Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/947

 

 

 

 

 

 

 

 

     2023          12          08                                   2023/ШЦТ/947

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /регистрийн дугаар ***/, Б овогт Б-ын О-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.О- нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* автобусны буудлын орчимд үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Б.Д-ын “тандагч багажаар согтуурлын хэмжээгээ шалгуулна уу” гэх шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О-ын өгсөн: “...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв...” гэх мэдүүлэг,

 

         Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д-ын хохирогчоор өгсөн:

“..2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах автомашин зорчих хэсгийн баруун талд дэд ахлагч О-ын хамт үүрэг гүцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх явцад 03 цагийн орчим нэг тээврийн хэрэгсэл бид хоёрын зогсож байсан газраас 200 метр орчимын цаана зам дагуу зогссон. О тэр тээврийн хэрэгсэл рүү гүйж очиж шалгаад жолооч нь согтуу байгаа талаар надад хэлсэн. Тэгээд нэг харахад үл таних эрэгтэй О-тай муудалцаад зууралдаад байхаар нь би тэр хоёр дээр ирэхэд тэр эрэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, дэд ахлагч О түүнийг драйгер багажаар үлээлгэж согтуурлын хэмжээг шалгах гэхэд эсэргүүцэн маргалдаж, барьцалдаж авсан байсан. Би тэр жолоочид хандан түүнийг согтуурлын хэмжээгээ шалгуулах ёстой талаар хэлэхэд эсэргүүцээд байсан тул эрүүлжүүлэх саатуулах байр руу хүргэх гээд машиндаа суулгах гэтэл эсэргүүцэж миний ам хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд би түүнд биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэн түүний гарыг ард нь гавлаад машндаа суулган эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэн, түүний унаж явсан 09-94 УБЯ улсын дугаартай “Тоёота аксио кролла” маркийн тээврийн хэрэгслийг ТС-8 журмын хашаанд хүргүүлсэн...

Миний дээд уруул дотор талдаа сэтэрч, дээд үүдэн шүд хөдөлж, баруун гарын эрхий хуруу тулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 13-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О-ын гэрчээр өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө найзтайгаа уулзчихаад гэр рүүгээ харих гээд Гэмтлийн эмнэлэгийн хойд талд байрлах автобусны буудал дээр машинтайгаа зогсож байтал танил О- гэх хүн над руу залгаад гэрт хүргээд өгье гээд 02 цагийн үед ирсэн. О- жолооны ард суугаад автобусны буудлаас 50 метр орчим явж байгаад машинаа зогсоогоод бие засах гэхэд нь замын цагдаа хүрч ирээд түүнээс бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тэр цагдаа чамайг машинаас буухыг чинь харлаа гээд маргаж эхэлсэн. Гэтэл тэр цагдаа О-ын цамцнаас татаад хаашаа руу түлхтэл О- тэр цагдаа руу чи ер нь яагаад миний биед халдаад байгаа юм бэ гээд түүний гарыг нь тавиулах гээд оролдож байтал бас нэг цагдаа ирсэн. Тэгээд 2 цагдаа нийлээд О-ыг машиндаа суулгах гээд ноцолдож байх үед сүүлд ирсэн цагдаагийн нүүр хэсэг рүү санаандгүй тохойгоороо цохьчих шиг болсон. Тэгээд О-ыг эрүүлжүүлэх байр руу авч яваад миний машиныг журмын хашаа руу ачиж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-ын гэрчээр өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед найз О-ттой Жуковын ойролцоо уулзаад караокед орж бид хоёр архи пиво ууж байгаад ойролцоогоор 3 цаг өнгөрч байхад О нэг найзтайгаа ярьж байгаад түүн дээр очихоор болоод хорооллын эцэс рүү О-н найз Монголоор хүргүүлсэн. Хорооллын эцэст О машинаас найзтайгаа уулзлаа гээд буусан. Хэсэг хугацааны дараа би буугаад тамхи татаад зогсож байтал О нэг эмэгтэй найзынхаа хамт ойролцоо байрлах байрны араас гарч ирээд ойрхон явчихаад ирье гэж хэлээд автобусны буудал дээр зогсож байсан. Жижиг цагаан машинд бид гурав цуг суусан. Хэсэг явж байгаад зогсох шиг болсон. Би буугаад очтол хоёр цагдаа О-ын гарыг ард нь барьчихсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хартал О-г газар хэвтүүлээд дээр нь 2 цагдаа дарчихсан байсан. Хэсэг хугацааны дараа түүнийг цагдаагийн машин ирээд аваад явсан. Би тухайн үед нилээд согтчихсон байсан тул яг юунаас болж, юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд П.О-ын гэрчээр өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн баруун хойд талд байрлах автомашины зам дээр цагдаагийн дэд ахлагч Д-ын хамт тээврийн хэрэгсэл жолоодож яваа иргэдийг тандагч багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байсан. Гэтэл бид хоёрын зогсож байсан газраас ойролцоогоор 20 метрийн цаана шаргал өнгийн аксио маркийн тээврийн хэрэгсэл зогсохоор нь би гүйгээд очтол жолооч талаас үл таних 30-35 насны архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн бууж ирсэн. Би түүнд амрыг эрье, бичиг баримтаа шалгуулна уу гэж асуухад би машин бариагүй гэж хэлсэн. Тэгээд тэр хүн бичиг баримтаа шалгуулахгүй, бас илтэд согтуу байсан тул би түүнийг цагдаагийн машин руугаа авч явах гээд сугадаад автал эсэргүүцээд түлхээд байсан. Би түүнтэй хэсэг зууралдаж байтал Д ирээд үл таних согтуу хүнийг надтай хамжилцан цагдаагийн машин руу суулгах гэхэд тэр үл таних залуу эсэргүүцээд Д-тай зууралдсан. Зууралдаж байх үедээ Д-ыг гараараа цохьчих шиг болсон. Яг яаж цохисон гэдгийг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.Д-ын биед үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, уруул, язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.О-ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн баруун хойд талд байрлах төв зам дагуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Тэгээд тухайн үед машин хөдөлгөөд хэсэг явж байгаад бие засах гээд машинаас буугаад зогсож байтал үл таних хүн ирээд бичиг баримтаа шалгуул гэхээр нь би татгалзаад тухайн  хүнтэй муудалцаж ноцолдсон. Гэтэл тэр хүн замын цагдаа болж таарсан. Тэгээд тэр замын цагдаатай ноцолдож байх үедээ санамсаргүй цагдаа залуугийн нүүр хэсэг рүү тохойлдчих шиг болсон. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, гэрч Б.Ү-йн мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл шаардлагыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ******* автобусны буудлын орчим Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Б.Д-ын шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Б.Д-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Б.О- гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.О- нь хохирогч Б.Д-ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” бол гэж үндсэн шинжийг тус тус тодорхойлсон ба Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж “...цагдаа ...”-г ойлгоно гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж тус тус заажээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт бусад баримтаар тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.О- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Мөн хохирогч Б.Д нь хууль сахиулагч буюу Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа болох нь Цагдаагийн Ерөнхий газрын А-*** дугаартай үнэмлэх /хавтаст хэргийн 86 дахь тал/-ээр тогтоогдож байх ба 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа албан үүргээ биелүүлэн шаардлага тавихад шүүгдэгч Б.О- нь түүнийг цохиж хүч хэрэглэсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр хангалттай нотлогдож байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Б.О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.Д-ын “...хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлт 85 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.О- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 3.150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.О- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ