Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 109/ШШ2018/0036

 

 

 

          

 

               

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

                   Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-ыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.М, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, өмгөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасэн нэхэмжлэлдээ: Аймгийн засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч миний биеийг ажлаас халахдаа аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийг дурьдсан байдаг. Уг ажлаас халсан актын хууль зүйн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх хэсэгт заасан “Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдэгт хамаарахгүй, үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн нь сахилгын зөрчил болохгүй тул хууль бус акт гэж үзэж байна. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга нь холбогдох журмыг зөрчсөн, үнэлгээ нь бодитой бус буюу хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн, чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл байхгүй.

Аймгийн Засаг дарга Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А миний үр дүнгийн гэрээний тайланг үнэлж дүгнэхдээ Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4 Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна: 40.4.1-д “ Төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах”:, 40.4.2-д “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134-р тогтоолын хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.2, 1.6, 6.1, 6.2, 6.2.2, 6.4, 6.4.1, 6.4.2, 6.4.4, 6.4.5, 6.5, 6.7-д заасныг зөрсөн. Мөн уг журмын 2.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй.” байхад Засаг дарга нь дээрх үүргээ биелүүлээгүй ба төсвийн ерөнхийлөн захирагч болох Засаг дарга нь төсвийн шууд захирагчтай ярилцлага хийгээгүй зэрэг хууль тогтоомжийг зөрчиж 2017 оны үр дүнгийн гэрээний үнэлсэн үнэлгээ буюу илт хууль бус захиргааны актыг үндэслэн Б.А миний биеийг ажлаас халсан.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж хуульд заасан эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчлөө. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 тоот “Б.Аыг ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байгаа. Захиргааны актыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож, үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болгуулж, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах  шаардлага гаргасан. Б.Аын 2017 оны үр дүнгийн гэрээг 8.9 хувьтай F үнэлсэн байгаа. 2017 оны үр дүнгийн гэрээний тайлангаа ирүүлээгүй гээд ажлаас нь халсан. Б.Ааас тайлангаа хүргүүлсэн шүү дээ гээд албан бичгээ гаргаад үзүүлэхээр та үр дүнгийн гэрээгээ 8.9 хувьтай дүгнүүлсэн гэдэг зүйл ярьдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбарт байгаа. Б.Ааас тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гээд тайлбараа гаргаж өгсөн байхад яагаад дүгнэх журмаа бариад ярилцлага хийж гэрээг нь дүгнээгүй юм бэ гэдэг асуудал байгаа. Хариуцагч тал холбогдох журам болон төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Б.Аын үр дүнгийн гэрээний үнэлгээний үнэлгээг үндэслээд ажлаас нь халсан ба сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. Сахилгын зөрчил гэдгийг хуульд тодорхойлж өгсөн. Үр дүнгийн гэрээгээр хүлээлгэсэн үүрэг нь сахилгын зөрчил биш гэж өмнө нь тайлбараа гаргасан. Сахилгын зөрчил биш байхад сахилгын арга хэмжээ ногдуулж байгаа нь буруу гэж үзэж байна.

 Дараагийн нэг асуудал нь энэ маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж байна. Үр дүнгийн гэрээ байгуулаад захиргааны акт, шийдвэр гараад явж байгаа асуудал. Иймд Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан ажиллаагүй байдлын цалинг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээг дүгнэж, үнэлгээ ирүүлэх тухай” А/593 дугаар захирамжаар цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг болгож, дээрх захирамжийн дагуу, Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/42 дугаар тушаалаар байгуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гэрээг дүгнэж үнэлгээг гаргасан. Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А нь хамгийн бага үнэлгээтэй /8.9 оноо/ “F” авсан. Б.А нь үр дүнгийн гэрээгээ төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тайлагнаж чадаагүй болно гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/593 дугаар захирамжаараа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээг ирүүлэх эрхийг Боловсрол, соёл урлагийн газарт олгосон. Уг захирамжийн дагуу аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудастай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр танилцсан байдаг. Үнэлгээг эс зөвшөөрсөн бол илтгэх хуудастай танилцсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдол гаргах эрхтэй байсаар байтал 2018 оны 10 дугаар сард уг үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь “дунд эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагаас аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Б.Ад 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2017 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ хангалтгүй гүйцэтгэсэн нь өөрөө хуульд зааснаар давтан зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбар тухай тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна ...”ноцтой зөрчил” гэдгийг ... гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласанд бүрнээ нийцэж байна.

Аймгийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагтай байхыг хуулиар тусгайлан заасан тул Боловсрол, соёл, урлагийн газарт Засаг даргаас сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын үйл ажиллагааг үнэлж дүгнэх үүргийг шилжүүлсэн нь Төсвийн тухай хууль болон Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг зөрчсөн зүйл огт байхгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын эхний үндэслэл болох 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоох гэсэн шаардлага нь ямар шинжээр нь илт хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох 7 шинж байгаа. Эдгээр шинжүүдийн аль шинжээр нь илт хууль бус болгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн үндсэн  шаардлагатай холбоотой гарсан шаардлага буюу 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Дараа нь хэрэгт үнэлгээтэй холбоотой 3 зүйл харсан. Өөрөөр хэлбэл үнэлгээ, илтгэх хуудас, мөн хүснэгтээр үнэлээд өгчихсөн байгаа. Эдгээр 3 зүйлийн алийг нь хүчингүй болгуулах гээд байгаа юм бэ. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Хоёрдугаар шаардлага болох Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй юу үгүй юу гэдэгт тайлбар хэлэхэд аймгийн Засаг даргын захирамжийг хууль, эрх зүйн үүднээс аваад үзэхэд хүчин төгөлдөр захирамж. Засаг дарга бүх хүн, бүх байгууллагатай харилцах боломжгүй байдаг. Тийм учраас өөрийн гэсэн агентлаг, албатай байдаг. Хуульд Засаг дарга үр дүнгийн гэрээг дүгнэнэ гэсэн болохоос биш, өөрийн биеэр нэг бүрчлэн дүгнэ гэсэн зүйл заалт байхгүй. Тийм учраас аймгийн Засаг дарга захирамжаа гаргаад мэргэжлийн байгууллагыг нь дүгнэх эрхийг нь олгочихсон. Аймгийн Засаг дарга үр дүнгийн гэрээг албадуудаараа дүгнүүлээд хангалтгүй дүгнүүлсэн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргасан. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан захирамж.

Нэгэнт үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага мөн л хангагдах боломжгүй байна.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн харьяаллын шүүх болон ердийн харьяаллын шүүхээр хянан шийдвэрлэнэ. Өмгөөлөгч миний зүгээс нэхэмжлэгч Б.Аын гаргасан нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны субъект нь төрийн захиргааны албан хаагч, улс төрийн албан хаагч байх ёстой. Нэхэмжлэгч Б.А нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан, төрийн үйлчилгээний албан хаагч үзэж байгаа. Тэгэхээр шүүхийн харьяалал зөрчсөн асуудал гарч ирж байна. Иймд шүүхийн харьяалал зөрчсөн байгаа учраас захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ааас Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох”, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.[1]

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “П.Оюунсүрэнг ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд: нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “ ...  аймгийн засаг дарга Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А миний үр дүнгийн гэрээний тайланг үнэлж дүгнэхдээ Төсвийн тухай хууль, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын холбогдох заалтуудыг зөрчсөн. Төсвийн шууд захирагчтай ярилцлага хийгээгүй. 2017 оны үр дүнгийн гэрээний үнэлсэн үнэлгээ буюу илт хууль бус захиргааны актыг үндэслэн Б.А миний биеийг ажлаас халсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж хуульд заасан эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн ...” гэж,

Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар “ ... аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээг дүгнэж, үнэлгээ ирүүлэх тухай” А/593 дугаар захирамжаар цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг болгож, дээрх захирамжийн дагуу, үр дүнгийн гэрээг дүгнэж үнэлгээ гаргасан. Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А нь хамгийн бага үнэлгээтэй /8.9 оноо/ “F” авсан. Б.А нь үр дүнгийн гэрээгээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тайлагнаж чадаагүй. Иймд тус газрын үнэлгээ үндэслэлтэй” гэж,

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... аймгийн Засаг даргын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/593 дугаар захирамжаараа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээг ирүүлэх эрхийг Боловсрол, соёл урлагийн газарт олгосон. Уг захирамжийн дагуу аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн. Аймгийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагтай байхыг хуулиар тусгайлан заасан тул Боловсрол, соёл, урлагийн газарт Засаг даргаас сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын үйл ажиллагааг үнэлж дүгнэх үүргийг шилжүүлсэн нь Төсвийн тухай хууль болон Төсвийн шууд захирагчийн үй ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг зөрчсөн зүйл огт байхгүй гэж үзэж байна. Иймд аймгийн засаг даргын Б/18 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй …” гэж тус тус маргажээ.

I. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36.-д “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 4.1.38.-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 14 дүгээр зүйлийн 14.1.Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: 14.1.17.-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, 16  дугаар зүйлийн 16.4. Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.18.-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн”, 40 дүгээр зүйлийн 40.3. дахь хэсэгт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хариуцагч болох аймгийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч, нэхэмжлэгч болох Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч  нь төсвийн шууд захирагч байх бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэх хуулийн зохицуулалттай байна.

Хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь үр дүнгийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 30 болон 12 дугаар 30-ны дотор багтаан гэрээний биелэлтийг дүгнэхээр гэрээнд заажээ[2].

Гэтэл маргаан бүхий тохиолдолд: Хариуцагч болох аймгийн Засаг дарга нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээ дүгнэж, үнэлгээг ирүүлэх тухай” А/593 дугаар захирамжаар Аймгийн засаг даргын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу дүгнэж үнэлгээг гэрээнд заасан хугацаанд танилцуулахыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг болгожээ.[3]

Дээрх захирамжийн дагуу Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/42 дугаар тушаалаар[4] Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны аймгийн Засаг даргатай байгуулсан жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулжээ.

Ингээд Архангай аймгийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэж Б.Аын 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг “...нийт 8.9 оноо буюу F үнэлгээтэй” үнэлж, Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсаар “...2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээний үзүүлэлтийг харгалзан үзэж дараах саналын оруулж байна ... 2) 2017 онд Үр дүнгийн гэрээ нь “D”, “F” үнэлэгдсэн дараах нэр бүхий захирал эрхлэгчид зохих хууль, журмын дагуу арга хэмжээ тооцох. Үүнд: Халах арга хэмжээг ... Б.А-Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг халах арга хэмжээ авах ...” гэж тусган 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.[5]

Дээрх үнэлгээ болон илтгэх хуудсаар ирүүлсэн саналыг үндэслэн хариуцагч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Аын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг бичжээ[6].

Дээрх үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй байх бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь, төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байх бөгөөд Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан илт хууль бус захиргааны актад хамаарахаар байна.

Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч дүгнэхээр зохицуулсан.

Харин Боловсролын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.”, 27 дугаар зүйлийн 27.1.Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ.” 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:[7]” гэж тус тус заасан бөгөөд сум, дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх талаар эрх хэмжээ, чиг үүрэг олгогдоогүй байна.

Иймд хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж, Б.Аын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу F үнэлгээтэй гэж үнэлсэн байх тул уг үнэлгээг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

II. Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Аыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.[8]

Маргаан бүхий захиргааны актад дурдсан “ ... Аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн ...” гэх үндэслэл болох “Б.Аын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу “F” дүгнэсэннь үндэслэлтэй эсэх талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт дүгнэсэн.

Иймд аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “ ... Аймгийн Засаг дарга Б.Аыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргахаасаа өмнө хагас жилээр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон дүгнэлтийг үндэслэж хагас жилээр арга хэмжээ авсан. Мөн 2017 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг маргаан бүхий захиргааны актыг гаргахад үндэслэсэн. Дээрх зөрчлүүдийг хамааруулан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан  ...” гэж тайлбарлажээ.

Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Б.Ад “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/85 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүгнэлтээр “дунд эрсдэлтэй” дүгнэгдэж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан зөрчил гаргасан Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.[9]

Нэхэмжлэгч Б.Аын тухайд, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Б.Ад “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/85 дугаар захирамжтай маргаагүй бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хандаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.

Шүүхээс нэхэмжлэгч Б.Аын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоосон тул  маргаан бүхий захиргааны актад дурдсан “хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэх нөхцөл байдал үүсээгүй байна.

Учир нь “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.А нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Аыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:

Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт нэхэмжлэгч Б.Аын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Аыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”, 69 дүгээр зүйлийн 69.1. “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл. “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Архангай аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Тухайн маргаан нь захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан. Учир нь захиргааны хэргийн шүүх төрийн жинхэнэ болон улс төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой маргааныг, иргэний хэргийн шүүх төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан учир тухайн маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх ёстой гэсэн тайлбарыг гаргажээ.

Шүүхийн харьяаллын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Уг хэргийн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох “захиргааны акт”-тай холбоотой маргаан байна. Нэхэмжлэгч Б.А нь 2017 оны  01 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулсан[10], уг гэрээг дүгнэсэн үнэлгээтэй холбогдуулан маргасан, маргаан бүхий үйл баримтууд нь төсвийн ерөнхийлөн болон төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаатай холбоотой байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.2., 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3., Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ааас Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.Аын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу “F” үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Аыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

   2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ

ШҮҮГЧ Б.СУГАР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 186-188 дугаар хуудас

[2]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 10-15 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 85 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 89 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 90-95 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 59-61 дүгээр хуудас

[7] 281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;

281.1.2.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох;

281.1.3.багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

281.1.4.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх;

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

281.1.5.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;

281.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;

281.1.7.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

281.1.8.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

281.1.9.аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

281.1.10.өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах.

 

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст, 4 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 63 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 10-22 дугаар хуудас