Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 109/ШШ2021/0040

 

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ч.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Ч-ыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ч шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ч миний бие нь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 тоот тушаалаар бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад мөн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалаар “Малын үүлдэр, ашиг шим сайжруулалт, эрчимжсэн мал аж ахуй, цөм сүрэг, ангилалт, хээлтүүлэг, малын ялган төвлөрүүлэлт, үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр сэлгэн томилогдож ажиллаж байсан. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүгнэлт зөвлөмжийн хуудсанд миний бие нь 20 жил 1 сар шимтгэл төлж ажилласан нь тогтоогдож байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хэвийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр жил бүр 3 сараар үе шаттай нэмж шийдвэрлэсний дагуу 1961 онд төрсөн миний бие 21 жил шимтгэл төлж ажилласан байх, мөн 61 насанд хүрч байж тэтгэвэр тогтоолгох эсэхээ өөрөө шийдэх журамтай юм байна. Би 2020 онд байгууллагынхаа санхүүд 2021 онд тэтгэмжээ суулгах хүсэлт өгч байсан болохоос биш тэтгэвэртээ гарах тухай хүсэлт өгч байгаагүй. Тэтгэмжээ авах хүсэлт гаргах, тэтгэвэртээ гарах саналаа гаргах нь хуулийн 2 өөр зүйл заалтаар зохицуулагдана гэж би ойлгож байгаа.

Гэтэл Хүнс, Хөдөө аж ахуйн дарга П.Г нь миний тэтгэвэрт гарах надтай урьдчилан санал солилцож зөвшилцөөгүй, хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгогч би хүсэлтээ бичгээр өгөөгүй байхад захиргааны санаачилгаар 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/10 тоот тушаалаар намайг ажлаас ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна. Уг тушаалыг хүчингүй болгуулж дүгнэлт гаргуулах талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2021 оны 5 дугаар сарын  7-ны өргөдөл өгч хариуг 2021 оны  5 дугаар сарын 12-ны өдрийн 30 тоот албан бичгээр авсан бөгөөд Төрийн албаны зөвлөлд хандахыг  зөвлөсөн. Уг албан бичгийн дагуу  Төрийн албаны зөвлөлд 2021 оны  5 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс өргөдлийг дэлгэрэнгүй бичиж ирүүлэхийг шаардсанаар 2 дахь өргөдлийг 2021 оны  6 дугаар сарын  3-ны өдөр дахин өгсөн бөгөөд харин Төрийн албаны зөвлөл 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн №190 дугаартай тогтоолоор миний гаргасан гомдлыг хянан үзээд “Архангай аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны  4 дүгээр сарын 26-ны өдрийн Ч.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг тус тус зөрчөөгүй болохыг тогтоосон гэж үзээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй гэж орхиж шийдвэрлэсэн. Иймд Архангай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны  4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын хууль тогтоомжийн зөрчилдөөний асуудал нөлөөлж байна уу гэж үзэж байна. Хууль тогтоомжийн ойлголцлын зөрүүний асуудлаас болж Хүнс, хөдөө аж ахуйн даргын тушаал гарсан байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэрт гаргах асуудлыг хуульд өөр өөрөөр зааж өгсөн аль хуулийн дагуу яаж явагдах вэ гэх асуудал нарийвчлан зохицуулсан шинэчилсэн хуулиар тодорхой болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг. Энэ хууль 1997 онд батлагдаж 2006 онд Улсын дээд шүүхээс тайлбар гарч байсан. Энэ зүйл заалтаар 60 нас хүрээд тэтгэвэрт гарах хуулийн зөрүүтэй ойлголт бий. Энэ нөхцөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нөхцөлийг харах ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн. Өндөр насны тэтгэврийг хуульчилж нарийвчлан тогтоосон байгаа. Үүнд даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл насны доод хязгаарыг зааж өгсөн. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч болно гэсэн зохицуулалт орсон байна. Өөрөө хүсээгүй бол 65 нас, хүссэн бол 60 наснаас тэтгэврээ тогтоолгож болно гэсэн нөхцөл байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг хэрхэн яаж тогтоох талаар хуульчлан тогтоосон. Нэхэмжлэгч 1961 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хуульд зааснаар 61 насанд хүрч байгаа. Тэгэхээр тэтгэвэр тогтоолгох доод насны хязгаар 60 настай биш 61 нас хүрч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох хуулийн зохицуулалт байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана гэж заасан. Тэгэхээр Төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох нас нь нэхэмжлэгчийн хувьд 61 нас болж байгаа юм. 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа юм. Улсын дээд шүүхийн тогтоолд тэтгэвэр тогтоох насанд хүрсэн гэдгийг юу гэж тайлбарласан гэхээр төрийн албанд ажиллах насны дээд хязгаарт хүрэх гэж тайлбарласан. 2021 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 10 дугаартай Ч.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа хэд хэдэн хуулийн зүйл заалтыг баримталсан байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийг баримталсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримталсан байна. Энэ нь тэтгэвэрт тогтоох насанд хүрсэн гэдэг зүйлд заалт байна. Маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний дагуу гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоон шалгаж үүний дагуу хийсэн байна уу гэдгийг харах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг маргаан бүхий акт гаргахдаа заавал баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж заасан. Хэргийн материалд энэ талаарх нөхцөл байдал байдаггүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан. Хэзээ сонсох ажиллагаа явуулсан талаарх ажиллагааг өмгөөлөгч миний хувьд хэргийн материалаас олж хараагүй. Иймд Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Ч нь 1985 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мэргэжилтэн, Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд ерөнхий зоо техникч, “Хамтын зориг трейд” нөхөрлөлд захирал, Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасагт мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 10-ны өдөр Архангай аймагт зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтад Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтний орон тоон дээр туслах түшмэлийн /ТЗ-З/ албан тушаалын шалгалтад орж тэнцэж тухайн албан тушаалд томилогдсон байна.

Ч.Ч нь эрүүл мэндийн байдлын хувьд 2 дугаар шатлалын эмнэлгийн хяналтад байх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд эмнэлгийн ойр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт мэргэжлийн дагуу ажиллах хүсэлтээ удаа дараа өөрийн биеэр ирж илэрхийлж байсан. Ч.Ч-ыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, үржүүлэг, технологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох үед Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс туслах түшмэлийн албан тушаалд ажиллаж буй иргэнийг дэс түшмэлийн албан тушаалд нэр дэвшүүлэн томилох боломжгүй гэсэн хариу өгч байсан бөгөөд тухайн хүний эрүүл мэндийн нөхцөл байдал, ажлын туршлага, өөрийнх нь хүсэлтийг харгалзан 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 тоот тушаалаар томилсон болно. Үүнээс хойш Төрийн албаны тухай хууль, төрийн албаны зөвлөлөөс зарласан дэс түшмэлийн /ТЗ-5/ албан тушаалын шалгалтад орж тэнцсэн тухай мэдээлэл байхгүй болно.

Мөн Малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь сум, орон нутгаар байнга явдаг, хяналт тавьдаг, ажлын ачаалал ихтэй бөгөөд хөдөө явахад авто машины донсолгоонд элгэнд доргилт өгч эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул ажлаа хөнгөвчлөх хүсэлтээ албаны даргаараа дамжуулан илэрхийлсэн тул албаны даргын саналыг харгалзан тухайн хүний биеийн эрүүл мэндэд эрсдэл учрахаас сэргийлж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Ч.Чыг малын үүлдэр, ашиг шим сайжруулалт, эрчимжсэн мал аж ахуй, цөм сүрэг, үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан.

Ч.Ч нь 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 2021 онд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах тул байгууллагын 2021 оны төсөв дээр өндөр насны тэтгэвэрт гаргахад олгодог тэтгэмжийг суулган олгож өгөхийг хүссэн өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийг бичихээс өмнө байгууллагын Захиргаа аж ахуйн албаны дарга Д.Т, нягтлан бодогч А.П нартай хамтран улсад ажилласан жил болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон бөгөөд цэргийн алба хаасан болон төр, хувийн хэвшилд нийт 28 жил ажиллаж байснаа оруулаад, зарим жилээ хуулийн дагуу нөхөн тооцуулаад тухайн үед 2 дахь жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан жилдээ  хангалттай хүрэх юм байна гэж тооцож өндөр насны тэтгэвэрт гарах болон нэг удаагийн тэтгэмжээ авах хүсэлтээ ирүүлсэн гэж үзэж өргөдлийг хүлээн авч тэтгэмжийг  төсөвт суулгасан. 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн өндөр насны тэтгэвэрт гарах тул тэтгэмжийг төсөвт суулгаж өгнө үү гэсэн хүсэлт нь Ч.Ч өөрөө цаашид төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахгүй, тэтгэвэртээ гарна гэдгээ бүрэн илэрхийлсэн гэж ойлгож байна. 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан байгууллагын албан хаагчдын ээлжит хурлыг цахимаар хийхэд Ч.Ч, архив, бичиг хэргийн эрхлэгч Г.Мөнхзул нар биеэр оролцсон. Энэ үеэр хурлын төгсгөлд Ч.Ч-ыг өмнөх онд өгсөн өргөдлийн дагуу ажлаас тань чөлөөлж тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэдгийг өөрт нь мэдэгдэж байсан.

Ч.Ч нь 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 60 нас хүрч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасны дагуу буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ албан ёсоор гаргаагүй болно. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот зөвлөмж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасныг баримтлан “60 нас" гэдгээр ойлгож хэрэгжүүлнэ гэж заасныг мөрдөж 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Ч.Ч-ыг ажлаас чөлөөлж, тухайн сардаа багтаан тэтгэмжээ олгосон. Иймд иргэн Ч.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Ч.Ч-с Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ч.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Ч-ыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь:

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

Нэхэмжлэгч Ч.Ч нь 1961 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 60 нас 6 сартай эрэгтэй байна. 

Иргэн Ч.Ч нь Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Мал аж ахуйн албаны Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, үржүүлэг, технологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Малын үүлдэр, ашиг шим сайжруулалт, эрчимжсэн мал аж ахуй, цөм сүрэг, ангилалт, хээлтүүлэг, малын ялган төвлөрүүлэлт, үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ. 

Иргэн Ч.Ч 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, санхүүгийн албанд хандан “ ... Ч.Ч миний бие 2021 онд өндөр насны тэтгэвэрт гарах тул төрийн албанд ажилласан тэтгэмжийг зохих хууль, журмын дагуу олгож өгөхийг хүсье ...” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ. 

Улмаар Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Мал үржлийн албаны Малын удам зүй үнэлгээ, үүлдэр, ашиг шимийн сайжруулалт, цөм сүргийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 

Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг үндэслэн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.3-д заасны дагуу тэтгэмж болох 14735524 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Ч-ын эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансанд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлжээ.  Нэхэмжлэгчээс уг мөнгийг хэрэглээгүй, одоог хүртэл дансанд байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Иргэн Ч.Ч-с “ ... Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүгнэлт зөвлөмжийн хуудсанд миний бие нь 20 жил 1 сар шимтгэл төлж ажилласан нь тогтоогдож байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хэвийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр жил бүр 3 сараар үе шаттай нэмж шийдвэрлэсний дагуу 1961 онд төрсөн миний бие 21 жил шимтгэл төлж ажилласан байх, мөн 61 насанд хүрч байж тэтгэвэр тогтоолгох эсэхээ өөрөө шийдэх журамтай юм байна ... миний тэтгэвэрт гарах надтай урьдчилан санал солилцож зөвшилцөөгүй, хуулинд зааснаар тэтгэвэр тогтоолгогч би хүсэлтээ бичгээр өгөөгүй, би 2020 онд байгууллагынхаа санхүүд 2021 онд тэтгэмжээ суулгах хүсэлт өгч байсан болохоос биш тэтгэвэртээ гарах тухай хүсэлт өгч байгаагүй ...” гэж тайлбарлан шүүхэд маргаан үүсгэжээ. 

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд

Маргаан бүхий Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ч.Чыг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Ч.Ч нь 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 60 нас хүрсэн ба нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ гаргасан гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5. дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, 

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.2.-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”  гэж тус тус заасан. 

Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, түүнтэй холбоотой харилцааны хувьд, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3. дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж зааснаар тухайн иргэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дууссан тохиолдолд тухайн албан хаагчийн санал, хүсэлтийг үндэслэлгүйгээр захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага /албан тушаалтан/ нь төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх эрх хэмжээтэй ажээ. 

Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч.Ч-ыг өндөр насны  тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж; 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “60 нас” гэснийг “65 нас” гэж, “55 нас” гэснийг “60 нас” гэж ...” гэж тус тус өөрчлөлт оруулсан байх бөгөөд тус хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно: 1/-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас /хүснэгтэд/ 1961 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 61 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар зохицуулсан байна. 

Өндөр насны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасантай нийцээгүй буюу хуулийн өөрчлөлтийн дагуу 61 нас буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй иргэнийг, нөгөөтээгүүр өөрийнх нь эрхээр тодорхойлогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж шийдвэр /ажлаас чөлөөлсөн тушаал/ гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэн нь 1961 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн байх бөгөөд хуулийн дээрх өөрчлөлтийн дагуу 61 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгох эсэхээ өөрийн хүсэлтийн дагуу шийдвэрлүүлэхээр байжээ. 

Нэхэмжлэгч Ч.Ч-ын иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр түүний насыг тооцоход 60 нас 12 хоног /маргаан бүхий акт гарах үед/-той байсан ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан 65 нас хүрсэн байх ба тэтгэвэр тогтоолгох 60 нас, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1/-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: Хүснэгтэд 1961 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 61 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг. Мөн иргэний гаргасан өргөдөл, хүсэлтийг хянан үзэж зохих шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах нь захиргааны байгууллагын үүрэг юм. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар ажилтны гаргасан хүсэлтийн дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэтгэхээр заасан. 

Уг хэргийн тухайд, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг бөгөөд хуулиар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх үндэслэл /шалгуур/ бүрдээгүй байхад эл үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2. дахь хэсэг Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: ...”, 27.5. дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж тус тус заасан. 

Маргаан бүхий энэ хэргийн тухайд хариуцагчаас Ч.Ч-ыг ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдэх, хуульд зааснаар мэдэгдэл хүргүүлэх, тайлбар авах, сонсох ажиллагаа явуулаагүй байна. Хариуцагчаас 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн байгууллагын хурлын төгсгөлд Ч.Ч-т ажлаас чөлөөлөх болсон талаар  мэдэгдсэн гэх боловч мэдэгдэх, сонсох ажиллагааг дээрх байдлаар /байгууллагын хурал дээр мэдэгдэх г.м/ хийж болохоор зохицуулаагүй болно. 

Иймд дээрх дурдсан үндэслэлээр маргаан бүхий Архангай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ч.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Ч-ыг урьд эрхэлж байсан /Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны Малын удам зүйн үнэлгээ, үүлдэр, ашиг шимийн сайжруулалт, цөм сүргийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Хэдийгээр хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” , Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 40.1.3.-т “ажилтан  60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасан зохицуулалтын хүрээнд мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Ч-ыг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж буй боловч ажилтны тэтгэвэр тогтоолгох насыг нарийвчлан зохицуулсан тухайлсан хуульд тодорхой заасан, өрсөлдөөний /зөрчилдөөний/ хэм хэмжээ бүхий хуулийн тухайд илүү нарийвчлан зохицуулсан болон сүүлд батлагдсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1. дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1/, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ч.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/10  дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Ч-г урьд эрхэлж байсан Малын удам зүй үнэлгээ, үүлдэр, ашиг шимийн сайжруулалт, цөм сүргийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ТҮВШИНТУЛГА