Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/762

 

 

 

 

                                              

 

 

2023           11           27                                        2023/ШЦТ/762

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч З.Бат-Амгалан,

шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С** овогт У.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2310000001776 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: С** овогт У.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дуу бичлэг, контент хийдэг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 1351 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан (РД:У********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. У.М нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ** тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.З-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Н.З руу төмөр савтай үнэртүүлэгч авч шидэн толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч У.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн үед өөрийн гэртээ унтлагын өрөөндөө унтаж байтал манай эхнэр З, хүүгийн хамт орж ирж намайг сэрээсэн ба би миний бие муу байна гэж хэлэхэд З тоохгүй байхаар нь би босоод гадаа гарч агаар амьсгалах зорилгоор хувцасны өрөө рүү орж гадуур хувцсаа авч үүд хэсэг рүү очиж гутлаа өмсөж байтал гэр бүлд байдаг маргаан бий болсон би З-д би чамд бие өвдөөд байна гэж хэлсэн шүү дээ гэтэл чи битгий худлаа жүжиглээд бай гэж надад хэлсэн. Тэгээд би гутлаа үдэж дуусаад босохдоо хажууд байсан савтай зүйлийг аваад уурандаа хаашаа шидсэнээ анзаараагүй шидсэн. Тэгээд хаалга онгойлгоод гараад З орилохыг сонсоод минут ч болоогүй буцаад гэртээ ортол З, хүүхэд маань хоёулаа уйлчихсан, З-н тогойноос цус гарч байсан болохоор би шууд дуудлага өгсөн. Тэгээд З хүүг аваад гэрийн хажууд байрлалтай Гранд мед эмнэлэг рүү очсон байсан тэгээд би араас нь очиход удалгүй цагдаа нар ирж намайг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан гэв.

Эрүүгийн 2310000001776 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14:38:43 цагт “Би эхнэртэйгээ маргалдаад юм аваад шидчихсэн чинь толгой нь хагараад гэмтчихлээ.” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

2.2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас),

3.Хохирогч Г.З-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас),

4.Яллагдагч У.М-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),

5.Хохирогч Г.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 18 дугаар хуудас),

6.Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С** овогт У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С** овогт У.М-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.З хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр 

үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА