Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарт холбогдох 2016 2501 3825 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс дарьганга, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Наранбулагт оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 18 дугаар гудамжны 169 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЕ93032213, хэрэг хариуцах чадвартай, Далх овогт Адъяагийн Буянт.

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Наранбулагт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50 дугаар гудамжны 333 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЦ92050818, хэрэг хариуцах чадвартай, Баянхайрхан овогт Одончимэгийн Мөнх-Эрдэнэ.

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, халх, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ийн Газар үнэлгээний 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсгийн 70 байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар гудамжны 156 тоотод түр оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЕ92081811, хэрэг хариуцах чадвартай, Будар Чандмань овогт Эрдэнэбаатарын Уртнасан.

 

            /Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53А дугаар байрны 2 дугаар орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Ч.Мөнгөнболдыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Буянт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Уртнасан мэдүүлэхдээ: “Мөн адил мэдүүлэг өгөхгүй” гэв.

Мөн мөрдөн байцаалтад хохирогч Ч.Мөнгөнболдын мэдүүлэг /хх-15-16/, гэрч Г.Нарангуагийн мэдүүлэг /хх-19/, гэрч Г.Ганбаярын мэдүүлэг /хх-18/, гэрч Г.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-24/, гэрч Б.Бадамгаравын мэдүүлэг /хх-26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹14198 дугаартай дүгнэлт /хх-29/, шүүгдэгч А.Буянтын сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /хх-46/, шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /хх-50-51/, шүүгдэгч Э.Уртнасангийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /хх-55/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /хх-20/, гэрч Э.Өсөхбаярын мэдүүлэг /хх-21/, гэрч Г.Мөнхбилэгийн мэдүүлэг /хх-22/, гэрч Б.Гүррагчаагийн мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-58, 61, 64/, шүүгдэгч нарын хувийн байдлын тухай баримтууд /хх-68-87/ хохирол төлсөн баримт /хх-120/, шинээр шүүгдэгч нарын хувийн байдлын тухай 5 хуудас баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53А дугаар байрны 2 дугаар орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Ч.Мөнгөнболдыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь: 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Мөнгөнболдын өгсөн: …“Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул жинпан” -ны ойролцоо нэрийг мэдэхгүй байна нэг бааранд орж хоёр шил пиво уусан… орцон дотор дугаараа өгчих гээд Саран гэгч охинтой яриад зогсож байхад гурван залуу ирээд үгийн зөрөөгүй өндөр 180 см орчим онигор нүдтэй жижиг сахалтай залуу миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би нүүрээ дараад хамгаалахад тэр залуу дахиад толгой руу нэг удаа цохисон. Тэгээд хамт явсан хоёр залуу нь хажуу талаас цохиж эхэлсэн. Анх намайг цохидог залуу нь “чи айлын эхнэр эргүүлээд явдаг хэн бэ” гээд над руу дайраад байсан. Би “нөхөртэй гэж мэдээгүй уучлаарай” гэж гуйсан. Тэр хоёр эмэгтэй дээшээ гэр рүүгээ орсон гэж бодож байна. Тэгээд 180 см орчим өндөртэй бор царайтай залуу нь үсдэхэд 173 см орчим өндөртэй шар царайтай махлаг залуу миний зүүн дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Би мөргөхөд нь газар унасан. Дээрээс тэр гурван залуу намайг дэвссэн орцон дотор намайг гуч гаран минут зодсон. Тэгээд намайг орцноос гаргаад “хамт явсан нэг охин чинь хаана байна” гэж асуухаар нь би “Жуковын урд хэсэгт буулгасан” гэж хэлсэн. Тэр газар руу чинь явна тэнд манай нэг найз байгаа чамайг алуулна гэж хэлсэн. Тэгээд нөхөр гэх залуу нь миний куртканаас бариад алхаж байхад би куртка тайлаад зугтаачихсан…” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Г.Нарангуагийн өгсөн:…”Орцондоо ороход араас дагаж орж ирээд дугаараа өгчих гээд зогсож байхад араас А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нар орж ирээд уг залууг “яагаад манай найзын эхнэрийг хоргоогоод байгаа юм бэ” гэж хэлээд цохисон. Гурвуулаа цохиод над руу шахсан. Би найзтайгаа хамт гэр рүүгээ орсон”…гэх мэдүүлэг /хх-19/,

Гэрч Г.Ганбаярын өгсөн:…”Эхнэр Г.Нарангуа нь над руу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр залгаад “өчигдөр найз Аззаяагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд бааранд Б.Бадамгарав, Г.Бямбасүрэн нартай орсон” гэж хэлсэн. Тэгсэн “бааранд нэг залуу Г.Бямбасүрэнтэй танилцаад ширээн дээр нь сууж байсан” гэж хэлсэн бөгөөд “тэр залуу араас дагаад байсан” гэсэн. Г.Бямбасүрэнг гэрт буулгаад манай эхнэр Б.Бадамгаравтай гэр рүүгээ орох гэж байхад уг зодуулсан гэх залуу нь хориод оруулахгүй байсан. Тэгсэн А.Буянт /96222233/, Э.Уртнасан /80083979/, О.Мөнх-Эрдэнэ нар ирээд зодуулсан гэх залуутай муудсан гэж хэлсэн. Би уг зодоон болох үед байгаагүй юм. Ямар ч байсан эхнэр маань утсаар ийм зүйл ярьсан”…. гэх мэдүүлэг /хх-18/,

Гэрч Г.Бямбасүрэнгийн өгсөн:…”Хажуу талын ширээнээс Мөнгөө гээд нэг залуу ирээд Г.Нарангуа руу заагаад “танай найз чинь надад таалагдаад байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “наадах чинь нөхөртэй шүү дээ” гэж хэлэхэд “тэр ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Б.Бадамгарав, Г.Нарангуа нар ширээн дээр ирээд суусан ба Г.Нарангуатай танилцаад байсан Мөөгий гэх залуу баарнаас 03 цагийн үед гарах гээд байж байхад Б.Бадамгарав “Э.Уртнасан үүдэнд ирчихсэн байна шүү дээ” гэж хэлэхээр нь би “тийм үү анзаараагүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд баарнаас гарахад Мөөгий гэх залуу такси барьчихсан “Б.Бадамгарав, Г.Нарангуа хоёр ийшээ суучих” гээд намайг суулгасан Би замдаа гэртээ буугаад тэр хоёр уг залуутай яваад өгсөн. Би гэрт ороод Э.Уртнасан руу залгахад “тэр залууг чинь барьчихлаа чамтай одоо нүүрэлдүүлнэ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “аваад ир” гэж хэлсэн. Э.Уртнасан О.Мөнх-Эрдэнэ, А.Буянт нат 30 минутын дараа орж ирсэн бөгөөд “нөгөө залуугаа алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хар өнгийн куртка, “Самсунг” эс 3 маркийн гар утас барьчихсан байсан. Тэд нарын яриагаар бол Б.Бадамгарав, Г.Нарангуа нарыг орцонд гэр рүү нь оруулахгүй зогсож байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Б.Бадамгаравын өгсөн:…”Г.Нарангуа бид хоёр Г.Нарангуагийн гэр рүү явсан ба гэрээс нь жоохон холхон буугаад явахад ардаас нөгөө залуу дугаараа өгчих гээд дагаад байсан юм. Г.Нарангуа “би нөхөр, хүүхэдтэй” гэж хэлсэн. Тэгсэн битгий худлаа яриад бай дугаараа өгчих гээд дагасан... бид хоёрыг хашин зогсоод дугаараа өгчих гээд гэр рүү нь оруулахгүй байсан. Тэгсэн А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нар орж ирээд уг залууг цохисон. Хэн эхэлж цохисон талаар хараагүй яг ороод ирэхээр нь бид хоёр гэр рүүгээ гүйгээд орчихсон юм”…гэх мэдүүлэг /хх-25-26/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹14198 тоот:

“1. Мөнгөнболдын биед баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбээний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-28/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59, 62, 65/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53А дугаар байрны 2 дугаар орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Ч.Мөнгөнболдыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Мөнгөнболдод учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 120 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо. Харин энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Далх овогт Адъяагийн Буянт, Баянхайрхан овогт Одончимэгийн Мөнх-Эрдэнэ, Будар Чандмань овогт Эрдэнэбаатарын Уртнасан нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарт тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарт тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

    

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Буянт, О.Мөнх-Эрдэнэ, Э.Уртнасан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                               ШҮҮГЧ