| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0730/З |
| Дугаар | 221/МА2026/0527 |
| Огноо | 2026-07-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0527
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, гуравдагч этгээд Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Г, Б.У, О.Ц
Нэхэмжлэгч: Л.Х
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ж.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 788 дугаар захирамжийн Л.Х-т холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэшмих, ашиглах эрх олгох тухай” А/98 дугаар захирамжийн С.Э-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай” 74 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0464 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Г, гуравдагч этгээд М банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Ж.Б, гуравдагч этгээд Ж.Б-ийн өмгөөлөгч Д.Г, Б.У, О.Ц
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0730/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Х-аас нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 788 дугаар захирамжийн Л.Х-т холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэшмих, ашиглах эрх олгох тухай” А/98 дугаар захирамжийн С.Э-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар,
Гуравдагч этгээд Ж.Б-ээс Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай” 74 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0464 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2, 47.3-д тус тус заасныг баримтлан Л.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 788 дугаар захирамжийн Л.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн С.Э-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд Ж.Б-ээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг дарга 2018 оны 98 дугаар захирамжийг гаргахдаа холбогдох хууль тогтоомжид заасан эрхийн дагуу тус захирамжийг гаргасан байдаг. Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон байсан газар дээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгосон байдаг. Гэтэл шүүхээс тухайн газарт инженерийн шугам сүлжээ бүхий дулаан, цэвэр, бохир ус төлөвлөгдсөн байх ёстой гэдэг агуулгаар тайлбар гаргасан. Гэтэл иргэн С.Э нь тухайн газар дээр дулаан, цэвэр, бохир ус одоо ашиглая гэхээсээ илүүтэйгээр газрын хэмжээгээ нэмэгдүүлэх, мөн дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон “М” ХХК-ийн нэр дээр олгогдсон газрын эрхийг сэргээлгэх хүсэлт гаргасан. Мөн Налайх дүүргийн Газрын албанд кадастрын зургийн дагуу газрыг шилжүүлэн олгож өгнө үү гэсэн байдаг. Шүүхээс Газрын тухай хуульд заасны дагуу дулаан, цэвэр, бохир усанд холбогдох ёстой газар байсан тул тухайн газрыг олгосон нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Гэтэл тухайн иргэн маань газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байдаг. Тухайн үед олгосон газар нь дээрээ объекттой газар байсан. Тухайн үед Газар эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурал гэж зохион байгуулагддаг байсан. Энэ хурлаар тухайн тухайн асуудлыг хэлэлцсэн бөгөөд шууд захирамж гаргасан зүйл байхгүй. Учир нь тухайн хурал дээр мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож газартай холбоотой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж шийдвэр гаргадаг. Түүнээс хэн нэгэн этгээдийн шийдвэрийн дагуу шийдвэрлэдэг асуудал биш юм. Засаг дарга шинээр газар эзэмших эрх олгоогүй, Налайх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгочихсон байсан. Компанийн Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, холбогдох кадастраа хийлгээд Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлж өгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар орж шийдвэрлэсэн асуудал байхад тухайн газрыг Нийслэлийн Засаг дарга олох боломжгүй гэдэг агуулгатай шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Гол агуулга нь Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хэмжээнд олгочхоод байгаа газрыг олгохгүй байсан мэтээр шийдвэрлэсэн.С.Э гэж хүн нас бараад түүний эрх залгамжлагч этгээд тухайн газрыг өвийн журмаар эзэмших эрхтэй болсон. Гэтэл шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзсан үзэхгүйгээр анхнаасаа хууль бус байсан мэтээр шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 4 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашигласан гэж дүгнэсэн. Тухайн дүгнэлтийг хийхдээ гэрчүүдээс авсан мэдүүлэгт үндэслэсэн, гэхдээ гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй, өөр бусад баримтаар нотлогдох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслээд шүүх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна. Гэрчүүд нь 2008-2009 оны хооронд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр байрлах үйлдвэрийн газрын хашаа хороог нь цэвэрлэсэн гэж мэдүүлсэн. Гэтэл энэ өөрөөр хэлбэл тухайн хүмүүс ажиллаж байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Улсын дээд шүүхийн тайлбараар 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдгийг зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам, талбай бариагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч үйлдвэрлэл явуулж байхаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, Налайх дүүргийн Засаг даргын газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж нь хууль ёсны байсан гэж үзэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгчээс газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байгаагүй. Энэ үндэслэлээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, Хятад улсад эмчлүүлж байсан гэж тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.4 дэх хэсэгт 2010 он хүртэл Хятад улс руу нэвтэрсэн баримт байхгүй, харин нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш Хятад улс руу нэвтэрсэн баримт байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байгаагүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт болон шийдвэр хоорондоо зөрчилдөөнтэй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Гуравдугаарт, С.Э-ын эзэмшсэн газрыг илт хууль бус захирамжаар олгосон. 2018 онд С.Э-аас хүсэлт гаргах үед нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар 2010 оны захирамжаар хүчингүй болсон байсан. С.Э-ын зүгээс хуулийн дагуу газар эзэмших хүсэлт гаргаад, хариуцагчийн дээрх хэлсэнчлэн хурлаар орж газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн энэ хэсэгт гаргасан дүгнэлт нь хуульд нийцээгүй. Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагаа нотлохтой холбоотойгоор нотлох баримтуудыг гаргаж өгснийг анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, харьцуулсан үзсэний үндсэн дээр дотоод итгэл үнэмшлээрээ үнэлнэ гэж заасан байдаг. Бодит байдал дээр маргаан бүхий газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч биш, нэр бүхий 4 иргэн байдаг. Тухайн 4 иргэн газрын төлбөрийг 4 хувааж төлсөн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Гэтэл эдгээр баримтуудыг шүүх хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Х-аас нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 788 дугаар захирамжийн Л.Х-т холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэшмих, ашиглах эрх олгох тухай” А/98 дугаар захирамжийн С.Э-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар,
2.1. Гуравдагч этгээд Ж.Б-ээс Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай” 74 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.
3. Гуравдагч этгээдийн бие даасан “Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай” 74 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
3.1. Анх Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Налайхын шилний үйлдвэрийн хөрөнгийг 22,3 сая төгрөг, банкны зээл, зээлийн хүү, бусад өртөгт 24,2 сая төгрөг, нийт 46,4 сая төгрөгт үнэлж, дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн бөгөөд 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газар, “М” ХХК нарын хооронд гэрээ байгуулсан боловч худалдан авагч “М” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Төрийн өмчийн хорооны 2000 оны 205 дугаар тогтоолоор гэрээг цуцалсан байна.
3.2. Улмаар Төрийн өмчийн хорооноос 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр явуулсан дуудлага худалдаанд Б.Б, Л.Х, С.Э, С.Э нар оролцож, Л.Х Налайхын шилний үйлдвэрийг 15,468,600 төгрөгөөр худалдан авах саналаар ялж, Төрийн өмчийн хорооноос 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 269 дугаартай гэрээг Л.Х-тай байгуулжээ.
3.3. Уг “Худалдах, худалдан авах” гэрээгээр худалдагч Төрийн өмчийн хороо нь Налайх дүүрэгт байрлах шилний үйлдвэр /“М” ХХК/-ийн эзэмшил 29,028 м.кв газрыг, эд хөрөнгийн хамт худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авсан газар, эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
3.4. Худалдан авагч Л.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, төлбөрийг бүрэн төлсөн тул түүнийг 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шилний үйлдвэрийн өмчлөгчөөр тогтоож, 00299 дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээг олгожээ.
3.5. Нэхэмжлэгч Л.Х-аас 2007 онд Налайх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “М” ХХК-ийн 2.2 га буюу 22,328 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын гудамж 18 тоот үйлдвэрлэлийн зориулалттай 5,584 м.кв талбайтай 8 ширхэг барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220700**** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө эзэмших гэрчилгээ олгогдсон үйл баримтууд тогтоогдож байна.
3.6. Гуравдагч этгээд Ж.Б-ээс “... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах”, 38.2.1-д “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ”-г хавсаргахаар зааж өгсөн. Гэтэл тухайн үед газрыг бодитойгоор эзэмшигч “М” ХХК-ийн эрх бүхий этгээдийн газрын үсэг, тамгатай өөрийн газар эзэмших эрхээ нэхэмжлэгч Л.Х-т шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан удаагүй тул Л.Х-т маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр захирамж илт хууль бус байна” гэж тайлбарлан маргаж байна.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.
3.8. Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “М” ХХК-ийн 22,328 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь “М” ХХК-ийн хүсэл сонирхлоор бус, харин 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр явагдсан дуудлага худалдааны үр дүнд ялалт байгуулсан Л.Х-тай Төрийн өмчийн хорооноос 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 269 дугаар гэрээг үндэслэсэн байх тул дээрх хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
4. Нэхэмжлэлийн “Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 788 дугаар захирамжийн Л.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 788 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Л.Х-ын маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
4.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзах шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
4.3. Нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд “... эрүүл мэндийн шалтгааны улмаас БНХАУ-д удаа дараа явж, эмнэлэгт үзүүлсэн, харин газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан” гэж тайлбарлан маргаж байна.
4.4. Нэхэмжлэгч Л.Х нь маргаан бүхий газарт байрлах 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг Анод банканд барьцаалж, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 02070780 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар “А” банк дахь банкны эрх хүлээн авагч М банк нэхэмжлэгч Л.Х-аас нийт 143,613,996 төгрөгийн өр төлбөрийг шаардах эрхийг шилжүүлж авсан үйл баримт тогтоогдсон байна.
4.5. Анхан шатны шүүх “... Налайх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий газар дээрх 8 ширхэг үл хөдлөх хөрөнгө хэний нэр дээр бүртгэлтэй болох, зээлийн барьцаанд бүртгэгдсэн эсэхийг судалж, нэхэмжлэгчид газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэх, зөрчлөө арилгах боломжийг олгох боломжтой байсан бөгөөд энэхүү арга хэмжээг авалгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ нэхэмжлэгч болох барьцаалагч нарт мэдэгдэж, тухайн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянуулах эрхийг нэхэмжлэгч болон барьцаалагч нарт олгоогүйгээс маргаан бүхий газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх нөхцөл бүрдүүлсэн байна” гэж дүгнэж, маргаан бүхий захирамжийн Л.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.6. Тодруулбал, Налайх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж тус тус заасныг зөрчиж, маргаан бүхий 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 788 дугаар захирамжийг нэхэмжлэгч Л.Х-т болон гуравдагч этгээд М банкинд мэдэгдээгүй болох нь дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/170 тоот албан бичиг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23/612 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.
4.7. Нэхэмжлэгч Л.Х нь маргаан бүхий газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан болох нь баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч маргаан бүхий газар, түүнээс салгаж үл болох, салгасан тохиолдолд зориулалтын дагуу ашиглах боломжгүй 8 ширхэг барилгыг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүднээс барьцаалсан, уг гэрээний үүргийг гуравдагч этгээд М банк шаардах эрхтэй байгаа энэ тохиолдолд уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцэхгүй гэж үзнэ.
5. Нэхэмжлэлийн “нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэшмих, ашиглах эрх олгох тухай” А/98 дугаар захирамжийн С.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
5.1. Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлт, Налайх дүүргийн Засаг даргын 1999 оны А/47 дугаар захирамжийг тус тус үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэшмих, ашиглах эрх олгох тухай” А/98 дугаар захирамжаар нэгж талбарын 1260201778 дугаар бүхий 5,574 м.кв газрыг С.Э-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
5.2. Улмаар С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барж, өвлөх эрхийн 0421 дүгээр гэрчилгээг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2023 оны А/250 дугаар захирамжаар дээрх газрыг гуравдагч этгээд Ж.Б-ийн эзэмшилд шилжүүлсэн байна.
5.3. Анхан шатны шүүхээс “... нийслэлийн Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдөөгүй газрыг С.Э-т газар эзэмших эрхийг баталгаажуулж олгосон байна” гэж дүгнэж, маргаан бүхий “нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/98 дугаар захирамжийн С.Э-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3 дахь хэсэгт заасантай болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны хуралдааны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь: хэсэгт “... захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдож буй үед шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд хамаарахгүй” гэж тайлбарласантай тус тус нийцэж байна.
5.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ