г” ХХК-ийн менежер Б.Н нь надтай холбогдсон юм, манай компани тогоо таслуулчихлаа, үүнийг янзлаад модон суурьтай станцыг төмөр хайрцагт хийж өгнө үү гэж хэлсэн. Миний утасны дугаарыг хэнээс авсан гэдгийг нь ёстой мэдэхгүй, би танихгүй. Ингээд гэрээ байгуулаад 30 орчим сая төгрөгийг авсан. Хуучин станцыг нь засвар үйлчилгээ хийж өгсөн. Модон тулгуур байсныг нь төмөр хайрцагт хийсэн, кабелиар дээш нь холболт хийж өгсөн. Муфт буюу цахилгааны үзүүрийг О.Э-р хийлгэсэн. Тогийг нь холбож өгөөгүй, бичиг баримтаа харъяа түгээх төвдөө үзүүлж байж холбох байсан. Сүүлд харин над руу “Г” ХХК-ийн захирал нь надтай яриад техникийн нөхцөл байхгүй гээд манай тогийг салгачихлаа гэж ярьсан, тэгэхээр нь би гайхаад техникийн нөхцөлгүй бол анхнаасаа та нар чинь яаж тогны мөнгөө төлөөд ажиллаад яваад байсан юм бэ гэхэд тусдаа өөр компани байсан ч гэлүү нэг тайлбар хэлж байсан. Мөн манай хийсэн бичиг баримтыг авч очоод техникийн нөхцөлөө авахгүй юу гэж би хэлсэн. Намайг чи өөрөө учрыг нь ол гэж захирал хүүхэн надтай ярьсан. Миний ойлгосноор тэр компаниас хүн мөнгө нэхсэн юм шиг байна лээ, мөнгө өгвөл техникийн нөхцөл гаргаж өгье гэж ярьсан юм шиг байсан. Тэгэхээр нь би ямар ч хүнд мөнгө өгөх шаардлага байхгүй, та нар бичиг баримтаа бүрдүүлээд техникийн нөхцөлөө гаргуулаад ав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 175 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Э-ны гэрчээр өгсөн:

“...2020 билүү 2021 онд “Г” ХХК-ийн станц нь болохгүй байсан юм шиг байна, модон хийцлэлтэй байсныг төмөр хийцлэлтэй болгосон байсан. Манай 10 жилийн найз болох Н энэ ажлыг хийсэн. Н эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компанитай. “Г” ХХК-ийн дээрх ажлыг гүйцэтгэж байхдаа намайг хүрээд ирээч гэж дуудаад үзүүрийн муфтыг нь хийгээд өгөөч гэсэн. Би очоод 2 үзүүрийг нь хийж өгсөн. Энэ бол 2020, 2021 онд болсон асуудал. Ийм л зүйл болсон. 2022 оны 5, 6 сарын үед “Г” ХХК-ийн ажилтан Б.Н над руу утсаар яриад манай компанийн цахилгааныг залгаж өгөхгүй байна, ямар учиртай юм бол, чи Д.Б-тэй нэг яриад ойлгуулаад хэлээд өгөөч гэхээр нь би Д.Б-гийн ажил дээр нь очиж уулзсан. Тэр үед “Г” ХХК-ийн ажилтан бас нэг охинтой хамт очсон. Тэгэхэд техникийн нөхцөл байхгүй, газрын гэрчилгээ, гүйцэтгэлийн бичиг баримт шаардсан. Хуучин техникийн нөхцөл нь 63 ква гэж байсан, Д.Б- болохоор 400 ква техникийн нөхцөл байх ёстой гэсэн. Ингээд Д.Б- нь нэлээн уурлаад байсан, надтай хамт очсон охин уйлсан. Үүнээс хойш бичиг баримт нь болохгүй байна гээд цахилгааныг нь холбож өгөөгүй байсан, “Г” ХХК-ийн хүмүүс ч чимээгүй болсон. Д.Б-тэй очиж уулзахаас өмнө байхаа намайг Д.Б- цахилгааныг нь салга гэж хэлсний дагуу би очиж салгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 177-179 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Т-ын гэрчээр өгсөн:

“...Д.Б-тэй 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уулзсан, намайг Авлигатай тэмцэх газраас дууддаг өдөр уулзсан. Би саяхан Арвайхээр явсан. Тэгээд Д.Б- эгч надад хомоол таван салаа захисан байсан, тэрийг нь өгсөн.  “Г” ХХК-ийн талаар ярьсан, ажлын зураг зураад, улсын комиссоор орох юмыг нь хийлгэж болохгүй юм уу гэсэн. Түүнээс өмнө нь тэр компанийн нэг эрэгтэй хүнтэй нь утсаар ярьж байсан. Хамгийн анх Б- эгч надтай яриад нэг ажил байна гэсэн, үүний дагуу нь би тэр компанийн хүнтэй нь холбогдсон. Намайг очиж үзэх үед агаарын модон шонгоос нь буулгаад төмөр хайрцагт хийсэн гэж байсан. Харахад бол төмөр хайрцагтай дэд станц байсан. Иж бүрдмэл дэд станц гэж явдаг юм. Тэгэхээр нь би агаарт байж байгаад төмөр хайрцагт хийсэн юм чинь улсын комиссоор орно, ажлын зураг хийлгэнэ, техникийн нөхцөл авна гэж хэлсэн, 4 сая төгрөг болно гэсэн ажлын зураг 2 сая, техникийн нөхцөл авахад 2 сая төгрөг болно гэж хэлсэн. Тийм л яриа болсон. Сүүлд нь над руу залгаад 2 сая төгрөг өгье гэхээр нь би үгүй гэсэн, түүнээс хойш яриагүй. Энэ явдал яг хэзээ болсон гэдгийг нь санахгүй байна...

...Би тухайн үед Б- эгчээс 3.3 сая төгрөг авсан, үлдсэн мөнгийг техникийн нөхцөл гарсны дараа тоолуур болон бусад зардалд зарцуулья гэж бодсон. Үлдэгдэл 700.000 төгрөгийг би аваагүй, Б- эгчээс авсан 3.3 сая төгрөгийг Б- гэж хүн рүү шүүх хурал болохоос өмнө буцааж өгсөн. Б- эгчээс авсан 3.3 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Компанийн дансаар зарим нэг гүйлгээг хийдэггүй, хувийн дансаар хийдэг, учир нь татвар тооцоод байдаг юм. Хэн нэгэн хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, техникийн нөхцөл гарахаар техникийн нөхцөлөө тусгаж байгаад хамтран ажиллъя гэж бодсон. Миний хувьд 3.3 сая төгрөгт ажлын зураг, газардуулга, газардуулгын туршилт протокол, мэдээллийн сан, холболтыг протокол зэргийг ажлын хөлс багтана гэж тооцоолсон.

“А” ХХК-ийн хашааг  Б- эгчээр заалгаад ганцаараа очсон ба тухайн үед Б- эгч хэлэхдээ наад компани чинь Унээс цахилгааны эх үүсвэр татах боломжгүй юм байна, ДЦС-4-н шугам ойрхон байгаа байх гэж хэлсэн. Ингээд би газраа үзээд дараа нь ДЦС-4 компаниас цахилгааны эх үүсвэр татах тухай албан бичиг хүргүүлсэн. Тодорхой санавал мөнгөө аваад дээрх ажлыг хийсэн. Нийт 2 албан бичиг өгсөн...

“А” ХХК-ийг техникийн нөхцөл гаргуулахад шаардагдах ажлыг миний бие хариуцаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хавтаст хэргийн 181, 3-р хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н гэрчээр өгсөн:

 “...Шинээр хүчин чадал нэмэгдүүлэх, станцын хийц өөрчлөх тохиолдолд техникийн нөхцөл авч, ажлын зураг хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байдаг. Дээрх манай компаниас ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлын хувьд бол арай өөр байдаг. Яагаад гэвэл олон жилийн өмнө манай хэрэглэгч болчихсон, манай компанитай тооцоогоо хийдэг гэрээт хэрэглэгч байгаа бол техникийн нөхцлөө нөхөж авч болдог, шинээр техникийн нөхцөл хийлгэх, ажлын зураг гаргуулах шаардлагагүй. Мөн тухайн хийц өөрчлөх ажил нь нэгэнт хийгдчихсэн байхад нөхөж ажлын зураг гаргуулах шаардлагагүй байдаг. Техникийн нөхцлөө нөхөж аваад л болох асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл “Г” ХХК-ийн “А” ХХК нь өмнө нь 2004 оноос хойш манай хэрэглэгч байсан, 63 ква байсан, 2009 оноос хойш 400 ква болгож өөрчилсөн байна. Ингээд тухайн үедээ техникийн нөхцөл байгаагүй ба сая буюу 2023 оны 6 сард нөхөж техникийн нөхцөл олгож байгаа юм. Яагаад гэвэл олон жил 400 ква хүчин чадалтай цахилгаан хэрэглэж ирсэн байхад бид нар техникийн нөхцөл нөхөж өгөхөөс өөр арга байхгүй. Яагаад гэвэл манай байгууллага 2009 оноос хойш цахилгааны төлбөрөө авахдаа 400 ква хүчин чадалтай цахилгааны төлбөр авсан гэсэн үг. Тийм учраас техникийн нөхцөл нөхөж олгож байгаа. Ийм тохиолдол маш олон байдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 196 дэх тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Б-ы яллагдагчаар өгсөн:

“... Би энэ хүнийг ямар ажил хийдэг талаар мэдэхгүй. Хоёрт цахилгааны тог холбуулахтай холбоотой бичиг баримт, ажлын зураг хэмжилт юу байдаг юм, холбоотой материал бүрдүүлэх ажлыг хийлгэх зорилгоор 4 сая төгрөг өгсөн. Техникийн нөхцөл гаргуулж, гэрээ байгуулах хэмжээнд аваачиж өгөх гэсэн зорилгоор 4 сая төгрөг шилжүүлсэн. Би өөрөө хөөцөлдье гэхээр цахилгааны талаар ямар ч ойлголт мэдлэг байхгүй, манай компанид цахилгаан хариуцаж байсан хүн байгаагүй. Ингээд мэргэжлийн хүн олоод өгөөч гээд найздаа хүсэлт тавьсан. Би бас өөр газраас судалсан, хэмжилт хийх, зураг гаргах үнэ өртөг өндөр юм шиг байна байна. Би авлига өгөөгүй... Тухайн үед мөнгө шилжүүлэх үед би Д.Б-г хаана ажилладаг гэдгийг мэдээгүй. Тайван-Од надад хэлэхдээ танай техникийн нөхцөл хөөцөлдөж байсан хүн нь ажлаасаа гарсан гээд утасны дугаарыг нь өгсөн. Одоо тэр хүн нь ямар ажил хийдгийг нь мэдэхгүй, би цуг ажилладаг юм байна гэж ойлгосон. Д.Б- хөөцөлдөөд өгье гэж байна гээд ажлын хөлс нь 4 сая төгрөг гэхээр нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст нхэргийн 245 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Н-ын гэрчээр өгсөн: 

“...Д.Б- нь энэ оны 3, 4 дүгээр сарын үед байх хамт яваад өгөөч гээд Г бид хоёр хамт явсан. ТЭЦ-2-ын ард байрлалтай нэрийг нь мэдэхгүй байна, нэг аж ахуйн нэгжийн хашаан дотор очсон. Тухайн хашаан дотор байсан цахилгааны станцыг онгойлгож үзэхэд цахилгаан тасархай байсан. Өндрийн тулгуур дээрээ тасархай байна уу гэдгийг нь харсан. Тэр үед тасархай байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г-ын гэрчээр өгсөн:

“...Би одоо хэзээ гэдгийг нь санахгүй байна, Д.Б- нь Н бид 2-т хэлэхдээ ТЭЦ-ын урд нэг газар дээр очоод үзнэ гээд Н бид 2-ыг дагуулаад явсан. Ганцаараа эмэгтэй хүн үзэж чадахгүй гээд бид 2 хамт явсан. Тэгээд яг одоо сайн хэлж мэдэхгүй байна, тэр газар дээр нь очиход 0470 буюу тоолууртай хэсгийг онгойлгож үзчихээд буцаад явсан. Тэр үед бол тасархай байсан. Бид нар тог таслах эрхгүй байдаг. Өөр ямар ч мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.М-ын гэрчээр өгсөн:

“...Ө.Б- хангамжийн менежерээр манай компанитай гэрээний дагуу ажилладаг юм, манай компанийн албан ёсны үндсэн ажилтан биш. А ХХК нь авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм, оффис нь Циркийн урд талд байдаг, харин аж ахуйн хашаа нь ТЭЦ4-ийн урд талд байдаг юм. Аж ахуйн хашаа маань тог байхгүй, мотор генератор ажиллуулж байгаа. Ө.Б- нь яг тухайн үед надад юм яриагүй, харин тог тавиулах гэж байгаа, материал авна, албан ёсоор тог авахаар болсон гэсэн зүйл ярьж байсан. Ингээд компаниас 3, 4 сая төгрөг авч байсан санагдаж байна, Ө.Б- нь өөрөө яваад сэлбэг авчихдаг юм. Яг хэнд хэдэн төгрөгөөр тог залгуулах болсон талаар нь би мэдэхгүй, тэр болгоны ажилд нь би оролцоод байх завгүй байдаг юм...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Х-ын гэрчээр өгсөн:

“...Би Дулааны цахилгаан станц-4 ТӨХК /хуучнаар ТЭЦ4/-д 1995 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2005 оноос хойш Борлуулалт маркетингийн албаны хэмжүүрийн мастераар ажиллаж байна. 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би ажил үүргээ гүйцэтгэж яваад шинэ хэрэглэгч манай ТӨХК-ийн өмнөд 2 хаалттай хувиарлах байгууламжийн 04 кв агаарын шугамаас зөвшөөрөлгүй аж ахуй нэгж холболт хийсэн байхыг нь илрүүлсэн. Ингээд би хяналтын албандаа мэдэгдсэн, үүний дагуу тухайн өдөр нь ирж үзсэн. Энэ хооронд би хаанаас ямар аж ахуй нэгж тог холбосон байна гэж шалгахад А ХХК гэж байсан. Ингээд хяналтын албаны хүмүүст А ХХК юм байна, зөвшөөрөлгүй холбосон байна гэж хүлээлгэж өгсөн. Үүний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ерөнхий инженер П.Б-ын гарын үсэгтэй Цахилгаан эрчим хүчний хулгай гарсан асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан бичгээр БГД-ийн цагдаагийн хэлтэст хандсан юм.

Тухайн өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2023.04.06-ны өдрийн огноотой Эрчим хүчээр хангах зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг ТЭЦ4 ТӨХК-д гэж хаяглан ирүүлсэн байсан. Энэ бичиг нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариу төлөвлөх гэж над дээр цохогдож ирсэн. Үүний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр албан хүсэлтийн хариуг нь боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн.

Гэтэл А ХХК-аас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дахиад албан хүсэлт ирүүлсэн байхаар нь би компанийн 8810-тай утастай А ХХК-ийн хүнтэй нь утсаар дахиад хүсэлт өгсөн байна, боломжгүй талаар албан бичгээр хариу өгсөн гэхэд за гэж байсан. Гэтэл А ХХК-аас 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр дээрх албан хүсэлт дахиад ирүүлсэн байсан. Үүний хариуг нь 2023 оны 6 сарын 21-ний өдөр чадлын хэтрэлттэй тул боломжгүй гэсэн хариу өгсөн болно..” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн  9 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н гэрчээр өгсөн:

“...Б.Н одоогоос жилийн өмнө надад хэлэхдээ намайг хүн дарамтлаад байна гэж байсан, үүнээс хойш хэд хэдэн удаа дахиад нөгөө хүн дарамтлаад байна, би яг яахаа мэдэхгүй байна гэж байсан. Би тоодоггүй байсан юм, одоогоос сарын өмнө буюу 2023 оны 5 сарын үед Б.Нямбаяр надад хэлэхдээ тушаал гараад ажилгүй болох гэж байгаа, манай компанийн цахилгааны асуудал шийдэгдэхгүй байгаа юм, би СХД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтныг гуйдаг юм, тэр  Д.Б- хэлэхдээ 50-60 сая төгрөгөөр торгоно, эсхүл 5 сая төгрөг өгөөд сал гээд байна гэж байсан. Тэгэхээр нь би танай компани торгуулах ямар буруу юм хийсэн юм бэ гэхэд манай компани цахилгааны дэд станцаа янзлуулсан, хайрцагт хийсэн юм. Тэгсэн чинь дураараа хайрцагт хийсэн гээд байгаа гэж байсан. Тэр Д.Б- нь зан аашны хувьд их хэцүү, улам зуугаад байх юм болов уу гэж бодоод би юу ч хэлж чадахгүй байна, манай компаниас цахилгааны асуудлаа шийдэж чадахгүй гээд байгаа, тэгээд би удирдлагууддаа 5 сая төгрөг өгөх юм бол болно гэж байна гэдгийг нь хэлсэн чинь юу гэж авлига өгдөг юм,  явдаг ном журмаараа яв гээд байна гэж байсан. Нэгэнт л би ажлаасаа гарч байгаа юм чинь хэвлэл мэдээлэлд энэ Д.Б-г өгмөөр байна гэхээр нь баталгаажуулаад мөнгө нэхэж байгааг нь бичээд ир гэхэд надад хийсэн бичлэг нь байгаа гэж байсан. Сүүлд дахиад нэг бичлэг надад өгсөн. Тэр ярианы бичлэгийг нь сонсоход утсаа авахгүй байж байгаад ярьж байсан, цалингийн зээл аваад ч хамаагүй цахилгаан холбоод өг гэж ярихад Д.Б- нь 4 сая төгрөгөөр яах юм, хамгийн багадаа 5 сая гэсэн зүйл яриад байсан, бас та нар янз янзын юм яриад яваад байхгүй биз дээ, цааш нь бас нэг хүнд өгнө гэсэн зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.О-ын гэрчээр өгсөн:

“...Д.Б- надад өдөр тутмын ажлаа танилцуулах ёстой байдаг. Гэхдээ энэ талаар Д.Б- надад танилцуулж байгаагүй, би мэдэхгүй. 2023 оны 5 сарын сүүлээр билүү 6 сарын эхээр байсан, гүйцэтгэх захирал Дагдан нь манай ХҮТ-ийн даргад үүрэг өгсөн юм байна лээ. Ингээд Д.Б-гээс энэ талаар асуусан, хэрэглэгчээс мөнгө нэхсэн байна ямар учиртай юм бэ, ямар үндэслэлээр мөнгө нэхсэн бэ гэж асуусан. Тэр үед хэлэхдээ би бол мөнгө аваагүй, мөн нөхөн тооцоо хийнэ гэдэг зүйлийг бол хэлсэн гээд байсан. УБЦТС ТӨХК-ийн СХД-ийн ХҮТ-ийн борлуулалтын хэсгийн инженер Д.Б- ямар ч тохиолдолд иргэнээс, хэрэглэгчээс мөнгө авах эрх байхгүй. Торгууль тавих ч эрхгүй байхгүй. УБЦТС ТӨХК-ийн хэмжээнд 3 албан тушаалтан торгох эрхтэй байдаг. Харин Д.Б- нь нөхөн тооцоог бичиж болно. Мөнгийг нь бас шууд авах эрхгүй.... Техникийн нөхцөл албан ёсоор авах ёстой. Хэрэв техникийн нөхцөл олгох боломжгүй, нөгөө айл нь хүчин чадлын хэтрэлттэй бол болохгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Д.Т-ын гэрчээр өгсөн:

“...Ө.Б- компанийн аж ахуйн хашаанд цахилгаан хэрэгтэй байна гэхээр нь би Ө.Б-ыг Д.Б-тэй холбож өгсөн. Өөрсдөө ярьж хэлээд оролцоорой гэсэн. Хариуцсан инженер нь Д.Б- байсан. Ө.Б- надад хэлэхдээ Д.Б-тэй уулзсан, тог холбож болно гэж байна, чамд тог холбоод өгчих хүн байна уу гэж хэлэхээр би монтёр Батмөнхөд цахилгаан холбох ажил байна, чи ажлын бус цагаар хийх юм уу гэж хэлсэн. Ингээд Батмөнх цахилгааныг нь холбож өгсөн. Би ойлгохдоо хариуцсан инженер Д.Б- нь болно гэж хэлсэн юм чинь ямар нэг асуудалгүй гэж ойлгосон, би өөрөө цахилгааны инженер биш болохоор сайн мэдэхгүй. Тэгээд үүний маргааш нь “А” ХХК-д ТЭЦ-4 ТӨХК-аас бичиг ирсэн гээд цахилгааныг нь буцаагаад тасалсан. Ингээд би Д.Б-д чи зөвшөөрөлгүй цахилгаан залгуулчихсан байна, бичиг ирсэн байна гэсэн чинь Д.Б- өө тэгвэл цахилгаанаа буцаагаад салгачих, би мэддэг хүнээс нь асууя гэж байсан. Би өөрөө ч гуйж очсон, та нар ямар юм хийгээд байна гээд очсон. Тэр өдөр нь зөвшөөрөлгүй тог залгасан гээд акт тогтоолгоод тэр мөнгийг нь ТЭЦ-4 ТӨХК-д тушаалгасан... Д.Б- нь надад хэлэхдээ 4 сая төгрөг болно гэж хэлсэн. Энэ мөнгө нь зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг гэж хэлсэн, би үүнийг нь Ө. Б-д хэлсэн төдий... Дараа нь Д.Б-тэй ярихад Ө.Б-ы цахилгаан татсан газрын техникийн нөхцөл нь гарчихсан байгаа гэж хэлсэн боловч гараагүй байсан. Миний ойлгосноор Д.Б- Ө.Б-д хаанаас цахилгаан татах газрыг зааж өгсөн, гэтэл техникийн нөхцөл нь гараагүй газраас цахилгаан татуулсан байсан. Үүний төлөө хэн нэгнээс эдийн болон эдийн бус зүйл, шан харамж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 23-24, 231-232 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сард намайг гэртээ байж байхад Т над руу утсаар яриад ТЭЦ-4 дээр цахилгааны холболтын ажил хийгээд өгөөч бичиг баримт нь болчихсон юм байна гэхээр нь би маргааш нь “А” ХХК дээр очиж Ө.Б- гэх хүнтэй уулзаад цахилгааныг холбоход шаардлагатай материалын жагсаалтыг нь гаргаж өгсөн. Ингээд би цахилгааныг нь холбож өгсөн. Зөвшөөрөлгүй байсан гэдгийг нь би тухайн үед мэдээгүй. Т надад хэлэхдээ зөвшөөрөл нь гарчихсан гэсэн гэж хэлсэн. Тэгээд би холбох ёстой юм байна гэж ойлгоод цахилгааныг нь холбож өгсөн. Д.Б- нь техникийн нөхцөл гаргах эрхгүй, мөн тог цахилгаан холбох эрхтэй эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2р хавтастт хэргийн 26 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.А-н гэрчээр өгсөн:

“...У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтод: СХД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерийн албан тушаалтан нь: цахилгаан эрчим хүчний борлуулалтын ажлыг зүй бус алдагдал багатайгаар борлуулах, хариуцсан шугам тоноглолын худалдан авсан цахилгааны гүйцэтгэлд ногдох төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах, хариуцсан станцын борлуулалтын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, хяналтын ажлыг оновчтой үр дүнтэй гүйцэтгэх, монтёрын өдөр тутмын ажилд хяналт тавих, өөрийн хариуцсан цэгүүдийн тоолуурын заалтыг хугацаанд нь үнэн зөв авах, бичилт хийгдээгүй цэг, хэрэглээ хэлбэлзсэн ААН-д хяналт тавих, шинээр баригдаж байгаа обьектуудад байнгын хяналт тавих, цахилгаан эрчим хүчний баланс барихгүй байгаа дэд станцуудын шалтгааныг тодруулах, хэрэглэгчдийн хэрэглээг шалгах, шаардлагатай тохиолдолд нөхөн бичилт хийх, хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах, шаардлага өгөх, шаардлагатай тохиолдолд техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх, шаардлага тавих, ажлын захиалгын дагуу борлуулалтын нөхцлийг газар дээр нь очиж шалган шалтгааныг тогтоох, нөхөн тооцоололт хийх, борлуулалтыг нэмэгдүүлэх, техникийн зүй бус алдагдлыг бууруулах талаар ажил зохион байгуулах, санал боловсруулах, холбогдох албан тушаалтанд танилцуулах, шалгасан ААН-н тоолуур хэрэгслийн заалт, хэмжилтийн үр дүнгээр гарч байсан зөрчлийн талаар тусгай тэмдэглэл хөтөлж, мэдээллийн бааз байгуулан ажиллах, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллах, бригадын гишүүдийг мөрдүүлэх гэсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг баталсан ба уг дүрмийн 1.3-д “цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дамжуулах, түгээх сүлжээнд шинээр холболт хийх, цахилгааны ачааллыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох бүрт иргэн, хуулийн этгээд техникийн нөхцөл авна” гэж тодорхойлсон.

Техникийн нөхцөл олгох үйлчилгээний төлбөрийг УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4/206 тоот тушаалаар тооцдог.

Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм болон Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-г үндэслэн техникийн нөхцөл олгодог. Тодруулбал дүрмийн 2.1-д “...өргөдөл, албан бичиг, хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газрын эрхийн гэрчилгээ болон кадастрын зургийн хуулбар, техникийн нөхцөл олгох барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, шаардлагатай ачааллын тооцоо, хувийн өмчийн цахилгаан сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл...”, журмын 2.9-д дээр дурдсан баримтаас гадна нотариатаар батлуулж, тодруулах хуудас бөглөхийг шаарддаг.

Дээрх баримт, бичгийг бүрдүүлж авсны дараа УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/109 дугаартай тушаалаар баталсан “Техникийн нөхцөл олгох комиссын бүрэлдэхүүн, техникийн нөхцөл олгох комиссын хурлын дэг батлах тухай” журмын дагуу техникийн нөхцөл олгодог...” гэх мэдүүүлэг /2-р хавтаст хэргийн 242-243 дахь тал/,  

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 130, 250 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 131 дэх тал/ зэргийг тус тус  шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.Б-гийн үргэлжилсэн үйлдлээр “У” ТӨХК-ийн С хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа тус Төрийн өмчид хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажлын ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.8-д “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, хууран мэхлэх хавчин гадуурхаж хясан боогдуулахгүй байх”, ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.3-т “хэрэглэгчдийн шугам сүлжээнд байгаа илэрхий зөрчлийг арилгуулах шаардлага өгөх, шаардлагатай үед техникийн нөхцөлийн биелэлтийг шалгах, техникийн нөхцөлийн дагуу холболт хийх шаардлага тавих” гэж заасныг тус тус зөрчиж 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгааны эх үүсвэр болох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Г” ХХК-ийн авто тээврийн албаны дарга Б.Н-с 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс цахилгаан эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргах буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд тус компанийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтан Ө.Б-аас 4.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заагдсан Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэргүүд байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ө.Б-ы “А” ХХК-ийн худалдан авалт хангамж хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн аж ахуйн хашаанд цахилгааны эх үүсвэр холбуулах, техникийн нөхцөл гаргуулах зорилгоор “У” ТӨХК-ийн С хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженерээр ажиллаж байсан Д.Б-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн “ХААН” банк дахь дансаар дамжуулан 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажилагаанд өгсөн гэрч Э.Х, Б.Н, Р.Д,  Б.А, О.Ж, Д.Л, Т.Н, О.Э, Т.Төмөрбагана, Н.Б, Э..Н, Д.Гг, Ж.М, Д.Хүрэлхуяг, Н.Б, Д.Т, Г.Б,  Т.А нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан, мөн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ө.Б-ыг өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцов.

 

Иймд шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлт, шүүгдэгч Ө.Б-ы өмгөлөөгч Д.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Ө.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлт тус тус гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-, Ө.Б-д нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Б-, Д.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Б-, Ө.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                    ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч А  овогт Д-ын Б-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардсан,

мөн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Х овогт Ө-ын Б-ыг өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Ө.Б- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.

 

4.  Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, Ө.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.  Шүүгдэгч Д.Б-, Ө.Б- нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ