| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/03373/И |
| Дугаар | 184/ШШ2020/03074 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2020/03074
| 2020 оны өдөр | 10 сар 08 р 184/ШШ2020/03074 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК /РД: /. Хаяг: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Номин юнайтед төвийн давхар
Хариуцагч: “Б” ХХК /РД: /, Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Минж төв, давхар, тоот
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,246,596 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Б.М, нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Н” ХХК болон “Б” ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сардаа багтаан нийлүүлэгчийн дансанд шилжүүлж энэ тухайгаа худалдагч талд мэдэгдэн баримтаар баталгаажуулна гэж зааснаар “Б” ХХК нь сар бүр авсан барааны төлбөрийг тухайн сард төлөхөөр тохиролцсон. Гэвч худалдан авагч нь 5,497,731 төгрөгийн барааны төлбөрийг төлөх шаардлагыг тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Иймд гэрээний 7.2-т худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасны дагуу дээрх төлбөрийг төлөөгүй байгаа тул алданги 2,748,865 төгрөг нийт 8,246,596 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай компани “Н” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болох 8,246,596 төгрөгөөс алданги 2,748,865 төгрөгийг хасаж үндсэн төлбөр болох 5,497,731 төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,246,596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д 5,497,731 төгрөгийн хүнсний бараа нийлүүлсэн, хариуцагч үнийг нь төлөөгүй тухайд маргахгүй байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 2,748,865 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа ч үндэслэлээ нотлоогүй, мөн талуудын байгуулсан гэрээний 7.2 дахь заалтаар алдангийн тухайд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, алданги нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз болох, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал гэрээний дагуу барааг шилжүүлэн өгсөн байхад худалдан авагч нь барааны үнийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 8,246,596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэйг гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 8,246,596 /найман сая хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 146,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,896 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ