Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0502

 

 

 

 

 

 

 

 

 

 

С аймгийн С сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч С аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

          Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” ** дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 122/ШШ2026/0014 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

          Хэргийн индекс: 122/2026/0001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч С аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” ** дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

          2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” ** дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Монгол Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор орон нутгийн зэрэглэлтэй хот болохтой холбогдуулан хуулийг хэрэгжих бэлтгэл ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн санал авах тухай 2025 оны /**** дугаартай албан бичгийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг хавсралтаар уламжилсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орж ирсэн саналыг хэлэлцэн тогтоол гаргасан бөгөөд энэ нь тухайн эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг эцэслэн баталсан асуудал биш юм.

          3.2 Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг хууль хэрэгжих хугацаа болоогүй заалтыг үндэслэж шийдвэр гаргасан гэж анхан шатын шүүх дүгнэсэн бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тухайн шийдвэр нь дээрх хуулийг хэрэгжүүлж байгаа асуудал биш зөвхөн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хуульд заасан эрхийн дагуу саналын шинж агуулсан шийдвэр болно. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасны хүрээнд Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөлтийн талбайтай уялдуулан оруулж ирсэн асуудлыг хэлэлцэн Баруун-Урт сумын эдэлбэр газрын хэмжээг Сүхбаатар, Асгат, Халзан сумдын нутаг дэвсгэрийг дамнуулан хэсэгчлэн оруулахаар санал хүргүүлсэн. Энэхүү агуулга бүхий шийдвэрийг Монгол улсын хэмжээнд 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн Засгийн газарт уламжилсан байдаг бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэсэн ямар нэг маргаан бусад аймгуудад гаргаагүй байна. Мөн тус шийдвэрт дурдагдсан Асгат, Халзан сумаас гомдол гаргаагүй байхад зөвхөн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэл гаргах эрх бүхий хуулийн этгээд биш байхад анхан шатны шүүх гаргасан гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

          3.3 Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр захиргааны акт хууль бус гэж үзсэн шийдвэрийг хянан хэлэлцэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” ** дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 нийт 53 хотыг байгуулахаар баталж, үүнд С аймгийн Б сумын нутаг дэвсгэрийг Б хот болохоор газар зүйн байршлыг зааж, уг тогтоолын хэрэгжилтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

          4. Улмаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/**** дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу хотын эдэлбэр газрыг тогтоохтой холбоотой саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, хурлаас гарсан саналыг ирүүлэх”-ийг С аймгийн Засаг дарга М.И-д мэдэгдсэн байна.

          5. Сүхбаатар аймгийн Засаг дарга 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/*** дугаар албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон холбогдох материалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, уг хэлэлцэх асуудлын жагсаалтад “Баруун-Урт хотын хот, тосгон, бусад суурины газрын эдэлбэр газрын хил заагийг тогтоох” тухай асуудлыг хэлэлцүүлэхээр тусгажээ.

          6. Ингээд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Санал уламжлах тухай” ** дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” ** дугаар тогтоолоор орон нутгийн зэрэглэлтэй хот болохтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг хавсралтаар баталж, уг тогтоолыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          7. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна”, 12.4-д “Бүсчлэлд тавигдах шаардлагыг хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт дүрмээр зохицуулах бөгөөд бүсчлэлийн дүрмийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заажээ.

          8. Дээрх хуулиас үзэхэд, нийслэл, хот, тосгон болон бусад суурин газрын хил, хэмжээ, байршил, газрын бүсчлэлийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, бүсчлэлийг хэрэгжүүлэх дүрмийг мөн батлахаар байна.

          9. Маргаан бүхий Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны ** дүгээр тогтоолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “Санал авах тухай” 2025 оны 1/**** тоот албан бичгийг тус тус үндэслэн гаргажээ.

          10.  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Энэ хуулийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж баталсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг хууль тогтоогчоос 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх бөгөөд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

          11. Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ** дүгээр тогтоолыг гаргахдаа эрх зүйн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг шинэчилсэн найруулгаар нь хэрэглэсэн байна. Гэвч энэхүү зохицуулалт нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-тай хамт хүчин төгөлдөр үйлчлэх буюу 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.

          12. Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор Баруун-Урт хотыг байгуулахаар шийдвэрлэсэн боловч уг тогтоолын хэрэгжилтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон ба маргаан бүхий акт гарах хугацаанд Баруун-Урт сум нь хуулийн дагуу хотын эрх зүйн статустай болоогүй байсан бөгөөд Баруун-Урт хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тогтоохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болоогүй хуулийн зүйл, хэсгийг баримталсан байна.

          13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаас үзэхэд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны акт болохоор хуульчилжээ.

          14. Тиймээс хариуцагч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид үндэслэн маргаан бүхий тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэлгүй байсан атлаа Баруун-Урт хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийн саналыг баталж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт уламжилсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн илт хууль бус захиргааны актын шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

          15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг хууль хэрэгжих хугацаа болоогүй заалтыг үндэслэж шийдвэр гаргасан гэж анхан шатын шүүх дүгнэсэн бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тухайн шийдвэр нь дээрх хуулийг хэрэгжүүлж байгаа асуудал биш зөвхөн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хуульд заасан эрхийн дагуу саналын шинж агуулсан шийдвэр” хэмээн маргадаг.

          16. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болоогүй байсан буюу түүнийг эрх зүйн үндэслэл болгон хэрэглэж захиргааны акт гаргах хууль зүйн боломж бүрдээгүй байсан ба анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хуульд нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА