Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

   

 

 

       2023          12         27                                      2024/ШЦТ/17

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б- Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авя, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Б-ын Ж- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ж- нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын орчим гэртээ харихаар явж байхдаа С.А-ын эзэмшлийн “Huawei Nova 10 SE” маркийн 750.000 төгрөгийн үнэ бүхий гээгдэл эд хөрөнгө буюу гар утсыг олж авч улмаар тухайн гар утсанд суулгасан интернет банкнаас үргэлжилсэн үйлдлээр  нийт 6.464.800 төгрөгийг мэдсээр байж хууль бусаар иргэн Б.Т-ийн дансаар шилжүүлэн авсны улмаас түүнд нийт 7.214.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Ж- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найзуудтайгаа уулзаж архи уучихаад гэр рүүгээ харих гээд явж байгаад сандал дээр “Nova3 маркийн утас байхаар нь аваад, машинд 2 найзтайгаа уулзаж нэмж пиво уучихаад машин дотроо унтсан. Тэгээд 9 цагийн үед сэрээд нөгөө гар утас кодгүй байхаар нь дансыг нь мөнгөтэй эсэхийг үзэхэд Голомт банкны дансанд нь 6.400.000 төгрөг байхаар нь Төгөлдөр гэдэг дүүрүүгээ яриад мөнгө хийчихье, АТМ ороод аваад ир гэж хэлээд нөгөө мөнгийг аваад А, Н гэх 2 найзуудтайгаа уулзаад 2 хоног ууж идэж явсан. Тэгээд хоёр хоногийн дараа хүний мөнгө үрсэн гэдгээ ойлгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

Хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө хөл бөмбөгийн багийнхантайгаа хамт Баянгол дүүрэгт байрлах “С” нэртэй ресторанд ороод юм ярьж сууж байгаад шөнийн 1 цагийн орчим бүгдээрээ гараад би Модны хоёр руу гэр рүүгээ алхсан. Араас намайг манай найз зам гарахыг хараад зогсож байсан. Гэртээ хариад гэр рүүгээ орох гэхэд хамт тэмцээнд орсон хүний машинд түлхүүрээ орхисон байсан тул орц руугаа орж чадахгүй гадаа сандал дээр сууж байгаад орц руугаа ороод 5 давхарын шатан дээрээ суугаад унтсан. Би тухайн өдөр гар утсаа алдаж улмаар данснаас 6.464.800 төгрөг алдсан. Миний гар утасын интернет банк шууд орж болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

 

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ажил дээрээ хоносон. Өглөө 08-09 цагийн үед Ж- ах залгаад данс руу чинь мөнгө орсон уу гэж асуухад интернет банк руугаа орж үзэхэд дансанд 800.000 төгрөгөөр олон удаагийн орлого орсон байсан. Нийлээд 6.400.000 орчим төгрөг байсан. Тэгээд хойд арк дээрээ гараад ир гэж хэлэхээр нь гараад очтол машин дотор гурвуулаа согтуу байсан. Иргэний үнэмлэх чинь байгаа юу, банк ороод мөнгөө бэлнээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд би их дэлгүүрийн урд байдаг Голомт банк орж мөнгийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай баримт /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

 

Дансны хуулга /хавтаст хэргийн 33-38 дахь тал/,

 

Хохирогч С.А-ын “...6.464.800 төгрөгөө бүрэн хүлээн авсан. Мөн гар утас, бичиг баримтаа биет байдлаар хүлээн авсан...” гэх баталгаа /хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.Ж-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

  • иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/,
  • эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн

39 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Ж- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Ж-ид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Х овогт Б Ж-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд

байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ид оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ