Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1427

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,   

хохирогч: *********,

шүүгдэгч: П.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, П.Б-т холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**** овогт ******* овогтой ********* /регистрийн дугаар: ************/,

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*********у” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч П.Б нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамж 302 тоот хашаанд *********ийн засуулах гэж үлдээсэн “**********” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг нь бусдад худалдаж завшсаны улмаас хохирогч *********т 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч П.Б нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8 дугаар гудамж 302 тоот хашаанд *********ийн “**********” маркийн тээврийн хэрэгслийг засаж өгнө гэж өөртөө авч, засварлаж байх хугацаандаа нүүрсэн янданг нь бусдад худалдаж, мөнгийг нь завшсаны улмаас хохирогч *********т 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ****** хайрхан ******* тоотод түр амьдарч байх үед манай доод талын хашаанд ********* гэх залуу гэр бүлийн хамт нүүж ирж байсан ба тухайн залуу нь хувиараа машин янзалдаг гэж байсан. Тухайн үед ********* миний машиныг үзээд 1,300,000 төгрөгөөр янзалж өгье гэж хэлхээр нь би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тухайн залуугийн хашаанд өөрийн эзэмшлийн "Тоёота Акуа" маркийн *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Тухайн өдрөөс хойш мөнгөний бололцоо гарахгүй байсан учир машинаа авч чадахгүй удсан тэгж байгаад 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тухайн ********* гэх залуугаас өөрийн тээврийн хэрэгслийг хүлээж авсан. Тэгээд тухайн айлын хашаанаас гарсан чинь миний машины явах эд ангид дуу чимээ орсон байсан. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр "*****"-ын замаар явж байсан чинь миний машины мотор чичирч чанга дуу чимгээ гарч байгаад унтарчихсан ба буцаж асаагүй. Засварын газар очоод оношлуулсан чинь нүүрсэн яндан байхгүй, машины моторын нэгдүгээр цилиндр эвдэрсэн байна гэж хэлсэн. Тухайн залууд машинаа янзлуулахаар өгөх үед миний машинд нүүрсэн яндан байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 06-09-р хуудас/,

-Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хүргэн дүү ********* ********* гэх эмэгтэйгээс машиныг нь засаж өгнө хэлээд хоёр сар гаруй болж байсан. ********* машинаа бүрэн өгсөн ба манай хүргэн дүү болох ********* 3,4 дүгээр хорооллын кузов засварын газар очиж эвдэрсэн эд ангийг нь засуулна гэж гэж хэлээд гэрээс аваад явсан. Тухайн өдрөөс хойш хоёр гурав хоногийн дараа дараа хүргэн дүү /*********/ гэрээс авах гэж байна гээд тухайн засна гэж байсан машинаа унаад хүрээд ирсэн ба гэрээс гараад уулзахад тухайн машин нүүрсэн яндангүй машин шиг хүнгэнээд дуугараад байхаар нь би *********аас “чи нүүрсэн янданг авчихсан юм уу” гэж асуусан чинь “надад хэрэг гараад 200,000 төгрөгөөр зарчихсан..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14-р хуудас/,

-********** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 15-17-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч П.Бын яллагдагчаар өгсөн: “..2023 оны 06 дугаар сард *********гийн тээврийн хэрэгслийг засаж өгөхөөр авсан боловч үйлчилгээний хөлсөө өгөхгүй удаад байсан. 2023 оны 06 дугаар сарын дундуур манай эхнэр***** астма өвчнөөр өвдөж эм, тариа яаралтай авах шаардлага гарсан тул түрхэн зуур *********гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг зараад эм тариа аваад буцаад мөнгөтэй болохоороо нүүрсэн янданг нь аваад тавьж өгнө гэж бодсон. Тэгээд *********гийн тээврийн хэрэгслээс нүүрсэн янданг нь тайлж аваад Шар хаданд очоод нэг хүн 180,000 төгрөгөөр зарсан ба тус тээврийн хэрэгслийн арын жолооч талын гэрлийг гинжээр цохиод хагалчихсан...” гэж / хавтаст хэргийн 40-41-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 03 дугаар сард машинаа будуулах гээд *********т өгсөн. Тухайн үед ********* гэдэг хүнийг танихгүй саахалт айл болж шинээр нүүж ирсэн байсан. ********* гэдэг хүнтэй танилцахад кузов засвар хийдэг гэж хэлсэн. Түүнчлэн гадуур засаж байгаа үнийн дүнгээс бага боломжийн санал тавьсан учраас өөрт нь итгэж найдаж, машинаа өгсөн. Миний машиныг унаж байгааг нь мэдэж байсан. Үүний дараа машинаа хүлээж аваад унаад явж байхад машинд доголдол үүссэнийг нь мэдсэн. 7 хоногийн дараа төв зам дээр миний машин унтраад арай гэж асаагаад үзүүлэхэд яндангийн шүүлтүүр нь байхгүй байна гэсэн. Одоо хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй...” гэв.

 

Хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 48-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51-р хуудас/, “*********” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 52-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч П.Б нь хохирогч *********ийн “Тоуоtа аquа” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг авч бусдад зарж 1,600,000 төгрөгийг завшсан болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ болон дээрхийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул шүүгдэгч П.Быг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч *********т 1,600,000 төгрөгийн хохирол учирсан /хавтаст хэргийн 15-16-р хуудас/, бөгөөд шүүгдэгч П.Б нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *********ийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч П.Быг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч П.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.    

Хохирогч: “...П.Б нь хэдийгээр бураатай үйлдэл хийсэн ч гэсэн өөрийнхөө гэм бурууг ойлгож, гэмшиж, надаас уучлалт гуйсан. Иймд ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан зөөлөн хандаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч П.Быг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.     

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

          Шүүгдэгч П.Бын хувьд дээрх хөнгөрүүлэх болон түүний хувийн байдал /ажил эрхэлдэг/, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа зэргийг тус тус харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь тохиромжтой гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч **********,*********ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар П.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.УРАНГУА