| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0073/э |
| Дугаар | 2017/ШЦТ/73 |
| Огноо | 2017-03-10 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Хохирогч Д.О*******н,
Шүүгдэгч Б.Ө*******р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б*******гийн Ө*******рт холбогдох эрүүгийн 201722000128 тоот хэргийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Б.Ө*******р нь 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн сумын 14 дүгээр багийн 3 дугаар гудамжны 18 тоотод Д.О*******ны цээжний ар хэсэгт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө*******р нь 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Мөрөн сумын 14 дүгээр багийн 3 дугаар гудамжны 18 тоотод Д.О*******нтай маргалдаж улмаар хутга хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Б.Ө*******рын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: …2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 11 цагийн үед найз О*******ныхаа гэрт очсон. Тэдний гэрт очиход Оргодол ах, Цэнд-Аюуш, О*******н гурав байсан. Би тэдний гэрт очихдоо нэг том савтай пивотой очсон, уг пивыг бүгдээрээ хувааж уусан. Уг пивыг уугаад дуусахад Оргодол ах 1 шил 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Уг архийг бид нар хувааж уусан. Архи уугаад сууж байхад цаг үдээс хойш болсон байсан, яг цаг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна. Архи уугаад сууж байхдаа найз О*******нтайгаа ам зөрж маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад уурандаа найзыгаа айлгах гэж шүүгээнээс нь хутга авсан. Тэгээд уг хутгаараа найзыгаа санамсаргүй цохиж, дал хэсэг рүү нь хутгалсан байсан. Тухайн үед би нилээн согтчихсон байсан болохоор яг болсон зүйлийг нарийн сайн санахгүй байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тэгээд байж байхад намайг цагдаа нар ирээд барьж аваад цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч Д.О*******ны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчим найз Ө*******р нэг сав 2.5 литрийн пиво аваад манай гэрт ирсэн. Манай гэрт найз Цэнд-Аюуш, хүргэн ах Оргодолсүрэн 2 байсан ба хүргэн ах Арбулагаас ирээд манай хоносон. Цэнд-Аюуш мөн хоносон. Ө*******рын авчирсан пивоноос би бага зэрэг л уусан. Би урд шөнө нь гэртээ хоноогүй ба ангийн хүүхэд болох Балжиннямынд очиж бууз хийсэн юм. Би Балжиннямынд бууз хийгээд байж байтал Ө*******р, Балжиннямынд ирээд танайд хоноё гэхээр нь тэгээ манайд Оогий ах байгаа гэхэд яваад өгсөн. Тэгээд манайд хоносон юм билээ. Өглөө нь намайг очиход чи гэртээ хоносонгүй гээд Ө*******р үг хаяад байсан. Пиво уухаас өмнө Ө*******р бид 2 тоглоомоор барилдаад би Ө*******рыг шалан дээр унагаагаад юүдэнтэй цамцнаас нь татаад чирчихсэнд Ө*******р уурлаад чи хэзээ ийм болсон юм, чамайг ийм байсныг чинь мэдэхгүй юм байна гээд байсан. Ингээд пивоо ууж дуусаад Ө*******р надад томроод байхаар нь би өөдөөс нь хэрэлдэхэд чамайг нэг цохиход хэдэн саяыг өгч чадна манай ах том, одоо намайг цагдаа авч явах юм бол би гараад ирнэ гэх мэтийн юм яриад байж байтал Оогий ах 1.75 литрийн архи аваад ирсэн. Уг архинаас бүгд уугаад Ө*******р согтуурахаад над руу хандаад бас л юм хэлээд байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн. Гэтэл Ө*******р миний хацар руу 2-3 удаа цохиж авсан. Цэнд-Аюуш босож ирээд миний 2 найз яах гэж ингээд байдаг юм, одоо боль гээд салгах гэхэд Ө*******р салахгүй надтай зууралцсан хэвээрээ байгаад байсан. Оогий ах та 2 найз байж яах гээд байгаа юм, одоо больцгоо гэж хэлсэн. Ингэж хэлтэл Ө*******р та нар нийлээд зодох гээд байгаа юм уу, зод зод гэхээр нь би яалаа гэж бид нар чамайг нийлж зоддог юм гэхэд Ө*******р гүйгээд хутга хийдэг шүүгээг татаж унагаад 2 хутга гаргаад ирсэн. Тэгэнгүүтээ та нар яасан их хүн рүү нийлж томордог юм, одоо хүрээд ирэлдээ хүрээд ирснийг нь ална гээд шууд над руу гүйгээд ирсэн. Гартаа барьсан байсан 2 хутгаа харшилдуулаад хүрч ирээд миний 2 талаар 2 хутгаа ээлжлээд хутгалах байдал гаргаад байхаар нь би яагаад байгаа юм бэ болиоч наад хутгаа тавиач гэхэд чадахгүй гэснээ шууд 2 хутгаа далайгаад байснаа миний нурууны ар хэсэгт хутгалчихсан. Энэ байдлаа Ө*******р мэдээгүй ба намайг хутгалчихлаа гэж хэлбэл согтуудаа бүр яасан ч яадаг юм гээд дахин хутгалах байх гэж бодоод хэлэлгүй нуруугаа Оогий ах руу харуулахад Оогий ах харсан. Би айгаад байсан ба болиоч гэхэд болихгүй байгаад байсан. Оогий ах руу хутгаараа далайгаад байсан ба дөхсөн хүнийг ална гэхэд Оогий ах Цэнд-Аюуш нар ойртож чадахгүй байгаад байсан. Цэнд-Аюуш боль гэхэд Цэнд-Аюуш руу дөхөөд очсон. Энэ үед би гарнаас нь барьж байгаад хутгыг нь аваад гараад гүйсэн. Оогий ах гарч гүйгээд цагдаа дуудсан байсан. Араас Ө*******р гарч ирээд миний утсыг аваад би хүн хутгалчихлаа гээд мөн цагдаад дуудлага өгч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаартай ...1.Д.О*******ны биед гэмтэл тогтоогдлоо.
2. Д.О*******ны биед цээжний ар хэсэг баруун даланд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь 1 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, Эд зүйл хураан авах тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/, Хутганд үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Ө*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө*******р нь урьд ял шийтгэлгүй болох хавтаст хэргийг 37 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө*******рт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчид 1 сар баривчлах ял оногдуулах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Д.О*******н нь шүүгдэгч Б.Ө*******ртай сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Ө*******рт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн 201722000128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн эрээн өнгийн иштэй, урт нь 20 см, ишний урт нь 9.5 см, ажиллах хэсгийн урт нь 9.3 см, ажиллах хэсгийн өргөн нь 1.3 см хэмжээстэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүүд овогт Б*******гийн Ө*******рыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Ө*******рт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн эрээн өнгийн иштэй, урт нь 20 см, ишний урт нь 9.5 см, ажиллах хэсгийн урт нь 9.3 см, ажиллах хэсгийн өргөн нь 1.3 см хэмжээстэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгасугай.
4. Эрүүгийн 201722000128 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө*******рт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР