Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

 Хохирогч Б.Б*******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Амаржаргал, Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Н.М*******, Б.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*******ийн М*******, Б*******гийн Н******* нарт холбогдох эрүүгийн 201722000074 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Н.М*******, Б.Н******* нар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цохиот гэх газраас иргэн Б.Б*******ын нэг даага, нэг шүдлэнг бэлчээрээс нь бүлэглэн хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М*******, Б.Н******* нар нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цохиот гэх газраас иргэн Б.Б*******ын нэг тооны даага, нэг тооны шүдлэн адууг бэлчээрээс нь бүлэглэн хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Н.М*******, Б.Н******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Хохирогч Б.Б*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...манай адуу Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт оршин суух хамаатны ах Одбаяр гэх хүний адуун дотор байдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны барагцаанд манай дүү Мөнхбат нь Одбаяр ахын адууг сумын төвийн ойролцоо байхад нь бүртгэж үзэхэд миний хээр зүсмийн нэг даага, шүдлэн хоёр байхгүй болсныг мэдээд надад хэлсэн. Тэгээд би адуу бэлчдэг газруудаар хайгаад олоогүй. Сумын төв орж арьс шир авдаг газраар сураглаад байсан чинь манай найз Гантөмөр гэх хүний амбаарт миний 2 адууны шир байсан. Гантөмөрөөс ямар хүнээс ширийг авсан гэж асуухад сайн танихгүй байна гээд тиймэрхүү царайтай хоёр банди авчирч өгсөн гэсэн. Гантөмөрийн хэлсэн төрхөөр хөөгөөд үзэхээр манай нутгийн ойролцоо өвөлждөг айлын хүүхдүүд болох М*******, Н******* гэх хоёр залуугийн царайтай ойр байсан. Тэгээд энэ талаар хэсгийн төлөөлөгчид хэлж шалгуулах гэсэн боловч аймгийн төв рүү ажлаар явсан ирэх болоогүй гэхээр нь аймгийн төв орсон. Аймгийн төвөөс Н*******ын утасны дугаарыг олж утсаар ярьсан бөгөөд чи ахынхаа хоёр адууг авчихсан юм биш үү гэсэн чинь Н******* за ах эргээд залгая гэсэн. Тэгээд маргааш нь надтай ярьж байгаад аймгийн төв дээр аав, ээжтэйгээ ирж уулзаж М******* гэх залуутай нийлж миний хоёр адууг хулгайлж мод руу аваачиж нядалсан талаараа хэлээд бид хоёр таны хохирлыг төлж барагдуулна, та битгий цагдаад өгөөч гэсэн. ...Би хулгайд алдсан хээр зүсмийн даагаа 1.000.000 төгрөгөөр, хээр зүсмийн шүдлэнгээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 11-р сарын 25-ны өдөр намайг малдаа явж байсан чинь манай хамаатны ах Одбаярын адуунууд гэрийн ойролцоо бэлчиж байхаар нь бүртгэж үзэхэд Одбаяр ахын адуун дотор байдаг манай төрсөн ах Б*******ын хээр зүсмийн даага, шүдлэн хоёр байхгүй байсан. Одбаяр ахын адуу манай гэрийн ойролцоо бэлчээд Одбаяр ах болон би эргэж тойрч хардаг юм. ...Б******* ахад танай хээр зүсмийн даага, шүдлэн хоёр байхгүй байна гэж мэдэгдээд Б******* ах аймгийн төвөөс гарч ирээд даага шүдлэн хоёроо хайгаад олоогүй. Тэгээд суманд арьс шир авдаг найз Гантөмөр гэх ахаас очиж асуухад саяхан хоёр залуу хээр зүсмийн бага насны адууны шир зараад явсан гэж хэлээд Б******* ах ширийг нь үзсэн чинь хулгайд алдсан хоёр адууных нь шир мөн болж таараад хулгайчийг Гантөмөр ахаар заалгаж аваад олсон гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 11-р сарын 21-22-ны барагцаанд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд байрлах гэртээ байж байхад манайд үл таних хоёр залуу ирээд адууны шир авч байгаа юм уу гэхээр нь авна гэсэн чинь хоёр ширхэг бага насны хээр зүсмийн адууны шир гаргаж үзүүлсэн. Тэгээд би тэр хоёр залуугаас 2 ширхэг адууны ширийг нийлүүлээд 30.000 төгрөгөөр зарсан. Хэд хоногийн дараа гэртээ байж байхад манай найз Б******* ирээд 2 тооны морь хулгайд алдчихлаа танайхаар хээр зүсмийн хоёр адууны шир орж ирээгүй биз гэж асуусан. Тухайн үед нь би хоёр хээр зүсмийн адууны шир орж ирсэн гээд амбаарт байгаа үздээ гэсэн чинь манай хулгайд алдагдсан хоёр ширхэг адууны шир мөн байна гэсэн. ...танд иргэн М*******, Н******* нарын цээж зургийг үзүүлж байна. Энэ хоёр танд адууны шир зарсан хүмүүс мөн үү гэхэд мөн байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Н*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Дулааны жалгын эх гэх газарт М******* гэх найзтайгаа таарсан. Тэгээд бид хоёр хээр хэсэг ярьж суугаад унаагаа янзалъя гэж ярьсан. Тэгээд аав, ээжээсээ алийн болгон мөнгө төгрөг авах вэ гээд хоёр морь хулгай хийж унаагаа янзлахаар болсон. Тухайн үед би өөрийн бор зүсмийн нас гүйцсэн морьтой, М******* өөрийнхөө хээр зүсмийн нас гүйцсэн морьтой явсан. Тэгээд бид хоёр явж байгаад Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Цохиот гэх газарт бэлчиж явсан хул зүсмийн азаргатай адуунаас хээр зүсмийн даага, шүдлэн хоёрыг адуунаас салгаж өндөр цохиотой хадтай газар луу хөөгөөд хад руу шахаж байж хоёуланг нь барьж авсан. Тэгээд тэнд байдаг мод руу хөтөлж ороод М******* бид хоёр нийлж нядалсан. Тэгээд арьс шир толгойг нь адуу нядалсан газраа үлдээгээд махыг нь хадны завсар луу хийгээд цасанд булсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ харьсан. Маргааш өглөөний 12 цагийн барагцаанд миний өөрийн мотоциклиор Мөнхтулгыг араараа суулгаад сумын төв орсон. Сумын төв орох замаараа нядалсан хоёр адууныхаа арьсыг авч яваад арьс авна гээд танихгүй хүн ярьж байхаар нь хоёуланг нь нийлүүлээд 30.000 төгрөгөөр зарсан. Маргааш нь Б******* ах над руу утсаар залгаад М******* та хоёр ямар муухай хүмүүс вэ нэг нутгийн хүмүүс байж нэгнийхээ адууг хулгай хийгээд гэж хэлээд орж ирж уулзвал уулз гэсэн. Тэгээд М******* бид хоёр аймгийн төв рүү орж ирж Б******* ахтай уулзаад уучлал гуйгаад хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Шүүгдэгч Н.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 11-р сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд гэрээсээ гарч малдаа явсан. Тэгээд малдаа явж байгаад оройн 17 цагийн орчимд өөрийн найз Н*******тай таарсан. Тэгээд бид хоёр унаа тэргээ янзалъя гэж ярьж байгаад аав, ээжээс мөнгө авахгүй айлын адуу хулгай хийе гэж ярилцсан. Тэгээд бид хоёр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Цохиот гэх газарт бэлчиж явсан адуунаас хоёр адуу тасдаж авч хөөгөөд хад руу шахаж байгаад барьж авсан. Тэгээд хоёр адуугаа мод руу орж байгаад Н******* бид хоёр нядалсан. Тэгээд үүр цайж байхад бид хоёр адуугаа нядалж дуусаад махыг нь цасан дор булсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн барагцаанд Н******* манай гэрт мотоцикльтой ирээд бид хоёр Н*******ын мотоциклиор сумын төв рүү явсан. Нядалсан адууныхаа арьсыг аваад сумын төв оруулж арьс шир авч байсан танихгүй хүнд 30.000 төгрөгөөр хоёуланг нь зараад сумын төвд хоночихоод маргааш нь хөдөө гэрлүүгээ гарсан. Тэгээд байж байтал Б******* ах Н******* бид хоёрыг адуугаа хулгай хийсэн гэдгийг мэдсэн байсан. Бид хоёр Б******* ахтай аймгийн төв рүү орж уулзаад уучлал гуйгаад хохирлыг нь төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, Эд зүйл хураан авах тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 5 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 7, 10 дугаар хуудас/, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 8-9, 11-12 дугаар хуудас/, Мал үнэлсэн тайлан /хх-ийн 26, 76 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Иймд шүүгдэгч Н.М*******, Б.Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.М*******, Б.Н******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 55, 63 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Б*******ын ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, эвлэрэн хэлэлцэж хохирол төлбөр төлж барагдуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 68 дугаар хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн 201722000074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай, ажлын хэсэг нь 8 см урттай, 12 см урттай ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бор зүсмийн нас гүйцсэн морь, хээр зүсмийн соёолон настай моринууд нь Н.М*******, Б.Н******* нарын эзэмшлийнх биш болох нь хэрэгт авагдсан 2016 оны жилийн эцсийн малын "А" данс /хх-ийн 71-72 дугаар хуудас/, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгож, мал үнэлсэн тайланг үндэслэн /хх-ийн 76 дугаар хуудас/ шүүгдэгч Б.Н*******аас морины үнэ 500.000 төгрөгийг, шүүгдэгч Н.М*******ас морины үнэ 450.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Боржигон овогт Н*******ийн М*******, Өндөр овогт Б*******гийн Н******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н*******ийн М*******ас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, Б*******гийн Н*******аас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.М*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял, шүүгдэгч Б.Н*******т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.М*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял, шүүгдэгч Б.Н*******т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201722000074 дугаар хэрэгт хураагдан ирсэн 20 см урттай, ажлын хэсэг нь 8 см урттай, 12 см урттай ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар бор зүсмийн нас гүйцсэн морь, хээр зүсмийн соёолон настай морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгч Б.Н*******аас морины үнэ 500.000 төгрөгийг, шүүгдэгч Н.М*******ас морины үнэ 450.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

 7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М*******, Б.Н******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР