Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/891

 

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч: *** өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305016001086 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 62 тоотод байлдааны зориулалттай “Наган” загварын 64648 дугаарын гол төмөртэй галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны орчимд байлдааны зориулалттай “Наган” загварын 64648 гол төмрийн дугаартай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...2007 оноос эхнэртэйгээ танилцаад 2011 оноос хойш хамт нэг гэрт амьдарсан. Тухайн үед эхнэрийн ээж хорт хавдар туссан бие нь муу байсан тул би хадмынхаа гэрт хамтдаа амьдарсан. 2021 онд хадам аав нас барсан. Манай эхнэр нэг охин дүүтэй бүтэн өнчин болсон. 2021 оны 11 дүгээр сард дүү бид хоёрын асран хамгаалалтад орсон. 2022 оны 01 дүгээр сараас дүү нүүж ирээд хамт амьдарсан. Тухайн үед манай гэрт нүүж ирэхэд эртний эдлэл маягийн гар буу ирсэн, тэр буугаар буудаж болох, сувинер, ажилладаг эсэхийг мэдэхгүй, харахад дээр үеийн кино дээр гардаг будаг нь халцарсан буу байсан. Би сувинер л гэж ойлгож байсан. 2023 оны 4 дүгээр сард фейсбүүкээр яг тэр бууны зураг харсан чинь энэ бууг 2.000.000 төгрөгт зарна гэсэн зар явж байсан. Тухайн үед ам бүл тавуулаа дүүгийн сургалтын төлбөр гээд хүндэвтэр байдалд байсан, илүү дутуу юмнуудаа зарж байсан. Тэр бууг эхнэр бид хоёр хэрэггүй юм чинь гэж бодоод зарын коммент хэсэгт нь ийм буу надад байгаа зарна шүү гэж бичсэн. Тэгээд тэр комментод нэг хүн үзье гээд 4 дүгээр сарын 06-ны өдөр холбогдсон, тэр хүн цагдаа байсан. Тэгээд намайг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн. Тэр бууг ажилладаг, байлдааны зориулалттай, галт зэвсэг гэдэг ойлголт байхгүй байсан. Тухайн үед музейд өгөх үү ч гэж ярьж байсан. Тухайн бууг галт зэвсэг гэдгийг мэдэж байсан бол ийм зүйл хийхгүй байсан. Шууд фейсбүүкээр зарж борлуулах үйлдэл хийхгүй байсан. Тэгээд өөрөө болон ард иргэд хуулийн мэдлэгтэй байвал зүгээр юм байна гэж бодсон. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дуудсан цагт нь тухай бүрд нь ирж хамтарч ажилласан. Надад өгөх ялыг хамгийн бага мөнгөн торгуулиар тогтоож өгнө үү гэж эрхэм шүүгчээс хүсэж байна. Мөнгөн торгуулийг төлж барагдуулах боломжтой эсэхээ баримтуудаар авчирсан нотолж байна” гэв.

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөрт бол гар буу байхгүй, харин манай аав ***ын гэрт хар өнгийн жижиг гар буу намайг 20 настай байх үеэс ууттайгаа байдаг байсан. Аав маань 2021 оны 11 дүгээр сард нас барсан бөгөөд түүнээс хойш гэрийг нь 2022 оны 01 дүгээр сард нүүлгээд эд зүйлс нь манай гэрт ирсэн. Тэр үед аавын гэрт байсан хар өнгийн буу манайд ирсэн. Тэгээд гэрт нэг буу байдаг байсан тэгтэл манай нөхөр аавын гэрээс ирсэн эд зүйлсийг үзэж байгаад тухайн гар бууг хараад “хуучны эдлэл юм уу” гэж надаас асууж анх 2022 оны 01 дүгээр сард мэдэж байсан. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр 13 цагийн үед утсаар залгаад нөгөө аавын гэрт байсан хуучин гар бууг хүн худалдаж авахаар үзнэ гээд ирж байгаа талаар хэлсэн. Тэр бууных нь марк загварыг нь огт мэдэхгүй ажилладаг эсэх талаар нь ч огт мэдэхгүй, би тэр буутай ойртоод байдаггүй, шар цүнхтэй нь гэртээ тэгээд далд хийчихдэг л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...*** нь хар өнгийн цамц, хар өнгийн футболк, хар өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзэн гуталтай байв. Тухайн хүний биед гараар хүрэх байдлаар тэмтэрч үзэхэд шар өнгийн даавуун ууттай Наган загварын 64648 серийн дугаартай, сум үгүй гар буу болон шилэн савтай бор өнгийн шингэн байлаа. Согтуурлын зэргийг шалгахад 0.96 хувийн согтолттой байв.” гэсэн тэмдэглэл /хх-н 4/,

Шинжээчийн 1664 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь их бие 64648 дугаартай 1932 онд хуучнаар ЗХУ-д тухайн үед байлдааны /цэргийн/ зориулалттай үйлдвэрлэгдсэн Наган загварын гар буу байна. Уг гар буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн сүмбэ байхгүй, чавхны цохигч шөвөг төмрийг гар аргаар сольж янзалсан, цохих, буулгах механизм эвдрэлтэй байна. Уг буугаар буудлага үйлдэх боломжтой. /гох дарахгүйгээр чавхыг хойш татаад тавихад буудна/ Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 7.62 мм-н калибртай бөгөөд 7.62х38R мм-ийн калибрьтай сумаар буудлага үйлдэнэ. ...галт зэвсгийн гол төмөр бянт зэвэрч бохирлогдсон тул тослогдоогүй. ..үйлдвэрийн дугаар тэмдэг, тэмдэглэгээг арилгаж өөрчлөөгүй ...галт зэвсгийн чавхны цохигч шөвөг төмрийг гар аргаар сольж засварласан. ...гол төмөр бянт зэвэрч бохирлогдсон тул цэвэрлэсний дараа буудаагүй....” гэжээ. /хх-н 33-36/,

Шинжээчийн 1788 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн их биедээ 64648 гэсэн дугаартай “Наган” маркийн гар буугаар буудлага үйлдсэн. Шинжилгээнд ирүүлсэн буугаар хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэжээ /хх-н 37-38/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56-66, 69-83, 95/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 62 тоотод байлдааны зориулалттай “Наган” загварын 64648 дугаарын гол төмөртэй галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны орчимд байлдааны зориулалттай “Наган” загварын 64648 гол төмрийн дугаартай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч ***гийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар буу болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, борлуулахыг завдсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар хадгалсан, борлуулахыг завдсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг 02 жилийн хугацаанд хязгаарлах хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч ***т ял оногдуулахгүйгээр тэнсэж, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг 02 жилийн хугацаанд хязгаарлах хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Наган загварын 64648 гол төмрийн дугаартай байлдааны зориулалттай галт зэвсгийг Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар хадгалсан, борлуулахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг 02 жилийн хугацаанд хязгаарлах хязгаарлалт тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Наган загварын 64648 гол төмрийн дугаартай байлдааны зориулалттай галт зэвсгийг Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.
  6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР